Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01959

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр            Дугаар  183/ШШ2023/01959                  Улаанбаатар хот

  

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг,  байрлах, Т ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 2 оршин суух, Я овогт Ц.Б /РД:***********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28 817 333 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй бол фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

Хариуцагч Ц.Б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэж хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 817 333 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй бол фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т ББСБ ХХК -тай №221012-***** дугаартай зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээг тус тус байгуулан 25 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.илэгдэл8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай авсан. №221012-**** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сард дуусах боловч зээлээ гэрээнд заасан хугацаанд тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 25 000 000 төгрөг, зээлийн хүү 3 243 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 574 000 төгрөг, нийт 28 817 333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Ц.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Фидуцийн гэрээнд заагдсан KMHRC812BLU050648 арлын дугаартай, хөх өнгийн, УБЦ6398 улсын дугаартай, Hyundai venue маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хариуцагч нь зээлийн төлөлтийг огт хийгээгүй. Мөн фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг манай өмчлөлд шилжүүлсэн гэдэг боловч биетээр бидэнд өгөөгүй, байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байгаа. Тиймээс фидуцийн гэрээг хэрэгжүүлэх боломжгүй тул шүүхэд хандсан байгаа. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 28 817 333 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байвал фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

                                       

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.Б, Т.Амарзаяа нарт олгосон итгэмжлэл, “Т ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Т ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ТЗ101/**** тоот гэрчилгээ, “Т ББСБ” ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн №:221012-**** дугаартай “Зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөх хуваарь, “Т ББСБ” ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/”, Ц.Бд 25 000 000 /хорин тавин сая төгрөг/ шилжүүлсэн тухай дансны хуулга, Ц.Б иргэний үнэмлэхний хуулбар хувь, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын баримт зэрэг баримтуудыг /хэргийн 3-12, 29-р дугаар хуудас/, 

хариуцагчаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтийг /хэргийн 28-р хуудас/ шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Бийг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 25 000 000 төгрөг, ашигласан хугацааны хүү 3 243 333 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 574 000 төгрөг, нийт 28 817 333 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын сарын 20-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б-тэй 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №221012-**** дугаартай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг автомашины лизингийн зориулалтаар, нэг сарын 2.8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, УБЦ***** улсын дугаартай хөх өнгийн Hyundai Venue маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын сарын 20-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна гэж үзэв.

 

            6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 25 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

6.1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Ц.Б нь зээлийг ашигласан хугацааны хүү 3 243 333 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нэмэгдүүлсэн хүү 574 000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна гэж үзэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч хариу тайлбараа болон татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

8.Иймд хариуцагч Ц.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 3 243 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 574 000 төгрөг, нийт 28 817 333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгохоор шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

Зохигч талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

9.1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байдаг тул нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

9.2.Иймд хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт 28 817 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК -нд олгож, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол фидуцийн гэрээний зүйл болох УБЦ**** улсын дугаартай KMHRC812BLU******* арлын дугаартай хөх өнгийн Hyundai Venue маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 372 237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна гэж үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Б /РД:/*************/-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 28 817 333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д зааснаар хариуцагч Ц.Бийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол фидуцийн гэрээний зүйл болох УБЦ6398 улсын дугаартай KMHRC812BLU********* арлын дугаартай хөх өнгийн Hyundai Venue маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 372 237 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН