Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01693

 

 

 

 

 

 

 

 

2023 09 01 210/МА2023/01693

 

 

 

 

Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01959 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК

Хариуцагч: Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 28,817,333 төгрөг гаргуулах, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй бол фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.Б ньТ ББСБ ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сард дууссан боловч хариуцагч зээлийг хүүгийн хамт эгүүлэн төлөөгүй.

Иймд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, хүү 3,243,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 574,000 төгрөг, нийт 28,817,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ***** арлын дугаартай, хөх өнгийн, **-** ххх улсын дугаартай, Hyundai venue маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 28,817,333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож , Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б ийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол фидуцийн гэрээний зүйл болох УБЦ6398 улсын дугаартай ***** арлын дугаартай хөх өнгийн Hyundai Venue маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 28,817,333 төгрөгийг хүүгийн төлбөрийн хамт Т ББСБ ХХК-д гаргуулж шийдвэрлэсэн нь өндөр дүнтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хэргийг хуульд заасны дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,243,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 574,000 төгрөг, нийт 28,817,333 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 221012-107 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь 25,000,000 төгрөгийг автомашины лизингийн зориулалтаар 6 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ц.Б нь зээл, үндсэн хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон. /хх5-6/ Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна.

 

3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.3 Зээлийн гэрээний 1.1-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн. Хариуцагч нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, гэрээний 1.1-д зааснаар үндсэн зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

3.4 Зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 25,000,000 төгрөгийн нэг сарын 2,8 хувийн хүү 700,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар тооцоход гэрээний хугацааны хүү 4,200,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч тал зээлийн хүүг 3,243,333 төгрөгөөр тооцож шаардсан нь гэрээний хугацааны хүүгээс бага байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн хүүд 3,243,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцэх тул хэт өндөр хүү нэхэмжилсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

3.5 Түүнчлэн, талууд зээлийн гэрээний 1.1-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон, анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 574,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.6 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, маргаагүй гэж үзнэ.

 

3.7 Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 28,817,333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

4. Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан. Гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдүүлэгчийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд ххх **-** улсын дугаартай, ***** арлын дугаартай, хөх өнгийн, Hyundai Venue маркийн автомашиныг шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд зээлдүүлэгч тухайн автомашины өмчлөх эрхийг зээлдэгчид буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна./хх 7-8/

 

4.1 Дээрх фидуцийн гэрээний дагуу ххх **-** улсын дугаартай автомашины өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн, автомашин бодитоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 30/

 

4.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4.3 Учир нь, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар барьцаа болон фидуцийн аль аль нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга боловч эрх зүйн зохицуулалт нь өөр. Барьцааны шаардах эрхэд мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Харин мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог. Иймд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу дээрх нөхцөлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй.

 

4.4 Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг мөнгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

5. Шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан тул улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01959 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Б д холбогдох, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол фидуцийн гэрээний зүйл болох ххх **-** улсын дугаартай, ***** арлын дугаартай, хөх өнгийн, Hyundai Venue маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...56.1 гэснийг ...56.2 гэж, ...Ц.Б ээс 372,237 гэснийг ...Ц.Б ээс 302,037 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН