Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1381

 

 

 

“ХХБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01418 дугаар шийдвэртэй

                        

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ж-, Ж.С- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 42 083 871 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Ж.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Ж.С-ийн өмгөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ж-, Ж.С- нар нь манай банктай 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн ЗГ-ВСС2016052007-1 гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ-ВСС2016052007-1-1 гэрээг тус тус байгуулж, 33 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар нэг сард 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч Б.Ж-, Ж.С- нар нь ЗГ-ВСС2016052007-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, К-102 дугаар байрны 31 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205026940 дугаарт бүртгэгдсэн, Б.Ж- дангаараа өмчилдөг 71.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь үндсэн зээл 7 616 652.08 төгрөг, зээлийн хүүд 5 218 405.55 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, графикаар тохирсон үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн биелүүлээгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлээ төлөх бодит боломжийг олгож, хугацаа өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлдэгч Б.Ж-, Ж.С- нараас үндсэн зээл 25 383 348 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 14 691 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 000 203 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 8500 төгрөг, нийт 42 083 871 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх юм бол барьцаалсан орон сууцны үнээс үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ж- бид 2016 оны 5 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас авсан бизнесийн зээлээ илүү ашиг олох зорилгоор өөрсдийн хувийн “Иел” ХХК-ийн Казахстан улсаас гурил импортлох квотыг ашиглан гурил импортлоход ашигласан. 2016 оны 5 дугаар сард импортолж эхэлсэн. Гэтэл ээлжит сонгуулиар байгуулагдсан шинэ Засгийн газар гадаадаас гурил импортлоход хориг тавьсан. Уг хориг нь одоог хүртэл цуцлагдаагүй байгаа. Бид тухайн хориг тавигдахаас өмнө мөнгөө Казахстан улсын харилцах байгууллагад шилжүүлсэн байсан. Гурил нийлүүлэх компани мөнгийг буцаахгүй, гэрээний дагуу гурил өгнө гэсэнтэй холбогдон бидний банкнаас авсан зээл Казахстан улсад боогдсон. Бидэнд дээр дурдсан форс мажор үүссэн. Иймд зээлийн хүүг 2018 оны 2 дугаар сард банк нэхэмжлэл гаргасан өдрөөр зогсоож, тэр өдрийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр хийхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ж-, Ж.С- нараас 42 083 871 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Баянгол дүүрэг, 7-р хороо, К-102 байрны 31 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205026940 дугаарт бүртгэгдсэн, 71,4 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 63 дугаар зүйлийн   60.1, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 438 570 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 438 570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ж.С- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ж-, Ж.С- нарт холбогдох хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, миний бие нэхэмжлэлийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5580 дугаартай иргэний хэргийг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг товлогдсон.

Гэтэл шүүхээс хариуцагч Б.Ж-т нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад шүүх хэргийг хянан хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргаж байгаа нь шүүх хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл заасан нэхэмжлэлийн хувийг гардаж авах, хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлүүлэх эрхийг эдлүүлээгүй процессын ноцтой зөрчил гаргасан байна. Түүнчлэн Ж.С- миний бие хэргийн нэг оролцогчийн хувьд 2019 оны 5 дугаар 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ч шүүх боломжтой хугацаа олгоогүй 2 хоногийн хугацаанд өмгөөлөгч олж ир гэж шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийгөө итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлүүлж буй өмгөөлөгчтэй хамт орох хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч биеийн эрүүл мэндийн шалтгаантай байхад шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн аваагүй хүчээр хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нэг хэргийн оролцогчид огт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байж хэргийг шийдвэрлэсэн. Ж.С- миний хуульд заасан эрхийг огт эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал болсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүйд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол, гэрээг цуцалж шүүхэд хандсан үйл баримт, талуудын маргааны үйл баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, хариуцагч нараас 29 200 226 төгрөг нэхэмжилсэн ба энэ үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх шаардлагыг гаргаснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болж, үүрэг биелүүлэх үр дагавар үүсэх юм.

Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаа нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр татан авч, улмаар шүүхэд дахин 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх зээлийн болон зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээний эрх зүйн харилцааг дуусгавар болгосноос хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох хугацаа нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх зохицуулалтын дагуу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш байх боловч банк, хууль зөрчиж зээлийн нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш тооцож байгаа нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх заалтад нийцээгүй байхад, шүүх хуулийн дээрх заалтыг зөв хэрэглээгүй байж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи хүү 10 874 936 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 000 000 төгрөг, нийт 12 874 936 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12 874 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Б.Ж-, Ж.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 083 871 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            “ХХБ” ХХК болон Б.Ж-, Ж.С- нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-ВСС2016052007-1 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 33 000 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгосон байна. Мөн өдөр ЗГ-ВСС2016052007-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, К-102 дугаар байрны 31 тоот 71.4 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг барьцаалжээ. /хх 8-10, 19-22 дугаар тал/

            Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хуульд зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 5 218 405.55 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч байгууллага үгүйсгээгүй байна. Анхан шатны шүүх үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн талаар үндэслэл бүхий тооцоолол хийж хариуцагч нараас 42 083 871 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

            Хариуцагч Ж.С- давж заалдах гомдолдоо “...хариуцагч Б.Ж-т нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсох бөгөөд зээлдэгч зээлийн гэрээг цуцлах хүртэлх гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй...” гэж дурджээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Б.Ж-т нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд мөн өдрөө нөлөөллийн мэдүүлэг, эрх, үүрэг тайлбарласан тухай баримтуудад хариуцагч Б.Ж- нь гарын үсэг зурсан байна. Мөн шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 102/ШЗ2019/05580 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарласан байна. /хх 30-32, 36 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 948 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО