Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, РД-2635534, Худалдаа хөгжлийн банк ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, К-102 байрны 31 тоотод оршин суух, эрэгтэй, РД-БЮ74033151, Санырау овогт Буланы Женис,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, К-102 байрны 31 тоотод оршин суух, эмэгтэй, РД-БЮ74081401, Молкы овогт Жалелын Сандугаш нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 42 083 871 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, хариуцагч Ж.Сандугаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 42 083 871 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Женис, Ж.Сандугаш нар нь манай банктай 2016-05-20 өдөр зээлийн ЗГ-ВСС2016052007-1 гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ- ВСС2016052007-1-1 гэрээг тус тус байгуулж, 33 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар, нэг сард 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч Б.Женис, Ж.Сандугаш нар нь ЗГ-ВСС2016052007-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 6-р хороо, К-102-р байрны 31 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205026940 дугаарт бүртгэгдсэн, Б.Женис дангаараа өмчилдөг, 71,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээл 33 000 000 төгрөгөөс 7 616 652,08 төгрөг, төлбөл зохих хүү 21 910 428,45 төгрөгөөс 5 218 405,55 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, графикаар тохирсон үүргээ 2016-11-23 өдрөөс эхлэн биелүүлээгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлээ төлөх бодит боломжийг олгож, хугацаа өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлдэгч Б.Женис, Ж.Сандугаш нараас үндсэн зээл 25 383 348 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 14 691 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 000 203 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 8500 төгрөг, нийт 42 083 871 төгрөгийг гаргуулж өгнө үү? Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх юм бол барьцаалсан орон сууцны үнээс үүргийг хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Ж.Сандугаш тайлбартаа: Б.Женис бид 2016 оны 5 сард Худалдаа хөгжлийн банкнаас авсан бизнесийн зээлээ илүү ашиг олох зорилгоор өөрсдийн хувийн Иел ХХК-ийн Казахстан улсаас гурил импортлох квотыг ашиглан гурил импорлоход ашигласан. 2016 оны 5 сард импортлож эхэлсэн. Гэтэл ээлжит сонгуулиар байгуулагдсан шинэ Засгийн газар гадаадаас гурил импортлоход хориг тавьсан. Уг хориг нь одоог хүртэл цуцлагдаагүй байгаа. Бид тухайн хориг тавигдахаас өмнө мөнгөө Казахстан улсын харилцах байгууллагад шилжүүлсэн байсан. Гурил нийлүүлэх компани мөнгийг буцаахгүй, гэрээний дагуу гурил өгнө гэсэнтэй холбогдон бидний банкнаас авсан зээл Казахстан улсад боогдсон.

Бид энэ компанитай харилцан тохиролцсоны дагуу 2019 онд мөнгөө буцааж авахаар болсон. Бидэнд дээр дурдсан форс мажор үүссэн. Иймд зээлийн хүүг 2018 оны 2 сард банк нэхэмжлэл гаргасан өдрөөр зогсоож, тэр өдрийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр хийхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч Ж.Сандугашийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн ЗГ- ВСС2016052007-1тоот гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ- ВСС2016052007-1-1 тоот гэрээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, цагдаагийн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Б.Женис шүүхээс нэхэмжлэлийг 2019-04-16 өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа 2019-04-30 өдөр дууссан боловч үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг шүүх түүний оршин суух хаягаар хүргүүлсэн боловч хуралдаанд ирээгүй , хариуцагч Б.Женис шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагч Б.Женисийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. дахь хэсэгт заасны дагуу Монголбанкаас 1993 онд арилжааны банк байгуулах тусгай зөвшөөрлийг авсан байх тул өөрийн нэрийн өмнөөс зээл олгох үйл ажиллагааг эрхлэх эрхтэй, ашгийн төлөө хуулийн этгээд байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Женис, Ж.Сандугаш нартай 2016-05-20 өдөр зээлийн ЗГ- ВСС2016052007-1 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ- ВСС2016052007-1-1 тоот гэрээг тус тус байгуулж, хариуцагч нарт 33 000 000 төгрөгийг сард 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б.Женис Баянгол дүүрэг, 6-р хороо, К-102-р байрны 31 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205026940 дугаарт бүртгэгдсэн, өөрийн өмчлөлийн 71,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан байна.

Зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан орон сууц барьцаалах гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зээл болон барьцааны гэрээнүүд хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Зээлдүүлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн 33 000 000 төгрөгийг зээлдэгч нарын эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ 2016-05-20 өдөр биелүүлсэн байна.

Хариуцагч Б.Женис нэхэмжлэлийн талаар тайлбараа ирүүлээгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй .

Хариуцагч Ж.Сандугаш бизнесийн үйл ажиллагаанд форс мажор үүссэн гэж шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэгчтэй эвлэрэх байсан үндэслэлээр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн талаар тайлбар гаргахаас татгалзсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээс зээлд 7 616 652,08 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2019-04-03 өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих хүү 21 910 428,45 төгрөгөөс 5 218 405,55 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.энэ талаар зохигч маргаангүй байна.

Зээлийн гэрээг зохигч 2018-05-20 өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байх боловч ззэлдэгч нар 2016-11-23 өдрөөс хойш гэрээний дагуу сар бүр зээл, зээлийн хүүд 1 785 630,52 төгрөгийг төлөх үүргийг 2019-04-03 өдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Зээлдэгч нар зээлийг гурил импортлох зориулалтаар бус, хувийн хэрэгцээнд авсан байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэх боломжгүй, давагдашгүй хүчин зүйл болсон тухай тайлбараа хариуцагч нотлоогүй байна.

Зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлдүүлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацаанд хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү авахаар шаардах эрхтэй.Иймээс зээлийн хүүг 2018 оны 02 сард банк тооцож байсан тооцооллоор тооцож гаргуулах үндэслэлгүй.

Зохигч байгуулсан зээлийн гэрээний 3.5-д нэмэгдүүлсэн хүүг талууд тохирсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлд 25 383 348 төгрөгийг, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү 14 691 820 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 2 000 203 төгрөгийг хамтран зээлдэгч хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нар нэг гэр бүл болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч зээлдэгч нараас үүргийг шаардаж, одоогийн оршин суугаа хаягаар 2018 оны 02 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Женисийн оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлж, Б.Женисийн хаягийг албан ёсоор тогтоолгож, шүүхэд нэхэмжлэлээ гаргах болсон байна.

Зээлдэгч нар үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид нэмэлт зардал хохирол гарсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд бичиг баримт гэрчлүүлэхэд нотариатад төлсөн хөлс, зардал 8500 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг хугацаандаа биелүүлээгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан орон сууцыг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

Иймээс хариуцагч нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих дээрх үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 7-р хороо, К-102 байрны 31 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205026940 дугаарт бүртгэгдсэн, 71,4 м.кв талбай бүхий орон сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 63 дугаар зүйлийн   60.1, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 438 570 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 438 570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Женис, Ж.Сандугаш нараас 42 083 871 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХКомпанид олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Баянгол дүүрэг, 7-р хороо, К-102 байрны 31 тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205026940 дугаарт бүртгэгдсэн, 71,4 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.