Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02096

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02096

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АТҮТ

Хариуцагч: ЗТХЯ тус тус холбогдох

Нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөг олгуулах, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жнар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч Авто тээврийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Зам тээврийн яамны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр шүүхэд мэдэгдсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн буцалтгүй тусламж олгож өгнө үү. Наваан овогтой Батбаяр миний бие Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргын 2000 оны 04 сарын 07-ны өдрийн дугаар 30 тушаалаар Авто тээврийн хяналтын улсын байцаагчаар томилогдон орсон ба Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн дугаар Б/134 тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхдөө Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын тушаалаар 6 сарын дундаж цалинтай тэнцэх 9,791,497 төгрөгийн тэтгэмж олгосон. Миний бие Монгол улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангаргыг 2009 оны 7 сарын 29-нд өргөсөн. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг жил болгон цаг хугацаанд нь мэдүүлдэг байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 01 сарын 08-ны дугаар 6/06 тушаалаар Авто тээврийн хяналтын улсын байцаагчаар 2021 оны 12 сарын 31-нийг дуустал 38-07-06А тоот үнэмлэх, 044 тоот тамгатай ашигласан. Энэ хугацаанд Авто тээврийн тухай хууль түүнтэй нийцүүлсэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам стандартын хэрэгжилтэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан хувь хүн хуулийн этгээдэд хариуцлага тооцон арга хэмжээ авч ажилласан. Миний бие нь зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд Зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн бүртгэл хөтлөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хянуулан ажиллаж байсан. Зөвхөн 2019 онд Зөрчлийн тухай хуулийн дагуу 773 зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд 102,475,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч улсын төсөвт төвлөрүүлэн ажилласан. Мөн 2020 оны 03 сарын 19 шийтгэврийн хуудас №0151197 торгууль 100,000 төгрөг. 2020 оны 03 сарын 20-нд шийтгэвэр №0151199 торгууль 100,000 төгрөг тус тус Худалдаа хөгжлийн банкинд тушаасан. Монгол улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж хуульд заасан арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан мөн болно.

Иймд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагчаас эрхээ авсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч Авто тээврийн хяналтын улсын байцаагч Наваан овогтой Батбаяр нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн тул энэхүү хуулийг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох шийдвэрийг хууль зүйн дагуу гаргаж өгнө үү.

Мөн миний бие төрийн албанд тасралтгүй 37 жил ажиллахдаа төрийн хяналт шалгалтыг буюу авто тээврийн улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх замаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зохих ёсны шийтгэлийг оногдуулж, уг орлогыг улсын төсөвт бүрдүүлэн ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хооронд байгуулсан гэрээ, мөн ЗТХЯ, МХЕГ болон Авто тээврийн үндэсний төв нарын хооронд байгуулагдсан гурван талт гэрээнүүдийн үндсэн дээр авто тээврийн улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгч намайг төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй тул төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох боломжгүй гэх тайлбарыг бичгээр болон амаар гаргаж байгаа болно. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Н.Баас манай байгууллагад холбогдуулан Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу тус үйлдвэрийн газраас 36 сарын үндсэн цалинг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Тус үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Н.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 7 сарын 14-ний өдрийн 213 дугаар тогтоолоор Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 336 дугаар тогтоолоор Авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Авто тээврийн хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газарт гэрээгээр ажиллаж байсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үндсэн орон тоонд шилжүүлсэн нь Н.Быг төрийн албанаас чөлөөлж үйлдвэрийн газрын үндсэн албан хаагчид томилсон байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн хүрээнд үйл ажиллагааг эрхлэн зохицуулан, зохион байгуулан ажилладаг.

Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-д зааснаар Төрийн байгууллага гэдэг нь Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг,

Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэдэг нь Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэх.

Авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг ба Н.Бын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.4.7 дахь хэсэгт зааснаар Үйлдвэрийн газрын үндсэн ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд 3 сар хүртэл, харин Улсад болон авто тээврийн салбарт 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 9,791,497 төгрөгийн тэтгэмж олгосон нь хуулийн дагуу байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Н.Бын нэхэмжлэлийг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан нийтлэг баталгаагаар хангагдаж, буцалтгүй тусламж авах байтал ажил олгогч 6 сарын тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Гэвч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Автотээврийн хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалын 1 дэх заалтад Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Тээвэр авто тээврийн газрыг Авто тээврийн төв төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулсан байна.

Авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх захиргааны хяналтын чиг үүргийг тус тушаалын дагуу гэрээний үндсэн дээр шилжүүлж Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээгээр ажиллаж байгаа хавсралтад дурдсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчийн үйлдвэрийн газрын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулсугай гэсэн захиргааны акт гарч улсын байцаагч Н.Б тус тушаалын дагуу шилжиж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, холбогдох хуулийн дагуу тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Н.Бын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай гаргасан нэхэмжлэлд Зам, тээврийн хөгжлийн яамыг ямар үндэслэлээр татан оролцуулж байгаа талаарх нотлох баримт, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасантай зөрчилдөж байх буюу нэхэмжлэгч Н.Бын дээрх хуулийн заалтад заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хохирол учруулсан болон зохих үүргээ биелүүлээгүй нь тогтоогдохгүй байна.

Иймд тус иргэний нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яам хариуцагчаар оролцох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нотлох баримт:

3. Нэхэмжлэгч талаас: Авто тээврийн газрын даргын 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар тушаал /хх6,/ Авто тээврийн газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар Ажилд томилох тухай тушаал, цалингийн хавсралтын хамт /хх8-10/, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/134 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх11/, иргэний үнэмлэхний хуулбар /хх12/, төрийн захиргааны албан хаагчийн тангараг /хх13/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2528 дугаар албан бичиг, Авто тээврийн хяналтын улсын байцаагчдын нэрс /хх15-16/, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6/06 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал, хавсралтын хамт /хх17-19/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/1516 дугаар албан бичиг /хх20/, баталгааны маягт /хх21-23/, хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн бүртгэл, шийтгэлийн хуудас, тэмдэглэл, мөнгөн шилжүүлэг, тодорхойлолт, 2019 оны зөрчлийн мэдээ, шийтгэлийн хуудас, төлбөрийн баримт /хх24-50/, гэрэл зураг /51-53/, 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 214 дүгээр Журам шинэчлэн батлах тухай тушаал, журмын хавсралт /хх55-60/, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/2019/02, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/2021/01 дугаар хамтран ажиллах гэрээнүүд /хх61-67/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх148/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 336 дугаар, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолууд /хх162-165/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх192-193/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх194-198/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх200-204/-г шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас: байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх71-74/, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/25 Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай захирлын тушаал, хавсралтын хамт /хх75-106/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны А/01 тугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт /хх107-142/, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 681 дугаар Төрийн өмчийн хорооны тогтоол, тогтоолын хавсралтын хамт /хх166-174/, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, тогтоолын хавсралтын хамт /хх175-183/, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал, хавсралтын хамт /хх184-186/, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаар хамтран ажиллах гэрээ, ажлын төлөвлөгөөний хамт /хх187-191/ шүүхэд гаргаж өгсөн.

  5. Шүүхийн журмаар: 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/2021/01 дугаар хамтран ажиллах гэрээ /хх14-17/, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/2019/02 дугаар хамтран ажиллах гэрээ /хх18-20/ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаал /хх21-23/, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6/06 дугаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал, хавсралтын хамт /хх25-32/, 2009 оны 09 дүгээр сарын 15-ны 214 дугаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал, хавсралтын хамт /хх40-45/, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03/13734 албан бичгийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төрийн албанд 37 жил ажиллаж, авто тээврийн улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн тул төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар буцалтгүй тусламж олгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч Авто тээврийн үндэсний төв нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй, Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд тус газрын үндсэн орон тоонд Н.Быг төрийн албанаас чөлөөлж, үндсэн албан хаагчид томилсон. Н.Бын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.4.7 дахь хэсэгт зааснаар Үйлдвэрийн газрын үндсэн ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд 3 сар хүртэл, харин Улсад болон авто тээврийн салбарт 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 9,791,497 төгрөгийн тэтгэмж олгосон нь хуулийн дагуу гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4.    Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Автотээврийн хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалын 1 дэх заалтад Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Тээвэр авто тээврийн газрыг Авто тээврийн төв төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулж, хавсралтад дурдсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчийн үйлдвэрийн газрын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулсугай гэсэн захиргааны акт гарч улсын байцаагч Н.Б тус тушаалын дагуу шилжиж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хууль, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, холбогдох хуулийн дагуу тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий байна. Нэхэмжлэгч Н.Бын дээрх хуулийн заалтад заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд Зам, тээврийн хөгжлийн яам хохирол учруулаагүй тул тус хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна:

-       Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Авто тээврийн газрын даргын 2000 оны 30 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Быг Авто тээврийн хяналтын улсын байцаагчаар 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       Авто тээврийн газрын даргын 2009 оны 63 дугаар тушаалаар тус газарт төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчдын туршилтын хугацаа 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр дууссан тул төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд томилогдох албан хаагчдын нэрс, албан тушаал, үндсэн цалин, нэмэгдлүүдийг хавсралтаар шинэчлэн баталж, Н.Б нь 2009 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд томилогдож, хавсралтад зааснаар ТЗ-7-5 цалингийн шатлалтайгаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч Н.Бын хөдөлмөрийн дэвтрээр 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр Авто тээврийн 5-р баазад эдийн засагчаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Автокомбинатад ашиглалтын улсын байцаагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч нь Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Авто тээврийн газар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж байсан нь баримтаар тогтоогдож байна.

-       Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн гарын үсэг бүхий Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, хуульд заасан арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан тул үнэмлэх олгов гэсэн агуулгатай үнэмлэхийг нэхэмжлэгч Н.Бт олгож байсан баримт авагджээ.

-       Нэхэмжлэгч Н.Бын Нийгмийн даатгалын дэвтэр болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2020 оны 03 дугаар сарыг дуустал хөдөлмөр эрхэлж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т ажиллаж байсан нь тогтоогдож байна.

-       Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2020 оны Б/134 дүгээр тушаалаар Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн Навсааны Батбаяр 62 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөрийн гэрээг нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь баримтаар тогтоогдож байна.

-       Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус байгууллага нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох нь тогтоогдож байна.

-       Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2018 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7-д Үйлдвэрийн газрын үндсэн ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд 3 сар хүртэл, харин Улсад болон авто тээврийн салбарт 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зохицуулсан байна. Мөн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны А/01 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг дахин шинэчлэн баталсан байна. Үүнээс харвал нэхэмжлэгч Н.Быг 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах үед 2018 онд баталсан хөдөлмөрийн дотоод журам хэрэгжиж байсан, үүний хүрээнд тэтгэмж олгогдсон байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

-       2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 336 дугаар Засгийн газрын тогтоолын 1-т Авто тээврийн үндэсний төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай гэж, 2 дахь заалтаар Авто тээврийн үндэсний төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан тус төвийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг холбогдох этгээдүүдэд даалгаж шийдсэн зэргээс улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчилсөн нь баримтаар тогтоогдож байна.

-       Монгол улсын төрийн өмчийн хорооны 2013 оны Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 681 дүгээр тогтоолоор тус газрын дүрмийг баталжээ. Тус дүрмийн 1.4-т Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж зааж, зохицуулалт хийсэн нь тогтоогдож байна.

-       2016 оны 55 дугаар тогтоолын 1-р хавсралтаар мөн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд 1.4-т Үйлдвэрийн газар нь Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Быг тус газарт шилжүүлэн ажиллуулах үед энэ дүрэм хэрэгжсэн хэвээр байсан, тус газар нь Иргэний хууль, Хөдөлмөрийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан нь тогтоогдож байна.

-       Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 03 дугаар тушаалын 1-т Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулсантай холбогдуулан Авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх захиргааны хяналтын чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээгээр ажиллаж байгаа хавсралтад дурдсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулсугай гэж, мөн тушаалын хавсралтын 14-т Навсаан овогтой Батбаяр гэж зааснаас харахад нэхэмжлэгч Н.Баятбарыг тус тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, өөрчлөн зохион байгуулагдаад буй Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллуулсан болох нь тус баримтаар тогтоогдож байна.

 

6.    Талууд нэхэмжлэгч Н.Быг Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тэтгэмж 9,791,497 төгрөг авсан эсэхэд болон нийт хөдөлмөр эрхэлсэн хугацаа, цалингийн хэмжээ, ажлын байранд хийгдэх ажил, ажлын байрны нэрийн талаар маргаагүй, харин тэтгэвэрт гарах хугацаа хүртлээ төрийн албан хаагчаар ажилласан тул хуульд зааснаар 36 хүртэл сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эсэх асуудлаар маргаж байна.

 

7.    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлд аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрхийг тодорхойлсон бөгөөд өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглахүндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулахүйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулахүйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах гэж зааснаас харахад Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь улсын төсвөөс санхүүждэггүй, үйл ажиллагааныхаа үр дүнд олсон ашгаа захиран зарцуулдаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох нь харагдаж байна.

 

8.    Мөн баримтаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, тус газрын ажилтнууд хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагад ажилладаг болох нь тогтоогдсон.

 

9.    Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т "Төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг гэж тодорхойлсон тул Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь төрөөс цалин, хөлс авч ажиллаагүй тул төрийн албан хаагчид тооцогдох боломжгүй юм.

 

10. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 03 дугаар тушаалаар Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээгээр ажиллаж байгаа хавсралтад дурдсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулсугай гэж, мөн тушаалын хавсралтын 14-т Н.Б гэж зааснаар нэхэмжлэгч Н.Быг тус онд төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, төрийн өмчит үйлдвэрийн газарт үндсэн орон тоонд ажиллуулахаар тушаал гарснаар Н.Б нь төрийн албан хаагчаар 2017 оноос эхлэн ажиллаагүй болох нь тогтоогдсон.

 

11. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасан. Нэхэмжлэгч Н.Б нь хэдийгээр 1983 оноос 2017 оныг хүртэл нийт 34 жил төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан нь тогтоогдож байх боловч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж, аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласнаар төрийн жинхэнэ албан хаагчаар тухайн албыг хаасанд тооцогдохооргүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон. Тиймээс дээрх журмын сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Быг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, төрийн өмчит үйлдвэрийн газарт үндсэн орон тоонд ажиллуулахаар гарсан тушаал хүчин төгөлдөр буюу үйлчлэл нь хэрэгжсэн хэвээр байгаа учир төрийн албан хаагчаар 37 жилийн турш ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байх тул төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. 7 угаа 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлдээ 70,200 төгрөг, нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа 402,737 төгрөг нийт 472,937 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлөхдөө илүү 72,463 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 72,463 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бын нэг удаагийн буцалтгүй тусламж 48,957,485 төгрөг олгуулах, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,937 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 72,463 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ