Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01724

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01724

 

 

 

 

 

 

 

 

2023.09.06 210/МА2023/1724

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02096 дугаар шийдвэртэй

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй,

АТҮТ- ТӨААТҮГ, МУЗ,ТХЯ-д холбогдох,

 

Нэг удаагийн буцалтгүй тусламж 48,957,485 төгрөг гаргуулах, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагч АТҮТ- ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.Б- миний бие Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АТ-газрын даргын 2000 оны 04 сарын 07-ны өдрийн 30 тоот тушаалаар АТ-хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад АТҮТ- ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн Б/134 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөгдсөн ба 6 сарын дундаж цалинтай тэнцэх 9,791,497 төгрөгийн тэтгэмж олгогдсон.

 

Миний бие төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг 2009 оны 07 сарын 29-ний өдөр өргөсөн, Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, хуульд заасан арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан мөн болно. Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагчаас эрхээ авсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч,АТ-хяналтын улсын байцаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул хуульд заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгогдох үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Мөн би төрийн хяналт шалгалтыг буюу АТ-улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх замаар төрийн албанд тасралтгүй 37 жил ажилласан. Өөрөөр хэлбэл Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон АТҮТ- ТӨААТҮГ-ын хооронд байгуулсан 3 талт гэрээний дагуу чиг үүргээ хэрэгжүүлдэг байсан. Гэтэл хариуцагч нар нь намайг төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй учраас өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд зааснаар олгохгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

Иймд намайг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсныг тогтоож, буцалтгүй тусламж 48,957,485 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч АТҮТ- ТӨААТҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 сарын 14-ний өдрийн 213 дугаар тогтоолоор Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба УТҮГ-ыг байгуулж, Засгийн газрын 2013 оны 10 сарын 05-ны өдрийн 336 дугаар тогтоолоор АТҮТ- ААТТӨҮГ болгон өөрчилсөн. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн АТ-хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газарт гэрээгээр ажиллаж байсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, АТҮТ- ТӨҮГ-ын үндсэн орон тоонд шилжүүлэн Н.Б-ыг төрийн албанаас чөлөөлж тус үйлдвэрийн газрын үндсэн албан хаагчаар томилжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан АТҮТ- ТӨҮГ-ын дүрмийн хүрээнд үйлдвэрийн газар нь үйл ажиллагаагаа эрхлэн зохицуулж, зохион байгуулан ажилладаг.

 

АТҮТ- ТӨҮГ нь Төрийн албаны тухай хуулиар бус Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог ба Н.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7-д зааснаар үйлдвэрийн газрын үндсэн ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд 3 сар хүртэл, харин улсад болонАТ-салбарт 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зааснаар 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 9,791,497 төгрөгийн тэтгэмж олгосон нь хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны тайлбар, татгалзлын агуулга: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийнАТ-хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалын 1 дэх заалтад Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг АТ-газрыг АТҮТ- ТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулсан байна.АТ-салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх захиргааны хяналтын чиг үүргийг тус тушаалын дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр шилжүүлж АТҮТ- ТӨҮГ-т гэрээгээр ажиллаж байгаа хавсралтад дурдсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, АТҮТ- ТӨҮГ-ын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулах захиргааны акт гарч улсын байцаагч Н.Б- тус тушаалын дагуу шилжиж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, АТҮТ- ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, холбогдох хуулийн дагуу тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын нэг удаагийн буцалтгүй тусламж 48,957,485 төгрөг олгуулах, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,937 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 72,463 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоосон ч маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хэт явцуу хүрээнд үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Шүүх нэхэмжлэгчийн ажилласан байдал (1983 оны 07 сарын 07-ны өдрөөс 2020 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл)-ыг зөв тогтоосон ч түүний хэрэгжүүлж байсан чиг үүрэг, ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны тодорхойлолт болон бусад нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад хамаарах хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна.

 

5.2. Н.Б- нь АТ-салбарт тасралтгүй 37 жил ажиллахдаа Төрийн албаны тухай хууль, АТ-тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд АТ-хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал, нотлох баримтад дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаагүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн зорилго, агуулгыг анхаарч үзээгүй байна.

 

5.3. Нэхэмжлэгч нь АТ-салбарт хамаарах хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болохоо тогтоолгож, энэхүү шаардлагад үндэслэн төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг анхааран үзэлгүйгээр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 03 дугаарыг тушаалыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй болжээ. Үндэслэл болгож буй тушаал нь зорилгодоо нийцээгүй, улсын байцаагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Хэрэгжилт биелэгдээгүй, уг тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, сөpөr үйлчлэл бүхий захиргааны акт байсан талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, авто тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсныг шууд үгүйсгэж хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч АТҮТ- ТӨҮГ-ын гаргасан тайлбарын агуулга:

 

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 сарын 14-ний өдрийн 213 дугаар тогтоолоор Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалт алба улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан. Мөн Засгийн газрын 2013 оны 10 сарын 05-ны өдрийн 336 дугаар тогтоолоор Авто тээврийн үндэсний төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Авто тээврийн хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газарт гэрээгээр ажиллаж байсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үндсэн орон тоонд шилжүүлсэн.

 

6.2. Тус байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар Төрийн албаны тухай хуулиар бус Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч Н.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн үед үйлчилж байсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7-д зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үйлдвэрийн ажилтанд 3 сар хүртэл, улсад болон авто тээврийн салбарт 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зааснаар Н.Б-т 6 сарын дундаж цалин хөлс болох 9,791,497 төгрөгийн тэтгэмжийг олгосон.

 

6.3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ын үйл ажиллагааны чиглэлийг заасан бөгөөд тус байгууллага нь авто тээвэртэй холбоотой үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлсээр ирсэн гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч АТҮТ- ТӨААТҮГ, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамд тус тус холбогдуулан төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсныг тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. АТҮТ- ТӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн Б/134 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар Н.Б-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлөн АТҮТ- ТӨҮГ-ын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7-д Үйлдвэрийн газрын үндсэн ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд 3 сар хүртэл, харин улсад болон авто тээврийн салбарт 20-оос дээш жил ажилласан бол үндсэн цалингийн 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу тус газраас Н.Б-т 9,791,497 төгрөгийн тэтгэмж олгосон талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.

 

Хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор зохицуулжээ.

 

Төрийн албан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2"төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ төрийн албанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн байхыг ойлгохоор хуульчилсан байна.

 

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 213 дугаар тогтоолоор Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба УТҮГ-ыг байгуулж, улмаар Засгийн газрын 2013 оны 336 дугаар тогтоолоор АТҮТ- ААТТӨҮГ болгон өөрчлөн зохион байгуулагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу төрөөс олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллахаар болжээ.

 

Дээрх тогтоолыг үндэслэн мөн Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолууд гарч АТҮТ- ТӨААТҮГ-ын бүтэц, зохион байгуулалт, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлжээ. Дүрмийн 1-р зүйлд зааснаар төв нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцож ... төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхээр заажээ.

 

Ийнхүү өөрчлөн байгуулагдсанаар хариуцагч АТҮТ- ТӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага, албан газар-ын ангилалд хамаарахгүй болсон тул Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн АТ-хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газарт ажиллаж байсан улсын байцаагчдыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, АТҮТ- ТӨҮГ-ын үндсэн орон тоонд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаалын хавсралтаар жагсаасан албан хаагчдын 14-т Н.Б--ыг нэрлэн заажээ.

Иймд Н.Б- нь төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж, тус байгууллагын үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж эхэлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2017 онд төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үедээ хариуцагч АТҮТ- ТӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Н.Б-ыг төрийн албан хаагчид тооцох үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргын 2000 оны 04 сарын 07-ны өдрийн 30 тоот тушаалаар нэхэмжлэгч Н.Б- нь Авто тээврийн хяналтын улсын байцаагчаар томилогдож, улмаар 2009 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөс хойш 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ авто тээврийн салбарт төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байжээ.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулсантай холбоотойАТ-салбарын үйл ажиллагаанд захиргааны хяналтыг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр буюуАТ-тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд зааснаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр зааснаар тус төвийнАТ-хяналтын мэргэжилтэн буюу нэхэмжлэгч Н.Б-ын Тээвэр (авто)-ийн хяналтын улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар-ын даргын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар сунгасан байна. Мөн газрын 2009 оны 214 дүгээр тушаалаар батлагдсан Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам-ын дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хооронд Зам, тээврийн салбарт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ 2019 онд байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн ажил олгогчийн чиг үүрэг, төрийн байгуулага хоорондын хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээрАТ-салбарт төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байсан нь түүнийг Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шалгуурын дагуу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан болон төрийн албан хаагчаар ажилласантай дүйцүүлэн тооцох үндэслэл болохгүй юм.

 

6. Иймд нэхэмжлэгч Н.Б-ын ажиллаж байсан байгууллага, эрхэлж буй албан үүргийн онцлогтой нь холбоотойгоор түүнийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөгийг олгох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид олгох тусламжийг авах эрх хуулиар үүсээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н.Б-ын төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй, нэг удаагийн буцалтгүй тусламж 48,957,485 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул энэ талаархи давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодорхойлж хариуцагч нарын нэрийг бичээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг шаардлагад тооцон шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ, МУЗ,ТХЯ-д тус тус холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламжид 48,957,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ