Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/02154

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/02154

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АЭЖИ ХХК холбогдох

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын .. тоот орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, Д.Од хүлээлгэн өгөх, тус орон сууц захиалгын гэрээний дагуу алдангид 4,903,280 төгрөг гаргуулах үндсэн, Д.Отой байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1 мкв талбайн нэмэгдүүлсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ан, өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О нь 2020/02/11-ний өдөр хариуцагч АЭЖИ ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын, .... тоот, 65,71м2талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэг м2-ын нэгж үнийг 1,400,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, захиалсан.

Миний бие гэрээний хавсралтад заасан төлбөрийг графикын дагуу орон сууцны үнийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Гэтэл хариуцагч АЭЖИ ХХК нь гэрээний 1.2-т заасан Баянзүрх хороолол, А блок, 13 давхар, ... тоот орон сууцыг гэрээний 1.3-т заасан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 4.2-т заасан хүлээлгийн 60 хоног багтаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүрэн барьж дуусгаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөн ба өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтанд оруулаагүй, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироогоод байна.

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлсэн, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн байхад хариуцагч АЭЖИ ХХК нь гэрээгээр тохиролсон нэг м2-ийн үнэ болох 1,400,000 төгрөгийн үнийн дүн дээр дахин нэг м2тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 19,713,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, 19,713,000 төгрөгийг төлөхгүй бол байрыг чинь өгөхгүй, бид нэг талын санаачилгаар гэрээгээ цуцална гэж тайлбарлаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

Мөн гэрээний 4.2-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаанаас 60 хоног түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,01-аар тооцон алданги Захиалагч талд төлнө гэж заасны дагуу хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу 533 хоногийн алдангид 4,903,280 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын ... тоот орон сууцыг барьж бүрэн дуусгаж, Д.Од хүлээлгэн өгөхийг АЭЖИ ХХК-д даалгаж, гэрээний 4.2-т заасны дагуу алдангид 4,903,280 төгрөг АЭЖИ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч АЭЖИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Оын нэхэмжлэлтэй АЭЖИ ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 533 хоногийн алданги болох 4,903,280 төгрөгийн тухайд: Иргэн Д.Отой манай компани нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20021128/11 тоот орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хороолол, А блок, 13 давхар, ... тоот, 3 өрөө, 65.71 м.кв талбайтай орон сууцийг 1 м.кв тайлбайг 1,400,000 төгрөг, нийт 91,994,000 төгрөгөөр захиалсан. Уг гэрээгээр хариуцагч нь орон сууцийг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах үүрэг, нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэ болох 91,994.000 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйл болон хавсралтад дурдсан графикийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Улмаар нэхэмжлэгч нь 20021128/11 тоот гэрээний 2.4-т Захиалагч тал нь 2020.02.17-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгнө гэж заасан боловч нэхэмжлэгч нь үүргээ 2020.02.17-ны өдөр 3,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Мөн гэрээний хавсралт 24-н сарын хугацаатай хувь лизинг график төлөлт-ийн 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02, 03 дугаар сарын төлөлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж гэрээний үүргийг зөрчсөн нь Иргэний хуулийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ: 224.2.3-т Мөнгөн төлбөрийг үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана. гэж заасны дагуу хариуцагч талаас алданги нэхэмжлэх эрхгүй байна гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: АЭЖИ ХХК нь Баянзүрх дүүргийн 13-р хороны нутаг дэвсгэрт Баянзүрх хороолол орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэн Д.Отой 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20021128/11 тоот орон сууц захиалгын гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь дээрх орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэвч орон сууц баригдаж эхлэхээс өнөөдрийг хүтэл дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөлөөллөөр хил гаалийн тогтворгүй ажиллагаанаас үүдэн импортын барилгын материалын хомстол, Барилга.мн-ээс явуулсан судалгаагаар 2020 оноос өнөөдрийг хүртэл барилгын бараа материалын үнэ дунджаар 40-70 хувь бодитойгоор өссөн, цаашид ч уг үнийн өсөлт үргэлжилж байгаа нөхцөл байдалтай байна. Мөн хилийн боомтууд хаагдах, хязгаарлалт тогтоосноос бараа материалын тасалдал үүсэх, бензин шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбогдуулан компани болон түүний туслан гүйцэтгэгч, харилцагчид гэрээт ажлыг гүйцэтгэх боломжгүй болох, бараа материалаа нийлүүлэх боломжгүй болох, ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрсэн зэрэг бодит шалтгаануудын улмаас гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд нийт захиалагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдалд өртсөн. Энэ тухай иргэний хууль болон Монгол Үндэсний аж үйлдвэрийн танхимаас гаргасан албан ёсны тайлбарт хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал гэдэгт:

1. Давагдашгүй хүчин зүйлс гэдэг нь: тухайн гэрээ хэлцэл байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй болсон нөхцөл байдал юм.

2. Хүнд нөхцөл байдал буюу hardship нөхцөл гэдэг нь: хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг ойлгоно.

Улмаар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх хорооллын нийт захиалагчдад үүссэн нөхцөл байдал болон уг нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой тухай уулзалт хийж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22/08-497 тоот албан бичгээр орон сууц захиалгын гэрээний 1 м.кв талбайн үнэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх, зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг цуцлах буюу гүйцэтгэгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн gmail.com имэйл хаягт хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч нь уг мэдэгдэлд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариу мэдэгдэл өгч, үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай дурдсан.

Иймд Иргэний хуулийн 343.1, 345.2, 345.3-д заасны дагуу Д.Ооос 20021128/11 тоот орон сууц захиалгын гэрээний 1 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийн өсөлттэй холбоотой зохицуулалт байдаггүй. А блокын төсөв 2022 онд 7 тэрбум төгрөг болж нэмэгдсэн төсөв нь үндэслэлгүй байгаа. Нийт блокын хэмжээнд 2022 онд 7 тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэж байгаа боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд 2021 оны төсвийг гаргаж өгөөгүй, мөн 2022 оны барилгын төсвийг гаргаж өгсөн нь 2022 онд нөхөж гаргасан төсөв байгаа. 1 м.кв талбай тутамд 300,000 төгрөг, нийт 19,713,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. 19,713,000 төгрөгийн тооцоолол өнөөдрийг хүртэл хугацаанд баримтыг шүүхэд өгөөгүй байгаа. А блок нь дотроо 16 давхар орон сууцны барилга байгаа. Д.Оын хувьд 65.71 м.кв талбайтай байр захиалсан байдаг. Айл болгоны захиалсан хэмжээ нь харилцан адилгүй. Д.Отой гэрээ байгуулахдаа 1 м.кв талбай нь 1,400,000 төгрөг байхаар байгуулсан байдаг. Ижил цаг хугацаанд гэрээ байгуулсан хэр нь м.кв талбайн анх хэлсэн үнэ нь өөр өөр байдаг. Энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа. Барилгыг 2020 оны 04 дүгээр улиралд буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьж ашиглалтад оруулах үүрэгтэй байсан. Хамгийн анхны хөл хорио 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд барилга 80, 90 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр хариуцагч тал дуусаагүй барилгын гэрчилгээ гаргаж өгсөн. Өнгөрсөн оны гэрчилгээнд орон сууцны барилгын гүйцэтгэл 70 хувь гэсэн байсан. Хариуцагчийн хэлээд байгаа тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа нэмэгдсэн төсөв нь нотлогдохгүй байна. 300,000 төгрөгийн тооцооллыг яаж гаргаж ирээд байгаа юм. Нэхэмжлэгчийн захиалсан байранд юу хийх шаардлагатай болоод, ямар ямар барилгын материал нэмэлт бүтээгдэхүүн шаардлагатай болоод 300,000 төгрөгийн тооцооллыг гаргаж ирж байгаа юм. Гаргаж өгөөд байгаа баримт нь А блокын нийт хэмжээний төсөв байгаа болохоос 300,000, 400,000 төгрөг гээд янз бүрээр нэмэгдүүлж байгаа нь эргэлзээтэй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага нь нотлогдохгүй байгаа юм. Бетон зуурмаг цутгалтыг хүйтний улиралд Монгол улс барилгын норм ба дүрмээрээ зохицуулаад өгсөн. Манай улсад баригдаж байгаа барилгууд эрс тэс уур амьсгалтай холбогдуулан нэмэлт бодис хийдэг. Хүйтний улиралтай холбоотойгоор бетон зуурах ажиллагаа хийгдээгүй, барилгын ажил хойшилсон гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсгээр тодорхойлж гаргаж байгаа юм байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгайлсан нөхцөлийг тохироогүй гэдгийг шүүхэд сануулахыг хүсэж байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсгээр шаардахын тулд урьдач нөхцөлүүдийг хангасан байхыг хууль өөрөө шаарддаг. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Сая хариуцагч тайлбарлахдаа 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор захиалагч нартай уулзалт хийсэн гэсэн тайлбарыг хэлж байна. Захиалагч өөрөө 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд 91,994,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлээд өгсөн байсан. Ковидын нөхцөл байдал өвлийн улирал дамнаж үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл өвлийн улиралд барилгын ажил тодорхой хэмжээгээр зогсдог. 2020 оны 04 дүгээр улиралд дууссан байсан ёстой ажлын үр дүнг бид шаардаж байгаа болохоос 2021, 2022 онд дуусгасан байсан ажлын үр дүнг шаардаагүй. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсгээр шаардах гэж байгаа бол урьдчилаад ямар мэдэгдэх ажиллагаа хийсэн бэ гэдэг асуудал байгаа юм. Манай үйлчлүүлэгч 2020 оны 02 дугаар сараас эхлээд төлбөрөө төлөөд явсан байдаг. Зарим тохиолдолд урьдчилаад төлсөн байдаг. 2020 оны хэсэг хугацаанд 2 сар хоцрохдоо нийлүүлээд 10 сая төгрөгөөр бүхэлд нь төлсөн байдаг. Нэхэмжлэгч нэг ч удаа үүргээ зөрчилгүйгээр өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсэн. Гэтэл 2021 оны үйл явдлаа үндэслээд нэхэмжлэгчээс нэмэлт төлбөр шаардаж байгаа. 2022 оны 08 дугаар сард 70 хувийн гүйцэтгэлтэй гэдэг орон сууцны гэрчилгээг гүйцэтгэгч тал гаргаад өгсөн байна. Хоосон байгаа газар дээр энэ хүмүүсийн урьдчилж төлсөн мөнгөөр энэ орон сууц 2022 оны 08 дугаар сар гэхэд 70 хувийн гүйцэтгэлд хүрсэн байгаа юм. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан гэрчилгээ байна. Хэрвээ ийм асуудал байсан бол яагаад захиалагчид нэг ч удаа мэдэгдээгүй юм. Бид нар аль болох ойлгож хүлээж авахыг хүссэн. Шүүхэд гаргаж өгсөн зарим баримтууд 2020 оны төсөв гэж гаргаж өгсөн баримт дээр 2022 оны төсвийн тамгыг дарсан байгаа юм. Хуулийг хэрэгжүүлж байгаа юм шиг, шүүхийг төөрөгдүүлэх гэж байгаа баримтыг гаргаж өгөөд иргэнийг хохироож байна. Урьдчилсан нөхцөлөө биелүүлэх ёстой байсан ч биелэгдээгүй. Төлбөрийн хэмжээ гэж манай үйлчлүүлэгчээс нэхээд байгаа 19 сая төгрөгийг яагаад энэ хүн хариуцах ёстой талаар баримтаа гаргаж өгөөгүй, тооцоолол байхгүй. 2020 он болон 2022 оны төсөв гэж тус тус гаргаж өгсөн боловч энэ нь нотлох баримтын хувьд эргэлзээтэй, нөхөн гүйцээсэн баримт байна гэж харж байгаа. Захиалагч нар хоосон зүйл дээр хөрөнгө оруулалт хийгээд үүргээ гүйцэтгээд явж байхад гүйцэтгэгч тэр мөнгийг өөрсдөдөө авч байх нэг ч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Дараа нь гайгүй боллоо гэсэн үедээ өөрсдийнхөө санхүүгийн боломжийг бүрдүүлээд тэр хооронд хадгаламжид хүний мөнгийг байлгачихаад одоо болохоор бид нар нэмж авъя, тэр нь тооцоолол байхгүй. 61 м.кв талбай захиалсан үнийг 81 м.кв талбай захиалсан хүний юмыг яагаад нэг нэгэнд нь хамаатуулж төлөх ёстой юм бэ? Энэ бол үндэслэлгүй гэж бид харж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: кассын орлогын ордер, 2020.02.11-ний өдрийн 20021128/11 орон сууц захиалгын гэрээ, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, орон сууцны барилгын дотоод бүдүүвч зураг, лизингийн график төлөлт, төлбөр төлсөн баримтууд, орлогын баримт, Д.Оын Хаан банкны дансны хуулга зэргийг гаргасан.

Хариуцагч талаас: 2020.04.17, 2020.03.18, 2020.05.20, 2022.01.21, 2021.12.20, 2021.11.16, 2021.10.20, 2021.09.20, 2021.08.19, 2021.07.19, 2021.05.20, 2021.06.21, 2021.04.09, 2021.03.22, 2021.03.01, 2020.10.19, 2020.09.17, 2020.08.19, 2020.07.17, 2020.06.17-ны өдрүүдийн АЭЖИ ХХК-ийн дансны хуулга, Баянзүрх хорооллын А1, А2 блокын 2022 онд хийгдсэн шинэчлэгдсэн төсөв /хх58-94 тал/, мэдэгдэл, сертификат, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичиг, хавсралт, Баянзүрх хороолол А блокийн барилгын төсөв /хх123-125/, материалын зардал /хх126-134/, тээврийн зардал /хх135-146/, цалин хөлсний зардал /хх147-162/, машин механизмын зардал /хх163-164/, 2005 оны Барилгын норм ба дүрэм /хх165-203/, сертификат, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичиг, хавсралтыг баримтаар гаргасан.

  Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: АЭЖИ ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөх үүргээ хэрэгжүүлсэн тул орон сууцыг ашиглалтанд оруулж, өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулж, мөн захиалгын гэрээний 4.2-т заасны дагуу алдангид 4,903,280 төгрөг АЭЖИ ХХК-иас гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Д.О нь төлбөрөө төлөхдөө төлөлтийн хуваарийг зөрчиж төлсөн тул Иргэний хуулийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ: 224.2.3-т Мөнгөн төлбөрийг үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана. гэж заасны дагуу хариуцагч талаас алданги нэхэмжлэх эрхгүй байна гэжээ.

 

4.    Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ цар тахлаас үүдэлтэйгээр давагдашгүй хүчин зүйл үүсч, барилгын үнийг өсгөхөөс аргагүй байдалд хүрсэн, энэ талаараа захиалагчдад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уулзалт хийж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр үнэд өөрчлөлт оруулахыг мэдэгдсэн. Үүнээс ч өмнө фэйсбүүк пэйж хуудсаараа захиалагчдад мэдэгдсэн байдаг боловч нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2, 345.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Ооос нэмэгдүүлсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

5.    Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: барилгын нэг мкв-ын үнэ нэмэгдсэн талаар тооцоолол баримтгүй учир үндэслэлгүй, барилгын ажил хойшилсон нь үндэслэлгүй, мөн үнэ нэмэгдэх талаараа захиалагчдад нэн даруй мэдэгдээгүй, талуудын гэрээнд үнийн өсөлттэй холбоотой зохицуулалт байдаггүй гэжээ.

 

6.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна:

 

-               Талууд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20021128/11 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын ... тоот, 3 өрөө, 65,71 мкв талбайтай орон сууцыг нэг мкв бүрийн үнийг 1,400,000 төгрөг, нийт 91,994,000 төгрөг байхаар тохиролцож, гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2020 оны 4-р улиралд багтаан барьж, ашиглалтанд оруулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас захиалагч нь нийт төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

-               Нэхэмжлэгч Д.О нь нийт 20 удаагийн гүйлгээ хийсэн баримт, 2 кассын орлогын баримтаар хариуцагч байгууллагын дансруу нийт 91,994,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх бөгөөд үүнд хариуцагч маргадаггүй тул эдгээр баримтаар нэхэмжлэгч нь захиалгын гэрээний дагуу орон сууцны нийт үнийг төлсөн нь тогтоогдож байна.

-               Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд явуулсан албан бичгээр Дэлхий дахинд коронавирус халдвар цар тахлын дараах эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын материалын үнэ, түүхий эдийн хомсдол нэмэгдэж, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өсч мөн импортлогч орнуудын хил хорионы хязгаарлалт, тээвэрлэлтийн асуудлууд хүндэрч эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан 2020-2022 оны 3-р улирал хүртэл барилгын материалын үнэ 2-2,8 дахин өссөн нь тус байгууллагад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болсон байна. Иймд тус компанид хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгож өгнө үү гэсэн утга агуулгатай бичиг явуулсан байна. Үүний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 02/774 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/546 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/743 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г тус тус авсан байх тул цар тахлаас үүдэлтэй хүнд нөхцөл байдал хариуцагч байгууллагад учирсан нь баримтаар тогтоогдож байна.

-               Баянзүрх хорооллын А1, А2 блокын 2022 онд хийгдсэн шинэчлэгдсэн төсвөөр А блок, үйлчилгээтэй 16 давхар орон сууцны төсөвт өртгийн нэгдсэн товчооны дүн 2020 онд 11,951,796,671 төгрөг, 2022 онд 22,768,351,844 төгрөг байх тооцоолол гарсан нь баримтаар хэрэгт авагдсан байх тул цар тахлаас үүдэлтэйгээр барилгын материалын үнэ өсч, төсөв нэмэгдсэн болох нь тогтоогдож байна.

-               АЭЖИ ХХК-иас захиалагч Д.Од давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр барилгын материалын үнэ өссөн учир захиалагчидтай хийсэн гэрээний 1мкв тутмын үнэлгээ 1,700,000 төгрөг болсон тул зөрүү төлбөр 19,713,000 төгрөг төлөх шаардлагатай болсон, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, төлбөрийг буцаан олгох болсон тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн нь 22/03-497 албан бичгээр тогтоогдож байна.

-               Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороо, 14-р хороолол, 108 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 7935,63 мкв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч АЭЖИ ХХК болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

7.    Талууд нэхэмжлэгч Д.О нь орон сууцны гэрээнд заасан нийт дүнг төлсөн гэдэгт, мөн гэрээний үнэд өөрчлөлт орох болсон тухай 2022 оны 08 дугаар сард мэдэгдсэн гэдэгт маргадаггүй, харин гэрээнд заасан үнэд өөрчлөлт орох болсон нь, барилгын ажил хойшилсон зэрэг нь үндэслэлгүй, гэрээний үнэд өөрчлөлт орох болсон тухай захиалагчдад нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж, мөн барилгыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй тул алданги гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгч талаас, хариуцагч талаас үнэд өөрчлөлт оруулах болсон нь үндэслэлтэй тул зөрүү төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж маргаж байна.

 

8.    Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

9.    Дээрх гэрээний зохицуулалтаар нэхэмжлэгч Д.О нь гэрээнд заасан хөлсийг төлөх үүргээ хэрэгжүүлсэн боловч нөгөө талаас гэрээний зүйл болох ажлын үр дүнг хариуцагч талаас хүлээлгэн өгөөгүй зөрчил үүсчээ. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Оыг үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн учир ажлын үр дүнг буюу орон сууцны барилгыг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэв. Иймд нэхэмжлэлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын, ... тоот, 65,71м2талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

10. Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хугацааг хариуцагч тал хожимдуулсан нь давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлаас үүдэлтэй материалын үнэ өссөн, хил гааль хаасан зэрэг өөрсдөөс үл шалтгаалах байдлаар барилга угсралтын ажил хожимдсон гэж дүгнэхээр байна. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д Гүйцэтгэгчээс шалтгаалаагүй урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар захиалсан орон сууцны байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл хойшлогдож болно. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт: 3.8.1 Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан /хил хаах/, 3.8.4-т Байгаль, цаг уурын болон гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл гэж, 3.9-т Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж заасан байна. Тиймээс барилгыг барьж, хугацаандаа ашиглалтанд оруулаагүйг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Д.Оын барилгыг ашиглалтанд оруулах хугацааг хэтрүүлсний алдангид нэхэмжилсэн 4,903,280 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

11. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн орон сууцны барилгын мкв тутамд нэмэгдсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь хэдийгээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хүнд нөхцөл байдал үүсч, барилгын материалын үнэ өсч, үнэд өөрчлөлт оруулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай нь тогтоогдсон боловч гэрээнд үнэд өөрчлөлт оруулах талаар тусгаагүй, мөн гүйцэтгэгч тал нь үнэд өөрчлөлт орох болсон тухайгаа хуульд зааснаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул үнийн зөрүү 19,713,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Хариуцагч нь үнэд өөрчлөлт орох болсон тухайгаа фэйсбүүк пэйж хуудсаараа нэн даруй захиалагчдад хүргэсэн гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул үнэд өөрчлөлт орох нөхцөл байдлыг захиалагчдад нэн даруй хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

12. 7 угаа 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлдээ 70,200 төгрөг, алдангий гаргуулах тухай нэхэмжлэлдээ 93,402 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 256,515 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Хариуцагч гэрээг цуцлуулах тухай шаардлагадаа 70,200 төгрөгийг төлсөн, энэ шаардлагаа өөрчилж, шаардлагыг шүүх шийдвэрлээгүй тул 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн төлсөн 256,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын, ... тоот, 65,71мталбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, Д.Од хүлээлгэн өгөхийг АЭЖИ ХХК-д даалгасугай.

 

2.    АЭЖИ ХХК-иас алдангид 4,903,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Нэхэмлэгч Д.Ооос 19,713,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн АЭЖИ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 256,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ