Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01776

 

 

 

 

 

 

 

     2023        09         18                                           210/МА2023/01776

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/02154 дугаар шийдвэртэй

Д.О-ын нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох,

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын *** тоот орон сууцыг барьж, бүрэн дуусгаж Д.О-д хүлээлгэн өгөх, тус орон сууц захиалгын гэрээний дагуу алдангид 4,903,280 төгрөг гаргуулах үндсэн,

Д.О-той байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анужин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч “А” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхрын, *** тоот, 65,71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэг м.кв-ын үнийг 1,400,000 төгрөг байхаар харилцан тохиролцож захиалж, гэрээнд заасан төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээний 1.2-т заасан Баянзүрх хороолол, А блок, 13 давхар, *** тоот орон сууцыг гэрээний 1.3-т заасан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 4.2-т заасан хүлээлгийн 60 хоног багтаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүрэн барьж дуусгаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөн ба өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтанд оруулаагүй, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.

1.2. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны үнэ төлөгдсөн байхад хариуцагч нь гэрээгээр тохирсон 1 м.кв-ийн үнэ болох 1,400,000 төгрөгийн үнийн дүн дээр дахин 1 м.кв тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 19,713,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, 19,713,000 төгрөгийг төлөхгүй бол байрыг чинь өгөхгүй, бид нэг талын санаачилгаар гэрээгээ цуцална гэж тайлбарлаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

1.3. Гэрээний 4.2-т гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаанаас 60 хоног түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,01 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасны дагуу хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу 533 хоногийн алдангид 4,903,280 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын *** тоот орон сууцыг барьж бүрэн дуусгаж, Д.О-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, гэрээний 4.2-т заасны дагуу алданги 4,903,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.О-той манай компани нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хороолол, А блок, 13 давхар, *** тоот, 3 өрөө, 65.71 м.кв талбайтай орон сууцийг 1 м.кв тайлбайг 1,400,000 төгрөг, нийт 91,994,000 төгрөгөөр тохирсон. Уг  гэрээгээр хариуцагч нь орон сууцийг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах үүрэг, нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэ болох 91,994.000 төгрөгийг гэрээний графикийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 2.4 дэх хэсэгт захиалагч тал нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгнө гэж заасан боловч нэхэмжлэгч нь үүргээ 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Мөн гэрээний хавсралт 24 сарын хугацаатай хувь лизинг график төлөлтийн 2020 оны 11, 12 сар, 2021 оны 01, 02, 03 дугаар сарын төлөлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж гэрээний үүргийг зөрчсөн тул Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3 дахь хэсэгт  заасны дагуу хариуцагч талаас алданги нэхэмжлэх эрхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Орон сууц баригдаж эхлэхээс өнөөдрийг хүртэл дэлхий нийтэд тархаж буй ковид-19 цар тахлын нөлөөллөөр хил гаалийн тогтворгүй ажиллагаанаас үүдэн импортын барилгын материалын хомстолд орж, судалгаагаар 2020 оноос өнөөдрийг хүртэл барилгын бараа материалын үнэ дунджаар 40-70 хувь бодитойгоор өссөн, цаашид ч уг үнийн өсөлт үргэлжилж байгаа нөхцөл байдалтай байна. Мөн хилийн боомтууд хаагдах, хязгаарлалт тогтоосноос бараа материалын тасалдал үүсэх, бензин шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбогдуулан компани болон түүний туслан гүйцэтгэгч, харилцагчид гэрээт ажлыг гүйцэтгэх болон бараа материалаа нийлүүлэх боломжгүй болох, ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадахгүйд хүрсэн зэрэг бодит шалтгаануудын улмаас гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд нийт захиалагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдалд өртсөн.

Улмаар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх хорооллын нийт захиалагчдад үүссэн нөхцөл байдал болон уг нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой тухай уулзалт хийж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр орон сууц захиалгын гэрээний 1 м.кв талбайн үнэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх, зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг цуцлах буюу гүйцэтгэгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн **************** и-мэйл хаягт хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч нь уг мэдэгдэлд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариу мэдэгдэл өгч, үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай дурдсан. Иймд Иргэний хуулийн 343.1, 345.2, 345.3 дахь хэсэгт заасны дагуу Д.О-оос 20021128/11 тоот орон сууц захиалгын гэрээний 1 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийн өсөлттэй холбоотой зохицуулалт байхгүй тул А блокын төсөв 2022 онд 7 тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд 2021 оны төсвийг гаргаж өгөөгүй, мөн 2022 оны барилгын төсвийг гаргаж өгсөн нь нөхөж гаргасан байсан. Нэхэмжлэгчээс м.кв талбайн зөрүүнд 19,713,000 төгрөгийг шаардаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Д.О-ын хувьд 65.71 м.кв талбайтай байр захиалсан бөгөөд айл болгоны захиалсан хэмжээ нь харилцан адилгүй, Д.О-той гэрээ байгуулахдаа 1 м.кв талбайн үнийг 1,400,000 төгрөг байхаар байгуулсан. Барилгыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьж ашиглалтад оруулах үүрэгтэй. Хамгийн анхны хөл хорио 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд барилга 80, 90 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой боловч өнөөдөр хариуцагч тал дуусаагүй барилгын гэрчилгээ гаргаж өгсөн. Өнгөрсөн оны гэрчилгээнд орон сууцны барилгын гүйцэтгэл 70 хувь гэсэн байсан. Хариуцагчийн хэлээд байгаа тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа нэмэгдсэн төсөв нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн захиалсан байранд юу хийх шаардлагатай болж 1 м.кв-ын зөрүү 300,000 төгрөгийн тооцооллыг гаргаж ирж байгаа нь эргэлзээтэй. Манай улсад баригдаж байгаа барилгууд эрс тэс уур амьсгалтай холбогдуулан нэмэлт бодис хийдэг. Хүйтний улиралтай холбоотойгоор бетон зуурах ажиллагаа хийгдээгүй, барилгын ажил хойшилсон гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлж байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар шаардахын тулд урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байхыг шаарддаг. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Хариуцагч тайлбарлахдаа 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор захиалагч нартай уулзалт хийсэн гэсэн тайлбарыг хэлж байна. Захиалагч өөрөө 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд 91,994,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлж өгсөн. Ковидын нөхцөл байдал өвлийн улирал дамнаж үргэлжилсэн бөгөөд өвлийн улиралд барилгын ажил тодорхой хэмжээгээр зогсдог. 2020 оны 04 дүгээр улиралд дууссан байх ёстой ажлын үр дүнг бид шаардаж байгаа болохоос 2021, 2022 онд дуусгасан байсан ажлын үр дүнг шаардаагүй. Манай үйлчлүүлэгч 2020 оны 02 дугаар сараас эхлээд төлбөрөө төлж эхэлсэн бөгөөд зарим тохиолдолд урьдчилаад төлсөн. 2020 оны хэсэг хугацаанд 2 сар хоцрохдоо нийлүүлээд 10 сая төгрөгөөр бүхэлд нь төлсөн тул нэхэмжлэгч нэг ч удаа үүргийн зөрчилгүйгээр өнөөдрийг хүрсэн. Хуулийг хэрэгжүүлж байгаа юм шиг шүүхийг төөрөгдүүлэх гэж байгаа баримтыг гаргаж өгөөд иргэнийг хохироож байна. Урьдчилсан нөхцөлөө биелүүлэх ёстой байсан ч биелэгдээгүй. 2020 болон 2022 оны төсөв гэж тус тус гаргаж өгсөн боловч энэ нь нотлох баримтын хувьд эргэлзээтэй, нөхөн гүйцээсэн баримт байна. Захиалагч нар хоосон зүйл дээр хөрөнгө оруулалт хийгээд үүргээ гүйцэтгээд явж байхад гүйцэтгэгч тэр мөнгийг өөрсдөдөө авч нэг ч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Дараа нь гайгүй боллоо гэсэн үедээ өөрсдийнхөө санхүүгийн боломжийг бүрдүүлээд тэр хооронд хадгаламжид хүний мөнгийг байлгачихаад одоо болохоор бид нар нэмж авъя, тэр нь тооцоолол байхгүй. 61 м.кв талбай захиалсан үнийг 81 м.кв талбай захиалсан хүний юмыг яагаад нэг нэгэнд нь хамаатуулж төлөх ёстой гэж. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхрын, *** тоот, 65.71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, Д.О-д хүлээлгэн өгөхийг “А” ХХК-д даалгаж,

“А” ХХК-аас алдангид 4,903,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмлэгч Д.О-оос 19,713,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 256,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нь орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч энэ хугацаанаас хойш 2 жил 8 сарын хугацаа өнгөрсөн ч орон сууцыг өнөөдрийг хүртэл барьж ашиглалтад оруулаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт орон сууцны барилгын ашиглалтад оруулах хугацааг хариуцагч тал хожимдуулсан нь давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлаас үүдэлтэй материалын үнэ өссөн, хил гааль хаасан зэрэг өөрсдөөс үл шалтгаалах байдлаар барилга угсралтын ажил хожимдсон гэж үзэхээр байна гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлээс алдангид 4,903,280 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хязгаарлалт тогтоогоогүй барилгын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан хугацааг тооцолгүйгээр, хариуцагчид алданги төлөх хариуцлагаас бүхэлд нь чөлөөлж байгаа нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаанаас 60 хоног түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,01 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж тохиролцсон. Нэхэмжлэгч Д.О-ын хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 61 дэх хоног буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 533 хоногийн алдангид нийт 4,903,280 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Улаанбаатар хотод анх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж эхэлсэн байтал 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор биелүүлэх байсан үүргийг цар тахалтай холбож, хариуцагч алданги төлөх хариуцлагаас бүхэлд нь чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой, 70 хувийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байгаа бөгөөд уг гэрчилгээний огноо, гүйцэтгэлийн хувь зэргийг үзвэл хариуцагч орон сууцны барилгыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байгааг хүндэтгэн үзэх шалтгаан буюу цар тахлаас шууд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, анх 2020 оны 11 дүгээр сард хөл хорио тогтоож эхлэхэд тухайн үед хариуцагч барилгын ажлыг дор хаяж 80-90 хувийн гүйцэтгэлд хүргэх боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, алданги 4,903,280 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгээс Баянзүрх хороолол төслийн А1 блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд урьдаас таамаглах боломжгүй нөхцөл байдал буюу цар тахал дэлхийн нийтээр тархаж, Монгол Улсын засгийн газрын тогтоол болон Монгол Улсад цар тахлын тархалтаас үүдэн хариуцагч нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж 2020, 2021 онд Баянзүрх хороолол төслийн А1 блокийн барилга угсралтын ажил бүрэн зогссон. 2022 онд компанийн нөөц бололцоогоо бүрэн шавхаж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн боловч цар тахлын нөлөөллөөр барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал, туслан гүйцэтгэгч компаниудын ажлын хөлсний нэмэгдэл, хэрэглээний суурь зардлууд эрс нэмэгдсэнээс үүдэн барилгын ажлыг нийт захиалагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр барьж дуусгах боломжгүй нь 2022 онд шинээр хийгдсэн барилгын төсвөөр тогтоогдсон. Улмаар уг нөхцөл тогтоогдсон даруйд захиалагчдад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уулзалт зохион байгуулж мэдэгдсэн.

Мөн нэхэмжлэгчид 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22/08-497 тоот албан бичгээр мэдэгдэхэд уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу ирүүлсэн. Энэ тухай нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд маргаагүй байхад шүүх хариуцагчийг нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хариуцагчийг Баянзүрх хороолол төслийн А1 блокийн барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд үнээ нэмэх нь үндэслэлтэй гэж байна гэж дүгнэсэн боловч нэн даруй нэмэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас шаардах эрхгүй, нэхэмжлэгчид гэрээний дагуу 13 давхрын *** тоот, 65.71 м.кв талбай бүхий 3 орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үгүйсгэсэн, үндэслэл муутай шийдвэр гаргасан. Учир нь хариуцагчаас анхан шатны шүүхэд барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд давагдашгүй хүчин зүйл түүний нөлөөллөөр гэрээт ажлыг анхны үнээр гүйцэтгэх боломжгүй, барилга цаашид бүрэн зогсох эрсдэлтэй, орон сууцыг захиалагчдад хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай нотлох баримт болон үндэслэл бүхий тайлбараар нотолсон тул байхад хариуцагчийг илтэд хохироож, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 19,713,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч талын шүүх нэхэмжлэгчийн маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тал 2022 оны 11, 12 дугаар саруудад авсан давагдашгүй хүчин зүйлс болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд өгсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нотлох баримтуудыг бүрдүүлсэн байдаг. Хууль болон гэрээнд зааснаар талууд барилга угсралтын ажлыг графикийн дагуу гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бичгээр мэдэгдэн, талууд зөвшилцөн гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Харин 2020, 2021 онд гүйцэтгэгч тал аливаа санал, хүсэлт ирүүлээгүй, захиалагч талд мэдэгдээгүй бөгөөд 2022 оны 08 дугаар сард барилгын шинэчилсэн төсвийг ирүүлсэн тул нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Түүнчлэн давагдашгүй хүчин зүйлс болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээ нь талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг нэг талын санаачилгаар өөрчлөх үндэслэл болохгүй. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийг шилжүүлсэн. Иймд түүнээс хойш 438 хоногийн хугацаанд барилга угсралтын ажил гүйцэтгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзнэ гэжээ.

 

9. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй 2 шалтгаан бий. Барилгын ажил цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 264 өдөр үргэлжлэх боломжгүй байсан. Барилгын норм ба дүрэмд цас бороотой үед барилга угсралтын ажил хийхийг хориглоно гэж заасан. Мөн Монгол Улсад өвлийн улиралд бетон зуурмаг хийхийг хориглодог. Монгол Улсад ковид-19 цар тахал гарсантай холбоотой барилгын ажил мөн зогссон. Монгол Улсын Засгийн газар 8 удаа тогтоол гарган, 88 хоногийн хугацаанд бүх нийтийн хатуу хөл хориог тогтоосон. Тус тогтоолуудад барилгын үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсан. 2021 оноос эхлэн барилгын ажил үргэлжилсэн. 2022 онд эдийн засгийн хувьд бараа материалын үнэ өссөнтэй холбоотой туслан гүйцэтгэгч нартай байгуулсан анхны гэрээний дагуу гүйцэтгэх боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүх хариуцагч компанийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй талаар зөв дүгнэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хорооллын А блокын 13 давхарын *** тоот орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, Д.О-д хүлээлгэн өгөх, гэрээний дагуу алдангид 4,903,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц захиалгын гэрээний 1 м.кв талбайн нэмэгдүүлсэн үнийн зөрүүнд 19,713,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд шийдвэр өөрөө биелэгдэх боломжтой байх ёстой.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс дүгнэвэл гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдууланорон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх, шилжүүлэхийг шаардсан агуулгатай байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх хороолол, А блок орон сууцны барилга байхад уг барилгын нэг хэсэг болох 13 давхрын *** тоот, 65.71 м.кв талбай бүхий орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, Д.О-д хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх тодруулж, улмаар талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйн гадна шийдвэр биелэгдэх боломжгүй байна. Тодруулбал, нийтийн орон сууцны барилгаас нэг хэсгийг нь буюу 13 давхрын, *** тоот, 65.71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж, бүрэн дуусгаж, Д.О-д хүлээлгэн өгөхийг “А” ХХК-д даалгаж байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/02154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,450 төгрөг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,515 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                     ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА                        

 

                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ