Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 134/шш2023/00173

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2023/00173

Говьсүмбэр аймаг

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Н

 

Хариуцагч: Г.Я

 

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Я-ээс 23,240,289 төгрөгийг гаргуулж, “ХБ ХХК дахь Д.П-ийн зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагч Г.Я-ээс 22,849,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж тодорхойлсон нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н түүний өмгөөлөгч Э.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э гэрч Г.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Миний байрыг Г.Я нь нэр дээрээ түр болгоод өгөөч, би жижиг дундын зээл авах гэсэн чинь надад барьцаалах хөрөнгө байхгүй, та байраа найз нөхдийн журмаар барьцаалчих хямд байдаг гэж хэлсэн. Би 3 жилийн дотор төлнө. Тэгэхгүй бол надад барьцаалах хөрөнгө байхгүй гэж хэлсэн. Хуучин зах байсан нийтийн байранд байсан. Тэгээд би хүүхдэдээ байр авах гээд мөнгө хүрэхгүй болоод чамд байраа барьцаалаад чиний мөнгөнөөс эгч нь 4,500,000 төгрөг авна гэж хэлсэн. Чи 5,500,000 төгрөгийг авдаг юм байгаа биз гэсэн. Маргааш нь болсон хойно Нараа эгчээ барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Та байраа түр барьцаалуулчих, 3 жилийн дотор та ч төлнө, би ч төлнө. Хоёулаа гэрээ нотариатаар баталгаажуулаад хийе гэж хэлсэн. Би өөрийнхөө ажлынхнаас асуусан чинь нотариатаар баталгаажуулвал болно гэж хэлсэн. Та тэгье гээд амаараа гэрээ хийвэл яг алуулна гээд байхаар нь Г.Баасансүрэнгийнд би очиж 4,500,000 төгрөгөө тоолж авсан. Энэ охин, хоёр охины хамт Бадмаа нар байсан. Би нотариатаар баталгаажуулаад авцгаасан. 3 жил болоод би мөнгөө төлөөд дууссан, одоо эгч нь мөнгөө авъя гэсэн чинь Нараа эгчээ би танд сандраад гүйж байхад чинь тус болсон. Манай нөхөр харвачихсан байна. Та намайг бодооч би 1 жилийн хугацаатай 2,000,000 төгрөг ахиулаад тавьсан. Би 2, 000,000 төгрөгөө төлчихөөд байрны гэрчилгээг чинь аваад өгье гэхээр нь нээрээ ч тийм юм уу? гэж санаад би тэр чигт нь орхисон. Тэгээд жил болсны дараа төлөхгүй байхаар нь гэрт нь очсон байдаггүй. Сүүлдээ төмөр замын байрнуудын голд байдаг бөө нэг хүүгийнх нь байдаг байсан. Сүүлдээ дэнжид байсан. Би яваагүй биш араас нь зөндөө явсан.  Би авсан нь үнэн, Нараа эгч одоо өглөө, би адилхан үр хүүхэдтэй хүн бузрын юм юу гэж хийх үү? би таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Би Г.Я минь чи цааш нь тавьдаг нь яаж байгаа юм бэ? гэхэд Нямаа хужаа будаа ачуулах гээд, би төмөр ачуулах гээд мөнгөний хэрэг гараад аргаа бараад таны байрыг тавьсан. Би таныг гайгүй байх гэж бодоод гэж хэлсэн. Би юу гэж байгаа юм бэ? гэхэд 12,000,000, 12,000,000 төгрөгөөр хийчихье гэж бодсон юм гэж хэлсэн. Манай гэрт Нямаатай цуг ирсэн. Нараа эгч өргөдлөө буцаагаад авчих, бид хоёр төлнө гэж хэлсэн. Нямаа нь би үхрээ зараад төлнө, Г.Я би яаж ийгээд төлнө, охин маань Солонгост байгаа гэж хэлсэн.  Би 3-4 жил хөөцөлдсөн. Намайг очих болгонд чи дандаа өгнө гэж хэлдэг. Манай хүүхэд хуримаа хийсэн, байрны гэрчилгээг өгч чадаагүй, хадмуудынх нь хажууд онигоо болсон. Ингэж хэлээд байхад өгөхгүй байна гэхэд авсан юм чинь өгнө, Нараа эгчээ гэж хэлсэн. Өгнө гэж дандаа хэлдэг, өгөхгүй гэж ганц удаа хэлж байгаагүй. Би Нямааг шүүх дээр дуудсан чинь энэ хоёр зээлтэй болохоор дүүгийнхээ нэр дээр зээл авсан байсан. Миний байрыг Д.П гэж хүний нэр дээр шилжүүлээд “Хас банк” ХХК-ийн барьцаанд байгаа учраас төлбөрөө төлөхгүй бол дуудлага худалдаанд орууллаа гэсэн. Манай том хүүгийн хүүхэд нь гараагүй байх үе буюу 2010 онд авч өгсөн байр. Би сандраад Г.Я рүү утасдсан чинь 5,000,000, 10,000,000 төгрөг хийнэ гээд, сүүлдээ бүр утсаа авахаа больсон. Нөхөр, охин хоёр нь өг гэж хэлдэг. Би Э.С өмгөөлөгчийг дагуулаад очиход “чи мөнгө өгөөч, ямар сонин юм бэ?” гэхэд мөнгө өгөхгүй, 200 000 төгрөг өгөөд гаргаж” байсан. Би 130 000 000 сая төгрөгөөр дэлгүүр зарж байгаа, таны мөнгийг гялс өгнө гэж хэлсэн. Тэгээд байхгүй, мөнгө өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч хүүхдийг чинь хөөж гаргалаа, байрыг чинь зарлаа гэсэн. Тэгэхээр нь би аргалаад таньдаг хүн, тэтгэвэр, хадгаламжийг тавиад л дутуу байгаа мөнгийг нь би бүгдийг нь олж хийсэн. Дараа нь миний нэр дээр болгосон ордероо авсан. Тэгээд би Хасбанкны даргад ч хэлсэн. Эгч нь байраа хоёр худалдаж авч байна гэхэд, та анхнаасаа Г.Я-ээс мөнгөө гаргуулж ав гээд байхад, та тэгэхгүй манай банктай зууралдаад байсан гэж намайг загнаад байсан. Хэлэхээр өгнө гээд өгөхгүй, Нямаад би  та хоёр хувааж тавьсан гэсэн биздээ, миний дүү нар мөнгөө өгөөч гэхэд мөнгө өгөхгүй, би аваагүй Янжин авсан гэж хэлсэн. Эхлээд авсан гэж байснаа сүүлдээ аваагүй болсон. Г.Я хэлэхдээ Нараа эгчээ би 7 000 000- 8 000 000 төгрөгт барьцаанд тавьсан, би тэр хүнээс мөнгөө авна, заргалдана гэж хэлсэн. Заргалдсан зүйл байхгүй. Би Нямаа болон нөхөр дээр нь хүртэл очсон зодчих гээд хэцүү байсан. Би аргаа бараад банкинд хандаж “... би төлье, та нар намайг аваагүйг мэдэж байгаа биздээ, та нар манай байранд орж үзсэн талаар ч мэдэхгүй юм байна” гэж уурлаж хэлсэн. Одоо тэдэн төгрөг дутуу гээд намайг олоод ир гээд гүйлгээд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байрыг чинь хураалаа гээд би арга ядаад өөрөө төлсөн. Нараа эгч өргөдлөө буцаачих би 10 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Өгнө гээд өгдөггүй, би хичнээн жил хүлээж байгаа билээ, ёстой худлаа. Шүүх үнэн худлыг шийдэж өгдөг гэсэн, би шүүхээрээ дуусна гэж хэлсэн. Намайг өргөдлөө ав гэсэн, би авахгүй шүүхээрээ дуусна гэж хэлсэн. Би өөрөө мөнгө төлсөн учраас шүүхээр зөв бурууг шийдүүлнэ. Би сая байраа авсан. Хүүхдийнхээ нэр дээр шилжүүлдэг юм уу? гэснээ больсон нь оносон байсан. Манай хамгийн том хүү 2010 оноос хойш тэр байранд байгаа, одоо 38 настай, 3 хүүхэдтэй залуу байна. Би шүүх дээр банктай зууралдсан, банкийг дийлэхгүй байсан учраас би мөнгөө төлсөн гэв.

 

2. Хариуцагч Г.Я түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2010 онд өөрийн эзэмшлийн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122  тоот орон сууцыг худалдан авсан. Худалдан авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж чадахгүйн улмаас зээл авах гэж Г.Я-тэй тохиролцоод орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр Г.Я-д шилжүүлсэн. Бэлэглэлийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байгаа. Хэдийгээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон боловч нэхэмжлэгч нь өөрөө дахиж нэхэмжлэл гаргаад 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн  шийдвэрээр өмчлөх эрхээ сэргээлгэсэн байна. Өмчлөгч хэвээрээ байгаа. Өмчлөгчийн ямар эрх, ашиг хөндөгдөөд хэрхэн, яаж, хөндөгдсөний улмаас хариуцагч Г.Я нэхэмжлэлийн шаардлага болох 22,849,000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцах ёстой юм бэ? үндэслэл ойлгомжгүй байна. Энэ байрны мөнгийг ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн орон сууцыг Г.Я-ийн өмчлөлд байх хугацаанд Д.П эгч Нямжавын хүсэлтээр тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн боловч уг гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэ гэрээ анхнаасаа бодитой хэрэгжээгүй. Гэрээний дагуу Г.Я ямар нэгэн үүрэг хүлээж аваагүй. Уг гэрээг \Д.П нь “Х” ХХК-тай байгуулаад зээлийн төлбөрт нийт 35,000,000 төгрөг аваад урьдчилгаа төлбөрт 10,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг Д.П өөрөө авсан. Иргэний хуульд хэн нэгэн этгээд бусдын өр төлбөрийг сайн дураараа төлсөн. Ийнхүү өр төлбөрийг төлснөөр үүрэг бүхий үүргээс чөлөөлөгдсөн тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэх, шаардах эрхтэй. Тухайн үүрэг бүхий этгээд гэдэг нь хэн бэ? Д.П гэж хүн байгаа. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бол Пүрэвчулуу гэж хүн үүрэг хүлээсэн. Энэ нь зээлийн гэрээгээр мөнгөө авсан байгаа. Уг төлбөрөө төлж чадаагүйн улмаас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Д.Пгаас зээлийн төлбөр 23,820,290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Пгийн төлөх ёстой төлбөрийг сайн дураараа төлсөн бол Д.Пгаас нэхэмжлэх ёстой. Үүнийг хариуцагч Г.Я төлөх үүрэг байхгүй. Энэ мөнгөнөөс Г.Я ямар нэгэн төлбөрийг аваагүй. Нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Г.Я биш, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Г.Я энэ хэргийн хариуцагч биш гэж хэлж байна. Яагаад Г.Я мөн болохыг тайлбарлая. Энэ асуудал анх бэлэглэлийн гэрээ байгуулахаас эхлэлтэй. 2016 онд шүүх шийдэхдээ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон. Бэлэглэлийн гэрээг яагаад хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох болсон юм бэ? гэхээр өөрийнхөө хэлсэн амлалтанд хүрээгүй. 3 жилийн хугацаатай бэлэглэлийн гэрээ байгуулъя гэж харилцан тохиролцсон. 3 жил гэсэн хэдий ч хугацаанаас хэтрээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх хугацаанд энэ орон сууц Г.Я-гийн нэр дээр биш, Д.П-гийн нэр дээр шилжсэн болох нь тогтоогдсон. Д.П-гийн нэр дээр яах гэж шилжүүлсэн бэ? гэхээр Г.Я зээл авах гэж шилжүүлсэн. Өөр ямар ч сонирхол байхгүй. Хуурч мэхэлсэн байдаг. Зээл авахын тулд энэ хоёр хүн бэлэглэлийн гэрээ байгуулсан. Хуульд нийцээгүй байсан учраас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон. Энэ хоёрын хооронд ёс зүйн хэм хэмжээ гэж байх ёстой. М.Н-тэй 3 жилийн хугацаанд бэлэглэлийн гэрээ байгуулаад байрыг барьцаанд тавиад өгье гэсэн боловч бусдын нэр дээр шилжүүлээд Хасбанкнаас зээл авна гэж тохиролцоогүй. Зээлийг М.Н огт мэдээгүй. 2017 онд Улсын Дээд шүүхийн тогтоолоор худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл байна гэж үзээд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байдаг. Өмчлөлийн асуудал нилээн сүүлд шийдэгдсэн. Шийдэгдэхээс өөр гарц байхгүй байсан. 2018 онд шүүхийн шийдвэр гараад орон сууцыг хураана, зарж борлуулна гэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцээгүй гээд хүчин төгөлдөр бусд тооцож байсан. Үүний дараа өмчлөх эрхээ тогтоолгох нь зүйтэй байна гээд өмчлөх эрхээ тогтоолгосон. 2016 оноос өмнө энэ орон сууцыг бусдад шилжүүлсэн байсан. Мэдсэн даруйдаа энэ арга хэмжээг авсан. 2018 оны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсан учраас тухайн барьцааны хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. 2023 оны хавраас эхэлсэн. Шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгч нилээн дарамттай байсан. Тэр хүмүүсийн ажил, гэхдээ шударга бус байсан, гэхдээ яалтачгүй орон сууцны үнийг төлөөд гэрчилгээгээ авахаас өөр ямар нэгэн арга үлдээгүй. Г.Я мөнгийг төлнө гэдэг байсан боловч 1,680,000 төгрөг төлсөн. Бусад мөнгийг төлөөгүй. Ийм учраас үлдэх мөнгийг төлөхгүй бол амар амгалан амьдрах боломж нь хаагдаад байсан учраас ийм хэл амнаас ямар нэгэн байдлаар гаръя, дараа нь ямар нэгэн байдлаар Г.Я-гээс мөнгө нэхэмжлэх боломж гарна гэж үзсэн. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн магадлалд маш тодорхой заасан байдаг. Магадлалын хянах хэсэгт “... харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6.-д зааснаар барьцаагаар хангагдах үүргийг хангавал хариуцагч болон “Хас банк” ХХК-ийн Чойр салбар нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болж, барьцааны зүйл болох орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхөөс гадна нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс шаардах эрхтэй гэж магадлалд тодорхой тусгасан байна. Хэн М.Нийн орон сууцыг барьцаанд тавьсан бэ? гэхээр Г.Я тавьсан. Г.Я-гийн буруутай үйлдэл. Г.Я хэний нэр дээр шилжүүлсэн нь хамаагүй. Гагцхүү М.Н-д хэлэлгүйгээр энэ орон сууцыг бусдад худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар өнөөдрийн маргаан үүсэж байна. Ингээд Г.Я энэ мөнгийг хариуцах  ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоол, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2018/00102 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2020/00013 дугаар магадлал, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгах тухай баримт, Д.П-гийн “Хасбанк” ХХК-ийн дансны хуулга, банкны гүйлгээний баримтууд, “Х” ХХК-ийн төлбөрийн баримт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 

 

5. Хариуцагчаас: Хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Д.П-гийн “Хасбанк” ХХК-ийн дансны хуулга, 2014.06.20-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2018/00102 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2020/00013 дугаар магадлал, гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Г.Я-д холбогдуулан 23,240,289 төгрөгийг гаргуулж, “Хасбанк” ХХК дахь Д.П-гийн зээлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагч Г.Я-гээс 22,849,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж тодорхойлсон болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.Н түүний өмгөөлөгчөөс “... Би 3-4 жил хөөцөлдөж байна, Г.Я нь таны мөнгийг өгнө гэж дандаа хэлдэг, би адилхан үр хүүхэдтэй хүн бузрын юм юу гэж хийх үү гэдэг, миний байрыг Д.П гэх хүний нэр дээр шилжүүлээд “Хасбанк” ХХК-ийн барьцаанд байгаа учраас төлбөрөө төлөхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байрыг чинь хураалаа, хүүхдийг чинь хөөж гаргалаа, байрыг чинь зарлаа, дуудлага худалдаанд орууллаа гэсэн. Тэгэхээр нь арга ядаад таньдаг хүн, тэтгэвэр, хадгаламжаа тавиад Д.П-гийн банкны бүх мөнгийг банкинд төлсөн гэж,

   

хариуцагч Г.Я нь М.Н-тэй 3 жилийн хугацаанд бэлэглэлийн гэрээ байгуулаад байрыг барьцаанд тавиад өгье гэсэн болохоос бусдын нэр дээр шилжүүлээд “Хасбанк” ХХК-иас зээл авна гэж тохиролцоогүй, зээлийг М.Н огт мэдээгүй,  М.Н-ийн орон сууцыг Г.Я барьцаанд тавьсан буруутай, Г.Я хэний нэр дээр шилжүүлсэн нь хамаагүй, гагцхүү М.Нд хэлэлгүйгээр энэ орон сууцыг бусдад худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар өнөөдрийн маргаан үүссэн тул Г.Я энэ мөнгийг хариуцах  ёстой гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... М.Н нь шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхээ сэргээлгэсэн, өмчлөгч хэвээрээ байгаа. Өмчлөгчийн ямар эрх, ашиг хэрхэн, яаж, хөндөгдсөний улмаас хариуцагч Г.Я нэхэмжлэлийн шаардлага болох 22,849,000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцах нь ойлгомжгүй байна.

Орон сууц Г.Ягийн өмчлөлд байх хугацаанд Д.П-гийн эгч Нямжавын хүсэлтээр тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэрээ анхнаасаа бодитой хэрэгжээгүй, гэрээний дагуу Г.Я ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Уг гэрээгээр Д.П нь “Хасбанк” ХХК-иас зээлийн төлбөрт нийт 35,000,000 төгрөг аваад урьдчилгаа төлбөрт 10,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг Д.П өөрөө авсан. Иргэний хуульд хэн нэгэн этгээд бусдын өр төлбөрийг сайн дураараа төлсөн. Ийнхүү өр төлбөрийг төлснөөр үүргээс чөлөөлөгдсөн этгээдээр зардлаа нөхөн төлүүлэх, шаардах эрхтэй. Тухайн үүрэг бүхий этгээд нь Д.П. Зээлийн гэрээний дагуу Д.П үүрэг хүлээсэн. Уг төлбөрөө төлж чадаагүйн улмаас “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Д.П-гаас зээлийн төлбөрт 23,820,290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.П-гийн төлөх ёстой төлбөрийг сайн дураараа төлсөн бол Д.П-гаас нэхэмжлэх ёстой. Энэ мөнгөнөөс Г.Я ямар нэгэн төлбөрийг аваагүй. Нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Г.Я биш, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна ...”  гэж үгүйсгэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоол, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2018/00102 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2020/00013 дугаар магадлал, Д.П-гийн “Хас банк” ХХК-ийн дансны хуулга, Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, төлбөрийн баримт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр М.Нийн эзэмшлийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1902000456 дугаар бүхий 48 м.кв, 3 өрөө орон сууцыг Г.Я-гийн өмчлөлд шилжүүлсэн 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор Г.Я болон Д.П нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 122 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Д.Пгийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод орон сууцны өмчлөгчөөр Г.Яг бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн албанд даалгаж,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2018/00102 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Дүрэвчулуугаас үндсэн зээл 22,525,939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1,293,421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23,820,293 төгрөг гргуулж, “Хасбанк” ХХК-д олгож,

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлалаар ... Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Н-ийн нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н мөн болохыг тогтоож тус тус шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч М.Н нь Д.П-гийн “Хасбанк” ХХК-ийн 5001072774 тоот дансанд 22,520,000 төгрөг шилжүүлсэн байна.

“Хасбанк” ХХК нь Д.П-гийн Хас банкны 5001072774 тоот данснаас 2023.04.12-ноос 2023.04.14-ний өдрүүдэд 22,520,000 төгрөгийг татан авсан байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь 122 тоотод орон сууц “Хасбанк” ХХК-ийн барьцаанд байсан, Д.П нь банкинд төлбөрөө төлөхгүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “байрыг чинь хураалаа, зарлаа, хүүхдийг чинь хөөж гаргалаа, дуудлага худалдаанд орууллаа” гэхээр нь байраа алдах гээд байсан учраас арга ядаад Д.П-гийн банкны зээлийг төлсөн, ... нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6.-д зааснаар барьцаагаар хангагдах үүргийг хангавал хариуцагч болон “Хасбанк” ХХК-ийн Чойр салбар нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болж, барьцааны зүйл болох орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхөөс гадна нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс шаардах эрхтэй гэж магадлалд тодорхой тусгасан гэж,

  

Хариуцагч Г.Я нь нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хариуцах нь ойлгомжгүй, гэрээний дагуу Г.Я ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, уг гэрээг Д.П нь “Хасбанк” ХХК-тай байгуулж, зээлийг авсан, Иргэний хуульд хэн нэгэн этгээд бусдын өр төлбөрийг сайн дураараа төлснөөр үүргээс чөлөөлөгдсөн тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэх, шаардах эрхтэй тул тухайн үүрэг бүхий этгээд нь Д.П, шүүхийн шийдвэрээр Д.П-гаас зээлийн төлбөрт 23,820,290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, Д.П-гийн төлөх ёстой төлбөрийг сайн дураараа төлсөн бол Д.П-гаас нэхэмжлэх ёстой, нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Г.Я биш ...” гэж тус тус маргана.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д “Энэ хуулийн 56.1.-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”,

56.6.-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” хэмээн заажээ.

 

9. Шүүхийн шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны өмчлөгчөөр М.Н-ийг тогтоосон хэдий боловч уг орон сууц нь хариуцагч Г.Я-гийн өмчлөлд хууль бусаар шилжсэн, Г.Я болон Д.П нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Д.П-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр Г.Яг бүртгэхийг даалгаж,

 

“Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.П-д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,820,293 төгрөгийг гаргуулах, зээлдэгч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө /122 тоот орон сууц/-өөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр тус тус хүчин төгөлдөр болжээ. 

 

Тодруулбал, шүүх нэхэмжлэгч М.Н-хариуцагч Г.Я нарын хооронд  байгуулсан 122 тоот орон сууцыг Г.Ягийн өмчлөлд шилжүүлсэн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон,

 -Г.Я-Д.П-гийн хооронд байгуулсан 122 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон,

-Д.П-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон,

-Д.П-гаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,820,293 төгрөгийг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгох, зээлдэгч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу 122 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснээс үзэхэд хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврын улмаас бусдад учруулсан хохирлыг хэлцэл хийсэн буруутай этгээд буюу Г.Я нь нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Н хариуцагч Г.Я нарын хооронд уг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдахаар тохиролцоогүй байсан бөгөөд анхнаасаа хариуцагч Г.Ягийн буруутай үйлдлээр хохирол учирсан гэж үзнэ. 

 

Түүнчлэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2018/00102 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Пгаас үндсэн зээл 22,525,939 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1,293,421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933 төгрөг, нийт 23,820,293 төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагч Г.Ягээс 22,849,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Нд олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д “... эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр ... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” гэж заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солихыг зөвшөөрч, энэ тухай хүсэлт гаргасан бол шүүх хариуцагчийг сольж болох ба энэ талаар хүсэлт гаргаагүй, зөвшөөрсөн тайлбар гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,151 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274,151 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д заасныг баримтлан хариуцагч Г.Я-гээс 22,849,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,151 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Я-гээс 274,151 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЦОГЗОЛМАА