Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 134/шш2023/00263

 

 

 

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2023/00263

Говьсүмбэр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                     Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч М.М

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 49,982,564 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсноор сэтгэцэд учирсан хор уршиг 100,000,000 төгрөг, нийт 152,982,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр,

Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсийг 97,777,402 төгрөгөөр нэмэгдүүлж, 147,759,966 төгрөг гаргуулах,

Хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд олгодог 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан 2,740,000 төгрөг болгож өөрчлүүлэх,

Хамтын гэрээнд заасны дагуу олгогдох “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С, Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ш

Иргэдийн төлөөлөгч: Б.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Миний бие нь салбарт жолоочийн албан тушаалд ажиллаж байгаад 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дэд станцад фазны ялгаа хийх ажил гүйцэтгэх явцад 35 к.вт-ын өндөр хүчдэлд цохиулж үйлдвэрлэлийн осолд орсон. Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас их хэмжээний гэмтэл, түлэгдэлт авсан. Түлэнхийн нөхөн сэргээх эмнэлэгт мэс засалд бүтэн наркозтой орж, зүүн гарын шуу хэсгээр тайруулж, баруун хөлийн доод хэсэг дэх түлэгдсэн шөрмөс, судас, мах зэргийг огтолж авсан, нүүрний баруун хэсэг, хүзүү, цээжний хэсэг гүн түлэгдсэн, толгойн оройн хэсэгт оёдол тавьсан, баруун нүдний хажуу талд оёсон зэрэг гэмтлүүд авсан. Улмаар эмнэлэгт 2011 оны 05 дугаар сараас 08 сар хүртэл хэвтэх хугацаандаа хөлөө тайруулахгүй хэлбэрээр нь авч үлдэхийн тулд нийт 6 удаа нугасаар мэдээ алдуулах хагалгаанд орж байсан. Уг ослоос болж хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан. Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол гарч үйлдвэрийн осол гарсантай холбоотойгоор буруутай албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага тооцсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор хариуцагч “Б салбар надад 2013 оны 03 дугаар сараас эхлэн цалинд 77,105 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэвч “Б салбарын жолоочийн цалин 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсээр байсныг саяхан мэдсэн. Миний бие үйлдвэрийн осолд ороогүй байсан бол жолоочийн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, нэмэгдсэн хэмжээтэй тэнцэх цалин хөлсийг авах байсан. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 269 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн 77,105 төгрөг бодит байдалд өөрчлөгдсөн буюу жолоочийн цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор дутуу авсан цалин хөлсөө шаардах болсон. Уг учир шалтгааныг хариуцагч байгууллагад тайлбарлаж, жолоочийн цалин нэмэгдсэн юм шиг байна бодож олгоно уу гэсэн утгатай өргөдөл 2020 оны 10 сард  өгсөн боловч дараа онд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу олгож болно гэсэн хариу өгсөн. Монгол улс дахь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс хамаарч хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэх бүрд хариуцагч байгууллагын жолоочийн цалинг 2013 болон 2023 онтой харьцуулахад маш их хэмжээний зөрүү гарч байна.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч надад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү төлбөр болох 49,982,564 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага нь надад гэм хор учруулж, иргэний эрх зүйн харилцаанд орох нөхцлийг бий болгосон бөгөөд миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах болон бусад асуудалд мэргэжлийн өмгөөлөгч ажиллуулах, эрүүл мэндийн болон нарийн мэргэжлийн зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мэргэжлийн туслалцаа авсан учраас өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийн төлбөрөө нэхэмжилж байгаа.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тусгасан. Би осол болох үед дөнгөж 21 настай тус байгууллагын хамгийн залуу ажилтан байсан. Уг осолд орохоос өмнө би шатар тоглодог, сагсан бөмбөг, волейбол тоглодог тус байгууллагын тамирчин байсан төдийгүй сурч боловсрох өндөр тэмүүлэлтэй, маш том зорилготой хүүхэд байсан. 1998-2008 оны хугацаанд бүрэн дунд боловсрол эзэмшихдээ сурлагын дундаж дүн 87.58 хувь төгссөн. 2008 оны төгсөгчдийн “спортын шилдэг сурагч” болж байсан. Улсын ерөнхий шалгалтыг сайн өгч Санхүү эдийн засгийн сургуульд элсэж байсан. 2008 онд Говьсүмбэр аймгийн Уул уурхайн мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвийн Уул уурхайн цахилгаан механик мэргэжлээр 1 жил суралцахдаа сурлагын дундаж дүн 90 хувь, 2008-2009 оны спортын шилдэг сурагч болж байсан. Харамсалтай нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон үйл явдлаас болж ид хийж бүтээх, суралцаж сайжрах насандаа энэ бүх зүйлээсээ салж сурах, бүтээх чадваргүй, өдөр болгон өвдөлт хөндүүр мэдэрдэг, хийж чаддаг зүйлсээ хийж чадахаа больсон, нэг ч шөнө тайван амардаггүй, өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл санааны хувьд хүнд байдаг болсон. Тухайн үед хэрэг явж байхад нэг ч удаа гомдолтой гэж хэлж байгаагүй. Үйлдвэрийн осолд орсон байхад байгууллага, хамт олон сайхан хандаж байсан тэр хүмүүст талархаж явдаг.

Намайг таньдаг хүмүүс бахархаж инээмсэглэж харилцдаг байсан бол одоо өрөвдөх, хайрлах харцаар харж харилцдаг болж мөнгөөр хэзээ ч үнэлж болохгүй хүсэл мөрөөдөл, зорилго гэх мэт амьдрал дээрх асар олон зүйлээ алдсан. Жишээ нь, эрүүл мэндээ алдсан, найз охинтойгоо байх боломжоо, сайн хань сайхан хүүхдүүдийн аав байх боломжоо, найзуудтайгаа зааланд тоглох тэмцээн уралдаанд орох боломжоо алдсан, аав ээжийнхээ сайн хүү байх боломжоо алдсан, дүү нарынхаа үлгэр жишээ ах байх, сайн инженер техникийн ажилтан байх боломжоо, хүний сэтгэлд үлддэг сайхан дурсамжуудаа алдсан гэх мэт олон зүйлсийг алдсан. Уг ослоос хойш өнөөдрийг хүртэл миний биед мэдрэгдсэн өвдөлтийн хэмжээ, өвдөлтөөсөө болж нойргүй хонодог хоногийн тоо, сэтгэл гутралд орж байсан цаг хугацаа, алдсан боломжуудыг мөнгөөр хэмждэг байсан бол бидний хэрэглэдэг тооны орон хүрэхгүй байх. Уг ослоос болж хохирсон миний сэтгэл санааны хохирол, аав, ээж, эгч, дүү хүмүүсийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлж хариуцагч байгууллагаас 100,000,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн баримтад тооцоолол хийж үзэхэд миний 2013-2023 онд нийт бодогдсон цалин 226,514,406.93 төгрөг байсан бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас олгосон тэтгэвэр болон 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл цалингийн зөрүүнд авсан мөнгүүдээ тус тус хасахаар 147,759,966 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 97,777,402 төгрөгөөр ихэсгэж байгаа.

Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор цалин тэтгэврийн зөрүү 77,105 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь хэсэгт “Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно” гэж заасан байх тул уг дүнг дундаж цалин хөлс бодох журмын дагуу тооцож 2,740,000 төгрөг болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн Б ТӨХК-ийн 2021-2022 оны хамын гэрээний 5.2-д компанийн нийт ажилчдад жилд нэг удаа халаалтын улирлын хөнгөлөлтийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан бэлнээр олгоно. Энэхүү заалт нь үйлдвэрлэлийн осолд орсон хүнд нэгэн адил хамаарна гэж заасан байх боловч 2022 онд уг мөнгө надад олгогдоогүй.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлага дээрээ өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 147,759,966 төгрөг гаргуулах, хамтын гэрээний халаалтын улирлын 100,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан төлбөр сар тутамд 2,740,000 төгрөг болгож өөрчилж байх тул нотлох баримтын дагуу гаргуулж өгнө үү, өөр ярих зүйлгүй гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ш нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. М.М нь тус компанийн харьяа сүлжээ салбарт 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жолоочоор ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон. Манай компанийн зүгээс осолдогч М.М-д Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эмнэлгийн анхны тусламж үйлчилгээний болон бусад холбогдох зардлыг бүрэн хариуцсан ба осолдогч хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан тул ажил олгогчийн зүгээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг удаа олгосон. Улмаар уг осолтой холбогдуулан Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор тухайн үед тус компанийнсүлжээ салбарын ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.Э, засварын монтёроор ажиллаж байсан С.А, ээлжийн ахлах инженерээр ажиллаж байсан Ж.А, шуурхай үйлчилгээ засварын техникчээр ажиллаж байсан Ж.Н нарыг аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон болно. Тус компанийн зүгээс нэхэмжлэгч М.М Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолын дагуу 16,360,932 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас эхлсэн сар бүр 77,105 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2022/00002 дугаар магадлалаар нөхөн төлбөрт 21,028,518 төгрөгийг тус тус олгосон байгаа.

Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь, нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хөдөлмөрийн чадвар алдсанаас авсан цалин хөлсний зөрүү буюу 147,559,966 төгрөгийг Улсын Дээд шүүхийн 2013 оны 05 дугаар 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолд зааснаар нэхэмжлэгч М.М үйлдвэрлэлийн осол гарсан өдрөөс тахир дутуугийн групп тогтоолгох хүртэл хугацааны цалин 1,121,040 төгрөг, групп тогтоолгосноос хойш хугацаанд авч байсан цалин болон тэтгэврийн зөрүү 2,707,316 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой сар бүр 77,105 төгрөг тус тус олгосон учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт  тогтоогдсон, нийтэд  илэрхий хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг  дахин нотлохгүй гэдэг хуулийн зохицуулалт байгаа тул хариуцагчийн зүгээс үйлдвэрлэлийн осолтой холбоотой хөдөлмөрийн чадвар алдсан улмаас дутуу авсан цалинг шүүхийн шийдвэрийн дагуу олгосон гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад сар бүр тус компаниас төлдөг төлбөр болох 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтэй холбогдуулаад сар бүрийн төлбөрийг 2,740,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3-д “шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно” гэж заасан учир дундаж цалин хөлснөөс тооцож 2,740,000 төгрөгний тооцоолол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй.

    Хамтын гэрээний 5.2-д заасан түлээ, нүүрсний хөнгөлөлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Тус компанийн хамтын гэрээний дагуу жил бүрийн 4 дүгээр улиралд багтаагаад нийт ажилтан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн болон ахмадууддаа жилд 1 удаа  100,000 төгрөгний хөнгөлөлт олгож байгаа. М.М зүгээс өргөдөл хүсэлт гаргаж өгвөл олгох боломжтой.

    Өмгөөлөлийн зардал 3,000,000 төгрөг гаргуулахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дагуу Монгол улсын иргэн бол өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрх буюу боломжоо ашигласан нь гэм хор учруулсантай шууд холбоотой бодит хохирол биш гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

            Иргэний хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрх үүссэн хэдий ч шинэчлэн батлагдсан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэр заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд  учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гарахаар хуульчилсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзсаны үндсэн дээр 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч байна” гэж заасан байна. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг судалж үзэхэд Эрүүгийн хуулийн Аюулгүй ажиллагааны журам зөрчих буюу шийтгэх тогтоолоор  тогтоогдсон энэ гэмт хэргийн хохирогч бол сэтгэл санааны хохирлыг тогтоох зүйл заалт хамаарахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс сэтгэцэд учирсан болон  сэтгэл санааны хохирлыг тогтоож үнэлэх боломжгүй тул хариуцагчийн зүгээс 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй гэж үзэж байна гэв.     

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Засаг даргын тодорхойлолт, М.М 2013-2023 онуудад даатгалын сангаас олгосон тэтгэврийн тооцоолол, “Б салбар Цалин тэтгэврийн зөрүүг тооцсон хүснэгт, төлбөрийн баримт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр ЦТСС-ын нийтлэг үйлчилгээний жолоочийн албан тушаалын дундаж цалингийн тооцоолол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 269 дүгээр тогтоол, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийдвэр, фото зураг, Говьсүмбэр аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлал, М.М нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, “Б салбарын даргын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/596 дугаар тушаал, М.М “Төрийн банк” ХХК-ийн дансны хуулга, М.М 2013-2023 оны 06 дугаар сар хүртэл “Б салбараас авсан цалин тэтгэврийн зөрүү авсан тооцоололын хүснэгт, М.М 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл ҮОМШӨ-ний даатгалын сангаас авсан тэтгэврийн тооцоолол, М.М хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсыг,

4. Хариуцагчаас: Хариу тайлбар, “Б салбарын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Итэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 01/635 дугаар тушаал, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн даалгавар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийдвэр зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: Говьсүмбэр аймгийн Ниймгийн даатгалын хэлтсийн даргын албан бичиг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, “Б. салбарын даргын Б/97, Б/109 дугаартай тушаалууд, “Б. салбарын жолоочийн цалингийн тооцоолол, “Б. салбарын даргын А/149, А/28, А/12 дугаар тушаалууд, Говьсүмбэр салбарын даргын Цалингийн фондын төлөвлөгөө, Говьсүмбэр салбарын даргын 2020 оны Орон тоо, цалингийн сангийн төлөвлөгөө, Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/294, А/239, А/106, А/115 дугаар тушаалууд болон тэдгээрийн хавсралтууд, “Б” ТӨХК-ийн 2011-2012, 2013-2014, 2015, 2017-2018, 2019-2020, 2021-2022 онуудын хамтын гэрээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, “Б. салбарын салбарын жолоочийн 2013-2023 оны цалингийн тооцооллын хүснэгт, “Б” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Компанийн ажиллагсдад сарын болон жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл олгох журмыг шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоол, түүний хавсралтууд, “Б” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Б ТӨХК-ийн сарын болон жилийн үйл ажиллагааны үр дүнгийн шагнал олгох журам батлах тухай” 26 дугаар тогтоол, түүний хавсралт, “Б” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Б ТӨХК-ийн ажиллагсдын сарын үйл ажиллагааны үр дүнгийн шагналын журмыг шинэчилэн батлах тухай” 20 дугаар тогтоол, түүний хавсралт, “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/101, А/113, А/146, А/165, А/181, А/189, А/205, А/219, А/247, А/256, А/268, А/08, А/170, А/323, А/78, А/05,А/16, А/89, А/107, А/129, А/164, А/183, А/209, А/250, А/289, А/324, А/356, А/13, А/90, А/99, А/135, А/159, А/183, А/210, А/245, А/270, А/309, А/340, А/356, А/21, А/96, А/229, А/161, А/185, А/227 дугаар тушаалууд, “Б ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын жолоочийн 2013-2023 оны цалингийн тооцооллын хүснэгт, “Б. салбарын даргын А/113, А/135, А/149 дүгээр тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/56, А/91, А/233, А/292, А/372,А/393, А/407А/437, А/24, А/84, А/55, А/60, А/83, А/103, А/121, А/141, А/158, А/177, А/223, А/201, А/285, А/303, А/13, А/58, А/63, А/83, А/105,А/123, А/143, А/168, А/193, А/215, А/241, А/262, А/24, /291, А/54, А/78, А/106, А/126, А/148, А/157, А/174, А/184, А/205, А/225, А/266, А/69, А/95, А/239, А/149, А/144, А/111, А/235, А/282, А/304, А/338, А/371, А/403, А/428, А/459, А/19, А/112, А/151, А/72, А/79, А/89, А/110, А/126, А/145, А/160, А/172, А/195, А/221, А/238, А/09, А/268, А/20, А/89, А/111, А/132, А/222, А/244, А/271, А/308, А/343, А/370, А/10 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “Б. салбарт холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 147,759,966 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсноор сэтгэцэд учирсан хор уршиг 100,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан 2,740,000 төгрөг болгож өөрчлүүлэх, хамтын гэрээнд заасны дагуу 2022 онд олгогдох “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Миний бие 2011.05.09-ний өдөр осолд орсон, ослын улмаас зүүн гарын шуу хэсгээр тайруулж, баруун хөлийн доод хэсэг дэх түлэгдсэн шөрмөс, судас, мах зэргийг огтолж авсан, нүүрний баруун хэсэг, хүзүү, цээжний хэсэг гүн түлэгдсэн... зэрэг гэмтлүүд авсан, уг ослоос болж, хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан, 2013 оны 3-р сараас эхлэн цалинд 77,105 төгрөг олгож байгаа, жолоочийн цалин нэмэгдэж байгаа талаар хариуцагч байгууллагад тайлбарлаж, 2020 оны 10 сард өргөдөл өгсөн боловч шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар тайлбар өгсөн, жолоочийн цалинг 2013 болон 2023 онтой харьцуулахад маш их зөрүү гарч байгаа. Хариуцагч байгууллага нь надад гэм хор учруулж, иргэний эрх зүйн харилцаанд оролцох нөхцлийг бий болгосон тул өмгөөлөгчийн хөлс гаргуулна. Уг ослоос болж, эрүүл мэндээ алдсан, найз охинтойгоо хамт байх, сайн хань, сайхан хүүхдүүдийн аав байх, зааланд тоглох, тэмцээн уралдаанд оролцох, аав, ээжийнхээ сайн хүү байх, сайн инженер техникийн ажилтан байх гээд бүхий л боломжоо алдсан, уг ослоос хойш өнөөдрийг хүртэл миний биед мэдрэгдсэн өвдөлтийн хэмжээ, өвдөлтөөсөө болж нойргүй хонодог хоногийн тоо, сэтгэл гутралд орж байсан цаг хугацаа, алдсан боломжуудыг мөнгөөр хэмждэг байсан бол бидний хэрэглэдэг тооны орон зай хүрэхгүй байх. 2021-2022 оны Компанийн хамтын гэрээнд заасны дагуу олгох “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөгийг гаргуулна” гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 “Улсын Дээд шүүхийн тогтоолоор Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлж барагдуулсан, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан эрхээ эдэлж, туслалцаа авсан төлбөрийг хариуцагч байгууллага хариуцах үндэслэлгүй. Мөн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт орж, сэтгэцэд учруулсан гэм хорыг шаардах эрх хэдий үүссэн ч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэрэг хамаарахгүй. 2021-2022 оны хамтын гэрээнд заасан халаалтын улирлын хөнгөлөлт болох 100,000 төгрөгийг М.М нь хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Сар бүр олгодог 77,105 төгрөгийг 2,740,000 төгрөг болгон тооцоолол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж үгүйсгэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор “Б. Салбарын ажилчид болох Б.Э, С.А, Ж.Н, Ж.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас М.М-ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон.

4.2. Тухайн үед нэхэмжлэгч М.М нь жолоочоор ажиллаж байсан ба 2011 оноос хойш үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар 2 жил тутам орж, 2023 оны байдлаар хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан болохыг тогтоосон байна.

4.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013.02.20-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013.03.29-ний өдрийн 06 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013.05.14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор ажил олгогч нь “Б” ТӨХК-ийн харъяа ЦТС салбараас М.М-ын цалин тэтгэврийн зөрүүд сар бүр 77,105 төгрөгийг 2013 оны 03 дугаар сараас эхлэн олгодог байна.

 4.4. М.М нь “Б. салбарын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажилд түр авах тухай” Б/97 дугаар тушаалаар Хангах үйл ажиллагааны хэсэгт дуудлага хүлээн авах техникчийн дагалдан, данс хөтлөгч зэрэг ажлыг гүйцэтгэж байгаад 2022 оны 05 дугаар сарын өдрийн Б/109 дүгээр тушаалаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болжээ.

4.5. Нэхэмжлэгч М.М 2020.11.06-ны өдрөөс 2022.05.02-ны өдөр хүртэл тус байгууллагад дуудлага хүлээн авах техникчийн дагалдан, данс хөтлөгчөөр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас харадана.

5. Талууд, осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан үйл баримт болон 2022 оны халаалтын төлбөх 100,000 төгрөг гаргуулах шаардлагад маргаагүй. Харин хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болон өмгөөлөгчийн хөлс, сар тутмын төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд маргаантай байна.

6. Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 152,982,564 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

Хариуцагч “Б ТӨХК-ийн Говьсүмбэр салбар нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч М.М учирсан хохирлыг арилгах үүрэгтэй болохыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013.02.20-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013.03.29-ний өдрийн 06 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013.05.14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гэм буруу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэснээр тогтоогдсон гэж үзнэ.

            Нэхэмжлэгч М.М нь 2013 оноос хойш тус компанийн жолоочийн цалин нэмэгдэж байгаа талаар хариуцагч байгууллагад тайлбарлаж, 2020 оны 10 сард өргөдөл өгсөн гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3.-д “Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно.” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сард хүсэлт гаргасан хугацаанаас эхэлж, цалин тэтгэврийн зөрүүг тооцож олгох нь зүйтэй байна.

Иймд, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсийг /2 дугаар хх-ийн 189-191/ 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл жолоочийн үндсэн цалин, удаан жилийн нэмэгдэл, сарын болон жилийн үйл ажиллагааны нэмэгдлээр тооцоход 55,014,387 төгрөг байх ба үүнээс нэхэмжлэгч М.М-ын 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар, 11 дүгээр сард ажил хөдөлмөр эрхэлж авсан цалин 19,320,570 төгрөг /2 дугаар хх-ийн 174-175 тал, 21,301,621х9,3% НДШимтгэлийг хасч тооцсон/, Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр 21,349,445 төгрөг /3 дугаар хх-ийн 111/, байгууллагаас олгосон цалин тэтгэврийн зөрүү 2,544,465 төгрөг /77,105х33 сар/ нийт 43,214,480 төгрөгийг хасч, зөрүү 11,799,907 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхэд зайлшгүй гарсан зардал гэж үзэж өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.     

7. Сэтгэцэд учирсан хор уршиг 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т ”Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”, 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 511 дүгээр зүйлийн 511.3.-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж зохицуулсан байна.

            Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 

“2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас М.М нь гэмтлийн дараах стресс, хүнд зэргийн сэтгэл гутрал бүхий шинжүүд илэрч байна. Эдгээр шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. М.М сэтгэцэд учирсан өөрчлөлт нь сэтгэцийн болон сэтгэл зүйн  тусламж үйлчилгээ авах эсэхээс хамааралтай байх тул үргэлжлэх хугацааг одоогоор урьдчилан дүгнэлт хийх боломжгүй” гэжээ.

Шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “... эрүүл мэндээ алдсан, найз охинтойгоо байх боломжоо, сайн хань сайхан хүүхдүүдийн аав байх боломжоо, найзуудтайгаа зааланд тоглох тэмцээн уралдаанд орох боломжоо алдсан, аав ээжийнхээ сайн хүү байх боломжоо алдсан, дүү нарынхаа үлгэр жишээ ах байх, сайн инженер техникийн ажилтан байх боломжоо, хүний сэтгэлд үлддэг сайхан дурсамжуудаа алдсан” гэсэн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч М.М гэмт хэргийн улмаас учирсан хорын уршиг одоог хүртэл арилаагүй үргэлжилсээр байгаа нь тогтоогдож байна гэж үзэж, Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.  

 Учир нь, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."сэтгэцийн эрүүл мэнд" гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг; хэлнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч М.М нь гэмт хэрэг гарснаас хойш өөрт учирсан бие махбодын гэмтлээс шалтгаалан хөдөлмөрийн чадвар, сэтгэцийн эрүүл мэнд нь алдагдаж, бусад хүний адил хөдөлмөрлөх, сурч боловсрох, гэр бүл зохиох, амьдралын дурсамж бүтээх итгэлгүй болж сэтгэлийн дарамт, шаналгаатай байдалд байсаар байгаа болох нь тогтоогдож байна.  

            Иймд, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аргачлалд гуравдугаар зэрэглэлд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг орох ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийн хэмжээ тогтоохоор заасан тул одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /550,000*22,99/=12,644,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олголоо.

            Хариуцагчийн зүгээс, “Иргэний хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрх үүссэн хэдий ч шинэчлэн батлагдсан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэр заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд  учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гарахаар хуульчилсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзсаны үндсэн дээр 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч байна” гэж заасан байна. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг судалж үзэхэд Эрүүгийн хуулийн Аюулгүй ажиллагааны журам зөрчих буюу шийтгэх тогтоолоор тогтоогдсон энэ гэмт хэргийн хохирогч бол сэтгэл санааны хохирлыг тогтоох зүйл заалт хамаарахгүй” үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь үндэслэлгүй.

            Тодруулбал, шүүх 2012 оны 26 дугаар шийтгэх тогтоолоор, нэр бүхий шүүгдэгч нарыг “аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн байна.

“Аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарахаар зохицуулагдсан бөгөөд тухайн гэмт хэрэгт Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан. Улмаар нэхэмжлэгч М.Мөнхзул нь хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч болох нь маргаангүй байна.

 8. Хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан шүүхээс урьд тогтоосон 77,105 төгрөгийг ханшийн өөрчлөлтийг харгалзан нэмэгдүүлж, 2,740,000 төгрөгөөр тогтоох шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.”, 509.3-т “Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно.” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан хариуцагч “Б. салбарын жолоочийн цалингийн жагсаалт, Хамтын гэрээнүүд, Цалин хөлсийг шинэчлэн батлах тухай тушаалууд, түүний хавсралт, Компанийн ажиллагсдад сарын болон жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл олгох журам зэргээс харахад гэмт хэрэг гарахаас өмнө нэхэмжлэгч М.М-ын эрхэлж байсан “жолооч” албан тушаалын цалин хөлс нэмэгдсэн буюу мөнгөний ханшийн өөрчлөлт үүссэн болох нь тогтоогдож байна.  

 Иймд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.5-д “Ажилтанд олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно” гэснийг баримтлан 2023 оны 1-6 сарын дунджаар тооцон /6 сарын дундаж цалин 12,485,378 : 125 ажлын өдөр = 99,883 төгрөг Нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс х 21 ажлын өдөр = 2,097,543 төгрөг/ нэг сарын дундаж цалин хөлс 2,097,543 төгрөгөөс нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэвэр 1,021,345 төгрөгийг хасч, цалин тэтгэврийн зөрүүд 2023 оны 11 дүгээр сараас эхлэн сар тутам 1,076,198 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар өөрчилж шийдвэрлэв.  

9. 2021-2022 оны Компанийн хамтын гэрээнд заасны дагуу олгогдох “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан 2021-2022 оны Компанийн хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д “Компанийн нийт ажилчдад жилд нэг удаа халаалтын улирлын хөнгөлөлтийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож, жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан бэлнээр олгоно. /Энэхүү заалт нь компанийн ахмадууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний групптэй хүмүүс ... хамаарна/ гэжээ.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.3-т “Ажил олгогч энэ хуульд зааснаас өөр төрлийн олговрыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож болно.” гэсэнд нийцэж байна.

Нэхэмжлэгч М.М 2020.11.06-ны өдрөөс 2022.05.02-ны өдөр хүртэл хариуцагч байгууллагад дуудлага хүлээн авах техникчийн дагалдан, данс хөтлөгчөөр ажиллаж байсан, мөн үйлдвэрлэлийн ослын улмаас группт орсон нь маргаангүй байх тул 2022 оны “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил хийлгэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй учир нэхэмжилсэн мөнгийг олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн “гэм буруу”-тай гэж үзсэн  дүгнэлттэй тохирч байна.

11. Нэхэмжлэгчийн, хамтын гэрээнд заасны дагуу 2022 онд олгогдох “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулахаас бусад шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;” үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 517,252 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүнээс 4,550 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 512,702 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1., 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1., 509 дүгээр зүйлийн 509.1., 509.3., 511 дүгээр зүйлийн 511.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.3., 158 дугаар зүйлийн 158.1.5.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б “ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 11,799,907 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 12,644,500 төгрөг, 2022 оны халаалтын улирлын хөнгөлөлт 100,000 төгрөг, нийт 27,544,407 төгрөг, мөн цалин тэтгэврийн зөрүүг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн сар тутам 1,076,198 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223,315,559 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулахаас бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б. салбараас улсын тэмдэгтийн хураамжид 517,252 төгрөгийг гаргуулж, үүнээс 4,550 төгрөгийг нэхэмжлэгч М.М-д олгож, үлдэх 512,702 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА

ШҮҮГЧИД                                           Б.НАРАНЧИМЭГ         

                                                           Р.УРАНЧИМЭГ