Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 216/МА2024/00001

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 216/МА2024/00001

 

 

   М.М нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн нээлттэй хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00263 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.М,

Хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г с холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 49,982,564 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсноор сэтгэцэд учирсан хор уршиг 100,000,000 төгрөг, нийт 152,982,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр,

Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 97,777,402 төгрөгөөр нэмэгдүүлж, 147,759,966 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлүүлэх, Хамтын гэрээнд заасны дагуу олгогдох халаалтын улирлын хөнгөлөлт болох 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч М.М гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, өмгөөлөгч Б.Солонго, Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

Миний бие нь “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г с жолоочийн албан тушаалд ажиллаж байгаад 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянтал сумын дэд станцад фазны ялгаа хийх ажил гүйцэтгэх явцад 35 квт-ын өндөр хүчдэлд цохиулж үйлдвэрлэлийн осолд орсон. Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас их хэмжээний гэмтэл, түлэгдэлт авсан. Түлэнхийн нөхөн сэргээх эмнэлэгт мэс засалд бүтэн наркозтой орж, зүүн гарын шуу хэсгээр тайруулж, баруун хөлийн доод хэсэг дэх түлэгдсэн шөрмөс, судас, мах зэргийг огтолж авсан, нүүрний баруун хэсэг, хүзүү, цээжний хэсэг гүн түлэгдсэн, толгойн оройн хэсэгт оёдол тавьсан, баруун нүдний хажуу талд оёсон зэрэг гэмтлүүд авсан. Улмаар эмнэлэгт 2011 оны 05 дугаар сараас 08 сар хүртэл хэвтэх хугацаандаа хөлөө тайруулахгүй хэлбэрээр нь авч үлдэхийн тулд нийт 6 удаа нугасаар мэдээ алдуулах хагалгаанд орж байсан. Уг ослоос болж хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан. Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол гарч үйлдвэрийн осол гарсантай холбоотойгоор буруутай албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага тооцсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г салбараас надад 2013 оны 03 дугаар сараас эхлэн цалинд 77,105 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэвч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г салбарын жолоочийн цалин 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсээр байсныг саяхан мэдсэн. Миний бие үйлдвэрийн осолд ороогүй байсан бол жолоочийн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, нэмэгдсэн хэмжээтэй тэнцэх цалин хөлсийг авах байсан. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 269 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн 77,105 төгрөг бодит байдалд өөрчлөгдсөн буюу жолооч албан тушаалын цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор дутуу авсан цалин хөлсөө шаардах болсон.

Уг учир шалтгааныг хариуцагч байгууллагад тайлбарлаж 2023 оны 10 дугаар сард хүсэлт гаргасан боловч тус асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар тайлбар өгсөн тул ийнхүү шүүхэд хандсан.

Монгол улс дахь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс хамаарч хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэх бүрд хариуцагч байгууллагын жолоочийн цалинг 2013 болон 2023 онтой харьцуулахад маш их хэмжээний зөрүү гарч байна.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч надад гэм хор учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү төлбөр болох 49,982,564 төгрөгийг хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г салбараас гаргуулахаар нэхэмжлэлийн эхний шаардлагыг гаргаж байгаа.

Хариуцагч байгууллага нь надад гэм хор учруулж, иргэний эрх зүйн харилцаанд орох нөхцлийг бий болгосон бөгөөд миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах болон бусад асуудалд мэргэжлийн өмгөөлөгч ажиллуулах, эрүүл мэндийн болон нарийн мэргэжлийн зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан тул Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мэргэжлийн туслалцаа авсан учраас өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийн төлбөрөө нэхэмжилж байгаа.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тусгасан. Би осол болох үед дөнгөж 21 настай тус байгууллагын хамгийн залуу ажилтан байсан. Уг осолд орохоос өмнө би шатар тоглодог, сагсан бөмбөг, волейбол тоглодог тус байгууллагын тамирчин байсан төдийгүй сурч боловсрох өндөр тэмүүлэлтэй, маш том зорилготой хүүхэд байсан. 1998-2008 оны хугацаанд бүрэн дунд боловсрол эзэмшихдээ сурлагын дундаж дүн 87.58 хувь төгссөн. 2008 оны төгсөгчдийн спортын шилдэг сурагч болж байсан. Улсын ерөнхий шалгалтыг сайн өгч Санхүү эдийн засгийн сургуульд элсэж байсан. 2008 онд Говьсүмбэр аймгийн Уул уурхайн мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвийн Уул уурхайн цахилгаан механик мэргэжлээр 1 жил суралцахдаа сурлагын дундаж дүн 90 хувь, 2008-2009 оны спортын шилдэг сурагч болж байсан. Харамсалтай нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон үйл явдлаас болж ид хийж бүтээх, суралцаж сайжрах насандаа энэ бүх зүйлээсээ салж сурах, бүтээх чадваргүй, өдөр болгон өвдөлт хөндүүр мэдэрдэг, хийж чаддаг зүйлсээ хийж чадахаа больсон, нэг ч шөнө тайван амардаггүй, өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл санааны хувьд хүнд байдаг болсон. Тухайн үед хэрэг явж байхад нэг ч удаа гомдолтой гэж байгаагүй. Үйлдвэрийн осолд орсон байхад байгууллага, хамт олон сайхан хандаж байсан тэр хүмүүст талархаж явдаг. Намайг таньдаг хүмүүс бахархаж инээмсэглэж харилцдаг байсан бол одоо өрөвдөх, хайрлах харцаар харж харилцдаг болж мөнгөөр хэзээ ч үнэлж болохгүй хүсэл мөрөөдөл, зорилго гэх мэт амьдрал дээрх асар олон зүйлээ алдсан. Жишээ нь, эрүүл мэндээ алдсан, найз охинтойгоо байх боломжоо, сайн хань сайхан хүүхдүүдийн аав байх боломжоо, найзуудтайгаа зааланд тоглох тэмцээн уралдаанд орох боломжоо алдсан, аав ээжийнхээ сайн хүү байх боломжоо алдсан, дүү нарынхаа үлгэр жишээ ах байх, сайн инженер техникийн ажилтан байх боломжоо, хүний сэтгэлд үлддэг сайхан дурсамжуудаа алдсан гэх мэт олон зүйлсийг алдсан. Уг ослоос хойш өнөөдрийг хүртэл миний биед мэдрэгдсэн өвдөлтийн хэмжээ, өвдөлтөөсөө болж нойргүй хонодог хоногийн тоо, сэтгэл гутралд орж байсан цаг хугацаа, алдсан боломжуудыг мөнгөөр хэмждэг байсан бол бидний хэрэглэдэг тооны орон хүрэхгүй байх. Уг ослоос болж хохирсон миний сэтгэл санааны хохирол, аав, ээж, эгч, дүү хүмүүсийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлж хариуцагч байгууллагаас 100,000,000 төгрөг гэж нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн баримтад тооцоолол хийж үзэхэд миний 2013-2023 онд нийт бодогдсон цалин 226,514,406.93 төгрөг байсан бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас олосон тэтгэвэр болон 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл цалингийн зөрүүнд авсан мөнгүүдээ тус тус хасахаар 147,759,966 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 97,777,402 төгрөгөөр ихэсгэж байгаа.

Монгол Улсын дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дугаар тогтоолоор цалин тэтгэврийн зөрүү 77,105 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь хэсэгт Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно гэж заасан байх тул уг дүнг дундаж цалин хөлс бодох журмын дагуу тооцож 2,740,000 төгрөг болгож өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн “Б з ө б ц т с” ТӨХК-ийн 2021-2022 оны хамтын гэрээний 5.2 компанийн нийт ажилчдад жилд нэг удаа халаалтын улирлын хөнгөлөлтийн үнийг 100,000 төгрөгөөр тооцож жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан бэлнээр олгоно. Энэхүү заалт нь Үйлдвэрлэлийн осолд орсон хүнд нэгэн адил хамаарна гэж заасан байх боловч 2022 онд уг мөнгө надад олгогдоогүй.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлага дээрээ өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 147,759,966 төгрөг гаргуулах, хамтын гэрээний халаалтын улирлын 100,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан төлбөр сар тутамд 2,700,000 төгрөгийг нотлох баримтын дагуу гаргуулж өгнө үү, өөр ярих зүйлгүй гэв.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

М.М нь тус компанийн харьяа Говьсүмбэр аймаг дахь Ц т с салбарт 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жолоочоор ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон. Манай компанийн зүгээс осолдогч М.М Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эмнэлгийн анхны тусламж үйлчилгээний болон бусад холбогдох зардлыг бүрэн хариуцсан ба осолдогч хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан тул ажил олгогчийн зүгээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг удаа олгосон. Улмаар уг осолтой холбогдуулан Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор тухайн үед тус компанийн Говьсүмбэр аймгийн Ц т с салбарын ерөнхий инженерээр ажиллаж байсан Б Э-О, засварын монтёроор ажиллаж байсан С А, ээлжийн ахлах инженерээр ажиллаж байсан Ж А, Баянтал дэд станцын шуурхай үйлчилгээ засварын техникчээр ажиллаж байсан Ж Н нарыг аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон болно. Тус компанийн зүгээс нэхэмжлэгч М.М Монгол Улсын дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолын дагуу 16,360,932 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас эхлсэн сар бүр 77,105 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2022/00002 дугаар магадлалаар нөхөн төлбөрт 21,028,518 төгрөгийг тус тус олгосон байгаа.

Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь, нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хөдөлмөрийн чадвар алдсанаас авсан цалин хөлсний зөрүү буюу 147,559,966 төгрөгийг Улсын дээд шүүхийн 2013 оны 05 дугаар 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолд зааснаар нэхэмжлэгч М.М үйлдвэрлэлийн осол гарсан өдрөөс тахир дутуугийн групп тогтоолгох хүртэл хугацааны цалин 1,121,040 төгрөг, групп тогтоолгосоноос хойш хугацаанд авч байсан цалин болон тэтгэврийн зөрүү 2,707,316 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой сар бүр 77,105 төгрөг тус тус олгосон учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, нийтэд илэрхий хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэдэг хуулийн зохицуулалт байгаа тул хариуцагчийн зүгээс үйлдвэрлэлийн осолтой холбоотой хөдөлмөрийн чадвар алдсан улмаас дутуу авсан цалинг шүүхийн шийдвэрийн дагуу олгосон гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад сар бүр тус компаниас төлдөг төлбөр болох 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтэй холбогдуулаад сар бүрийн төлбөрийг 2,740,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3-д шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно гэж заасан учир дундаж цалин хөлснөөс тооцож 2,740,000 төгрөгний тооцоолол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хамтын гэрээний 5.2 дахь заалтад заасан түлээ, нүүрсний хөнгөлөлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Тус компанийн хамтын гэрээний дагуу жил бүрийн 4 дүгээр улиралд багтаагаад нийт ажилтан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн болон ахмадууддаа жилд 1 удаа 100,000 төгрөгний хөнгөлөлт олгож байгаа. М.М зүгээс өргөдөл хүсэлт гаргаж өгвөл олгох боломжтой.

Өмгөөлөлийн зардал 3,000,000 төгрөг гаргуулахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дагуу Монгол улсын иргэн бол өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан байгаа нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрх буюу боломжоо ашигласан нь гэм хор учруулсантай шууд холбоотой бодит хохирол биш гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрх үүссэн хэдий ч шинэчлэн батлагдсан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэр заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гарахаар хуульчилсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзсаны үндсэн дээр 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт хохирогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч байна гэж заасан байна. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг судалж үзэхэд Эрүүгийн хуулийн Аюулгүй ажиллагааны журам зөрчих буюу шийтгэх тогтоолоор тогтоогдсон энэ гэмт хэргийн хохирогч бол сэтгэл санааны хохирлыг тогтоох зүйл заалт хамаарахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс сэтгэцэд учирсан болон сэтгэл санааны хохирлыг тогтоож үнэлэх боломжгүй тул хариуцагчийн зүгээс 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй гэж үзэж байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгчийн ... хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил хийлгэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй учир нэхэмжилсэн мөнгийг олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.         

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1., 509 дүгээр зүйлийн 509.1., 509.3., 511 дүгээр зүйлийн 511.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.3., 158 дугаар зүйлийн 158.1.5.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г с хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 11,799,907 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 12,644,500 төгрөг, 2022 оны халаалтын улирлын хөнгөлөлт 100,000 төгрөг, нийт 27,544,407 төгрөг, мөн цалин тэтгэврийн зөрүүг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн сар тутам 1,076,198 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223,315,559 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “халаалтын улирлын хөнгөлөлт” болох 100,000 төгрөг гаргуулахаас бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г салбараас улсын тэмдэгтийн хураамжид 517,252 төгрөгийг гаргуулж, үүнээс 4,550 төгрөгийг нэхэмжлэгч М.М олгож, үлдэх 512,702 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

  1. Давж заалдах гомдлын агуулга:

  Нэхэмжлэгч М.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00263 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргах тухай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтад нийцээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. 2020 оны 10 дугаар сард хүсэлт гаргасан хугацаанаас эхэлж, цалин тэтгэврийн зөрүүг тооцож олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор хариуцагч ““Б з ө б ц т с” ТӨХК-ийн Г с нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч М надад учирсан хохирлыг арилгах үүрэгтэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул энэхүү цаг хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцон цалин тэтгэврийн зөрүүг тооцон олгуулах.

  Хоёр. 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 сар хүртэл цалин, тэтгэвэр зөрүүг 11799907 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. 2013 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх бүх саруудын цалин, тэтгэвэр зөрүүг бүхэлд нь тооцох үндэслэлтэй. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэрэг шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр шийдвэрээр 2011 оны 08 дугаар сараас 2013 оны 02 дугаар сар хүртэлх 19 сарын /2707316/ төгрөгийг яг адилхан нөхцөлөөр цалин тэтгэврийн зөрүүг шийдвэрлэсэн байдаг. 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар М.М миний бие нь Говьсүмбэрт ажил, хөдөлмөр эрхэлсэн. Энэ хугацаанд ажиллаж байхдаа ямар нэгэн хөнгөлөлт, ажлын байрны таатай нөхцөл, бусдаас давуу байдал эдлээгүй болно. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж хөдөлмөрөө үнэлүүлсэн.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 144.7 хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд цалин тэтгэврийн зөрүүг буруу тооцоолсон байх тул зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан М.М гомдлыг дэмжиж байгаа. Яг адилхан 2 зүйлийг өөрөөр бодсонд гомдол гаргаад байгаа. Шүүхийн шийдвэрийн 6 нь групп тогтоосон өдрийн хугацаагаар бодогдох ёстой гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 509.3-т зааснаар хугацааг нь хойшлуулж бодсонд гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 505.1-ийн дагуу дутуу авсан цалин хөлс гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэл бол групп тогтоолгосон өдрөөс эхлэн тооцуулна гэж үзэж байгаа. Мөн үндэслэлийн 8 дахь хэсэг буюу Иргэний хуулийн 509.3-т заасны дагуу бодсон бодолтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа нэхэмжлэгч хэлэх байх. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөвөөр бодож өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа гэв.

 

 7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын шаардлагыг дэмжиж байна. Б.Солонго өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 2020 оны 10 дугаар сараас эхлэн тооцоолсон байгаа хэсэг дээр гомдолтой байгаа. Групп тогтоосон өдрөөс нь эхлэн тооцоолох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь юугаар тогтоогдож байгаа вэ гэхээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 269 тоот тогтоол зэргээр тус тус тогтоогдож байгаа учраас цалин хөлсний зөрүүг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00263 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гомдолтой танилцаад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн хүрээнд 4 асуудлыг нэхэмжилсэн. Үүнтэй холбогдуулаад шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны цалин тэтгэврийн зөрүүд 11 799 970 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. Мөн хамтын гэрээнд заасны дагуу түлээ нүүрсний хөнгөлөлт 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгчид зайлшгүй гарсан зардал гэж үзэж өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тус шүүхийн шийдвэрт 3 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь ямар хуулийн заалтын дагуу хариуцагч гаргаж олгох юм бэ гэдгийг шүүхийн шийдвэртээ тусгайлан үндэслэлд заагаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан заалт зөрчигдөж байна гэж үзэж байгаа учраас хариуцагчийн зүгээс 3 000 000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхийн шийдвэрийн 7 дугаарт хэсэгт нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд учирсан гэм хорын хохиролд нийт 12 644 500 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг мөн хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 41 дүгээр заалтад сэтгэл санааны хохирлын мөнгөн дүнг үнэлэх, гэмт хэргийн тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй сэтгэл санааны хохирол төлбөр болох аюулгүй ажиллагааны журам зөрчих гэдэг гэмт хэргийг хуульчлан тусгайлан заагаагүй байхад иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болох нь маргаангүй байна гэж дүгнэсэн нь өөрөө Монгол улсын Үндсэн хуулийн 2.1-т заасан хууль дээдлэх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн шаардлагуудыг тус тус хангаагүй байна гэж үзэж байгаа учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учраас Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээс өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 12 644 500 төгрөг, нийт 15 644 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б з ө б ц т с ТӨХК-д холбогдуулан Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 49,982,564 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсноор сэтгэцэд учирсан хор уршиг 100,000,000 төгрөг, нийт 152,982,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр,

Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 97,777,402 төгрөгөөр нэмэгдүүлж, 147,759,966 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн чадвар алдсан төлбөр сар тутамд 77,105 төгрөгийг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлүүлэх, Хамтын гэрээнд заасны дагуу олгогдох халаалтын улирлын хөнгөлөлт болох 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг гаргаж, шаардлагаа Иргэний хуулийн 203, 499, 505, 509  дугаар зүйл, компаний хамтын гэрээ, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар зэрэгт  үндэслэжээ.

Хариуцагч Б з ө б ц т с ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргажээ.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолоор  “Б з ө б ц т с” ТӨХК-ний ажилчдын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.М нь 2011 онд жолоочоор ажиллаж байхдаа осолд өртөж түүний биед хүнд гэмтэл учирсан, уг ослыг үйлдвэрийн осол гэж тооцсон, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 2 жил тутам тогтоож 2023 оны байдлаар 79 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоогдсон, эмчилгээний зардал, буцалтгүй тусламжаас гадна 2011 онд 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 2 удаа олгосон зэрэг үйл баримт тогтоогдсон ба энэ  талаар талууд маргаагүй болно.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн давж заардах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор ажил олгогч “Б з ө б ц т с” ТӨХК-ний харьяа Говьсүмбэр ЦТС салбараас М.М цалин, тэтгэврийн зөрүүд сар бүр 77,105 төгрөгийг гаргуулж буй  зэрэг үйл баримт тогтоогдсон байна.   

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь “... цалин хөлсний дутууг бүрэн гаргуулах, ... шүүх сар бүр гаргуулж буй төлбөрийг өөрчлөн тогтоохдоо тооцооллыг буруу хийсэн тул зөвтгүүлэх “ агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх сар бүр авч буй 77,105 төгрөгийн төлбөрийг өөрчлөн тогтоохдоо Иргэний хуулийн 509 дугаар зүйлийн 509.3-т заасан  “шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно.” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь тухайн зүйл заалтыг шүүх зөв хэрэглэхийн тулд  мөнгөний ханшийн зөрүүг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байсан байна. Гэтэл энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, мөн шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүүг мөнгөний ханшны өөрчлөлт гэж үзсэнийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй ба уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчлөх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ханшны өөрчлөлтийн талаарх лавлагааг Монгол банк болон Үндэсний статистикийн газраас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн бусад шаардлагыг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134/ШШ2023/00263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ОДНЯМАА

                ШҮҮГЧ                                               А.САЙНТӨГС

                ШҮҮГЧ                                               Г.ТЭГШСУУРЬ