Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/01935

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ж.Кульдана, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух Г Ж

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо тоот “М т в” ХХК

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо “Ө м” ХХК

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу Ө С, “М.mn” сайт, “М” фейсбүүк пэйж хуудсаар няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, иргэдийн төлөөлөгч Л.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч иргэн Г Ж / G Z/ нь хариуцагч “М т в” ХХК, “Ө м” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслэээр буюу Ө С, “М.mn” сайт, “М” фейсбүүк пэйж хуудсаар няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №19 дугаартай тогтоолоор Г Жт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ЦХШЗ/2730/х дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ”-г хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

 

1.2. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.mn сайт, М фэйсбүүк пэйж хуудсаар “Г.ЖМонголд үйлдсэн залилангийн хэргээ нуун дарагдуулахаар оролдож байна” гэх гарчиг бүхий нийтлэл, мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №240 /7113/ дугаартай Ө Сд “Залилагч ба авлигал” гарчигтай нийтлэлийг нийтэлж, залилах гэмт хэрэг үйлдсэн, түүнд залилуулсан иргэд Монголд цөөнгүй гэх зэргээр бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй худал мэдээллийг тарааж нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаан доромжилж Монгол Улсын олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. 

 

1.3. Иймд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй илт худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр буюу Ө С, “М.mn” сайт, “М” фейсбүүк пэйж хуудсаар няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “М т в” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. М.mn цахим сайтын үйл ажиллагааг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Х М” ХХК-д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэжээ.

 

3. Хариуцагч “Ө м” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг шууд гутаасан шинжтэй зүйл нийтлэл дээр бичигдээгүй, бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн бичсэн.

 

3.2. Тухайн нийтлэлд Г.Жыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үндэслэн өөрийн улсад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийг хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс нийтлэлийг бичсэн. Нэхэмжлэгч нь К улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял авсан бөгөөд энэ нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан, мөн нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байна гэжээ. 

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай тогтоол,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ЦХШЗ/2730/х дугаартай захирамж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №240 /7113/ дугаартай Ө С зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-17-33 дугаар тал/

 

5. Хариуцагч “М т в” ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: М т в” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн.  /ХХ-38 дугаар тал/

 

6. Хариуцагч “Ө м” ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  “Ө м” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн.  /ХХ-53 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр М фэйсбүүк пэйж хуудсанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна. /ХХ-ийн 75-84 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Хариуцагч нар нь үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэдээллийн хэрэгсэл болох цахим сайт, фэйсбүүк пэйж хуудас, өдөр тутмын сонингоор дамжуулан нэхэмжлэгчийн талаарх илт худал мэдээллийг нийтэлж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Иймд эрхээ сэргээлгэж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлал гуйхыг шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: Нэхэмжлэгчид холбогдох мэдээллийг бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн бичсэн, нэхэмжлэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй, өөрийн улсад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийг хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс нийтлэлийг бичсэн гэж маргасан байна.   

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч “Ө м” ХХК нь өөрийн эзэмшлийн өдөр тутмын сонин болох Ө Сы 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 240 дугаарт “Залилагч ба авлига” гарчигтай нийтлэл, хариуцагч “М т в” ХХК нь өөрийн эзэмшлийн www.М.mn сайт болон М фэйсбүүк пэйж хуудсанд “Г.ЖМонголд үйлдсэн залилангийн хэргээ нуун дарагдуулахаар оролдож байна” гарчигтай нийтлэлийг тус тус нийтэлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй байна. 

 

Дээрх нийтлэлүүд адил агуулгатай ба эдгээр нийтлэлд дурдагдсан дараах мэдээллийг бодит байдалд нийцээгүйгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзжээ. Үүнд: “Сүүлийн үеийн байдлыг ажиглахад Г.Жнь Монгол дахь өөрийн хамаарал бүхий этгээд, холбоо сүлбээгээ ашиглаад өөрийн Монголд үйлдсэн залилангийн тухай хэргээ нуун дарагдуулж, үйл явцад нөлөөлөх гэж оролдож байгаа бололтой. Г.Жнь ...Т.Токтасыновтой хамтарч Монголд уул уурхайн компани нээж тэрээр 2017 онд Г.Жүнэнч хамтрагч болох Т.Тогтасыновын зөвшөөрөлгүйгээр нууцаар хамтрагчийнхаа эзэмших хувийг бусдад шилжүүлсэн. Харин Г.Жын залилагч этгээд гэдгийг түүний өмнө нь Казахстан улсад үйлдсэн гэмт хэргүүдээс харж болно. Энэ бүхний цаад зорилго нь Т.Токтасыновыг тус хамтын компанид ямар ч хувь эзэмшихээ больсныг ухааруулах гэсэн явдал юм. Товч дүгнэхэд Г Жт залилуулсан иргэд Казахстан, Хятадад төдийгүй Монголд нэн ялангуяа Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод ч цөөнгүй билээ” гэжээ.

 

Хариуцагч нар нь дээрх нийтлэлд дурдсан нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн бичсэн бөгөөд нийтлэлд Г.Жыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үндэслэн өөрийн улсад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийг хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс нийтлэлийг бичсэн гэж маргав.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.    

 

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэдгийг бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хүргэгдсэн хэлбэр хамаарч байдаг. Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж зохицуулсан. Энэхүү хариуцлагатай холбогдон хэвлэл мэдээллийн байгууллага, түүний сэтгүүлчийн мэдээ, нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх зарчмыг баримтлах ба мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, эдгээр эрхэд хууль бусаар халдах эрхгүй юм. Энэ талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 2, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2, 3-ын а, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, 17 дугаар зүйлийн 2-т заасан байна. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн талаарх нийтлэлд дурдсан мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх зарчимтай.  

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар тогтоолоор БНКУ-ын иргэн Г Жт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. Энэхүү тогтоолоос үзвэл БНКУ-ын иргэн Г Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэсэн гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж, тухайн хэрэгт буруутгах үндэслэлгүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан үйл баримтыг “залилах гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдыг хохироосон” гэж үзэх үндэслэл болохгүй.

Хариуцагч нар нь нийтлэлд дурдсан нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж үзэх нотлох баримт гаргаж өгөөгүй ба тайлбарын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иймд тухайн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй гэж үзэв.

Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлдог бөгөөд аливаа эрхийг хүн зөвхөн өөрийн нэрээр олж авдаг. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг тухайн иргэнээс буюу нэрээс салгах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, түүнтэй холбоотой мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга, няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгах нь зүйтэй.

 

Хариуцагч “М т в” ХХК-ийн эзэмшилд байсан М.mn цахим сайт нь 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Х М” ХХК-д шилжсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж маргасан. Уг тайлбартайгаа холбогдох ямар нэг баримт ирүүлээгүй, мөн нэхэмжлэгчид холбогдох нийтлэлийг түгээх үед тухайн цахим сайт нь хариуцагчийн эзэмшилд байсан, уг нийтлэлийг нийтэлсэн үйл баримтад маргаагүй байна. Мөн мэдээллийг түгээх хэрэгсэл болсон цахим сайтын үйл ажиллагааг өөр этгээдэд шилжүүлсэн нь нийтэлсэн зүйлийнхээ хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б Н К Уын иргэн Г Жын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Г.ЖМонголд үйлдсэн залилангийн хэргээ нуун дарагдуулахаар оролдож байна” гарчигтай мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу М фэйсбүүк пэйж хуудас болон М.mn сайтаар няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч “М т в” ХХК-д, “Залилагч ба авлига” гарчигтай мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу “Ө С”-гоор няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч “Ө м” ХХК-д тус тус даалгасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М т в” ХХК, “Ө м” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Жт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА

 

                  ШҮҮГЧИД                                          Ж.КУЛЬДАНА

 

                                                                                      А.САРАНТУЯА