Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01488

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01488

 

 

*** Улсын иргэн

*** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/01935 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** Улсын иргэн ***

Хариуцагч: *** ХХК,

Хариуцагч: * ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу *** , ****** сайт, *** фейсбүүк пэйж хуудсаар няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор *** т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ЦХШЗ/2730/х дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн.

1.2. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ****** сайт, *** фэйсбүүк пэйж хуудсаар *** Монголд үйлдсэн залилангийн хэргээ нуун дарагдуулахаар оролдож байна гэх гарчиг бүхий нийтлэл, мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 240 /****/ дугаар *** гийн Залилагч ба авлигал гарчигтай нийтлэлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, түүнд залилуулсан иргэд Монголд цөөнгүй гэх зэргээр бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, худал мэдээллийг тарааж нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаан доромжилсон.

Иймд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй илт худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр буюу *** , ****** сайт, *** фейсбүүк пэйж хуудсаар няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *** ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ****** цахим сайтын үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ** ХХК-д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэжээ.

 

3. Хариуцагч *** ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг шууд гутаасан шинжтэй зүйл нийтлэл дээр бичигдээгүй, бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн бичсэн.

Тухайн нийтлэлд *** ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй. Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үндэслэн өөрийн улсад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийг хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс нийтлэлийг бичсэн. Нэхэмжлэгч нь *** улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял авсан бөгөөд энэ нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Гэм буруугүй хэмээн үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** улсын иргэн *** нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, *** Монголд үйлдсэн залилангийн хэргээ нуун дарагдуулахаар оролдож байна гарчигтай мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу *** фэйсбүүк пэйж хуудас болон ****** сайтаар няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч *** ХХК-д, Залилагч ба авлига гарчигтай мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу *** гоор няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч * ХХК-д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *** ХХК, * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** т олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй. О.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч *** ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Ийнхүү нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хамтран хариуцагч татан оролцуулах тухай шаардлагыг тус тус гаргасан ба нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийн дагуу * ХХК нь хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Дээр дурдсан нэхэмжпэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх О.Б гэх хүн гаргаж, гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гаргасан байдаг. Дээрх итгэмжлэлээр нэхэмжлэгч нь өөрийн төлөөлөгч О.Б д шүүхэд нэхэмжпэл гаргах эрх олгосон боловч уг эрхийг зөвхөн *** ХХК-д холбогдуулж эдлэхээр олгосон байна. Уг итгэмжлэлээр * ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байдаг.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан зохицуулалт, нэхэмжлэгчээс өөрийн төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэрэг баримтаас үзвэл О.Б нь зөвхөн *** ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд харин хариуцагч * ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

6.2 Уг хэрэгт хариуцагчаар оролцуулсан *** ХХК нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаар оролцох ёстой этгээд биш, гарсан шүүхийн шийдвэр нь бодит байдалд биелэгдэх боломжгүй талаар шүүхэд тайлбар гаргаж байсан бөгөөд тухайн нэр төрд халдсан гэх мэдээг залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэх талаар дурдаж байсан болно.

Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан, нэхэмжлэл гаргах эрхийг тодруулж үзэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хэргийн 5 дугаар хуудсанд итгэмжлэл авагдсан. Итгэмжлэлд *** ын нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг олгоно гэж дурддсан. Өөрөөр хэлбэл, *** ХХК-д холбогдох иргэний хэрэгт гэж хэргээ тодорхойлсон. Хамтран хариуцагч татах эрх олгогдсон. Итгэмжлэлд хүсэлт гаргах эрхүүдийг тодорхой дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, багасгах гэх мэт бүхий л эрхийг тодорхойлсон.

7.2. Хэргийн 38 дугаар хуудсанд *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан. Уг гэрчилгээний үйл ажиллагаа эрхлэх хэсэгт ****** цахим хуудсыг ажиллуулах чиг үүрэгтэй болох нь нотлогддог. Шүүгчийн захирамжаар хийгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр *** ХХК ****** цахим хуудсыг ажиллуулдаг болох нь тогтоогдсон. Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 03 сард ** ХХК гэж байгуулагдаж, ****** цахим хуудсыг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Нийтлэл нь 2022 оны 12 дугаар сард гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Какахстан Улсын иргэн *** нь хариуцагч *** ХХК, * ХХК-д тус тус холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу *** , ****** сайт, *** фейсбүүк пэйж хуудсаар няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Хариуцагч * ХХК нь өөрийн эзэмшлийн өдөр тутмын сонин болох *** ы 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 240 дугаарт Залилагч ба авлига гэх гарчигтай нийтлэлийг хэвлэн нийтэлсэн, хариуцагч *** ХХК нь өөрийн эзэмшлийн www.****** сайт болон *** фэйсбүүк пэйж хуудсанд *** Монголд үйлдсэн залилангийн хэргээ нуун дарагдуулахаар оролдож байна гэх гарчигтай нийтлэлийг байршуулсан.

 

Дээрх нийтлэлүүдэд ...Сүүлийн үеийн байдлыг ажиглахад *** нь Монгол дахь өөрийн хамаарал бүхий этгээд, холбоо сүлбээгээ ашиглаад өөрийн Монголд үйлдсэн залилангийн тухай хэргээ нуун дарагдуулж, үйл явцад нөлөөлөх гэж оролдож байгаа бололтой. *** нь ...Т.Т той хамтарч Монголд уул уурхайн компани нээж тэрээр 2017 онд *** үнэнч хамтрагч болох Т.Т ын зөвшөөрөлгүйгээр нууцаар хамтрагчийнхаа эзэмших хувийг бусдад шилжүүлсэн. Харин *** ын залилагч этгээд гэдгийг түүний өмнө нь *** улсад үйлдсэн гэмт хэргүүдээс харж болно. Энэ бүхний цаад зорилго нь Т.Т ыг тус хамтын компанид ямар ч хувь эзэмшихээ больсныг ухааруулах гэсэн явдал юм. Товч дүгнэхэд *** т залилуулсан иргэд *** , Хятадад төдийгүй Монголд нэн ялангуяа Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод ч цөөнгүй билээ... гэх мэдээ, мэдээлэл тусгагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэгтэй гэж зааснаар хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хуулиар хамгаалагдана.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн талаар нийтэлсэн мэдээ, мэдээллээ бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг нотолж чадаагүй тохиолдолд хуульд зааснаар түүнийг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэгтэйгээс гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.

 

4.1 Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг тогтоол хүчинтэй хэвээр байна. /хх 17-30/

 

4.2 Хариуцагч нарын нийтэлсэн мэдээ, мэдээлэлд дээр дурдсан үйл баримт буюу нэхэмжлэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдыг хохироосон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийг бусдыг залилсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан үйл баримтыг залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр хариуцагч нарын нийтэлсэн мэдээ, мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэхгүй. Тухайн нийтлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжийг агуулсан байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

5. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ...уучлалт гуйхыг хариуцагчид даалгасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, уучлалт гуйхыг даалгах нь бие даасан арга хэрэгсэл биш бөгөөд худал мэдээлэл тараасан арга хэрэгслээр няцаалт хийх нь уучлалт гуйх агуулгатай. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын уучлалт гуйхыг даалгах гэсэн хэсгийг хасаж, өөрчлөлт оруулна.

 

6. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх маргааныг хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нь О.Б д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг итгэмжлэлээр олгосон. /хх 5/ Уг итгэмжлэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлт гаргах эрхтэй. Иймд хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгчийн ...О.Б нь зөвхөн *** ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй, ...хариуцагч * ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Хариуцагч *** ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгчийн ...*** ХХК нь мэдээг залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэх талаар дурдаж байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/01935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...****** сайтаар няцаалт хийж, уучлалт гуйхыг гэснийг ...****** сайтаар няцаалт хийхийг гэж, ...*** -гоор няцаалт хийж, уучлалт гуйхыг гэснийг ...*** -гоор няцаалт хийхийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН