Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/02090

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 26 101/ШШ2023/02090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххр, СВе сервис ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххххххх тоот, С Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох /гэрчилгээний дугаар хххххххххххх

12,863,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СВе сервис ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

СВе сервис ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СВе нэртэй орон сууцны хотхоны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээг 2017 оны 04 сараас 2019 оны 10 сарыг дуустал хариуцан ажиллан, үйл ажиллагаа явуулсан.

2019 оны 11 сард СВе нэртэй орон сууцны хотхоны оршин суугчдын хурал хийгдэн С нэртэй СӨХ шинээр үүсгэн байгуулагдсан.

С СӨХ үүсгэн байгуулагдсанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах эрхтэй болж, манай компани уг орон сууцны хотхонд дээрх үйл ажиллагаа явуулахаа зогсоосон.

С СӨХ шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа шалтгаанаар тухайн сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд манай байгууллагаар 2019 оны 11 сарыг дуустал 1 сарын хугацаанд дээрх орон сууцны хотхоны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгүүлэх саналыг тавьсан.

Сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан дээрх саналын дагуу манай компани Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СВ нэртэй орон сууцны хотхоны цэвэрлэгээ үйлчилгээг 2019 оны 11 сард хариуцан ажиллаж өөрийн хөрөнгөөр цэвэрлэгээ, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.

Уг ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхэд манай компаниас цэвэрлэгээ үйлчилгээний зардал, ажилтнуудын цалинд 19,294,765 төгрөгийн зардал гарснаас хариуцагч С СӨХ нь 6,431,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 12,863,765 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.

Иймд хариуцагч хариуцагч С СӨХ нь 6,431,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 12,863,765 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.

Иймд хариуцагч С СӨХ-оос 12,863,765 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал З.Ариунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 09 сараас ундны ус бохирдож асуудал үүссэнээс болоод оршин суугчид хэсэг хугацаанд ундны усаа зөөврийн машинаар авч хэрэглэсэн ба энэ үеэс оршин суугчид СВе сервис ХХК-д сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлж байгааг эсэргүүцсэн бөгөөд төлбөр төлөх айлууд багассан.

Ингээд оршин суугчид хуралдан С СӨХ 2019 оны 11 сарын 25-ны өдөр албан ёсоор байгуулагдан 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Хотхоны байрууд ашиглалтанд ороогүй эхний жилүүдэд нэхэмжлэгч СВе сервис ХХК нь уг хотхоны байруудыг барьж ашиглалтанд оруулсан компанитай хамтран ажиллаж тухайн хотхоны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан.

Албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулах гэж 3 удаа оролдоод оршин суугчид цуглараагүйгээс СВе сервис ХХК-тай хамтран ажиллаж байсан.

Бид уулзалтын үеэр аман байдлаар 2019 оны 11 сарын СӨХ-ийн төлбөрийг айлуудаас нэхэмжилдгээрээ нэхэмжлэн 11 сарын төлбөр орж ирснийг СВе сервис ХХК-д төлөхөөр тохирсон.

Манай С СӨХ-ы Төрийн банк дахь ххххххххххх тоот дансанд 2019 оны 12 сараас 202 оны 02 сар хүртэл 2019 оны СӨХ-ы төлбөрт оршин суугчдаас 7,237,000 төгрөг орснийг 5 удаагийн шилжүүлгээр 7,548,000 төгрөгийг тус байгууллагын дансанд шилжүүлсэн.

2019 оны 11 сарын СӨХ-ы төлбөр гэж орж ирсэн мөнгийг шилжүүлсэн учир цаашид тооцоогүй гэж үзэж байна.

Мөн СВе сервис ХХК нь тухайн айл өрхүүдээс үйлчилгээ үзүүлсэн мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд манай С СӨХ-оос нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч СВе сервис ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ажилчдын 2019 оны 10 сарын цэнэглэх картын жагсаалт болон төлбөр төлсөн баримт,

С СӨХ-өөс нэхэмжилсэн зардлын тооцоо, ажилчдын цалин 18,313,042 төгрөг, цэвэрлэгээний материалын үнэ 607,723 төгрөг, ажилчдын унааны мөнгө 374,000 төгрөг,

СВе сервис ХХК-ийн 2019 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мөн компанийн Төрийн банк дахь хххххххххх тоот 2019 оны 12 сарын 02-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, СВе сервис ХХК-ийн С СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 22948-р дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч С СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, хариу тайлбар, СӨХ-ийн Төрийн банк дахь ххххххххххх тоот дансны 2019 оны 11 сарын 22-ны өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны хуулга, 2019 оны 12 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны харилцах дансны нэгтгэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 5789 дугаар шүүгчийн захирамжаар С СӨХ-оос 2019 оны 11 сард хэдэн айлын хэдэн төгрөг СӨХ-ийн төлбөрт бодогдсон, үүнээс 2023 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэдэн айлын хэдэн төгрөг төлөгдсөн талаарх лавлагаа,

Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс С СӨХ-ийн 2019, 2020 оны санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэн баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СВе сервис ХХК нь хариуцагч С СӨХ-д холбогдуулан 12,863,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч СВе сервис ХХК нь 2019 оны 11 сард хотхоны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээний ажилд 19,294,765 төгрөгийн зардал гарснаас 6,431,000 төгрөг төлсөн, үлдэх 12,863,765 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч С СӨХ 2019 оны 11 сарын СӨХ-ы төлбөрт оршин суугчидаас төлсөн мөнгийг өгөхөөр тохирсон. 5 удаагийн шилжүүлгээр 7,548,000 төгрөг төлсөн. 2019 оны 11 сард орж ирсэн мөнгийг төлсөн тул тооцоогүй. Үйлчилгээ үзүүлсэн мөнгөө тухайн айл өрхүүдээс нэхэмжлэх эрхтэй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Баянзүрх дүүргийн 26-р хорооны С хотхоны 330, 331, 332, 333 дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоолоор 2019 оны 11 сарын 25-ны өдөр С СӨХ-г байгуулсан бөгөөд тус СӨХ 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн нь СӨХ-ы гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 27-28, 36-38 дугаар тал/

 

Тухайн С хотхоны орон сууцууд ашиглалтанд ороогүй байх хугацаанд буюу 2017 оны 04 сараас 2019 оны 10 сарыг дуустал хугацаанд СВе сервис ХХК нь уг хотхоны барилгыг барьж ашиглалтанд оруулсан компанитай хамтран ажиллан тухайн хотхоны орон сууцны барилгуудын цэвэрлэгээ, харуул хамгаалалт, орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан талаар зохигч мөн маргаагүй болно.

 

Ийнхүү Баянзүрх дүүргийн 26-р хорооны С хотхоны 330, 331, 332, 333 дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоолоор 2019 оны 11 сарын 25-ны өдөр С СӨХ байгуулагдан үйл ажиллагаа нь жигдрэхтэй холбоотой СВе сервис ХХК 2019 оны 11 сард дээр дурдсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар, талууд 2019 оны 11 сарын СӨХ-ийн төлбөрийг СВе сервис ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу хариуцагч С СӨХ нь нэхэмжлэгч СВе сервис ХХК-ийн СВе орон сууцны хотхоны 2019 оны 11 сарын цэвэрлэгээ, харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээний зардалд зарцуулсан төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч СВе сервис ХХК нь 2019 оны 11 сард дээрх ажлыг гүйцэтгэхдээ ажилчдын цалин 18,313,042 төгрөг, цэвэрлэгээний материалд 607,723 төгрөг, ажилчдын унааны зардалд 374,000 төгрөг, нийт 19,294,765 төгрөгийг зардал гаргасан нь тус компанийн 2019 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Төрийн банк дахь хххххххххх тоот дансны хуулга, цэвэрлэгээний материал худалдан авсан бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ажилчын автобусны карт цэнэглэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч С СӨХ уг төлбөрийн тооцооны талаар маргаагүй, гагцхүү 2019 оны 11 сард оршин суугчдын СӨХ-ийн төлбөрт төлсөн мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

/ХХ-ийн 3-4, 7-21 дүгээр тал/

 

Хариуцагч С СӨХ нь С хотхоны 330, 331, 332, 333 дугаар байруудын оршин суугчдын 2019 оны 11 сард СӨХ-ы төлбөрт төлсөн төлбөрөөс 2020 оны 01 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 17-ны өдөр 82,000 төгрөг, 2019 оны 12 сарын 13-ны өдөр 925,000 төгрөг, 336,000 төгрөг, 2019 оны 12 сарын 06-ны өдөр 5,205,000 төгрөг, нийт 7,548,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдлоо.

/ХХ-ийн 38-104, 133-158, 161-173 дугаар тал/

 

19,294,765 төгрөг-7,548,000 төгрөг=11,746,765 төгрөг

12,863,765 төгрөг-11,746,765 төгрөг=1,117,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч С СӨХ-өөс 11,746,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СВе сервис ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1,117,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбүүвэй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн ба талууд уг хүсэлтийг дэмжиж тайлбараа гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч С СӨХ-өөс 11,746,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СВе сервис ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1,117,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч СВе сервис ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С СӨХ-өөс 202,898 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СВе сервис ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН