Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01628

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01628

 

 

Саншайнь виллаже сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02090 дугаар шийдвэртэй,

Саншайнь виллаже сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй, Саншайнь СӨХ-д холбогдох,

12,863,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Саншайнь виллаже сервис ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саншайнь виллаже нэртэй орон сууцны хотхоны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээг 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 сарыг дуустал хариуцан ажиллан, үйл ажиллагаа явуулсан.

2019 оны 11 дүгээр сард Саншайнь виллаже нэртэй орон сууцны хотхоны оршин суугчдын хурал хийгдэн Саншайнь нэртэй СӨХ шинээр үүсгэн байгуулагдсан.

Саншайнь СӨХ үүсгэн байгуулагдсанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах эрхтэй болж, манай компани уг орон сууцны хотхонд дээрх үйл ажиллагаа явуулахаа зогсоосон.

Саншайнь СӨХ шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа шалтгаанаар тухайн сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд манай байгууллагаар 2019 оны 11 дүгээр сарыг дуустал 1 сарын хугацаанд дээрх орон сууцны хотхоны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгүүлэх саналыг тавьсан.

Сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан дээрх саналын дагуу манай компани Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саншайнь виллаж нэртэй орон сууцны хотхоны цэвэрлэгээ үйлчилгээг 2019 оны 11 сард хариуцан ажиллаж өөрийн хөрөнгөөр цэвэрлэгээ, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.

Уг ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхэд манай компаниас цэвэрлэгээ үйлчилгээний зардал, ажилтнуудын цалинд 19,294,765 төгрөгийн зардал гарснаас хариуцагч Саншайнь СӨХ нь 6,431,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 12,863,765 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.

Иймд хариуцагч хариуцагч Саншайнь СӨХ нь 6,431,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 12,863,765 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.

Иймд хариуцагч Саншайнь СӨХ-оос 12,863,765 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 09 дүгээр сараас ундны ус бохирдож асуудал үүссэнээс болоод оршин суугчид хэсэг хугацаанд ундны усаа зөөврийн машинаар авч хэрэглэсэн ба энэ үеэс оршин суугчид Саншайнь виллаже сервис ХХК-д сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлж байгааг эсэргүүцсэн бөгөөд төлбөр төлөх айлууд багассан.

Ингээд оршин суугчид хуралдан Саншайнь СӨХ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор байгуулагдан 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Хотхоны байрууд ашиглалтад ороогүй эхний жилүүдэд нэхэмжлэгч Саншайнь виллаже сервис ХХК нь уг хотхоны байруудыг барьж ашиглалтад оруулсан компанитай хамтран ажиллаж тухайн хотхоны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан.

Албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулах гэж 3 удаа оролдоод оршин суугчид цуглараагүйгээс Саншайнь виллаже сервис ХХК-тай хамтран ажиллаж байсан.

Бид уулзалтын үеэр аман байдлаар 2019 оны 11 дүгээр сарын СӨХ-ийн төлбөрийг айлуудаас нэхэмжилдгээрээ нэхэмжлэн 11 дүгээр сарын төлбөр орж ирснийг Саншайнь виллаже сервис ХХК-д төлөхөөр тохирсон.

Манай Саншайнь СӨХ-ы Төрийн банк дахь 3469........ тоот дансанд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл 2019 оны СӨХ-ы төлбөрт оршин суугчдаас 7,237,000 төгрөг орснийг 5 удаагийн шилжүүлгээр 7,548,000 төгрөгийг тус байгууллагын дансанд шилжүүлсэн.

2019 оны 11 сарын СӨХ-ы төлбөр гэж орж ирсэн мөнгийг шилжүүлсэн учир цаашид тооцоогүй гэж үзэж байна.

Мөн Саншайнь виллаже сервис ХХК нь тухайн айл өрхүүдээс үйлчилгээ үзүүлсэн мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд манай Саншайнь СӨХ-оос нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Саншайнь СӨХ-өөс 11,746,765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Саншайнь виллаже сервис ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1,117,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Саншайнь виллаже сервис ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Саншайнь СӨХ-өөс 202,898 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Саншайнь виллаже сервис ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлын агуулга:. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02090 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Саншайнь хотхоны 330, 331, 332, 333 дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "Саншайнь" СӨХ байгуулагдан үйл ажиллагаа нь жигдрэхтэй холбоотой "Саншайнь виллаж сервис" ХХК 2019 оны 11 дүгээр сард дээр дурдсан үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулахаар, талууд 2019 оны 11 дүгээр сарын СӨХ-ийн төлбөрийг "Саншайнь виллаж сервис" ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдлоо" гэж дурджээ. Гэтэл шүүх "Саншайнь" СӨХ-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдүүд "Саншайнь виллаж сервис" ХХК-аар ажил гүйцэтгүүлэх хэлцэл хийсэн эсэх талаар ямар нэгэн нотлох баримтыг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Уг хэлцлийг хэн, хаана хийсэн талаар бичгийн болон болон бусад нотлох баримт байдаггүй. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүйгээр ямар ч нотлох баримтгүй зүйлийг тогтоогдсон гэж үзэж шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Саншайнь СӨХ-с Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу санал гаргаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар саналыг хүлээн зөвшөөрснөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд зааснаар бичгийн хэлбэрээр заавал байгуулах шаардлагагүй. Тухайн СӨХ-ны дарга байсан н.Нямсүрэн оролцогч компанийн хүмүүстэй хэлцэл хийсэн. Энэ талаар хариуцагч хариу тайлбартаа бид 11 дүгээр сарын СӨХ-ны төлбөрийг хураан авч, танай компани руу шилжүүлье, танайх өөрийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгэж бай гэх агуулгатай тайлбарыг оруулж дутуу шилжүүлсэн. СӨХ байгуулагдаж СӨХ-ийн төлбөрийг шаардах эрх нь СӨХ-д шилжсэн учраас бид айлуудаас шаардах боломжгүй. 11 дүгээр сард хэдэн айлаас СӨХ-ны төлбөр авсан, үүнийг хэрхэн шилжүүлсэн талаарх мэдээлэл байхгүй учраас айлуудаас шаардах эрхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Саншайнь виллаже сервис ХХК нь хариуцагч Саншайнь СӨХ-д холбогдуулан 2019 оны 11 сард хотхоны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээний ажилд 19,294,765 төгрөгийн зардал гарснаас 6,431,000 төгрөг төлсөн, үлдэх 12,863,765 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 5 удаагийн шилжүүлгээр 7,548,000 төгрөг төлсөн. 2019 оны 11 сард орж ирсэн мөнгийг төлсөн тул тооцоо байхгүй. Үйлчилгээ үзүүлсэн мөнгөө тухайн айл өрхүүдээс нэхэмжлэх эрхтэй гэж маргажээ.

 

3. Тухайн Саншайнь хотхоны орон сууцууд ашиглалтанд ороогүй байх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Саншайнь виллаже сервис ХХК нь уг хотхоны барилгыг барьж ашиглалтанд оруулсан компанитай хамтран ажиллан тухайн хотхоны орон сууцны барилгуудын цэвэрлэгээ, харуул хамгаалалт, орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан талаар зохигч маргаагүй.

3.1. Баянзүрх дүүргийн ..-р хорооны Саншайнь хотхоны ..., ..., ..., ... дугаар байруудын оршин суугчдын хурлын тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Саншайнь СӨХ-г байгуулсан бөгөөд тус СӨХ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн нь СӨХ-ны гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй. /хх27-28, 36-38/

Нэхэмжлэгч Саншайнь виллаже сервис ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын хотхоны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээний зардлыг хариуцагч Саншайнь СӨХ-оос шаарддаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч Саншайнь СӨХ байгуулагдаагүй байх үеийн төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, Саншайнь СӨХ-д холбогдох Саншайнь виллаже сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Саншайнь СӨХ-д холбогдох 12,863,765 төгрөг гаргуулах тухай Саншайнь виллаже сервис ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД