Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/02764

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31 101/ШШ2023/02764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххх хаягт оршин суух, Г.н Бийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххх хаягт оршин суух, С.Жд /РД: ххххххххххххх/ холбогдох

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа,

Хариуцагч С.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Гэрэлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б нь Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Алтан Орл хотхоны 111-р байрны В1 давхрын 71 тоотын авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар С.Жтай тохирч, төлбөрийг хувааж төлөхөөр болсон.

Г.Б нь зогсоолын төлбөрөөс урьдчилгаа төлбөрт нийт 16,000,000 төгрөгийг С.Жд дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд:

2020 оны 04 сарын 04-ний өдөр С.Жын Хаан банк дахь хххххххххххххххх тоот данс руу 5,000,000 төгрөгийг 71 тоот гаражийн төлбөр гүйлгээний утгатай эхнэр н.Сувдаагийн Худалдаа хөгжлийн банк дахь ххххххххххх тоот данснаас,

2020 оны 09 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг 111-71 тоот гаражийн төлбөр гүйлгээний утгатай эхнэр н.Сувдаагийн Хаан банк дахь хххххххххххххтоот данснаас,

2021 оны 05 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг 71 тоот гаражийн төлбөр гүйлгээний утгатай, 2022 оны 08 сарын 18-ны өдөр С.Жын охин Ж.Ариуны Хаан банк дахь хххххххххххх тоот данс руу 1,000,000 төгрөгийг 71 тоот гаражийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн.

2022 оны 08 сарын 21-ний өдөр Г.Б нь АНУ-руу гэр бүлээрээ удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан бөгөөд С.Жын охин Ж.Ариун та ашиглахгүй бол өндөр үнээр зараад таны төлбөрийг буцааж өгье гэхээр нь зөвшөөрч гэрээнээсээ татгалзсан.

С.Ж гаражийг 35,000,000 төгрөгөөр зараад Г.Бийн төлсөн урьдчилгаа 16,000,000 төгрөгийг төлнө гэсэн бөгөөд 2023 оны 01 сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй байх тул С.Жаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Ж би ххххххххххх тоот гаражийг сарын 240,000 төгрөгийг түрээслүүлэх гэрээг Г.Бтой 2019 оны 10 сарын 09-ний өдөр байгуулсан.

2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны гаражийн түрээсийн төлбөрт 664,000 төгрөгийг төлсөн.

Г.Б уг түрээслэж байсан гаражаа 2020 онд 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан ба 2 жилийн туршид 16,000,000 төгрөгийг гаражийн төлбөрт төлсөн. Төлбөрөө бүрэн төлөөгүй тул түүнд гаражийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй.

Гэтэл Г.Б нь 2022 оны 08 сард гэр бүлээрээ АНУ-руу удаан хугацаагаар явахаар болсон гэж гаражийг худалдаж авахаас татгалзсан учир би 2023 оны 01 сард өөр хүнд худалдан борлуулсан.

Г.Б нь гаражийг 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 сар дуустал 34 сар, үүнээс хойш түүний дүү 4 сар ашигласан.

Энэ хугацаанд анх байгуулсан түрээсийн гэрээ ёсоор сарын 240,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцоход нийт 38 сарын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг болж байна.

Г.Бийн 3 жилийн түрээсийн төлбөрийг АНУ-руу явах хүртэл хугацаагаар тооцоход 8,160,000 төгрөг болсон.

Иймд түүний надад шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс өөрийнх нь түрээсийн төлбөрийн 160,000 төгрөгийг хөнгөлж, мөн дүүдээ ашиглуулсан 4 сарын мөнгийг хасч зөвхөн 8,000,000 төгрөгийг суутган, үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Уг 8,000,000 төгрөгийг миний охин Ж.Ариун Хаан банк дахь ххххххххххх тоот данснаасаа Г.Бийн Хаан банк дахьххххххххххххтоот данс руу 2023 оны 04 сарын 01-ний өдөр шилжүүлсэн.

Хүний хөрөнгийг худалдаж авна гэж өөрийн эзэмшилдээ өчнөөн хугацаагаар байлгачихаад төлбөр төлөхгүй, өгсөн мөнгөө буцааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй, би Г.Бт ямар ч өргүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, гаражийн төлбөрт 16,000,000 төгрөг төлсөн тухай баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.Ж нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Г.Бтой 2019 оны 10 сарын 09-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ,

Г.Бт 8,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Ж.Ариуны дансанд Г.Б нь 1,000,000 төгрөг төлсөн баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч С.Жд холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

С.Ж нь 2019 оны 10 сарын 09-ний өдөр Г.Бтой түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 111-р байрны 12 м.кв талбай бүхий 71 тоотын гаражийг Г.Бт 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар, сарын 240,000 төгрөгөөр түрээслүүлэхээр,

Түрээслэгч Г.Б түрээсийн төлбөр 240,000 төгрөгийг тухайн сарын эцсийн баасан гаригт түрээслэгч талын Хаан банк дах хххххххххххх тоот дансанд төлөхөөр, түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд тогтвортой байлгахаар тус тус харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

/ХХ-ийн 30-34 дүгээр тал /

 

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 111-р байрны 12 м.кв талбай бүхий 71 тоотын гаражийн өмчлөгч С.Ж болох талаар талууд маргахгүй байгаа бөгөөд түрээслэгч Г.Б нь 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацааны түрээсийн төлбөрт нийт 664,000 төгрөг төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарласан ба түрээслүүлэгч С.Ж энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гаражийн түрээслэгч Г.Б нь түрээслүүлэгч буюу өмчлөгч С.Жд түүний өмчлөлийн гаражийг 25,000,000 төгрөгөөр худалдан авах санал 2020 онд гаргасныг өмчлөгч С.Жд хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар талууд мөн тайлбарлалаа.

 

Худалдан авагч Г.Б нь худалдагч С.Жын Хаан банк дахь хххххххххххххххх тоот данс руу 2020 оны 04 сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг,

2020 оны 09 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг,

2021 оны 05 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 18-ны өдөр С.Жын охин Ж.Ариуны Хаан банк дахь хххххххххххх тоот данс руу 1,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг төлсөн талууд маргаагүй.

/ХХ-ийн 6-9, 29 дүгээр тал/

 

Худалдан авагч Г.Б 2022 оны 08 сарын 21-ний өдөр АНУ-руу гэр бүлийн хамт амьдрахаар явсан бөгөөд үүнтэй холбоотой тэрээр гэрээнээс татгалзсан талаараа тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,

243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Худалдагч буюу гаражийн өмчлөгч С.Ж гаражийг 2023 оны 01 сард бусдад худалдан худалдан авагч Г.Бт 2023 оны 01 сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөгийг буцаалт гэж шилжүүлсэн талаар талууд мөн тайлбарлалаа.

/ХХ-ийн 27 дугаар тал/

 

Худалдан авагч Г.Б нь 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс хойш 2022 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд гаражийг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгасан ба тэрээр 2020 оноос 2022 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл буюу гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд гаражийг эзэмшил, ашиглалтандаа байлган эзэмшиж, ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй.

2020.01.01-2022.08.01-ний өдрийг хүртэл 31 сар,

31*240,000 төгрөг =7,440,000 төгрөг /240,000 төгрөг 1 сарын төлбөр/,

240,000 төгрөг/31 хоног=7,742 төгрөг /1 хоногийн түрээс/,

7,742 төгрөг*21 хоног=162,582 төгрөг

Нийт 7,602,582 төгрөг /2020.01.01-2022.08.21-ний өдрийг хүртэл хугацаагаар гаражийг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлган эзэмшин, ашигласны төлбөр/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч С.Жаас 397,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч С.Жаас 397,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жаас 12,573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН