Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01575

 

 

 

 

 

 

 

 

2023 08 09 210/МА2023/01575

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02764 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, хариуцагч **.** , хариуцагчийн өмгөөлөгч С.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* нь Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * хотхоны ** дүгээр байрны * давхрын * тоотын автомашины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар **.** тай тохирч, төлбөрийг хувааж төлөхөөр болсон. *.* нь зогсоолын төлбөрөөс урьдчилгаа төлбөрт нийт 16,000,000 төгрөгийг **.** д шилжүүлсэн.

1.2 *.* нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр АНУ-руу гэр бүлээрээ удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан бөгөөд **.** ын охин Ж.А ...та автомашины зогсоолыг ашиглахгүй бол өндөр үнээр зараад таны төлбөрийг буцааж өгье гэхээр нь зөвшөөрч гэрээнээсээ татгалзсан.

1.3 **.** автомашины зогсоолыг 35,000,000 төгрөгөөр бусдад зараад *.* ийн төлсөн урьдчилгаа 16,000,000 төгрөгийг төлнө гэсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй байх тул **.** аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Баянзүрх дүүрэг, ** дугаар хороолол, * дугаар хороо, Нарны зам, ** дүгээр байрны * давхрын 12 м.кв талбай бүхий * тоотын автомашины зогсоолыг сарын 240,000 төгрөгөөр *.* т түрээслүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан. Тэрээр 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 664,000 төгрөг төлсөн.

2.2 *.* нь түрээслэж буй автомашины зогсоолыг 2020 онд 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан ба 2 жилийн туршид 16,000,000 төгрөгийг гараашийн төлбөрт төлсөн. Төлбөрөө бүрэн төлөөгүй тул түүнд автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй.

Гэтэл *.* нь 2022 оны 08 сард ...гэр бүлээрээ АНУ-руу удаан хугацаагаар явахаар болсон гэж автомашины зогсоолыг худалдаж авахаас татгалзсан учир би 2023 оны 01 сард бусдад худалдсан. *.* нь автомашины зогсоолыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 сар дуустал 34 сар, үүнээс хойш түүний дүү 4 сар ашигласан.

Энэ хугацаанд анх байгуулсан түрээсийн гэрээ ёсоор сарын 240,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцоход нийт 38 сарын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг болж байна. *.* ийн 3 жилийн түрээсийн төлбөрийг АНУ-руу явах хүртэл хугацаагаар тооцоход 8,160,000 төгрөг болсон.

Түүний надад шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс өөрийнх нь түрээсийн төлбөрийн 160,000 төгрөгийг хөнгөлж, мөн дүүдээ ашиглуулсан 4 сарын мөнгийг хасч зөвхөн 8,000,000 төгрөгийг суутган, үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Уг 8,000,000 төгрөгийг миний охин Ж.А *.* т 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **.** аас 397,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *.* ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **.** аас 12,573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч хохирлоо шаардаагүй байхад шүүх ...хариуцагчид хохирол учирсан тул танайх шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн эзэмшиж, ашигласны төлбөр буюу хариуцагчийн олох ёстой орлого нь эдийн засгийн үндэслэл тооцоололтой, тэрхүү тооцоолол нь нотлох баримтаар нотлогдох ёстой байтал зөвхөн хариуцагч талын тайлбараар хүчин төгөлдөр бус, дуусгавар болсон түрээсийн гэрээг буюу хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүнээс татгалзсан нөхцөл байдлыг тогтоосон атлаа үр дагаварыг тооцохдоо үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхэд талууд гараашийн өмчлөх эрхийн талаар буюу **.** ын өмчлөлд байгаа талаарх үйл баримтад маргаагүй. Мөн 16,000,000 төгрөгийг *.* руу шилжүүлсэн үйл баримт, **.** нь ашигласан хугацааны түрээсийг суутгаад үлдсэн мөнгийг нь буцааж шилжүүлсэн талаар маргаагүй.

Өөрөөр тооцоолол хийх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх зөв тооцоолж шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэх 8,000,000 төгрөгөөс түрээсийн гэрээний үүргийг суутган тооцсон гэж үгүйсгэн маргажээ.

 

3. Талууд автомашины зогсоол худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохиролцсон талаар маргаагүй боловч талуудын аль нэг тал нь тухайн гэрээнээс татгалзаж, гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаахад шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, тухайн автомашины зогсоол нь үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх, хэрэв мөн бол улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, мөн хэний өмчлөл зэргээс хамаарч худалдах-худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр эсэхийг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Учир нь, гэрээний талууд хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах бөгөөд үр дагавар нь гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах, мөн харилцан шаардлага гаргах эрхтэй. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, улмаар талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар бүрэн мэтгэлцээгүй байна.

 

4. Түүнчлэн, хариуцагч нь түрээсийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс харилцан тооцож, суутгасан талаар тайлбар гаргасан.

 

4.1 Хэргийн 30-34 дүгээр талд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээ авагдсан. Уг гэрээнд зааснаар түрээслүүлэгч буюу хариуцагч **.** нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороолол, 25 дугаар байр, Нарны зам-111-т орших барилгын 12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, нэг сарын 240,000 төгрөгөөр түрээслэгч буюу нэхэмжлэгч *.* т түрээслүүлэхээр заасан байна. /хх 30-34/

 

4.2 Дээрх түрээсийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсантай холбоотой мөнгөн хөрөнгөөс хариуцагч нь харилцан тооцох үндэслэлтэй эсэх талаар талууд бүрэн мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн үр дагаврыг хэрхэн арилгуулах нь тодорхой болсны дараа шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт тогтоогдоогүй, талууд маргааны зүйлд бүрэн мэтгэлцээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт авагдаагүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,591 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН