Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1244

 

 “Б Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00968 дугаар шийдвэртэй, “Б Д” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б К” ХХК--д холбогдох, 14 962 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Б К” ХХК--ийн өмчлөлийн “Атлас” төвийн түрээслэгч Б.Мөнгөншагай, Ц.Мөнхбат, Н.Хандсүрэн нар нь “Б Д” ХХК--тай иргэдийн эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, бараа, материалын үлдэгдлийг даатгуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны 08 цаг 40 минутад тус төвийн 1 дүгээр давхарт уян холбоос задарч ус алдаж, даатгуулагч Б.Мөнгөншагайд учирсан хохирлын нөхөн төлбөрт 8 239 500 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт халаалтын Ф100 оруулгын шугам цоорч дахин ус алдсаны улмаас даатгуулагч Б.Мөнгөншагайд учирсан хохирлын нөхөн төлбөрт 1 760 500 төгрөг, даатгуулагч Н.Хандсүрэнд учирсан хохирлын нөхөн төлбөрт 2 278 200 төгрөг, даатгуулагч Ц.Мөнхбатад учирсан хохирлын нөхөн төлбөр 2 684 500 төгрөг, нийт 14 962 700 төгрөгийг тухайн даатгуулагч нарт олгосон.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасан бөгөөд “Б Д” ХХК- нь даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгосон тул энэ хэмжээгээр даатгуулагчийн гуравдагч этгээдээс шаардах эрх даатгагч “Б Д” ХХК--д шилжсэн. Даатгуулагчид “Б К” ХХК--ийн өмчлөлийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээний дагуу лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ бөгөөд 318.5 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэсний дагуу түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй.

Гэвч түрээслүүлэгч нь дээрх хуульчлагдсан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийгээгүйн улмаас удаа дараа ус алдаж, түрээслэгчийн эд хөрөнгө буюу даатгалын зүйлд хохирол учирсан тул Иргэний хуулийн 437 дугаар зүйлд зааснаар шаардах эрх нь “Б Д” ХХК--д шилжсэн. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу “Б К” ХХК--иас 14 962 700 төгрөг гаргуулж, “Б Д” ХХК--д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “Б Д” ХХК--иас гаргасан 14 962 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна. Тус компанийн түрээслэгч Б.Мөнгөншагайд хохирол учирсны улмаас төлсөн даатгалын нөхөн төлбөр 8 239 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан боловч уг хохирлыг учруулсан этгээд нь “Б К” ХХК- биш. Учир нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагийн үед халуун ус өгсний улмаас ариун цэврийн өрөөний уян холбоос задарсан нь ус, дулаанаар хангах, засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын /цаашид ОСНААУГ гэх/ буруутай үйл ажиллагаанаас болсон.

2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн өглөө “Атлас-19” байрны узель дэх хүйтэн усны насос нь олон хоног халуун усгүй байж байгаад гэнэт даралттай халуун ус өгсний улмаас Ф100 оруулгын шугам цоорч Б.Мөнгөншагай, Н.Хандсүрэн, Ц.Мөнхбат нарт хохирол учирсан байдаг. Ус алдаж байгаа талаар өглөөний 07 цаг 30 минутад “Атлас-19” байрны СӨХ-оос мэдэгдсэн ёсоор ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5 /цаашид ХҮТ-5 гэх/ салбарт 07 цаг 30 минутаас 09 цаг хүртэл тасралтгүй дуудлага хийж, 7000-5454 дугаарын утсаар мэдэгдсэн боловч инженер, техникийн ажилчид ирж, усыг хааж, зогсоох арга хэмжээ аваагүй. Тэр даруй ирж усыг хаагаагүйн улмаас хохирол үүссэн тул үүнтэй холбоотой хариуцлагыг ОСНААУГ хариуцах үүрэгтэй.

“Б К” ХХК- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОСНААУГ-тай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулax гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.7-д хангагч нь шугам сүлжээнд их засвар хийх үед хэрэглэгчид 12 цагийн өмнө мэдэгдэх, 4.8-д хангагч нь ус, дулааны хэрэглээг хязгаарласан, түдгэлзүүлсэн шалтгаан арилсан даруйд шугам тоноглолд горим тохиргоог хийж, хэвийн болгох гэж тус тус заасан. Энэхүү үүргээ ОСНААУГ зөрчиж, усыг урьдчилан мэдэгдэлгүй хааж, ажлын бус, шөнийн цагаар хүчтэй даралттай ус өгсний улмаас хохирол үүссэн, энэ талаар ОСНААУГ-т удаа дараа гомдол гаргаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, дүгнэлт гаргаж өгөхийг шаардсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Энэ нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэлд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т заасан хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүйн улмаас удаа дараа ус алдсан гэж, буруутгасан нь үндэслэлгүй. Манай компани засвар, үйлчилгээг хийж ажилладаг ба ус алдахаас өмнө уян холбоо болон ус, дулааны шугамд ямар нэгэн доголдол байгаагүй. Доголдолтой байсан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй болно. Гэрчээр асуугдсан инженер н.Мэндбаяр, н.Нямбаатар нарын мэдүүлгээр ус алдсан шалтгаан юунаас болсныг нарийвчлан тогтоогоогүй, шугам болон уян холбоо задарсны улмаас ус алдсан гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд, “Б К” ХХК- засвар хийгээгүйн улмаас хохирол учирсан, барилга өмчлөгчийн хувьд хариуцлага хүлээх ёстой гэх нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Тухайн хохирол хэний буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдоогүй. Тэр даруй усыг хаагаагүй учир хохирол  ихэссэн. “Мобиком” ХХК-иас тухайн үед хийж байсан дуудлагын жагсаалтыг шүүхийн журмаар гаргуулах захирамж гарсан ч техникийн үйл ажиллагааны улмаас гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг ирүүлсэн. Харин “Б К” ХХК-” тухайн үед нь засвар үйлчилгээг хийж, ОСНААУГ-ын зааж зөвлөсний дагуу солих ёстой тоног, төхөөрөмжийг сольж явсан. Тиймээс “Б К” ХХК- үүргээ зөрчиж, түүний улмаас даатгуулагч нарт хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Б Д” ХХК--ийн хувьд хамгийн түрүүнд хэн буруутайг тогтоолгож, түүний дараа буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг буцаан гаргуулах боломжтой юм. “Б К” ХХК--ийн хувьд даатгалын тохиолдол бий болоход ямар нэгэн байдлаар үүргээ зөрчсөн, буруутай гэх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б К” ХХК--иас нийт 13 499 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Д” ХХК--д олгож, үлдсэн 1 463 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б Д” ХХК--ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б К” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 225 445 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б Д” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ус алдсан нь үндэслэлтэй. Энэ нь ХҮТ-5-ын 40 дугаар “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт”-ийн хуулбар,           ХҮТ-5-ын “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт”-ээр тогтоогдож байна.” гэсэн байдаг.

ХҮТ-ийн 40 дугаар дүгнэлт хэргийн 207 дах талд авагдсан ба уг дүгнэлтээр “уян холбоос задарч ус алдсан” гэдгийг заасан, хэний буруутай үйлдлийн улмаас нөхцөл байдал үүссэн талаар огт дурдаагүй. Түүнчлэн, ОСНААУГ-ын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18А/19 дугаартай тайлбарт “..2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 06 цаг 25 минутад дуудлага өгсөн, инженерийн шугам сүлжээнд гарч буй гэнэтийн саатал болон бусад доголдлын шалтгаан, нөхцлийн талаар хэрэглэгчдэд мэдээллийг зөв хүргэж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байхыг ХҮТ-5-ын удирдлага, инженер техникийн ажилчдад анхааруулж, сануулсан болно гэж дурдсан байдаг.

Дээрх албан бичгүүдээс харахад “Баясах Хульж” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас ус алдсан нь нотлогдон тогтоогдоогүй, доголдлыг арилгаж түргэн шуурхай үйлчилж байхыг өөр байгууллагад даалгасан гэсэн байхад шүүхээс “хариуцагчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ус алдсан гэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзнэ. ОСНААУГ-ын ХҮТ-5-ын нэгдүгээр хэсгийн инженер О.Цолмонбаатар гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ “ус алдах шалтгаан маш олон төрөл байдаг. Шугам хоолой эвдрэх, даралтын тогтворгүй байдлаас болж ус алддаг. Шөнө ус алдах тохиолдол байнга гардаг. Үүнийг хүний буруутай үйлдэл гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр даралт хэлбэлзэж болно. Уян холбоос юуны улмаас задарсныг бид тогтоох боломжгүй. Уян холбоос задарсан нь даралттай холбоотой байж болно” гэсэн байдаг.

ОСНААУГ-ын ХҮТ-5-ын ахлах инженер Ё.Мэндбаяр гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ “Шугамын цоорол юунаас ч болсон байж болно. Элэгдэл цоорол юу ч байж болно. Шугам цоорсон шалтгаан нь 1-р хэлхээнээс ус даралттай өгсний улмаас гарч болно. Нарийн мэргэжлийн төвшинд мэргэжлийн лаборатори шугамын элэгдлийг тогтоосон дүгнэлт гаргах ёстой. Манайхаас бол голдуу даатгалын байгууллагад зориулан  дүгнэлт гаргадаг. Эхний ээлжид онош тавьж гаргаж өгдөг. Хэсэг газартаа цоорсон байсан тэр утгаар нь гаргаж өгсөн” гэж гэсэн.

Дээрх  гэрч нарын мэдүүлгээс харахад шугам хоолой нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас цоорч ус алдсан гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй бөгөөд усыг өндөр даралттай өгсний улмаас задарсан байж болохыг тус тус хэлсэн байна. Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болдог байхад эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг анхаараагүй, ямар нэг эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр орхигдуулан хариуцагч “Б К” ХХК--ийг буруутгасан байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэрээний дагуу ус өгөхдөө урьдчилан мэдэгдээгүй, өндөр даралтаар ажлын бус цагаар ус өгснөөс болсон гэж бидний зүгээс үзэж байгаа. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслэж бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн байдаг. Хуулийн энэхүү заалт нь буруутай этгээдийн гэм буруугийн санаатай эсвэл болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаардаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааж 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг тодруулсан байдаг.

Дээрх заалтуудаас харахад мөн гэм хор учруулсан этгээдийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ байсан тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхээр байна. Гэтэл хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй, ослын дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагчийн буруутай байсан гэдэг нь тогтоогдохгүй байхад эд хөрөнгийн өмчлөгч гэдэг утгаар нь шууд буруутгаж хохирол төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

“Б К” ХХК- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОСНААУГ-тай Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.7-д хангагч нь шугам сүлжээнд их, засвар хийх үед хэрэглэгчид 12 цагийн өмнө мэдэгдэх, 4.8-д хангагч нь ус, дулааны хэрэглээг хязгаарласан, түдгэлзүүлсэн шалтгаан арилсан даруйд шугам сүлжээ, тоноглолд горим тохироог хийж, хэвийн болгох гэж тус тус заасан үүргээ ОСНААУГ зөрчиж, усыг урьдчилан мэдэгдэлгүй хааж, ажлын бус, шөнийн цагаар хүчтэй даралттай ус өгсөн. Үүний улмаас хохирол үүссэн ба энэ талаар удаа дараа ОСНААУГ-т гомдол гаргаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, дүгнэлт гаргаж өгөхийг шаардсан байдаг. Манай компани нь засвар, үйлчилгээг тогтмол хийлгүүлж ажилладаг ба ус өгөхөөс өмнө уян холбоо болон ус, дулааны шугамд ямар нэгэн доголдол байгаагүй хэвийн ажиллаж байсан болно.

Хариуцагч компани түрээслэгчдэд хохирол учирсанд буруутай болох нь тогтоогдсон, шалтгаант холбоо байна гэж шүүхээс үзсэн. Бидний зүгээс энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ч үнэхээр шүүх ингэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэх заалтыг хэрэглэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б Д” ХХК- нь хариуцагч “Б К” ХХК--д холбогдуулан даатгалын гэрээний дагуу даатгуулагч нарт төлсөн 14 962 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ, хариуцагчийн өмчлөлийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 40 минутад халуун, хүйтэн усны уян холбоос задарч ус алдсаны улмаас даатгуулагч Б.Мөнгөншагайд 8 239 500 төгрөгийн хохирол, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт халаалтын Ф100 оруулгын шугам цоорч ус алдаж даатгуулагч Б.Мөнгөншагайд          1 760 500 төгрөгийн, Н.Хандсүрэнд 2 278 200 төгрөгийн, “Мон Укр” ХХК-д 2 684 500 төгрөгийн, нийт 14 962 700 төгрөгийн гэм хорын нөхөн төлбөрийг түрээслэгч нартай байгуулсан Эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааны дагуу олгосон тул түрээслүүлэгч буюу хариуцагч “Б К” ХХК--иас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал дээрх ус алдсан үйл баримт болон түрээслүүлэгч нарт нэхэмжлэгчийн төлсөн даатгалын нөхөн төлбөр, түүний хэмжээ зэрэгт маргаагүй, харин даатгалын тохиолдол бий болж, ус алдсан нь ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5”-ын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тул буруутай этгээдээс нөхөн төлбөрийг шаардах нь зүйд нийцнэ гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, хариуцагчийн өмчлөлийн зүйл болох “Атлас” барилгын материалын худалдааны төвд ус алдсаны улмаас тухайн төвд талбай түрээслэж худалдаа эрхэлдэг “Мон Укр” ХХК, иргэн Б.Мөнгөншагай, Н.Хандсүрэн нарын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна. Даатгуулагч Б.Мөнгөншагай, “Мон Укр” ХХК, Н.Хандсүрэн нарын хариуцагч “Б К” ХХК--тай байгуулсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх даатгуулагч нарын нэхэмжлэгч талтай байгуулсан Эд хөрөнгийн даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасантай нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхээр тохиролцож төлсөн, сайн дурын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болохыг зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээнд заасан даатгалын тохиолдол буюу даатгалын зүйлд сантехникийн ус алдалтын ослын улмаас хохирол учирсан нь “Б Д” ХХК--ийн Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5”-ын гаргасан “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт” зэргээр тогтоогдож байна. /1хх24-26, 106-113/

 

Нэхэмжлэгч “Б Д” ХХК- нь даатгуулагч нартай байгуулсан даатгалын гэрээ ёсоор гэм хорын хохиролд нийт 14 962 700 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож олгосон нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт зааснаар нэр бүхий даатгуулагч нарт төлсөн дээрх хэмжээний төлбөрийг хариуцагч талаас шаардах эрхтэй. /1хх10-23/

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б К” ХХК--иас нөхөн төлбөрт нийт 13 499 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин 1 463 700 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг гуравдагч этгээд нарт худалдан борлуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн дээрх үнийн дүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо, шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан, ослын дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байсан гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нэр бүхий этгээдийг гэрчээр  асууж, мэдүүлэг авсан ба тэдгээр гэрчүүдийн мэдүүлснээр хариуцагч талыг даатгалын тохиолдол бий болсонд гэм буруугүй гэж үзэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, “Б К” ХХК- нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд “Атлас” барилгын материалын худалдааны төвд ус алдаж, түрээслэгч буюу даатгуулагч нарын эд хөрөнгөд гэм хор учирсан үйл баримт тогтоогджээ. /1хх24-26/

 

Хариуцагч тал ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай компанитай байгуулсан “Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түрээслэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан тул уг гэм хорын хохиролд төлсөн даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч нь тухайн буруутай этгээдээс төлүүлэхээр шаардах ёстой гэж тайлбарлах боловч шүүх дээрх хуулийн этгээд хоорондын гэрээний үүргийг уг маргаантай шууд холбогдуулан дүгнэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч буюу даатгуулагч нарын хувьд гэм хор учирсан нөхцөл байдал, хохирлын хэмжээнд нөлөөлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан “Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт”, “Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл”-ээс /1хх24-26,106-108/ үзвэл түрээслэгч нар нь ус алдсан талаар мэдсэн даруйд усыг шавхсан, холбогдох газарт мэдэгдсэн ба ийнхүү уян холбоос задарсан, халаалтын Ф100 оруулгын шугам цоорсон зэрэг нь тэдний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б К” ХХК--иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 445 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                          Т.ТУЯА