Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “БК” ХХК/РД: /-д холбогдох,

         

14 962 700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

  

               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““БК” ХХК-ийн өмчийн “Атлас” төвийн түрээслэгч Б.Мөнгөншагай, Ц.Мөнхбат, Н.Хандсүрэн нар нь “Б” ХХК-тай Иргэдийн эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, бараа, материалын үлдэгдлийг даатгуулсан.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цаг 40 минутад Атлас төвийн 1 дүгээр давхарт уян холбоос задарч ус алдсаны улмаас даатгуулагч Б.Мөнгөншагайд учирсан хохирлын нөхөн төлбөрт 8 239 500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний 06 цагт Атлас төвийн халаалтын Ф100 оруулгын шугам цоорч ус алдсаны улмаас даатгуулагч Б.Мөнгөншагайд учирсан хохирлын нөхөн төлбөрт 1 760 500 төгрөг, даатгуулагч Н.Хандсүрэнд учирсан хохирлын нөхөн төлбөрт 2 278 200 төгрөг, даатгуулагч Ц.Мөнхбатад учирсан хохирлын нөхөн төлбөр 2 684 500 төгрөг, нийт 14 962 700 төгрөгийг даатгуулагчдад олгосон.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасан ба “Б” ХХК нь даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрииг олгосон тул нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн гуравдагч этгээдээс шаардах эрх даатгагч “Б” ХХК-д шилжсэн.

Даатгуулагчид нь “БК” ХХК-ийн өмчийн “Атлас” төвд “Атлас барилгын материалын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ”-ний дагуу лангуу түрээслэн ажиллуулдаг байсан.

Даатгуулагч болон “БК” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ бөгөөд 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйчилнэ” гэж заасан тул түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т заасны дагуу “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх” үүрэгтэй билээ.

Гэвч түрээслэгч “БК” ХХК нь дээрх хуульчлагдсан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийгээгүйн улмаас удаа дараа ус алдаж, түрээслэгчийн эд хөрөнгө буюу даатгалын зүйлд хохирол учирсан байна.

Тиймээс тус хохирлыг Иргэний хуулийн 437 дугаар зүйлд зааснаар шаардах эрх “Б” ХХК-д шилжсэн учир “БК” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Иймд Иргэний хуулийн 219 дүтээр зүйлийн 219.1 -г “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу “БК” ХХК-иас 14 962 700 төгрөг гаргуулж, “Б” ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “БК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-иас гаргасан 14 962 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дараахь байдлаар үндэслэлгүй буюу шаардах эрхгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Манай компанийн түрээслэгч Б.Мөнгөншагайд хохирол учирсны улмаас төлсөн даатгалын нөхөн төлбөр 8 239 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа боловч уг хохирол учруулсан этгээд нь БК ХХК биш юм. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өглөөний 06 цагийн үед халуун ус өгсний улмаас ариун цэврийн өрөөний уян холбоос задарсан байх ба ус, дулаанаар хангах, засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын буруутай үйл ажиллагаанаас болсон.

2. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө Атлас-19 байрны узель дэх хүйтэн усны насос нь олон хоног халуун усгүй байж байгаад гэнэт даралттай халуун ус өгсний улмаас Ф100 оруулгын шугам цоорч Б.Мөнгөншагай, Н.Хандсүрэн, Ц.Мөнхбат нарт хохирол учирсан байдаг. Ус алдаж байгаа талаар өглөөний 07 цаг 30 минутад Атлас-19 байрны СӨХ-өөс мэдэгдсэний дагуу ОСНААУГ-ын ХҮТ-5 салбарт 07:30-9:00 цагийн хооронд тасралтгүй дуудлага хийж, 70005454 утасаар мэдэгдсэн боловч инженер, техникийн ажилчид ирж, усыг хааж, зогсоох арга хэмжээ аваагүй. Тэр даруй хүрч, ирж усыг хаагаагүйн улмаас хохирлын үүссэн ба үүнтэй холбоотой хариуцлагыг ОСНААУГ хариуцах үүрэгтэй.

3. “БК” ХХК нь 2017 оны 09 сарын 13-ны өдөр ОСНААУГ-тай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулax гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.7-д Хангагч нь шугам сүлжээнд их, засвар хийх үед хэрэглэгчид 12 цагийн өмнө мэдэгдэх, 4.8-д Хангагч нь ус, дулааны хэрэглээг хязгаарласан, түдгэлзүүлсэн шалтгаан арилсан даруйд шугам тоноглолд горим тохироог хийж, хэвийн болгох гэж тус тус заасан үүргээ ОСНААУГ зөрчиж, усыг урьдчилан мэдэгдэлгүй хааж, ажлын бус, шөнийн цагаар хүчтэй даралттай ус өгсөн. Үүний улмаас хохирол үүссэн ба энэ талаар удаа ОСНААУГ-т гомдол гаргаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, дүгнэлт гаргаж өгөхийг шаардсан. Гэвч ОСНААУГ-аас ямар нэгэн хариу ирүүлээгүй ба өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т заасан хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүйн улмаас удаа дараа ус алдсан гэж, буруутгасан нь үндэслэлгүй. Манай компани нь засвар, үйлчилгээг хийж ажилладаг ба ус алдахаас өмнө уян холбоо болон ус, дулааны шугамд ямар нэгэн доголдол байгаагүй. Доголдолтой байсан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “БК” ХХК-ийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “14,962,700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгт эдгээр хохирол нь хариуцагч компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Энэ нь өглөөний 6, 8 цагийн үед гэнэт болсон үйл явдал байгаа.

Уг хэрэгт гэрчээр асуугдсан инженер н.Мэндбаяр, н.Нямбаатар нарын мэдүүлгээр ус алдсан шалтгаан нь юунаас болсныг нарийвчлан тогтоогоогүй, шугам болон уян холбоо задарсны улмаас ус алдсан гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд “БК” ХХК засвар хийгээгүйн улмаас хохирол учирсан. Тиймээс барилга өмчлөгчийн хувьд хариуцлага хүлээх ёстой гэх нэхэмжлэлийн шаардлага нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Ус алдах үед усыг зогсоох, холбогдох байгууллагад мэдэгдэх үйл ажиллагааг “БК” ХХК-ийн хувьд тасралтгүй явуулж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 07 цаг 40 минутаас 09 цагийн хооронд тасралтгүй дуудлага хийж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт мэдэгдэж, ус алдаж буй байдлыг зогсоосон. Тэр даруй усыг хаагаагүй учир хохирол ихэссэн. “Мобиком” ХХК-иас тухайн үед хийж байсан дуудлагын жагсаалтыг шүүхийн журмаар гаргуулах захирамж гарсан ч техникийн үйл ажиллагааны улмаас гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг ирүүлсэн.

Тухайн хохирол хэний буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон нь тогтоогдоогүй. Харин “БК” ХХК тухайн үед нь засвар үйлчилгээг хийж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын зааж зөвлөсний дагуу солих ёстой тоног, төхөөрөмжийг сольж явсан. Тиймээс “БК” ХХК үүргээ зөрчиж, түүний улмаас даатгуулагчид хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй.

“Б” ХХК-ийн хувьд хамгийн түрүүнд хэн буруутайг тогтоолгож, түүний дараагаар буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг буцаан гаргуулах боломжтой гэж үзэж байна. “БК” ХХК-ийн хувьд даатгалын тохиолдол бий болоход ямар нэгэн байдлаар үүргээ зөрчсөн, буруутай гэх баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “БК” ХХК-д холбогдуулан учирсан хохиролд 14 962 700/арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “БК” ХХК нь даатгалын тохиолдол бий болоход ямар нэгэн байдлаар үүргээ зөрчсөн, буруутай гэх баримт байхгүй гэж маргасан.

 

          2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэгт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

“Б” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Мөнгөншагай, “Мон-Укр” ХХК-тай 1/нэг/ жилийн хугацаатай “Эд хөрөнгийн даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ-1” гэх/, иргэн Н.Хандсүрэнтэй 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1/нэг/ жилийн хугацаатай “Эд хөрөнгийн даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ-2” гэх/ байгуулсан болох нь № 10103000793 Эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааны хуулбар, № 10103000792, № 10103000798 Эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгаагаар тогтоогдож байна.

 

Б.Мөнгөншагай, “Мон-Укр” ХХК, Н.Хандсүрэн нар нь ханын цаас, хүрээ, цавуу, барилгын материалын худалдаа эрхлэхээр хариуцагчийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл талбай түрээсэлсэн болох нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн № 18А/010 Тодорхойлолт, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн № 18А/029, № 18А/031, № 18А/032 Тодорхойлолтууд, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээний болон 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Б.Мөнгөншагай, “Мон-Укр” ХХК, Н.Хандсүрэн нар нь хариуцагчийн “Атлас” худалдаа, үйлчилгээний төвд худалдан борлуулж байгаа эд хөрөнгөө гал түймэр дэлбэрэлтийн аюул осол, байгалийн аюул ослын эрсдэл, сантехникийн ус алдалтын ослын эрсдэл, цахилгаан осол гэмтлийн эрсдлээс даатгуулсан болох нь № 10103000793 Эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааны хуулбар, № 10103000792 болон № 10103000798 Эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... төрөлтэй байна.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн Б.Мөнгөншагай, “Мон-Укр” ХХК, Н.Хандсүрэн нартай байгуулсан Гэрээ-1, Гэрээ-2 нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагчийн “Атлас” худалдаа, үйлчилгээний төвд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 08 цаг 40 минутад даатгалын тохиолдол бий болж уян холбоос задарч ус алдсаны улмаас даатгуулагч Б.Мөнгөншагайд 8 239 500/найман сая хоёр зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирч нэхэмжлэгч нь нөхөн төлбөрт 8 239 500/найман сая хоёр зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн № B/157 Нөхөн төлбөр олгох тухай тушаал, №0311803723 Нөхөн төлбөрийн шийдвэр, ХҮТ №5-ын 40 дугаар Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтийн хуулбар, “Богд Банк” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн “Атлас” худалдаа, үйлчилгээний төвд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 06 цагт даатгалын тохиолдол бий болж халаалтын Ф100 оруулгын шугам цоорч ус алдсаны улмаас даатгуулагч Б.Мөнгөншагайд 1 760 500/нэг сая долоон зуун жаран мянга таван зуу/ төгрөгийн, даатгуулагч Н.Хандсүрэнд 2 278 200/хоёр сая хоёр зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийн, даатгуулагч “Мон-Укр” ХХК-д 2 684 500/хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирч нэхэмжлэгч нь нөхөн төлбөрт Б.Мөнгөншагайд 1 760 500/нэг сая долоон зуун жаран мянга таван зуу/ төгрөгийг, даатгуулагч Н.Хандсүрэнд 2 278 200/хоёр сая хоёр зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг, даатгуулагч “Мон-Укр” ХХК-ийн хүсэлтээр Ц.Мөнхбатад 2 684 500/хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн № B02/0323 Нөхөн төлбөр олгох тухай, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн № B/284 Нөхөн төлбөр олгох тухай тушаал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № B/291 Нөхөн төлбөр олгох тухай тушаал, №0311806995, №0311806567, №0311806605 Нөхөн төлбөрийн шийдвэр, ХҮТ №5-ын Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт, нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн болон 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь даатгуулагч нарт гэм хорын хохиролд нөхөн төлсөн нийт 14 962 700/8239500+1760500+2278200+2684500=14962700/ /арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь даатгуулагч Б.Мөнгөншагай, “Мон-Укр” ХХК, Н.Хандсүрэн нартай Түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн № 18А/010 Тодорхойлолт, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн № 18А/029, № 18А/031, № 18А/032 Тодорхойлолтууд, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээний болон 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Атлас” барилгын материалын худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т “Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 288.1.3-д “... хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх;”, 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.

 

Хариуцагчийн “Атлас” худалдаа, үйлчилгээний төвд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 08 цаг 40 минутад уян холбоос задарч, мөн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 06 цагт халаалтын Ф100 оруулгын шугам цоорч ус алдсаны улмаас даатгалын тохиолдол бий болсон болох нь ХҮТ №5-ын 40 дугаар Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтийн хуулбар, ХҮТ №5-ын Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн “Атлас” худалдаа, үйлчилгээний төвд 4/дөрөв/ сарын хугацаанд 2/хоёр/ удаа ус алдсан байх ба Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.3, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ус алдсан гэх үндэслэлтэй болох нь ХҮТ №5-ын 40 дугаар Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтийн хуулбар, ХҮТ №5-ын Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт Б.Мөнгөншагай, Н.Хандсүрэн, “Мон-Укр” ХХК-ийн хүсэлтээр Ц.Мөнхбат нарт нийт 14 962 700/арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн нь хариуцагчийн эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш нийт 4 879 000/дөрвөн сая найман зуун далан есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий даатгалын зүйл буюу ханын цаасыг даатгуулагчаас шилжүүлэн авч, нийт 1 463 700/нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Барилгын материалын Атлас төвөөс хураан авсан обойноос ажилчдад өгсөн тоо гэх баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн даатгуулагч нарт нөхөн төлсөн 13 499 000/14962700-1463700=13499000/ /арван гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь 1 463 700/нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийн хохирлоо барагдуулсан байх тул хариуцагч нь уг хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БК” ХХК-иас нийт 13 499 000/арван гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдсэн 1 463 700/нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БК” ХХК-иас нийт 13 499 000/арван гурван сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдсэн 1 463 700/нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 225 445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ