Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК, /РД:*******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У******* түүний өмгөөлөгч Ч.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, гэрч Ц.О*******, шүүх нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. А******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А******* ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нөхөн авах тухай хүсэлтийн[1] дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр А******* ХХК-д Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Хүрэн-1 нэртэй 323.41 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгожээ.[2].

2.2. Хожим А******* ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 323.41 гектар талбай талбайн 156.71 гектар талбайг буцаан өгөх тухай хүсэлт гарсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 253 тоот шийдвэр гарч талбайн хэмжээг 166.70 гектар талбай болгон бүртгэжээ.[3]

2.3. А******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан цагаас 2021 оныг хүртэлх хугацааны Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө үүргээ хэрэгжүүлж байсан атлаа 2022 оны ээлжит төлбөрөө хуульд заасан хугацаанд төлсөн талаарх баримтыг холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй байна.

2.4.Ээлжит төлбөр төлсөн баримт ирүүлээгүйтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10/4043 дугаар албан бичгээр ...34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой... гэх мэдэгдлийг[4] А******* ХХК-д хүргүүлжээ.

2.5.Харин нэхэмжлэгч компаниас тухайн жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 тоот шийдвэрээр Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Хүрэн-1 нэртэй 166.70 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, уг шийдвэрээ 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/4470 дугаар албан бичгээр мэдэгджээ[5].

2.7. А******* ХХК-иас тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Б*******д 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 51/22 дугаар албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/5142 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн тул тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг[6] шүүхээс шаардлагыг нь тодруулсны[7] эцэст 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн[8], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших "Хүрэн-1" нэртэй жоншны уурхайд ашигт малтмал ашиглалтын МУ-******* тоот тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт хийж, 2019 онд баяжуулах үйлдвэр барин, ашигт малтмалын нөөцийг шинэчлэн тогтоон техник эдийн засгийн үндэслэлийг дахин шинэчлэн боловсруулж батлуулсан.

Гэвч, манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу ковид-19 цар тахлын нөлөөлөл, уг нөлөөллийн улмаас гаргасан Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор манай компани төлөвлөсний дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Дэлгэрүүлбэл, 2020, 2021 онуудад нийслэл хотод нийтдээ 9 (ес)-н удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, ийнхүү бүрэн болон хэсэгчилсэн хязгаарлалтын Дэглэмд манай компани МV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг компанийн дүрэмд заасан зорилгын дагуу ашиглан, төлөвлөсөн төслийн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн ковид-19 цар тахлын улмаас компанийн үүсгэн байгуулагч болоод хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага нь манай улсын хилээр орж ирэх боломжгүй байсан ба, үүнээс шалтгаалан компанийн шаардлагатай хөрөнгө оруулалтаа татан төвлөрүүлж чадаагүй, хөрөнгө оруулалт зогссоноос бид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь дан ганц манай улс, манай компанид хамааралтай бус бүх л улс үндэстэн, нийт аж ахуйн нэгж, иргэдэд хамааралтай гэж үзэж байна.

Энэхүү нөхцөл байдлаа бидний зүгээс Ашигт малтмал газрын тосны газарт тухайн үед нь албан тоотоор хүргүүлэн тайлбарлаж байсан. Ингээд бид энэ оноос эхлэн компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар холбогдох бичиг баримтын бүрдлийг ханган зөвшөөрлийг авч, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад, орон нутагт холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байгаа болно. Тухайлбал, манай компани энэ оны байдлаар 1,224,235,415 төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд баяжуулах үйлдвэр болон техник хэрэгслийг худалдан авахад 1,216,028,200 төгрөгийн урт хугацааны зээл авсан байдаг.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр ашигт малтмалын лицензийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн эзэмшдэг ашигт малтмал ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг бидэнд мэдэгдсэн.

Уг шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах заалт буюу "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." гэсэн заалтыг зөрчиж, компанийн холбогдох хүмүүст мэдэгдэлгүйгээр шууд шийдвэр гаргасан байна. Мөн үүнтэй холбоотойгоор тус хуулийн 56.3; 56.4 дэх заалтын тус тус зөрчиж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтний тайлбараар манай компанийн бүртгэлтэй утас руу холбогдох гэсэн боловч утаснууд нь холбогдох боломжгүй байсан гэх тайлбарыг өгсөн. Гэвч бодит байдал дээр тус утасны дугааруудыг эзэмшдэг захирал, хөрөнгө оруулагч нар нь БНХАУ-ын иргэд бөгөөд ба ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас манай улсад байгаагүй, улсын хилээр орж ирээгүй байсан. Гүйцэтгэх захирал ажилтай миний гар утасны дугаар руу лицензийг цуцалсны дараа утасдаж мэдэгдсэн болно. Ийнхүү бидэнд мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсанд нь, мөн одоогийн Засгийн газрын баримталж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн ажиллах зорилт зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн "А*******" ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гадаад хөрөнгө оруулалттай компани, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. Ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч компанийн үйл ажиллагаа тодорхой хугацаанд тасалдсан. Энэ нэхэмжлэгч компани гэхээс илүүтэйгээр эрх бүхий байгууллагын шийдвэртэй холбоотой агаарын болон төмөр замаар, явганаар зорчих хөдөлгөөн хязгаарласантай холбоотой нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагууд манай улсад зорчин ирж, компанийн ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсон. Маргаан бүхий 09 дүгээр сарын 06-ны өдрийн акттай холбоотой хариуцагч байгууллагын зүгээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар авагдсан гээд байгаа хаягаар тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөр төлөгдөөгүй гэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн байдаг. Үүний дараа хариуцагч компани сая дурдсан тусгай зөвшөөрлийг цуцалсны дараагаар цуцалсан тухай мэдэгдлээ одоо энэ компанийн бүртгэлтэй байгаа хаягаар хүргүүлсэн. Үүнээс өмнөх хаяг нь уурхайн байсан. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Хүрэн-1 нэртэй жоншны уурхайн үйлдвэрийн хаягаар мэдэгдсэн байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард нэхэмжлэгч компанийн хаяг өөрчлөгдсөн. Бүртгэл дээр Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо гэдэг хаягаар авсан байгаа. Энэ хаягаар цуцалсныхаа дараах мэдэгдлийг хүргэсэн. Одоо гүйцэтгэх удирдлагын зүгээс 2022 оны 2 сар, 10 сард хариуцагч компанид тодорхой албан тоотууд, хүсэлтүүдийг өгч байсан. Өнөөдөр шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Хүрэн-1 нэртэй жоншны ордыг ил аргаар ашиглах уурхай ашиглалтад хүлээлгэн авах улсын комиссын актуудыг гаргуулаад, холбогдох дүгнэлтүүд, тайлан төлөвлөгөөг гаргаад хүргүүлээд явж байсан. Төлбөр төлөөгүй асуудал дээр тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч компанийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага ажиллаж байсан н.Тогосоо гэж хүний Монгол Улсын хилээр орсон, зорчсон эсэх лавлагааг авсан. 2019-2022 оныг хүртэл хугацаанд Монгол Улсад орж ирээгүй гэдэг лавлагаа нь хавтаст хэрэг авагдсан. Тийм учраас энэ нөхцөл байдлаас хамааран тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлтөд хүндрэл гарсан. Цуцалсан гэдгийг мэдсэний дараагаар нэхэмжлэгч компани тухайн жилийнхээ тусгай зөвшөөрлийн алдангийг төлсөн. Өнөөдрийн тухайд ямар нэгэн байдлаар төлбөрийн үлдэгдэл байхгүй. Дараагийн үндэслэл нь нэхэмжлэгч компаниас Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулж авсан. Энэ гэрчилгээ дээр тодорхой баримтуудыг үндэслэл болгон энэ нөхцөл байдлыг танхим гэрчилдэг. Тухайн үеийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагууд н.Тогосоотой хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээ байгуулах гол үндэслэл, нөхцөл байдал нь энэ компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг нь холбогдох нөхцөл байдлыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага дээр цаг хугацаанд нь гаргаж өгөх, төлбөрийг төлөх гэдэг агуулга хөдөлмөрийн гэрээнд нь үндэслэл бүхий болсон. Монгол Улс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр агаарын болон зорчих хөдөлгөөнүүдийг сэргээсэн, хэвийн үйл ажиллагаа эхэлсэн хэдий ч Бүгд Найрамдах Хятад Ард Улсаасаа Монгол Улс руу агаарын болон хуурай замаар зорчих нөхцөл байдал нь бүхэлдээ хязгаарлагдсан нөхцөл байдал байсан. Дараагийн асуудал нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг компанийн менежерээр ажиллаж байсан Ц.О******* руу тухайн үед нь шилжүүлдэг байсан. Тухайлбал 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдөр, 2020 оны 07 дугаар сарын 22, 2021 оны 07 дугаар сарын 20, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гээд ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг компанийн менежерээр ажиллаж байсан Ц.О*******ын данс руу шилжүүлдэг, Ц.О******* нь цаашаа төрийн захиргааны байгууллагын дансанд шилжүүлдэг байсан. Ц.О*******ын тухайд эрүүл мэндийн шалтгааны улмаас, жирэмсэн, жирэмсний эмчийн хяналтад ороод явж байсан. Энэ нөхцөл байдлыг эрүүл мэндийн шалтгаантай байсан, хайхрамжгүй үйлдлээсээ болоод хугацаанд нь төлж чадаагүй ийм асуудлууд байгаа юм байна лээ. Энэ компани дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани үйлдвэрийн шинэ технологи, техник хэрэгслийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотой төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйлдвэртээ хийсэн. 2022 оны 02 дугаар сар болоод 10 дугаар сард өгсөн компанийн албан бичгүүд дээр ч тэр, одоо энэ компанийн хаяг албан бичиг, хэвлэмэл хуудас дээр нь хуулбарлагдаад тавигдсан байгаа. Хамгийн сүүлийн мэдэгдлээ хэвлэмэл хуудас дээр дурдагдсан хаягаар Дорноговь аймгийн Айраг сумын үйлдвэрийн хаягаар хариуцагч төрийн захиргааны байгууллага хүргүүлсэн байгаа. Тийм учраас татгалзлын үндэслэлдээ төрийн захиргааны байгууллагад хуулийн этгээдийн хаяг өөрчлөгдсөн тухай бүр мэдэгдэх гэдэг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4043 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд "...дээрх заалтыг зөрчиж компанийн холбогдох хүмүүст мэдэгдэхгүйгээр шууд цуцлах шийдвэр гаргасан" гэж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Манайх ганц А******* биш 3, 4 мянган тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй. Программ дээр маань 07 дугаар сарын 27-нд төлөөгүй байна гэсэн мэдээлэл гарч ирсэн учраас хариуцсан Кадастрын хэлтсийн мэргэжилтэн мэдэгдэл өгсөн. Энэ нь 08 дугаар сарын 12-ны өдөр буцаалт хийгээд ирсэн байдаг. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Танайх мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, манайх мэдээгүй гэж. Гэхдээ хайгуул 12 жил яваад, дараагаар нь ашиглалтад орчихсон компани. Жил болгон 07 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлдөг гэдгээ манай төрийн захиргааны байгууллагаас мэдэгдэл очсон очоогүй төлөөд, энэ үүргээ биелүүлэх л үүрэгтэй. Энэ дээр хаягийн маргаан гараад байна. Манайх 34.6-д заасан алдангитай хугацаанд нь төлүүлье гэдэг үүднээс тэр үед ажиллаж байсан хүн нь Улаанбаатарт байх оффисын хаягаар нь хүргүүлсэн байх. Хэд хэдэн утаснуудыг дотоод хяналтын хуудас дээр бичсэн байдаг. Орох эрх нь хаагдсан, боломжгүй, биш гээд. Тийм учраас утсаар ч гэсэн мэдэгдэх гэж бичсэн байдаг. Энэ бол тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас дээр байгаа. Цуцалсан тухай мэдэгдлийг үйлдвэрийнхээ хаягаар хүлээж авч мэдсэн. Тэрнээс хойш шүүх дээр ирсэн явж байна. Тэгээд эднийх бол манайх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, захиргааны байгууллага хүндэтгэн үзэх шалтгааныг маань сонсож үзэлгүйгээр шийдвэр гаргаад тусгай зөвшөөрлийг маань цуцалчихлаа, бид нар мэдээгүй байсан гэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 тоот шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийн хамтаар төлбөрөө төлөх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд заасан байна.

Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч "А*******" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй..." үндэслэлээр цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 23 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. Мөн түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд ковид-19 цар тахлын улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

4.2.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.

4.3.Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч "А******* ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд буюу 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй, улмаар хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар нэмж 30 хүртэл хоног буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор алдангийн хамт төлөх боломжтой байтал уг хугацааг хэтрүүлэн маргаан бүхий актыг гардан авсан даруй 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн байна.[9]

4.4.Харин энэхүү тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаа хожимдуулсан төлсөн талаар шүүхээс холбогдох ажиллагаа хийхэд хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4043 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай[10] албан тоотыг "А******* ХХК-ийн албан ёсны хаяг руу хүргүүлээгүй атлаа 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрээ тус компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн.

4.5.Өөрөөр хэлбэл хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Захиргааны акт, ...гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно... үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгэн маргаагүй болно.

4.6.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч "А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс өөрийн компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 он хүртэл А******* ХХК-д захирлын туслах, менежерийн албан тушаал эрхэлж байсан Ц.Оюунтуяад шилжүүлсэн боловч тэрээр уг мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...Тухайн үед би жирэмсэн байсан. 2022 оны 07 дугаар сарын 22-нд 4,500,000 төгрөг орж ирсэн, ...ашигт малтмалын төлбөр гэдгийг нь анзаараагүй...гэх мэдүүлэг,[11] Хаан банкны тоот дансны хуулга зэргээр[12] тогтоогдлоо.

4.7.Мөн нэхэмжлэгч "А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоолоор Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч улсын иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоох-оор шийдвэрлэж,...шийдвэрийн хэрэгжилт 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өдрийн 260 дугаар тогтоолоор мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгагдаж, улмаар "А******* ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Taogesi нь тус давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуульд заасан Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон.

4.8.Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дахь заалт, мөн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2.1-д заасныг тус тус үндэслэн дээрх нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь "А******* ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж, 2023 оны 05 дугаар сарын 11ий өдөр 02/159 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ олгосон.

4.9.Энэ баримтаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.10Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь, давагдашгүй хүчин зүйл, шүүхийн шийдвэр,... үйл ажиллагааг зогсоохдоо геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ..." баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, тус байдлын үнэн зөвийг дахин магадлах шаардлагагүй гэж үзсэн болно.

4.10.Иймд нэхэмжлэгч компанийн захирал БНХАУ-ын иргэн Taogesi өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан хэдий ч түүнээс шалтгаалахгүй Дорноговь аймгийн айраг сумын нутагт орших Хүрэн 1 нэртэй жоншны уурхайн ашиглалтын 323.41 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2022 оны ээлжит жилийн төлбөрийг хугацаанд төлөөгүй дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР