Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0566

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0457 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0039/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0457 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдсан үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4043 дугаар албан бичгээр Кадастрын систем дэх албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 15-14 тоот хаягаар хүргүүлэхэд шуудангийн буцалтаар ирсэн.

Гэтэл “А” ХХК нь өөрийн албан ёсны хаягаа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Айраг сум 1 дүгээр баг, Нард гэж өөрчилсөн бөгөөд энэ тухайгаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ирж бүртгүүлээгүй байна. Энэ тохиолдолд мэдэгдэл хүргүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

3.2. Тус компанийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчээр Taogesi, Fengdong, Fu, Guiging гэсэн 4 иргэн бүртгэлтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Хил хамгаалах газраас зөвхөн Taogesi-гийн Монгол Улсын илээр орсон, гарсан тухай тодорхойлолт авчээ. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үед бусад хувьцаа эзэмшигч нар Монгол Улсад байсан эсэх талаар лавлагаа аваагүй. Үүнийг шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тухайн компанийн ажилтан Ц.Од тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлүүлэхээр 2018 оноос хойш жил бүр 07 дугаар сард шилжүүлдэг, Ц.О ч төлбөрийг тухай бүрд нь төлдөг нь харагдаж байна. Гэтэл 2022 оны төлбөр өөрийнх нь дансанд орж ирсэн талаар мэдээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр “А” ХХК-д Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Хүрэн-1” нэртэй 323.41 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017559 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “А” ХХК-ийн хүсэлтээр түүнд нөхөн олгожээ.

3.1. Мөн “А” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг 166.70 гектар болгон багасгаж бүртгэсэн байна.

3.2. Нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2014-2021 оныг хүртэл төлж ирсэн боловч 2022 оны төлбөр төлсөн баримтаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4043 дугаар “... төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой ...” гэсэн агуулга бүхий албан бичгийг “Айваору”-д хүргүүлсэн байна.

3.3. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 23 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Хүрэн-1” нэртэй 323.41 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын MV-017559 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалснаар энэхүү маргаан үүсжээ.

3.4. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/4043 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “А” ХХК-ийн оршин байгаа хаягаар хүргүүлээгүй, шуудангийн буцаалт ирсэн байхад нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг хэтрүүлээгүй, мэдэгдэлд заасан үндэслэлийг арилгах боломж олгоогүй байна.

4.2. Нэхэмжлэгч компани нь өөрийн албан ёсны хаягаа өөрчилсөн талаар Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдээгүй хэдий ч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлбөрөө төлөөгүй гэж шууд буруутгаж болохгүй.

4.3. Нөгөөтэйгүүр хариуцагчаас мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг нэхэмжлэгчийн оршин байх хаягт хүргүүлээгүй, өөр хаягт хүргүүлж буцаалт хийгдсэн атлаа тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь цуцлахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар мэдэгдэл хүргүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна.

4.4. Тус компанийн захирал, хувьцаа эзэмшигч Taogesi нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монгол Улсад ирэх боломжгүй байсан нь “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ-ын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/159 дүгээр “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-ээр тогтоогдож байна.

5. Түүнчлэн компанийн удирдлагаас  Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Хүрэн-1” нэртэй 166.70 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-017559 дугаартай тусгай зөвшөөрлийн 2022 оны жилийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тухайн үед захирлын туслах, менежерээр ажиллаж байсан Ц.Огийн Хаан банкны дансаар шилжүүлсэн боловч тэрээр захиргааны байгууллагад төлөөгүй болох нь түүний “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4,500,000 төгрөг орж ирсэн боловч ашигт малтмалын төлбөр гэдгийг нь анзаараагүй” гэсэн гэрчийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчийн төлбөр төлөх хугацаа 08 дугаар сарын 27-ны өдөр дуусаж байгаа. Гэтэл 09 дүгээр сарын дундуур төлсөн байдаг” гэж тайлбарлаж байна.

5.1. Нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн 2014-2021 оны жил бүрийн төлбөрийг бүрэн төлсөн, 2022 оны ээлжит жилийн төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, цаашид үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байх тул мэдэгдэл авснаар төлбөр бүрэн төлөгдөх боломжтой байсан үйл баримтыг харгалзаж үзсэнийг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Хариуцагчаас “... “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчээр 4 иргэн бүртгэлтэй байхад зөвхөн Taogesi-гийн Монгол Улсын хилээр орсон гарсан тухай тодорхойлолт авч бусад этгээдийн лавлагааг аваагүй буюу нотлох баримт дутуу бүрдүүлсэн ... Тус компанийн ээлжит жилийн төлбөрийн талаар Үндэсний шуудан сонинд нийтлүүлэхээр цахим шуудан илгээсэн байхад анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг дутуу цуглуулсан” гэжээ.

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

6.2. Нэхэмжлэгчээс тус компанийн хувьцаа эзэмшигч Fengdong, Fu, Guiging нарыг тухайн үед Монгол Улсад байгаагүй талаар, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “А” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын төлбөртэй холбоотойгоор сонинд нийтлүүлээгүй талаар маргаагүй байх тул шүүх энэ талын нотлох баримтыг цуглуулах нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ