Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/01002

 

2023 3.31 183/ШШ2023/01002 улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух хаягтай, Б овогт С.Д /РД:..../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... хороо, .......... ХХК-ний ... тоот хаягт байрлах, М.М ХХК /РД:........./-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 562,500 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх болон дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн, 5,696,590 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Д нь Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 562,500 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх болон дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн, 5,696,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан үндсэн шаардлагадаа: С.Д миний бие 2019 оны 12 сарын 17-ны өдрөөс тус компанийн барилгын талбайд Архитекторын албан тушаал, ажлын байранд анх томилогдон ажиллаж эхэлсэн. Компанитай 2019 оны 12 сарын 17-ны өдрийн №120, 2022 оны 01 сарын 2-ны өдрийн №58/22 тоот гэрээнүүдийг тус тус байгуулсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын байрны тодорхойлолт гэх баримт бичгүүд огт танилцуулж байгаагүй болно. Би 2015 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Архитектор мэргэжлээр, 2019 онд Тайвань улс дах Үндэсний Формаса их сургуулийг Үйлдвэрлэлийн менежментийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн мэргэжлийн ажилтан юм. Тус компанид ажиллах хугацаандаа даалгасан ажил үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэж ирсэн ба барилгын талбайд баригдаж байгаа зургаан барилгаас хоёр барилгыг нь амжилттай хүлээлгэн өгөхөд хувь нэмрээ оруулж ажилласан. Улмаар 2022 оны 02 дугаар сараас миний үндсэн цалин хөлсийг нэмсэн бөгөөд миний зүгээс үүнийг ажлын үр дүнд өгч байгаа үнэлэмж гэж үзэж байгаа. Гэтэл 2022 оны 11 сарын 14-ний өдөр намайг барилгын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад компанийн оффисоос хүний нөөцийн ажилтан Алтанзагас утасдаж тушаал гарсан, ирж ав гэж мэдэгдсэн. Би ажлаа хийж байсан тул орой нь компанийн унаагаар надад хүнээр дамжуулан өгсөн. Гэтэл 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 11/11/22-189Б дугаартай намайг 2022.11.14-ний өдрөөс ажлаас чөлөөлж байна гэх агуулгатай дэд захирал Ч.Лийн гарын үсэгтэй тушаал өгсөн. Өөрөөр хэлбэл тушаал гаргаад дараагийн ажлын өдрөөс намайг ажилдаа ирэх шаардлагагүй гэснээс гадна хууль тогтоомжид заасан ямар ч олговор олгохгүй, шууд яв гэж ажлын байрнаас хөөж, байж боломгүй бүдүүлэг үйлдэл гаргасан. Тус тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг заасан байх бөгөөд энэ нь ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэх агуулгатай зохицуулалт байна. Ажлын байр, орон тоо халагдсан гэх шалтгаан нь ор үндэсгүй бөгөөд Нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлүүдээр М.М ХХК-ийн дэд захирал Ч.Лийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22/189Б тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Дээр дурдсанчлан Хариуцагч компани нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт бичиг өгч, танилцуулж байгаагүй. Ийм учраас би шууд удирдлага буюу төслийн менежер К.М, дэд захирал Ч.Л нарын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж ирсэн. 2. Ажил олгогчийн гүйцэтгэх захирал С.Ф, дэд захирал Ч.Л нар нь ажлаас чөлөөлсөн 11/11/22-189Б тушаалаа тайлбарлахдаа нэхэмжлэгч намайг төслийн менежер К.М гэж хүнд таалагддаггүй учраас ажлаас халж байгаа гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл тушаал дээр бичсэнээсээ огт өөр үндэслэлээр намайг халж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. К.М нь миний ажиллаж буй төслийн менежер бөгөөд доод ажилтнуудтайгаа бүдүүлэг харилцдаг, ажлын байран дээр орилж хашхичих зэргээр хэвийн бус авирладаг. Бусдыг ажил үүргээ гүйцэтгэж байхад элдвээр зандрах, дарамтлах үйлдэл байнга гаргадаг. Би болон бусад Монгол, Гадаад ажилтнууд энэ талаар элдэв гомдол гаргалгүй өдийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ үйл баримтыг төслийн талбайд хамт ажилладаг Монгол ажилчдаас гэрчийн мэдүүлэг авч нотлох боломжтой. Гэтэл 2022 оны 8 сарын үед намайг К.Мтэй маргалдсан (энэ хүнтэй маргалдаж байсан тохиолдол байхгүй) гэж сануулга өгч байна гэх агуулгатай нэг хуудас цаас өгсөн. Ингээд би энэ хүний үзүүлж байгаа сэтгэлзүйн дарамт, ялгаварлан гадуурхалд гомдол гаргалгүй ажилласныхаа төлөө сахилгын шийтгэл хүртэл авсан. Ажил олгогч нь ийм сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг надад өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу надад урьдчилан мэдэгдэх, миний тайлбарыг авах гэм мэт ямар ч ажил хийгээгүй, миний ажиллах орчин ямар байгааг асуугаагүй, надад шударга хандаагүй. Энэ сануулах сахилгын шийтгэл өгч байна гэх агуулгатай албан бичгийг би гээгдүүлсэн тул Компаниас нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргах боломжтой. Иймд, Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн ажлаас халсан тушаал нь бодит үнэнд нийцээгүй, үндэслэлгүй байх тул С.Д намайг урьд эрхэлж байсан барилгын талбайн Архитекторын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 562,500 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлд холбогдуулан иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь ажил эрхлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусахыг хүлээж байгаа юм. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Иймд 2022 оны 11 сараас 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал нийт ажлын 61 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,696,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 6373821 регистрийн дугаартай М.М ХХК- д холбогдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажиллаж байсан хугацааны цалин хөлс 562,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан. 2023 оны 2 дугаар сарын 27-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 5,695,590 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан. Үйл баримтын хувьд С.Д 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдрөөс тус компанид архитектур гэдэг албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ажилтан ажил олгогч хоёрын хооронд 2019 оны 120, 2022 оны 5822 тоот тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Эдгээр хөдөлмөрийн гэрээнүүдэд хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт гэх зэрэг Хөдөлмөрийн тухай хуульд заасан стандартын шаардлага хангасан баримт бичгийг танилцуулж байгаагүй. Эргээд ажиллаж явж байхад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай дүүг барилгын талбай дээр ажиллаж байхад н.Алтанзагас гэж хүний нөөцийн ажилтан төв оффис дээрээ дуудаад тушаал гарсан ирж ав хэлсэн байдаг. Энэ яг юуны тушаал вэ гэдгийг хэлээгүй, ажил тарсны дараа очоод авахад 2022 оны 11 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаас чөлөөлж байна гэх агуулгатай хавтаст хэрэгт авагдсан Ч.Л гэх гарын үсэгтэй баримтыг нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид анх удаа мэдэгдлээ гардуулсан байдаг. Мэдэгдлээ өгөөд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу ирэх даваа гаригаас ажилдаа ирэх шаардлагагүй гэсэн шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр шийдвэр хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна: Үүнд орон тоо, ажлын байр цөөрсөн талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийгөө халагдаж байна гэж бодсон, олон хүн халагдаж байна гэж мэдээлэл аваагүй байдаг. Төслийн менежер н.Мустафа элдэв янзаар дарамталдаг талаар нотлох баримтад авагдсан. Дээрээс нь нэхэмжлэгчид сануулах шийтгэлийг өгөх үед маргалдсан гэх боловч баримт байдаггүй. Үүнээс хойш удаа дараа хавчих, ажлын байрны дарамт үзүүлэх ийм үйлдэл гарсан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласныг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Компани тухай хууль, үүсгэн байгуулах баримт бичигт заасан эрх бүхий этгээдийг шинэчлэн баталсан, цомхотгол хийсэн талаар мэдээлэл өгөөгүй, сая шүүх хуралдаан дээр өгсөн нотлох баримтаас төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг даалгаврыг биелүүлдэг гүйцэтгэх захирлын зүгээс орон тоо цомхотгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар нотлох баримтуудаас олж харахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэдэгдэх хугацааг зөрчөөд 3 сар өнгөрч байна. анхнаасаа ажлаас чөлөөлөх тушаалаа хуульд заасан үндэслэл, журмаар гаргаагүй мэдэгдээгүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

3.Хариуцагч М.М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Дгийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий хариу тайлбарыг гаргаж байна. М.М ХХК нь ажилтан С.Дг үндэслэлгүй халаагүй, харин орон тооны цомхотголоор халсан. Манай компани нь Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Залаатын аманд аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг МАК ХХК-ийн захиалгаар тэдний сонгосон Архитекторын зураг төслөөр гүйцэтгэх төслийг 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр захиалагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг төслийн барилгын ажлын талбай дээрх бүх ажлыг Төслийн удирдагч Швейцари улсын иргэн М.К хариуцан ажиллаж, энэ төслийн удирдагчийн эрх хэмжээнд барилгын төсөв, зарцуулалтыг үр дүнтэй, оновчтой байлгахын тулд санаачилгатай, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, ашиглах, оновчтой техникийн шийдлүүд, материал сонголт, хүн хүчний хуваарилалт, зохион байгуулалт зэрэг багтдаг. Тэрээр энэ эрх хэмжээнийхээ хүрээнд энэ төслийн ажилд илүүдэлтэй буюу шаардлагагүй болсон зарим орон тоонуудыг /архитекторч, кранчин, мужаан/ цомхотгох саналыг компанийн гүйцэтгэх удирдлагад 2022.10.28-ны өдөр ирүүлсний үндсэн дээр тухайн орон тоонуудыг цомхотгох тухай компанийн гүйцэтгэх удирдлагын багаас шийдвэр гаргасан ба тэр цомхотгох орон тоонд С.Дгийн ажлын байр нь цомхотгогдсон учир түүнтэй байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан 58/22 дугаартай Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болгож, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Компанийн энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.М ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. М.М ХХК нь Залаатын аманд аялал жуулчлалын цогцолборын барилга барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн удирдагчаар Швейцари улсын иргэн М.К ажилладаг бөгөөд төслийн удирдагчийн эрх хэмжээнд барилгын төсөв, зарцуулалтыг үр дүнтэй, оновчтой байлгахын тулд санаачилгатай, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, ашиглах, оновчтой техникийн шийдлүүд, материал сонголт, ажиллах хүчний зохион байгуулалтыг өөрчлөх, нэмэх, хасах, зураг төсөлд өөрчлөлт оруулах зэрэг эрхүүд багтдаг. Төслийн удирдагч М.К энэ эрх хэмжээнийхээ хүрээнд төслийн ажилд илүүдэлтэй буюу шаардлагагүй болсон зарим орон тоонуудыг цомхотгох саналыг компанийн гүййцэтгэх удирдлагад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсний үндсэн дээр тухайн орон тоонуудыг цомхотгох тухай компанийн гүйцэтгэх удирдлагын багаас шийдвэр гаргасан ба тэр цомхотгох орон тоонд Албани, Косова улсын иргэдийн ажлын байрууд болон Монгол Улсын иргэдийн ажлын байрууд багтсан. Энэ цомхотгосон ажлын байрны нэг нь С.Дгийн ажлын байр байсан бөгөөд тэдгээр иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр дуусгавар болгож цуцалсан. Компанийн энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. М.М ХХК нь Монгол улсын хуулиуд болон Компани тухай хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд юм. Компани тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 болон Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд заасан заасан ашгийн төлөө үндсэн зорилготой хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Тиймээс Компани тухай хуульд хязгаарлагдмал хариуцлагатай компани хувьцаа эзэмшигч нь өөрөө гүйцэтгэх захирлаа хийж болно, мөн төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэсэн заалтууд байдаг. Тэгэхээр бүх компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байх шаардлагагүй бөгөөд байхгүй төлөөлөн удирдах зөвлөлтэй гүйцэтгэх захирал гэрээ байгуулна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас гүйцэтгэх захирал Компани тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компани өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий субъект юм. Компани өдөр тутмын үйл ажиллагаанд ажилтан ашиг олгох, алдагдал хүлээх бүх зүйл хамаарна. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх захирал Ламурсифаж төслийн удирдагч М гэдэг хүнийг төслийн удирдагчаар томилсон. Томилогдсон энэ албан тушаалтан нь гүйцэтгэх захиралд олгогдсон эрх хэмжээний хүрээнд төслийн ажлын зохион байгуулалтыг хийсэн. Үүнд ямар орон тоог хасах уу, ямар материалыг авах уу гэх ажлуудыг өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Нэгэнт ашгийн төлөө хуулийн этгээд тул зардлаа хэмнэх ёстой. Нэг ажлыг 3 хүн хийж байгаа, мөн 16 давхар барилга баригдахаа больсон тул илүүдэлтэй орон тоог хасах саналаа гүйцэтгэх захиралд мэдэгдсэн. Гүйцэтгэх удирдлага үүнийг нь хэлэлцээд 7 хүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй, компани ийм эрхтэй. Компани зүгээс ямар орон тоотой байх эсэхээ шийдэх эрхтэй, үүнийг тогтоосон, хязгаарласан ямар нэгэн зохицуулалт Компани тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Компани захирал Ламурсифажаас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслээд С.Дг орон тооны цомхотголоор 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөх болсноо дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс миний дүү уйлаад над руу ярьсан гэж байгаа нь нотлогдож тогтоогдохгүй. Яагаад гэвэл 5 гадаад иргэнийг ажлаас чөлөөлөгдөх тушаал 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр гараад ажилдаа ирэхгүй байгааг С.Д мэдсэн. Ажлаас халагдсан хүмүүс Залаатын аман дах ажлын байр луу орох эрхгүй байдаг талаар ажилчдын хурал дээр тайлбарлаад 5 хүн цомхотголд орсон гэдгийг мэдэгдээд, одоо 2 хүн гарж байгааг мэдэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр баримт дээр үндэслэж гарах байх гэж бодож байна. Уйлж эгч рүүгээ ярьсан, надад мэдэгдээгүй гэх баримт нотолгоогүй зүйл дээр үндэслэж шийдвэр гарахгүй байхаа гэж бодож байна. Ийм учраас нэгэнт хуулийн этгээд өөрийнхөө үндсэн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс илүүдэлтэй байгаа шаардлагагүй байгаа ажлын байруудыг цомхотгож 7 хүний ажлын байр цомходсон нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөөгүй, өөрөө гараараа бичсэн зүйлийн талаар ярьж байна. Угаасаа архитектурч гэдэг ажлын байрны тодорхойлолт байхгүй, ийм ажил энэ компанид байхгүй байсан. Ийм учраас архитектурч гэдэг орон тоог хөдөлмөрийн гэрээний хавсралт хэсэгт оруулж өгөөгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний хуудас болгон дээр С.Д гарын үсэг зурсан нь гүйцэтгэх удирдлага болон удирдлагын багийн гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй асуудал нь тухайн удирдлагын шийдвэрүүдээр зохицуулагдана гэсэн. Үүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан нь гэрээний бүх заалтыг биелүүлэх үүргийг хүлээж байна. Ийм учраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/2218189Б дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал хууль зүйн үндэслэлтэй тушаал гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-04/, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажил үүргийн хуваарь, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.М ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22-189Б дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, нэмэлт тайлбар, итгэмжлэл

хариуцагчаас итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хуулийн этгээдийн гэрчилгээ, М.М ХХК-ийн дэд захирлын 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 12/1/22-197Б дугаартай Тэтгэмж олгох тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22-189Б дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/07/22-86Б дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/11/22-2Т дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/11/22-4Т дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/11/22-3Т дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/11/22-5Т дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/11/22-1Т дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/11/22-1Т дугаартай тушаал, цахим гүйлгээний баримт, хариу тайлбар, нэмэлт тайлбар, М.М ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/112022/Т1 дугаартай Компанийн удирдах багийн шийдвэр, М.М ХХК-ийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18/8/2022/А1 дугаартай тушаалын хуулбар, М.М ХХК-ийн дэд захирлын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/10/22-170Б дугаартай тушаалын хуулбар, Төслийн удирдагч М.Кгийн ирүүлсэн Орон тоог багасгах тухай санал /орчуулгын хамт/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь М.М ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 562,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,696,590 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журам болон Ажлын байрны тодорхойлолт гэх баримт бичгүүд огт танилцуулж байгаагүй. 2022 оны 11 сарын 14-ний өдөр намайг барилгын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад компанийн оффисоос хүний нөөцийн ажилтан Алтанзагас утасдаж тушаал гарсан, ирж ав гэж мэдэгдсэн. Тушаал гаргаад дараагийн ажлын өдрөөс намайг ажилдаа ирэх шаардлагагүй гэснээс гадна хууль тогтоомжид заасан ямар ч олговор олгохгүй, шууд яв гэж ажлын байрнаас хөөж, байж боломгүй бүдүүлэг үйлдэл гаргасан. Тус тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг заасан байх бөгөөд энэ нь ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх агуулгатай зохицуулалт байна. Ажлын байр, орон тоо халагдсан гэх шалтгаан нь ор үндэсгүй. М.М ХХК-ийн дэд захирал Ч.Лийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22/189Б тушаал нь 1. Дээр дурдсанчлан Хариуцагч компани нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт бичиг өгч, танилцуулж байгаагүй. 2. Ажил олгогчийн гүйцэтгэх захирал С.Ф, дэд захирал Ч.Л нар нь ажлаас чөлөөлсөн 11/11/22-189Б тушаалаа тайлбарлахдаа нэхэмжлэгч намайг төслийн менежер К.М гэж хүнд таалагддаггүй учраас ажлаас халж байгаа гэж тайлбарласан. К.М нь сэтгэлзүйн дарамт, ялгаварлан гадуурхсан, дарамталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн өмнө танилцуулаагүй. Дэд захиралд ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрх хэмжээ байхгүй.

Иймд Архитекторын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 6,259,090 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч М.М ХХК  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Тус компани нь С.Дг үндэслэлгүй бус орон тооны цомхотголоор халсан. Уг төслийн барилгын ажлын талбай дээрх бүх ажил, ... хүн хүчний хуваарилалт, зохион байгуулалтыг хариуцдаг ч төслийн удирдагчаас ирүүлсэн саналын дагуу компанийн гүйцэтгэх удирдлагаас төслийн ажлын хүрээнд шаардлагагүй буюу илүүдэлтэй зарим орон тоонуудыг цомхотгох саналыг компанийн гүйцэтгэх удирдлагад ирүүлсэн тул компанийн удирдлагын багаас орон тоо цомхотгох шийдвэр гаргасан. Цомхотгох орон тоонд С.Дгийн ажлын байр орсон тул түүнд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. С.Д нь нэг сарын тэтгэмжийг авсан болох аваагүй талаар нэхэмжлэлдээ дурдаагүй тул тэтгэмжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 1 өмчлөгчтэй компани гэж тэмдэглэсэн байх тул удирдлагын зүгээс тус тушаалыг гаргах эрхтэй гэх үндэслэлээр няцаасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.1. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.2Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч С.Дгийн гомдол нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон харилцаа байх бөгөөд тэрээр хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэн шүүхэд шууд хандах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Д нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.М ХХК-ийн барилгын талбайд Архитекторын албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд ажил олгогчийн зүгээс түүнтэй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг тус тус хугацаагүйгээр байгуулжээ.

Харин М.М ХХК-ийн дэд захирлын 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 11/11/22-189Б дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тооны цомхотгол хийсэн гэх үндэслэлээр С.Дг уг тушаал гарсан өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. /хх-31/

М.М ХХК нь С.Дгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын дуустал төлж, бичилт хийсэн байна. /хх-42/

Хэрэгт авагдсан М.М ХХК-ийн дэд захирлын 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 11/11/22-189Б дугаартай тушаалаас үзэхэд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Дгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

5.Нэхэмжлэгч С.Д нь тус компанид архитекторын албан тушаалд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилогдон ажиллаж байсан, үндсэн орон тоонд ажиллаж байсан, ажилтанд ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

6.Нэхэмжлэгчээс М.М ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани биш болох нь opendata.burtgel.gov.mn цахим сайтаас харагдаж байх тул гүйцэтгэх захирал М.Кд тушаал гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй гэж тайлбар гаргасан.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8Гүйцэтгэх удирдлага нь ... компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж заасан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд Сефаж овогтой Фламурыг гүйцэтгэх захирлаар томилсон тухай бүртгэсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Зохигч тус компанийн дэд захирал Ч.Лийг тушаал гаргах эрхтэй эсэх талаар маргаагүй болно.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Д нь нэг сарын тэтгэмжийг авсан, аваагүй талаар нэхэмжлэлдээ дурдаагүй тул тэтгэмжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хуульд заасан хэмжээгээр тэтгэмжийг ажилтанд олгодог. Мөн нэхэмжлэгч нь тус тэтгэмжийг авсан эсэх талаар маргаагүй бөгөөд тэтгэмжийн талаар нэхэмжлэлдээ дурдаж маргаагүй нь хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхгүй.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж, 80 дугаар зүйлийн 80.4Ажил олгогч энэ хуулийн ...80.1.1...-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илүүдэл орон тоог хасах эрх компанийн удирдлагад байдаг бөгөөд М.М ХХК нь зарим ажлын байр шаардлагагүй илүүдэлтэй байсан тул хасах эрхтэй гэх тайлбарыг гаргасан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажил олгогчийн ажлын байрыг хасах, орон тоог цөөлөх хэрэгцээ, шаардлагын талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ажлын байрыг хасах болсон нь үндэслэлтэй эсэх талаар бус тус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хууль заасан журмын дагуу мэдэгдээгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүний нөөцийн ажилтан утсаар мэдэгдсэн, тухайн өдрийн орой очиж авсан. гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эы шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... удирдлагын баг хуралдаад 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр цомхотгол хийх тухай шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэрээ бүх ажилчдадаа хурлын үеэр амаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байна.

Иймд зохигчийн тайлбараар М.М ХХК нь ажилтан С.Дд тус компанийн дэд захирлын 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 11/11/22-189Б дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх тухай үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

7.С.Д нь шууд удирдлага болох К.Мд таалагддаггүй, таарамжгүй харилцаатай болохоор ажлаас чөлөөлсөн гэж тушаалаа өгөхдөө тайлбарласан гэх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр М.М ХХК-ийн дэд захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №11/11/22-189Б тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.Дг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан. Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сард 2,495,919 төгрөг, 9 дүгээр сард 2,495,939 төгрөг, 10 дугаар сард 4,114,939 төгрөг буюу нийт 9,106,797 төгрөгийн цалин авсан ба дунджаар нэг сард 3,035,599 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход 9,106,797 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан, ажиллах байсан нийт 66 хоногт хуваахад нэг өдрийн 137,981 төгрөг болох ба нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 14-ий өдрөөс хойш ажилгүй 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сар, 27 хоногийн дундаж цалин хөлс /3,035,599х2=6,071,198, 137,981x27=3,725,487, 6,071,198+3,725,487=9,796,685/ 9,796,685 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байна. Гэвч хариуцагч М.М ХХК нь нэхэмжлэгчид 2,285,700 төгрөгийн тэтгэмж олгосон байх тул түүнийг хасаж тооцон үлдэх 7,510,985 төгрөгийг нэхэмжлэгч С.Д шаардах эрхтэй байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч С.Дгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар төлүүлэх үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 6,259,090 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 6,259,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,259,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагчаас 185,295 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дг М.М ХХК-ийн Архитекторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 6,259,090 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.М ХХКнэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагчаас 185,295 төгрөг гаргуулж улсын орлогод олуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА