Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01215

 

 

С.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/01002  дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-гийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,696,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс тус компанийн архитекторын албан тушаалд томилогдон ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 17, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж байгаагүй. Тус компанид ажиллах хугацаандаа даалгасан ажил үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр барилгын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад хүний нөөцийн ажилтан утасдаж, тушаал гарсан, ирж ав гэсэн. Би ажлаа хийж байсан тул орой нь компанийн унаагаар надад хүнээр дамжуулан өгсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэл болгосон байсан ба энэ тушаалыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. К.Мустафе нь миний ажиллаж буй төслийн менежер бөгөөд ажилтнуудтайгаа бүдүүлэг харилцдаг, хэвийн бус авирладаг. Бусдыг ажил үүргээ гүйцэтгэж байхад элдвээр зандрах, дарамтлах үйлдэл байнга гаргадаг. Би болон бусад ажилтнууд энэ талаар элдэв гомдол гаргалгүй өдийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ үйл баримтыг төслийн талбайд хамт ажилладаг ажилчдаас гэрчийн мэдүүлэг авах боломжтой. 2022 оны 08 сарын үед намайг К.Мустафетэй маргалдсан гэж сануулга өгсөн. Ажлаас халсан тушаал нь бодит үнэнд нийцээгүй, үндэслэлгүй байх тул урьд эрхэлж байсан барилгын талбайн архитекторын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5,696,590 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М- ХХК нь ажилтан С.Д-г орон тооны цомхотголоор халсан. Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Залаатын аманд аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг МАК ХХК-ийн захиалгаар тэдний сонгосон архитекторын зураг төслөөр гүйцэтгэх ажлыг 2018 оны 11 сараас эхлэн хэрэгжүүлэхээр захиалагчтай гэрээ байгуулан ажиллаж байна. Талбай дээрх бүх ажлыг төслийн удирдагч Швейцари улсын иргэн Мустафе Криезү хариуцан ажиллаж, энэ төслийн удирдагчийн эрх хэмжээнд барилгын төсөв, зарцуулалтыг үр дүнтэй, оновчтой байлгахын тулд санаачилгатай, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, ашиглах, оновчтой техникийн шийдлүүд, материал сонголт, хүн хүчний хуваарилалт, зохион байгуулалт зэрэг багтдаг. Тэрээр эрх хэмжээнийхээ хүрээнд төслийн ажилд илүүдэлтэй буюу шаардлагагүй болсон зарим орон тоонуудыг /архитекторч, кранчин, мужаан/ цомхотгох саналыг компанийн гүйцэтгэх удирдлагад ирүүлсний үндсэн дээр тухайн орон тоонуудыг цомхотгох тухай компанийн гүйцэтгэх удирдлагын багаас шийдвэр гарсан. Үүний дотор С.Д-гийн ажлын байр багтсан учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болгож, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Компанийн энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-г М- ХХК-ийн архитекторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 6,259,090 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М- ХХК-д нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагчаас 185,295 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан М- ХХК-ийн төслийн удирдагч Мустафа Криезугийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орон тоог хасах тухай компанийн гүйцэтгэх удирдлага Фламур Сефаж болон дэд захирал Ч.Лхагвадорж нарт ирүүлсэн санал, мөн компанийн гүйцэтгэх удирдлагын багийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/11/2022/11 дугаартай шийдвэр, ажлын байр хасагдаж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тушаалуудын хуулбар, мөн нэхэмжлэгч С.Д-д 11 сарын цалинг нь бүтэн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг компани бүрэн төлж, бичилтийг нь хийсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, С. Дэлгэрзаяад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох тухай компанийн дэд захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/1/22-197б дугаартай тушаалын хуулбар, С.Д-д тэтгэмж 2,285,700 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны цахим гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзэээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

4.а.Хариуцагч талаас компанийн удирдлагын багийн шийдвэр гарсан даруйд ажлын байрууд хасагдах болсон тухай ажилчдын хурал дээр амаар мэдэгдэж байсан. Үүнийг нотлох үүднээс С.Нямдавааг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ямар ч үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй яриаг үнэн гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

4.б.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-д заасныг баримталж С.Д-г архитекторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хэрэгт хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал авагдсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурал болсон, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон тоо цомхотгох тухай тогтоол гарсан талаарх баримтыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны үеэр анх гаргаж өгсөн. Гаргасан тушаалтай шүүх хуралдааны явцад танилцаад хэргийг хэлэлцүүлэхийг хүлээн зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн. Шийдвэр, тушаалыг үндэслээд 2 тал маргахгүй талаар шийдвэрийн 8 дугаар хуудсанд тусгагдсан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С.Д-тай утсаар холбогдож 1 дэхээс ажилдаа ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг танилцуулаагүй, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд анх гаргаж өгсөн. Хариуцагч тал 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн гэж байгаа хэдий ч энэ нь 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэх хуулийн зохицуулалттай нийцдэггүй. Тэтгэмжээ дутуу олгосон талаар мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь тухайн компанийн асуудал юм. Миний бие шүүхэд хандахаас өмнө утсаар тушаалаа зөв гаргах, тэтгэмж олгох талаар мэдэгдсэн. Хуульд заасан тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөн хүн олго гэж шаардахгүйгээр тушаал гаргасан компани нь өөрсдөө хуульд заасны дагуу арга хэмжээ авах ёстой. Анхан шатны шүүх шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа 30 хоногийн өмнө мэдэгдээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн талаар тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт ажилтан урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй гэж заасан. 2022 оны 11, 12 дугаар сард урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой эсэхийг эрэлхийлсэн боловч Хан-Уул дүүргийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан. Хариуцагч талаас 11 дүгээр сарын цалин хөлсийг бүтэн олгосон гэж тайлбарлаж байгаа боловч дутуу өгснийг нотлох үүднээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,696,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хариуцагч Мабатекс монголиа ХХК-ийн дэд захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22-189Б дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-т заасныг үндэслэн, С.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд нэхэмжлэгч С.Д- нь ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 23-р тал/

 

3.а.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан ба мөн зүйлийн 154.2, 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах журамтай.

 

3.б.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хангасан байх шаардлагатай.

 

3.в.Хуульд заасан дээрх журмыг хэрэглэх боломжтой эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй.

 

4.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/01002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М- ХХК-аас төлсөн 185,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ