Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/02101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо “М ц н” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо  тоотод оршин суух Ш Ч

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо тоотод оршин суух Б Н

 

Зээлийн гэрээний үүрэг болон алданги 22,486,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Н, Ш.Ч

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтаннаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ц н” ХХК нь хариуцагч Ш.Ч, Б.Ннарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Ш.Ч, Б.Ннар нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн МБЗИ-4-3265 тоот гэрээгээр 16,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн.  

 

1.2. Зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар тохиролцож тогтоосон ба уг хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зээлдэгч Ш.Ч, Б.Нбиелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 16,000,000 төгрөг, хүү 3,200,000 төгрөг, алданги 3,286,400 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

1.3. Зээлдэгч нар нь зээлийн хүүг сар бүр төлөх үүргээ биелүүлдэггүй хугацаа хэтрүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлөлт хийсэн. Энэ хугацаанд хүүд нийт 8,960,000 төгрөг, алдангид 1,280,000 төгрөг төлсөн байна гэжээ.    

 

2. Хариуцагч Б.Ннэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг Ш.Ч авсан бөгөөд тухайн зээлийг төлөөгүй нь Ш.Чийн хүлээх хариуцлага гэж үзэж байна. Энэ гэрээнд найздаа туслах зорилгоор гарын үсэг зурсан, мөн батлан даалтын өргөдөл гэж баримтад гарын үсэг зуруулсан байна. Энэ талаар сайн мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч Ш.Ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгчээс 16,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг ар гэрийн гачигдал болон бусад шалтгаанаар бүрэн төлөх боломжгүй өдийг хүрсэн. Зээл төлөхгүй бол алданги тооцно гэж утсаар ярьж байсан, үүнээс өөр алдангийн талаар ярилцаж байгаагүй, нэхэмжлэгч талаас ажлын газарт удаа дараа гаргаж байсан учраас хүүг төлж байсан. Иймд алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн төлбөрт 8,960,000 төгрөг төлсөн гэжээ.  

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “М ц н” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн МБЗИ-4-3265 дугаартай зээлийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл /ХХ-4-7, 31 дугаар тал/

 

5. Хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МБЗИ-4-3265 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 16,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 16,000,000 төгрөг, хүү 3,200,000 төгрөг, алданги 3,286,400 нийт 22,486,400 төгрөг шаардаж байна. 

 

3. Хариуцагч Б.Ннэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Тухайн зээлийг Ш.Чт өгсөн, би аваагүй, ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч Ш.Ч нэхэмжлэлээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн төлбөрт 8,960,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн зүгээс ажлын газарт удаа дараа гомдол гаргасан тул хүүг төлж байсан гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн МБЗИ-4-3265 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Ш.Ч, Б.Ннар нь хэрэглээний зориулалтаар 16,000,000 төгрөг зээлж, уг мөнгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй төлөх үүргийг хүлээжээ. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын эрх, үүргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Мөн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлан даагчийн баталгааны өргөдөл гэсэн нэртэй баримт үйлдэж Б.Н гарын үсэг зурсан байх ба уг баримтад “Б.Ннь автомашинаа барьцаалан танай байгууллагаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй авсан зээлдэгч Ш.Чийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж дуусах хүртэл хугацаанд батлан дааж байна. Хэрэв зээлдэгч Ш.Ч нь ямар ч шалтгаанаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг зөрчин зээл, зээлийн хүү, алдангийг төлөөгүй тохиолдолд миний бие дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийг бүрэн төлж барагдуулахаа үүгээр батлаж байна” гэжээ. Уг баримтад зааснаар хариуцагч Б.Ннь Ш.Чийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол уг үүргийг өөрөө гүйцэтгэхээр батлан даалт гаргасан агуулгатай байна.

 

Батлан даалтын гэрээ нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэдгийг батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд энэхүү гэрээгээр батлан даагчийн хүлээх үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээний оролцогч нь батлан даагч болон үүрэг гүйцэтгүүлэгч байх ба энэ гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээдэггүй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Б.Ннь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна. Өөрөөр хэлбэл Б.Ннь өөрөө өөрийнхөө гүйцэтгэх үүргийг батлан даасан агуулгатай гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй байгуулжээ. Иймд Б.Ннь нэгэн зэрэг зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгэгч байх хууль зүйн боломж байхгүй тул дээрх 2 гэрээний аль нэгийг сонгож үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Иймд “М ц н” ХХК, Б.Ннарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй, харин 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа Ш.Ч, “М ц н” ХХК-ийн хооронд үүссэн гэж үзэв. /ХХ-ийн 6-7, 31 дүгээр тал/  

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний дагуу хариуцагч Ш.Ч нь нэхэмжлэгчээс 16,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.  

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх/ “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан. Иймд талууд зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Чоос үндсэн зээл болон 6 сарын хугацааны зээлийн хүү шаардах эрхтэй.   

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй гэж ойлгоно. Талууд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хүү тооцох үндэслэлгүй. Тодруулбал, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 5 сарын хугацааны хүүд 3,200,000 төгрөг шаардах эрхгүй. Иймд хариуцагч Ш.Ч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,000,000 төгрөг, 6 сарын хүүд 3,840,000 төгрөг нийт 19,840,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх бөгөөд үүнээс 8,960,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,880,000 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй байна. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Алданги нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд нийт гүйцэтгээгүй үүргээс хэтэрсэн хоногоор тооцож хэмжээг тодорхойлно. Ийнхүү тодорхойлсон алдангийн хэмжээ нь нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүйг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зохицуулсан байна. Иймд алдангийг тооцох хугацаа тодорхой байх нь хуульд нийцнэ. Хариуцагч нь 8,960,000 төгрөгийг хэдийнээс хэдий хугацаанд ямар хэмжээгээр төлсөн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй тул алданги тооцох хугацаа тодорхойгүй байна. Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1-д “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх ба төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож алданги 0.5%-г хоног тутам зээлдэгч үл маргах журмаар төлнө” гэжээ. Зээлийн гэрээний хавсралтаас үзвэл зээлдэгч нь сар бүрийн 18-ны өдөр хүү болох 640,000 төгрөг төлөх, гэрээний хугацаа дуусах өдрөөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээлийн төлбөр 16,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс үзвэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол алданги төлөх тохиролцоо хийгдсэн байх ба хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцогдоно. Иймд талууд алдангийн тохиролцоог хуульд зааснаар тогтоогоогүй гэж үзэв. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.   

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 3,200,000 төгрөг, алданги 3,286,400 төгрөг” гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн үнийг 21,312,000 төгрөг гэж техникийн алдаатай буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр нэхэмжлэлийн үнийг 22,486,400 төгрөг гэж үзэв. 

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Чоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,880,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 11,606,400 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Н холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх/, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш Чоос 10,880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ц н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,606,400 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,510 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,872 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ш.Чоос улсын тэмдэгтийн хураамжид 189,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ц н” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА