Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/ма2023/01495

 

 

 

 

 

 

 

 

2023 07 31 210/МА2023/01495

 

 

М ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/02101 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч М ХХК -ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Ш.Ч, Б.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,312,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М ХХК нь зээлдэгч Ш.Ч, хамтран зээлдэгч Б.Н нартай 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр МБЗИ-4-3265 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцон зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан * УБО улсын дугаартай Тоёота ланд круйзер-100 /Toyota land gruiser-j/ маркийн автомашины эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлэн, Ш.Ч, Б.Н нар хувийн хэрэгцээндээ ашиглаж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Талууд зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцон баталсан боловч зээлдэгч Ш.Ч, Б.Н нар нь уг хуваарийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй. Ш.Ч, Б.Н нар нь гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүг сар бүр хугацаа хэтрүүлэн төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү 8,960,000 төгрөг, алданги 1,280,000 төгрөг, нийт хүү, алдангид 10,240,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг 176 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.

Зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд барьцааны зүйлийг захиран зарцуулах буюу худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Манай компанийн зүгээс Ш.Ч, Б.Н нарт зээлийг хүү, алдангийн хамт төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй компанийг хохироож байна. Харин барьцааны зүйл болох автомашин нь одоо хаана байгаа нь тодорхойгүй, зах зээлийн үнэ, үнэлгээ, ханш нь гэрээ байгуулах үеэс бууж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох боломжгүй болсон тул зээлдэгчээс үндсэн зээлийг хүү, алдангийн хамтаар гаргуулах хүсэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 3,200,000 төгрөг, алданги 3,286,400 төгрөг, нийт 21,312,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Н ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр М ХХК -аас Ш.Ч 16,000,000 төгрөгийг зээлэхэд хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд тухайн өдөр Ш.Ч нь орон сууцны квот авсан боловч урьдчилгаа төлөх мөнгө алга гээд хамт явж байгаад М ХХК -аас зээл авахаар болсон боловч тухайн байгууллагын зээлийн ажилтан хамтран зээлдэгчтэй бол зээл олгоно гэхэд Ш.Ч миний найз хамтран зээлдэгчээр орчих гэхээр нь найздаа тусалсан. Дээрх зээлсэн мөнгөнөөс миний бие нэг ч төгрөг аваагүй. Уг зээл нь 100 хувь Ш.Ч ийн хариуцлага байх атал тухайн зээлийг цаг тухайд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд энэ хэрэгт хариуцагчаар татсаныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ш.Ч ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчээс 16,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг ар гэрийн гачигдал болон бусад шалтгаанаар бүрэн төлөх боломжгүй өдийг хүрсэн. Зээл төлөхгүй бол алданги тооцно гэж утсаар ярьж байсан, үүнээс өөр алдангийн талаар ярилцаж байгаагүй, нэхэмжлэгч талаас ажлын газарт удаа дараа ирж байсан учраас хүүг төлж байсан. Иймд алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгийн төлбөрт 8,960,000 төгрөг төлсөн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ч оос 10,880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК -д олгож, нэхэмжлэлээс 11,606,400 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,510 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,872 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ш.Ч оос улсын тэмдэгтийн хураамжид 189,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК -д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс аливаа нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд холбогдох нотлох баримтуудын талаар дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, 0,5 хувийг зээлдэгч хоног тутамд үл маргах журмаар төлөхөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасныг үндэслэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ хэрэгт авагдсан байна. Мөн зээлийн сунгалтын гэрээг талууд тухай бүр байгуулж, төлөлтийн хүснэгтэд төлбөр төлсөн талаар баталгаажуулсан.

Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ алданги, зээлийн хүү, үндсэн зээл төлүүлэх талаар тодорхой тайлбарласан бөгөөд уг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд болох зээлийн сунгалтын гэрээ болон төлбөр төлсөн баримтуудыг байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн хүү болон үндсэн төлөлтийн талаар маргаж байхад энэ талаарх нотлох баримтыг үндэслэх ёстой атал ямар ч нотлох баримтгүй байхад уг хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж, холбогдох нотлох баримтуудыг цугларсны дараа хэргийг тал бүрээс бүрэн бодитой дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дүнгээ техникийн алдаатай тодорхойлсон байсан бөгөөд нэхэмжлэлийн агуулгад энэ талаар тооцоог тодорхой гаргасан байхад хэргийг бодитойгоор авч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс дээрх нотлох баримтуудын талаар дүгнээгүйн улмаас манай байгууллагаас Б.Н болон Ш.Ч нарт олгосон үндсэн зээлээс хасч шийдсэн. Манай байгууллага олгосон мөнгөндөө хүү тооцож авах байтугай олгосон мөнгөө ч бүрэн авч чадахгүй нөхцөл байдалд хүрээнд байна.

Шүүх Б.Н ыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний хамтран хариуцагчид болсон байна" гэж дүгнэсэн атлаа хамтран зээлдэгч Б.Н т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Б.Н , Ш.Ч нар нь талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байхад шүүхээс Б.Н , М ХХК -иудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн хамтран зээлдэгчээс холбогдох хэсгийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн манай байгууллагын зүгээс коронавируст халдварын улмаас төлбөрийн чадваргүй болох эрсдэлтэй харилцагчдаасаа тодорхойлолт буюу төлбөрөө төлнө гэсэн агуулга бүхий баталгааг хамтран зээлдэгчээр нь бичүүлж авсан бөгөөд бичгийг гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд илт үндэслэлгүй. Тухайн үед Ш.Ч болон Б.Н нараар аль алинаас нь төлбөрөө төлөх талаар бичүүлж авах гэсэн боловч Ш.Ч ирээгүйн улмаас бид бичүүлж аваагүй. Бидний хувьд анхнаасаа гэрээ байгуулахдаа хамтран зээлдэгчээр оролцсон учраас Б.Н нь зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэж үзэж байна. Шүүхээс хамтран зээлдэгчийн талаар буруу дүгнэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш.Ч, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,312,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Н нь ...зээлийн мөнгөн хөрөнгийг Ш.Ч захиран зарцуулсан учраас би төлөхгүй гэсэн бол хариуцагч Ш.Ч ...ар гэрийн гачигдлын улмаас зээлээ төлж чадаагүй, одоо үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг зөвшөөрнө. Харин алдангийг төлөхөөр тохиролцоогүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч нараас 22,486,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж буруу дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Учир нь нэхэмжлэгч М ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 21,312,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, уг үнийн дүнд холбогдох улсын тэмдэгтийн хураамжид 264,510 төгрөг төлсөн байна. Уг нэхэмжлэлийг шүүхээс хариуцагч нарт гардуулж, хариуцагч нар энэ хүрээнд хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэтгэлцсэн байна. Нэхэмжлэгч тооцооны алдаа гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 21,312,000 төгрөгөөр тодорхойлсон байхад шүүх үүнийг нэмж зөвтгөх учиргүй. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хэмжээгээр тодорхойлогддог тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 21,312,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж зөвтгөх боломжтой юм.

3. Зохигчийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр МБЗИ-4-3265 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар нь 16,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна./хх-6/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

5. Хариуцагч Б.Н зээлийн мөнгөн хөрөнгийг Ш.Ч авсан, надад хамааралгүй тул үүрэг хүлээхгүй гэж маргасан.

5.а. Хариуцагч Б.Н зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр М ХХК -д зээлдэгч Ш.Ч ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж батлан даалт гаргасан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Б.Н , Ш.Ч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

5.б. Иймд нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Н , Ш.Ч нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Н т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

6. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 16,000,000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх-7/

7. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээний дагуу хариуцагчид үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүүд 3,840,000 төгрөг, нийт 19,840,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

7.а. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар зээлийн хүү, алдангид нийт 10,240,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

7.б. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 3,840,000 төгрөг, нийт 19,840,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 10,240,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч нар 9,600,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх ба төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

8.а. Иймд зээлдэгч нар нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаа болох 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон тул зээлдүүлэгч нь гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй.

8.б. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцохоор байх боловч нэхэмжлэгч нь алданги 3,286,400 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэмжээгээр алдангийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

9. Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 9,600,000 төгрөг, алданги 3,286,400 төгрөг, нийт 12,886,000 төгрөгийг хариуцагч Ш.Ч, Б.Н нараас гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

9.а. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/02101 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Ч, Б.Н нараас 12,886,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,425,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 189,030 гэснийг 221,132 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,382 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН