Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01377

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01236 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 222 540 630 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, өмгөөлөгч И.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХК нь “Х” ХК -тай 2013.12.30-ны өдөр Андеррайтерийн гэрээ байгуулан “Б” ХК нь “Х” ХК-ийн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад хэрэгжүүлэх төсөлд шаардлагатай санхүүжилтийг энгийн хувьцаанд хөрвүүлэх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлэхээр хамтран ажилласан. Гэрээнд Андеррайтерийн үйлчилгээний ажлын хөлсийг татан төвлөрүүлсэн хөрөнгөөс хувьчлахаар заасан ба ажлын хөлс нийт 126 208.96 ам.доллар болсон. “Х” ХК нь Андеррайтерийн гэрээний 5.2-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр Андеррайтерийн үйлчилгээний ажлын хөлсний 50 хувь болох 63 104.48 ам.долларыг шилжүүлсэн. Нийт ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувь буюу 63 104.48 ам.долларыг Андеррайтерийн гэрээний 5.3-д заасны дагуу хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг хувьцаанд хөрвүүлэх тухай зохицуулах байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Андеррайтер “Б” ХК-д төлөхөөр тохиролцсон. Санхүүгийн зохицуулах хороо 2015.7.22-ны өдөр “Х” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргах энгийн хувьцааг бүртгэх тухай 302 тоот тогтоолыг гаргаснаас “Х” ХК нь ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүссэн хэдий ч тус компани нь өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувь буюу 63 104.48 ам.долларыг төлөөгүй байгаа. Энэ хугацаанд бид ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, нэхэмжилж байсан боловч тус компани нь шалтаг, шалтгаан тоочиж хойшлуулсаар ирсэн. Иймээс бид 2013.12.30-ны өдөр байгуулсан Андеррайтерийн гэрээний дагуу Андеррайтерийн үйлчилгээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 63 104.48 ам.доллар буюу 166 287 246 төгрөгийг “Х” ХК -иас гаргуулахаар нэхэмжилсэн. “Х” ХК нь уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс “Б” ХК нь үйл ажиллагаандаа арилжааны банкнуудаас хүүтэй зээлүүдийг авч ашигласан ба хэрвээ “Х” ХК нь уг ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 63 104.48 ам.долларыг төлөх хугацаандаа төлж барагдуулсан бол манай компанийн төлөх хүүгийн зардал буурах байсан. Иймд “Б” ХК нь Андеррайтерийн гэрээний 7.1-д заасны дагуу гэрээг биелүүлээгүйгээс компанид бодитойгоор учирсан 36 590 483.49 төгрөг болон 7 461.89 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрөөр Монгол банкны албан ханшаар 19 662 900.96 төгрөгийн хүүгийн зардал, нийт 56 253 384.45 төгрөгийг “Х” ХК-иас нэмж гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б” ХК нь 2013.12.30-ны өдөр “Х” ХК-тай байгуулсан Андеррайтерийн гэрээ-нд зааснаар “Б” ХК нь 15 000 000 ам.доллар хүртэлх мөнгөн хөрөнгийг компанийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлж, татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөтэй дүйцэхүйц энгийн хувьцааг нэмж гарган, улмаар хувьцаанд хөрвүүлэн хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү үүрэгтэй уялдуулан ажлын хөлсөө хэрхэн тооцож авахаа мөн гэрээний 5.1-д тодорхой заасан бөгөөд дараах нөхцөл, хувь хэмжээгээр ажлын хөлс авахаар заасан. Нинокс худрокарбонс бэрхард /Ninox Hydrocarbons [L] Berhard/-ийн 100 хувийн хувьцааг худалдан авч буйтай холбогдуулан “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч болохоор хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд уг үнийн дүнд 1 хувиар тооцон ажлын хөлсийг авна., Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг татан төвлөрүүлэхэд төслийн санаачлагч болох Файрбөрд Менежментийн оролцоотой орж ирсэн мөнгөн хөрөнгөөс 2.5 хувиар тооцож ажлын хөлсийг авна., Бусад хувьцаанд хөрвөх зээлийн үнийн дүнгээс 6.5 хувиар тооцож ажлын хөлсийг авахаар заажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дурдсан нийт ажлын хөлс 126 208.96 ам.долларыг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй талаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч тооцооллыг гарган өгсөн тул энэ талаар маргахгүй. Гэрээ байгуулсан даруйдаа 63 104.48 ам.долларыг урьдчилгаанд төлүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна. Андеррайтерийн гэрээг “Х” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан Ө.Хүдрээ болон “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Даянбилгүүн, тухайн үед “Х” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан “Б” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Л нар байгуулсан нь сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдох тул сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах шийдвэрийг хууль журмын дагуу гаргуулж, байгуулсан эсэх нь тодорхой биш байна. Мөн найз нөхдийн харилцаа бүхий хүмүүс тул хэт нэг талдаа давуу байдал бүхий нөхцөлтэй гэрээ байгуулсан байх магадлалтай. Түүнчлэн, Андеррайтерийн гэрээнд ажлын хөлсийг гадаад валютаар тооцон, ажлын хөлсний төлбөр тооцоог гүйцэтгэх заалт байхгүй байхад ямар үндэслэлээр ам.доллараар ажлын хөлс шаардаж байгаа нь ойлгомжгүй. Мөн өмнө нь ам.доллараар ажлын хөлс тооцсон нь ойлгомжгүй байна. Гэрээнд татан төвлөрүүлэх хөрөнгийг ам.доллар гэж бичсэн ч ажлын хөлсийг ам.доллар төлөх талаар тохиролцоогүй бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төгрөгөөр ажлын хөлсийг тооцон төлбөрийг төлөх ёстой тул нэхэмжлэгчийн ам.доллараар ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Андеррайтерийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн талаараа дурдахгүй зүгээр л гэрээ байгуулсан даруйдаа авсан мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгийг үлдэгдэл нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэж үзвэл нийт 25 хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг тухайн үеийн ханшаар бодоход 199 840 806 төгрөг болж байгаа. Үүнээс 63 104 ам.долларыг төлсөн гэж үзвэл 95 129 815 төгрөгийн үлдэгдэлтэй. Хариуцагч тал энэ үнийн дүнгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэрээнээс учирсан хохиролд шаардсан хөлсний хувьд арилжааны банкнаас авсан зээлийн хэмжээ, төлбөл зохих төлбөрийн хэмжээ зөрүүтэй, цаг хугацааны хувьд таарахгүй байна. Мөн энэ гэрээний үүргийг зөрчсөнөөс болсон гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Андеррайтерийн гэрээний 5.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг “Б” ХК нэхэмжилсэн бөгөөд Андеррайтерийн гэрээний 5.2 болон 5.3-т гэрээний төлбөрийг хэрхэн төлөх талаар зохицуулсан. Андеррайтерийн гэрээний 5.2-т Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийн ажлыг 1 өдөрт багтаан андеррайтерт төлнө гэж заасан. Гэрээний энэхүү заалт нь зохигчид гэрээ байгуулах хэрэгцээ шаардлагад үндэслэсэн хүсэл зориг, харилцан тохиролцсон нөхцөлөөс өөр агуулгатай болсон. Учир нь Андеррайтерийн гэрээний 1.1-т буюу гэрээний зорилго хэсэгт Андеррайтерийн үүргийн эхлээд мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг хийгээд, дараа нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэмэлт хувьцаа гарган хөрвүүлэх ажил хийнэ гэдгийг тодорхойлсон. Түүнчлэн,  гэрээний 3.1, 4.1-т “хөрөнгө татан төвлөрүүлэх болон татан төвлөрүүлсэн хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх ажлыг гүйцэтгэснээр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн” гэж тооцохоор тохиролцсон нь тодорхой харагдана. Ажлын хөлсний хэмжээг ч гэрээний 5.1-т зааснаар мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийгээ хувьцаанд хөрвүүлсэн дүнгээр тогтоосон. Гэтэл хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаас хувьцаанд хөрвөх мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх ажил нь 2013.7.26-ны өдрөөс 10 дугаар сарын хооронд төвлөрүүлсэн. Зохигчид үүнээс бараг 3 сарын дараа Андеррайтерийн гэрээ байгуулсан байдаг тул “Б” ҮЦК ХК нь татан төвлөрүүлэх ажил үүргийг гүйцэтгээгүй нь тодорхой юм. Зохигчдын гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага хүсэл зориг нь хийгээгүй ажилд нь ажлын хөлс олгохоор тохиролцох биш байсан ч Андеррайтерийн гэрээний 5.2 дахь хэсгийн Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийг ажлын нэг өдөрт багтаан андеррайтерт төлнө гэснээс гэрээ байгуулж харилцан тохиролцохоос өмнөх татан төвлөрүүлэлтийн ажлыг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил шиг тооцож ажлын хөлс тооцон урьдчилан олгох агуулга илэрхийлэгдэж байна. Нэгэнт татан төвлөрүүлсэн хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх ажлыг хийхээр тохиролцох, татан төвлөрүүлээд түүнийгээ хувьцаанд хөрвүүлэх ажлууд хоорондоо өөр цар хүрээ, агуулга хэмжээтэй тул ажлын хөлс нь ч өөр байх нь ойлгомжтой юм. Гэтэл энэхүү заалтаас болоод ажил үүргээ гүйцэтгээгүй байхад гүйцэтгэсэн юм шиг үндэслэлгүй ажлын хөлс тохирч Х ХК -ийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан журмын дагуу 2013.12.30-ны өдөр “Б” ҮЦК ХК болон “Х” ХК-ийн хооронд байгуулсан Андеррайтерийн гэрээний 5.2 дахь заалтыг буюу Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийг ажлын нэг өдөрт багтаан андеррайтерт төлнө гэснийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид гэрээгээр хүлээсэн бүхий л үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ гэрээний заалт болгон дээр үнэлгээ тогтоох боломжгүй, хоёр тал хоорондоо харилцан тохиролцож хийсэн гэрээ, үүнийг Санхүүгийн зохицуулах хороо ч юм уу, өөр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд ямар нэгэн байдлаар үнэлгээ тогтоох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХК -аас 162 191 882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХК-д олгож, үлдэх 60 348 748 төгрөгийн шаардлага болон гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 428 603 төгрөг, хариуцагчаас төлсөн 212 454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 968 999 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн 1236 дугаар шийдвэрээр “Х” ХК-иас Андеррайтерийн гэрээний үүрэгт 124 447 083 төгрөг, үүргээ хугацаанд гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 37 744 799 төгрөг, нийт 162 191 882 төгрөгийг гаргуулж, “Б” ХК-д олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж 37 744 799 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх “Х” ХК гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс “Б” ХК-д 37 744 799 төгрөгийн хохирол учирсан байна, хохирлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн ба шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт “... Нэхэмжлэгч нь “Т” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны З дугаар сарын 05-ны өдрийн хооронд 900 000 000 төгрөгийн жилийн 2.6 хувийн хүүтэй, “Богд банк” ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 650 000 ам.долларыг жилийн 13 хувийн хүүтэй зээлсэн болох нь банкны тодорхойлолт, дансны хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн хохирлыг хариуцагчийн төлбөл зохих үүрэг 124 447 083 төгрөгөөс тооцох ба “Т” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны хооронд төлсөн хүү 25 349 870 төгрөг /124 447 083*27.6%*291 365/, “Богд банк” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд төлсөн хүү 12 394 929 төгрөг /124 447 083* 13%*332 365)-ийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.” гэж бичсэн. Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт  “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхгүй” гэснийг үндэслэл болгосон. Шүүх “Х” ХК гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс “Б” ХК-д хохирол яагаад учирсан гэдэг шалтгаант холбоотой үндэслэл бүхий ямар ч дүгнэлт хийгээгүй бөгөөд зүгээр л математик тооцоогоор 124 447 083 төгрөгөө хугацаандаа төлчихсөн байсан тохиолдолд нэхэмжлэгч “Т” ХХК-иас 900 000 000 төгрөг зээлэхгүй, 775 552 917 төгрөг /900 000 000-124 447 083/ зээлэх ёстой байсан ба илүү 124 447 083 төгрөг төлж түүнд хүү төлж хохирсон гэж тооцоо хийж, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг тооцоо, дүгнэлт нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарынхаа аль алинд нь “... “Х” ХК төлбөрөө төлөөгүй учраас манайх “Т” ХХК-иас 900 000 000 төгрөг зээлсэн юм, төлбөрөө төлчихсөн байвал 775 000 000 төгрөгийг зээлэх байсан юм, төлөөгүй учраас илүү 124 000 000 төгрөг зээлж хохирсон” гэх тайлбар гаргаагүй. Нөгөө талаас “Б” ХК “Т” ХХК-иас мөнгө зээлэх асуудал нь цэвэр өөрсдийн хүсэл зоригийн асуудал бөгөөд зээлийг сайн дурын гэрээ хэлцлийн үндсэн дээр авдаг тул “Б” ХК-ийн өөрийн ашиг сонирхлын төлөө зээл авч, зээлийн хүү төлсөн нь “Х” ХК-д хамааралгүй асуудал бөгөөд зээлийн хүү нь хариуцан төлөх үүрэггүй. Андеррайтерийн гэрээтэй ямар ч хамааралгүй, цаг хугацааны хувьд ч бүр 3-4 жилийн дараа байгуулсан зээлийн гэрээний хүүгийн төлбөрийн үүрэг ямар учир шалтгаан. холбоосоор “Х” ХК-ийн андеррайтерийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Хэрэв “Х” ХК 124 000 000 төгрөгийг хугацаандаа төлчихсөн бол 2017 онд “Б” ХК 900 000 000 төгрөгийг зээлэхгүй, 775 000 000 төгрөгийг зээлэх байсан гэж юуг баримтлан дүгнэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд тэгж дүгнэн тооцох боломжгүй. Аливаа бизнесийн зээл, хүүний хэмжээ бол зээлийн зориулалт, хэрэгцээнээс хамаардаг, хэн нэгэн ямар зорилгоор ямар хэмжээний зээл авахыг урьдчилан тооцох боломжгүй бөгөөд үнэхээр өөрт нь зээл авах хэрэгцээ шаардлага байхгүй байхад зээл авчхаад хүүгийн төлбөрөө бусдаас авах төлбөрөө авч чадаагүйгээс учирсан хохирол гэж нэхэх боломжтой. Дээрхээс дүгнэхэд гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж “Х” ХК-аас 37 744 799 төгрөг гаргуулсан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн "“Х” ХК-иас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 37 744 799 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, “Х” ХК-иас гаргуулах төлбөрийн дүнг багасган 124 447 083 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч “Х” ХК-д холбогдуулан андеррайтерийн гэрээний үүрэгт 63 104.48 ам доллар буюу 166 287 246 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 56 253 384 төгрөг, нийт 222 540 630 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ 95 129 815 төгрөгийг төлөх боломжтой, гэрээний 5.2 дахь заалт хүчин төгөлдөр бус” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ. /хх1-3, 23, 35-38, 75-76, 88-89, 119-121/

 

Талууд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Андеррайтерийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь андеррайтераар ажиллах, компанийн энгийн хувьцааг нэмж гарган хувьцаанд хөрвүүлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх-10-14/

 

Нэхэмжлэгч нь Үнэт цаасны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т зааснаар андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь дээрх үйлчилгээнд тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь талуудын байгуулсан гэрээний агуулгаар тодорхойлогдсон. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Талууд дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь 126 208.96 ам.долларын ажил гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд хариуцагчаас 63 104.48 ам долларыг төлсөнд маргаагүй.

 

Түүнчлэн анхан шатын шүүхээс гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 124 447 083 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаж маргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм. /2хх-43-46/

 

Зохигчид “хариуцагч гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч хүүтэй зээл авч хүү төлснөөс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, зээлийн хүүг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж тооцох эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч “Х” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс Тнаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны хооронд 900 000 000 сая төгрөгийн жилийн 27.6%-ийн хүүтэй, Богд банкнаас 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 650 000 ам.долларыг жилийн 13%-ийн хүүтэй зээлсэн, зээлийн хүүгийн зардалд нийт 56 253 384.45 төгрөгийг төлж хохирсон гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойлсон. /1хх-75-76, 79-87/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан. Харин нэхэмжлэгчийн нэр бүхий банкуудтай зээлийн гэрээний харилцаанд орохдоо банкнаас санал болгосон хүүг хүлээн зөвшөөрч гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг ашигласны төлөө төлж байгаа төлбөрийг хүү гэж үзэх ба үүнийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй юм. Харин хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хохирол шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс тодруулахад зээлд төлсөн хүү нь гарах ёсгүй байсан зардал гэж тодорхойлж байгаа учраас банкны зээлийн гэрээний дагуу авсан мөнгөнд төлсөн хүү нь зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг тул нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол 56 253 384 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байгаа тул зөвтгөж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчлөх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын  сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дугаар зүйлийн 219.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХК -аас 124 447 083 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98 093 547 төгрөгт холбогдох хэсэг болон гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” тогтоох хэсгийн 2 дах заалтын “968 999” гэснийг “780 185” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД