Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2019/01236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х. ХК-д холбогдох

гэрээний үүрэгт 222,540,630 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э, гэрч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б ХК нь Х ХК -тай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Андеррайтерийн гэрээ байгуулан Б ХК нь Х ХК -ийн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад хэрэгжүүлэх төсөлд шаардлагатай санхүүжилтийг энгийн хувьцаанд хөрвүүлэх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлэхээр хамтран ажилласан. Гэрээнд Андеррайтерийн үйлчилгээний ажлын хөлсийг татан төвлөрүүлсэн хөрөнгөөс хувьчлахаар заасан ба ажлын хөлс нийт 126,208.96 ам.доллар болсон. Х ХК нь Андеррайтерийн гэрээний 5.2-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр Андеррайтерийн үйлчилгээний ажлын хөлсний 50 хувь болох 63,104.48 ам.долларыг шилжүүлсэн. Нийт ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувь буюу 63,104.48 ам.долларыг Андеррайтерийн гэрээний 5.3-д заасны дагуу хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг хувьцаанд хөрвүүлэх тухай зохицуулах байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Андеррайтер Б ХК-д төлөхөөр тохиролцсон. Санхүүгийн зохицуулах хороо 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Х ХК -ийн хаалттай хүрээнд нэмж гаргах энгийн хувьцааг бүртгэх тухай 302 тоот тогтоолыг гаргаснаас Х ХК нь ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүссэн хэдий ч тус компани нь өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 50 хувь буюу 63,104.48 ам.долларыг төлөөгүй байгаа. Энэ хугацаанд бид ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, нэхэмжилж байсан боловч тус компани нь шалтаг, шалтгаан тоочиж хойшлуулсаар ирсэн. Иймээс бид 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Андеррайтерийн гэрээний дагуу Андеррайтерийн үйлчилгээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 63,104.48 ам.доллар буюу 166,287,246 төгрөгийг Х ХК -аас гаргуулахаар нэхэмжилсэн. Х ХК нь уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс Б ХК нь үйл ажиллагаандаа арилжааны банкуудаас хүүтэй зээлүүдийг авч ашигласан ба хэрвээ Х ХК нь уг ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 63,104.48 ам.долларыг төлөх хугацаандаа төлж барагдуулсан бол манай компанийн төлөх хүүгийн зардал буурах байсан. Иймд Б ХК нь Андеррайтерийн гэрээний 7.1-д заасны дагуу гэрээг биелүүлээгүйгээс компанид бодитойгоор учирсан 36,590,483.49 төгрөг болон 7,461.89 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрөөр Монгол банкны албан ханшаар 19,662,900.96 төгрөгийн хүүгийн зардал, нийт 56,253,384.45 төгрөгийг Х ХК -аас нэмж гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Х ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б ХК болон Х ХК -ийн хооронд байгуулсан Андеррайтерийн гэрээ-нд зааснаар Б ХК нь 15,000,000 ам.доллар хүртэлх мөнгөн хөрөнгийг компанийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлж, татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөтэй дүйцэхүйц энгийн хувьцааг нэмж гарган, улмаар хувьцаанд хөрвүүлэн хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү үүрэгтэй уялдуулан ажлын хөлсөө хэрхэн тооцож авахаа мөн гэрээний 5.1-д маш тодорхой заасан бөгөөд дараах нөхцөл, хувь хэмжээгээр ажлын хөлс авахаар заасан. Нэгд, Нинокс худрокарбонс бэрхард /Ninox Hydrocarbons [L] Berhard/-ийн 100 хувийн хувьцааг худалдан авч буйтай холбогдуулан Х ХК -ийн хувьцаа эзэмшигч болохоор хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд уг үнийн дүнд 1 хувиар тооцон ажлын хөлсийг авна. Хоёрт, Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг татан төвлөрүүлэхэд төслийн санаачлагч болох Файрбөрд Менежментийн оролцоотой орж ирсэн мөнгөн хөрөнгөөс 2.5 хувиар тооцож ажлын хөлсийг авна. Гуравт, Бусад хувьцаанд хөрвөх зээлийн үнийн дүнгээс 6.5 хувиар тооцож ажлын хөлсийг авахаар заажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дурдсан нийт ажлын хөлс 126,208.96 ам.долларыг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй талаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч тооцооллыг гарган өгсөн тул энэ талаар маргахгүй. Гэрээ байгуулсан даруйдаа 63,104.48 ам.долларыг урьдчилгаанд төлүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна. Андеррайтерийн гэрээг Х ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан Ө.Хүдрээ болон Б ХК-ийн гүйцэтгэх захирал, Х ХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д, тухайн үед Х ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан Б ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Л нар байгуулсан нь сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдох тул сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах шийдвэрийг хууль журмын дагуу гаргуулж, байгуулсан эсэх нь тодорхой биш байна. Мөн найз нөхдийн харилцаа бүхий хүмүүс тул хэт нэг талдаа давуу байдал бүхий нөхцөлтэй гэрээ байгуулсан байх магадлалтай. Түүнчлэн Андеррайтерийн гэрээнд ажлын хөлсийг гадаад валютаар тооцон, ажлын хөлсний төлбөр тооцоог гүйцэтгэх заалт байхгүй байхад ямар үндэслэлээр ам.доллараар ажлын хөлс шаардаж байгаа нь ойлгомжгүй. Мөн өмнө нь ам.доллараар ажлын хөлс тооцсон нь ойлгомжгүй байна. Гэрээнд татан төвлөрүүлэх хөрөнгийг ам.доллар гэж бичсэн ч ажлын хөлсийг ам.доллар төлөх талаар тохиролцоогүй бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төгрөгөөр ажлын хөлсийг тооцон төлбөрийг төлөх ёстой тул нэхэмжлэгчийн ам.доллараар ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаас нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Андеррайтерийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн талаараа дурдахгүй зүгээр л гэрээ байгуулсан даруйдаа авсан мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгийг үлдэгдэл нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэж үзвэл нийт 25 хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг тухайн үеийн ханшаар бодоход 199,840,806 төгрөг болж байгаа. Үүнээс 63,104 ам долларыг төлсөн гэж үзвэл 95,129,815 төгрөгийн үлдэгдэлтэй. Хариуцагч тал энэ үнийн дүнгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэрээнээс учирсан хохиролд шаардсан хөлсний хувьд арилжааны банкнаас авсан зээлийн хэмжээ, төлбөл зохих төлбөрийн хэмжээ зөрүүтэй, цаг хугацааны хувьд таарахгүй байна. Мөн энэ гэрээний үүргийг зөрчсөнөөс болсон гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Андеррайтерийн гэрээний 5.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг Б ХК нэхэмжилсэн бөгөөд Андеррайтерийн гэрээний 5.2 болон 5.3-т гэрээний төлбөрийг хэрхэн төлөх талаар зохицуулсан. Андеррайтерийн гэрээний 5.2-т Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийн ажлыг 1 өдөрт багтаан андеррайтерт төлнө гэж заасан. Гэрээний энэхүү заалт нь зохигчид гэрээ байгуулах хэрэгцээ шаардлагад үндэслэсэн хүсэл зориг, харилцан тохиролцсон нөхцөлөөс өөр агуулгатай болсон. Учир нь Андеррайтерийн гэрээний 1.1-т буюу гэрээний зорилго хэсэгт Андеррайтерийн үүргийн эхлээд мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг хийгээд, дараа нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэмэлт хувьцаа гарган хөрвүүлэх ажил хийнэ гэдгийг тодорхойлсон. Түүнчлэн гэрээний 3.1, 4.1-т хөрөнгө татан төвлөрүүлэх болон татан төвлөрүүлсэн хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх ажлыг гүйцэтгэснээр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж тооцохоор тохиролцсон нь тодорхой харагдана. Ажлын хөлсний хэмжээг ч гэрээний 5.1-т зааснаар мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийгээ хувьцаанд хөрвүүлсэн дүнгээр тогтоосон. Гэрэл хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаас хувьцаанд хөрвөх мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх ажил нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын хооронд төвлөрүүлсэн байдаг. Зохигчид үүнээс бараг 3 сарын дараа Андеррайтерийн гэрээ байгуулсан байдаг тул Б ХК нь татан төвлөрүүлэх ажил үүргийг гүйцэтгээгүй нь тодорхой юм. Зохигчдын гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага хүсэл зориг нь хийгээгүй ажилд нь ажлын хөлс олгохоор тохиролцох биш байсан ч Андеррайтерийн гэрээний 5.2 дахь хэсгийн Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийг ажлын нэг өдөрт багтаан андеррайтерт төлнө гэснээс гэрээ байгуулж харилцан тохиролцохоос өмнөх татан төвлөрүүлэлтийн ажлыг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил шиг тооцож ажлын хөлс тооцон урьдчилан олгох агуулга илэрхийлэгдэж байна. Нэгэнт татан төвлөрүүлсэн хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх ажлыг хийхээр тохиролцох, татан төвлөрүүлээд түүнийгээ хувьцаанд хөрвүүлэх ажлууд хоорондоо өөр цар хүрээ, агуулга хэмжээтэй тул ажлын хөлс нь ч өөр байх нь ойлгомжтой юм. Гэтэл энэхүү заалтаас болоод ажил үүргээ гүйцэтгээгүй байхад гүйцэтгэсэн юм шиг үндэслэлгүй ажлын хөлс тохирч Х ХК -ийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан журмын дагуу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б ХК болон Хай би ойл ХК -ийн хооронд байгуулсан Андеррайтерийн гэрээний 5.2 дахь заалтыг буюу Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийг ажлын нэг өдөрт багтаан андеррайтерт төлнө гэснийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Бид гэрээгээр хүлээсэн бүхий л үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ гэрээний заалт болгон дээр үнэлгээ тогтоох боломжгүй, хоёр тал хоорондоо харилцан тохиролцож хийсэн гэрээ, үүнийг Санхүүгийн зохицуулах хороо ч юм уу, өөр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд ямар нэгэн байдлаар үнэлгээ тогтоох боломжгүй гэж үзэж байна гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар, цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Х ХК-аас андеррайтерийн гэрээний үүрэгт 63,104.48 ам доллар буюу 166,287,246 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 56,253,384 төгрөг, нийт 222,540,630 төгрөг шаардсаныг хариуцагч 95,129,815 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзан маргажээ. Улмаар хариуцагч нь талуудын хооронд байгуулсан Андеррайтерийн гэрээний 5.2 дахь заалтыг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал мөн эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч талын оролцоотойгоор шинэ хувьцаа эзэмшигч нэмэгдсэн эсэх нь эргэлзээтэй, гэрээ байгуулмагц гэрээний төлбөрийн зарим хэсгийг төлсөн нь сонирхлын зөрчилтэй хэлцэл батлах шийдвэр хуулийн дагуу байгуулсан гэж үзэхэд эргэлзээтэй, гэрээнд үйлчилгээний хөлсийг Америкийн Нэгдсэн Улсын доллар /цаашид ам.доллар гэх/-аар төлөхөөр тохироогүй, хэрэв ийнхүү тохирсон гэж үзвэл хувьцаа эзэмшигчийн хөрөнгөө байршуулсан үеийн ханшаар хөлсийг тооцно гэжээ.

Б ХК болон Х ХК -ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Андеррайтерийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь андеррайтераар ажиллаж, хариуцагчийн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл /цаашид төсөл гэх/-д шаардагдах хөрөнгийг компанийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөн дүнтэй тэнцэхүйц компанийн энгийн хувьцааг нэмж гарган хувьцаанд хөрвүүлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх-10-14/

Үнэт цаасны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр түүний үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах зэрэг ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа гэнэ., 41.4-т Андеррайтерийн үйлчилгээг дор дурдсан хэлбэрээр үзүүлж болно: үнэт цаасны танилцуулга бэлтгэх, үнэт цаасыг санал болгох үнийг тодорхойлох, үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгосон бүх үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулагчид тухайн үнэт цаасыг танилцуулах замаар түүнийг худалдахад шаардлагатай бүх хүчин чармайлт гаргах, үнэт цаасыг нийтэд санал болгосны дараа түүний худалдагдаагүй үлдсэн хэсгийг бүхэлд нь худалдан авах, үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгосон үнэт цаасыг худалдан аваагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах баталгаа гаргах, өөрийн харилцагчид үнэт цаасыг танилцуулах, худалдах ажлыг зохион байгуулах гэж зааснаар нэхэмжлэгч нь андеррейтерийн үйлчилгээг үзүүлжээ.

Гэрээний зүйл, агуулгаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хугацаа өнгөрөөгүй болох нь Х ХК нь Б ХК-д 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 63,104.48 ам.долларын өртэй гарсан тухай эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий баримтаар тогтоогдож байна. /1-р хх-9, 43/

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар төсөлд шаардагдах хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлын зуучлагчаар Б ХК-ийг сонгон, андеррайтерийн гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байна. /1-р хх-56-66/

Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн төсөлд шаардагдах хөрөнгийг компанийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлэх ажлыг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө эхэлсэн болох нь Зууны мэдээ, Монголын мэдээ сонины 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, 8 дугаар сарын 01-ний өдрийн дугаарт гарсан Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд гэх зар, нэхэмжлэгч байгууллагын цахим хаягаас бусадтай төслийн хөрөнгө оруулалтын талаар харилцсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, цахим захидлын орчуулгаар тогтоогдож байна. /1-р хх-125-128, 216-249, 2-р хх-1-4, 33-34/

Энэ нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 62 дугаар зүйлийн 62.1.11-т сонирхлын зөрчилтэй этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй гишүүдийн олонхийн саналаар төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батлахаар заасантай нийцжээ.

Мөн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр заасан байх тул сонирхлын зөрчилтэй хэлцэл батлахаас өмнө андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн нь хууль зүйн дагуух үйлдэл байна.

Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Х ХК-ийн өмнө гэрээний 1.1.1-т БНАСАУ-ын КОЕС II компанийн 20%-ийг эзэмшигч Ninox Hydrocarbons L Berhard компанийн хувьцааг худалдан авах, хуурай болон тэнгисийн хэсэгт газрын тос хайх, олборлох, боловсруулах төслийн бэлтгэл үед шаардагдах 15,000,000 ам.долларын хүртэлх мөнгийг компанийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлэх, 1.1.2-т Татан төвлөрүүлсэн мөнгөн дүнтэй тэнцэхүйц компанийн энгийн хувьцааг нэмж гарган хувьцаанд хөрвүүлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх гэж заасан үүргийг хэрэгжүүлэхээр тохирсон байна. Нийт 25 хөрөнгө оруулагчдаас 5,095,522.45 ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдын ногдох хэмжээгээр энгийн хувьцаанд хөрвүүлэн, үнэт цаасны бүртгэлд бүртгүүлсэн болох нь талуудаас гаргаж өгсөн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулсан огноо, дүн бүхий мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоол, нэхэмжлэгч байгууллагын цахим хаягаас бусадтай төслийн хөрөнгө оруулалтын талаар харилцсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, цахим захидлын орчуулгаар тус тус нотлогдож байна. /1-р хх-39, 91, 7, 216-249, 2-р хх-1-4, 33-34/

Гэрээний төлбөрт хариуцагчаас нэхэмжлэгчид 63,104.48 ам.долларыг төлсөн үйл баримт, төлбөрийг тооцсон аргачлалын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр нийт 126,208.99 ам.доллар байхаас үлдэх 50% буюу 63,104.48 ам.долларыг шаардах бөгөөд нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 2,635.11 төгрөгөөр бодон 166,287,246 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч тал үйлчилгээний хөлсийг ам.доллараар төлөхөөр тохироогүй, хэрэв ийнхүү тохирсон гэж үзвэл хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө орсон өдрийн төгрөгийн ханшаар тооцоход гэрээний төлбөр нийт 199,840,806 төгрөг болох ба урьдчилгаанд өгсөн 63,104.48 ам.долларыг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ханш 1,659.34 төгрөгөөр тооцож 104,711,787 төгрөгийг хасахад төлбөл зохих төлбөр 95,129,815 төгрөг (199,840,806-104,711,787(63,104.48*1,659.34)=95,129,815) байна гэж маргажээ. /1-р хх-91-107/

Гэрээний төлбөрийг ам.доллараар тохирсон эсэх, хэрэв тохирсон бол хуульд нийцэх эсэх, мөн төлбөрийг аль үеийн ам.долларын ханшаар тооцох нь маргааны зүйл болжээ.

Талуудын байгуулсан гэрээний 1.1-т . . . төслийн бэлтгэл үед шаардагдах 15,000,000 ам.доллар хүртэлх мөнгийг компанийн энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр татан төвлөрүүлэх, 5.1-т Үйлчлүүлэгч нь 1.1-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдаас хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх, татан төвлөрүүлсэн зээлийн санхүүжилтийг хувьцаанд хөрвүүлэхдээ дараах байдлаар хөлсийг тооцож авна гэж зааснаас үзэхэд хөрөнгийг ам.доллараар татан төвлөрүүлж, төвлөрүүлсэн хөрөнгөөс тодорхой хувиар тооцох агуулгатай байгаа нь гэрээний хөлсийг ам.доллараар төлөхөөр тохирчээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар андеррайтерийн үйлчилгээ нь зохицуулалттай зах зээлийн үйл ажиллагааны төрөлд хамаарах тул төлбөрийг гадаад валютаар тогтоосон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасантай нийцнэ.

Гэрээний 5.3-т Нийт ажлын хөлсний үнийн дүнгийн үлдэгдэл 50%-ийг хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг хувьцаанд хөрвүүлэх тухай Зохицуулах байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор андеррайтерт төлнө гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Талууд үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 5.3-т үйл явдлаар тодорхойлон тогтоосон буюу энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарснаас 3 хоногийн дотор гэж тооцвол 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байна.

Зохигчдын хооронд гадаад валютаар төлбөр тооцохоор гэрээ хийгдэж, гэрээний зүйл болох төлбөрийг үүрэг гүйцэтгэгч хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх үед гадаадын тухайн валют монгол төгрөгтэй ямар харьцаатай байна тэр хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх учиртай.

Иймээс хариуцагч нь 63,104.48 ам.долларыг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүрэгтэй гэж үзэн, уг өдрийн ам.долларын Монгол төгрөгтэй харьцах Монгол банкны албан ханш 1,972.08 төгрөгөөр тооцоход нийт 124,447,083 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу гэрээнээс учирсан хохиролд 56,253,384.45 төгрөг гаргуулах тухайд

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс Төрийн банк, Богд банкнаас зээл авч, хүү төлж хохирол учирсан хэмээн шаардсаныг хариуцагч нь банкнаас зээл авсан цаг хугацаа, хэмжээ өөр тул гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирол болох нь тогтоогдохгүй хэмээн маргажээ.

Өмнө дурдсанчлан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хариуцагчийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хариуцагчаас хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Төрийн банкнаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны хооронд 900,000,000 сая төгрөгийн жилийн 27.6%-ийн хүүтэй, Богд банкнаас 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 650,000 ам.долларыг жилийн 13%-ийн хүүтэй зээлсэн болох нь банкны тодорхойлолт, дансны хуулгаар тогтоогдож байна. /1-р хх-79-87/

Нэхэмжлэгчийн хохирлыг хариуцагчийн төлбөл зохих үүрэг 124,447,083 төгрөгөөс тооцох ба Төрийн банкинд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны хооронд төлсөн хүү 25,349,870 төгрөг (124,447,083*27.6%*291/365), Богд банкинд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд төлсөн хүү 12,394,929 төгрөг (124,447,083*13.0%*332/365)-ийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Гурав. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Андеррайтерийн гэрээний 5.2-т Энэхүү гэрээг байгуулсан өдрөөр тасалбар болгон нийт татан төвлөрүүлсэн хөрвөх нөхцөлтэй зээлийн санхүүжилтийн үнийн дүнгээс 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан хувь хэмжээгээр тооцож нийт үнийн дүнгийн 50 хувийн ажлыг 1 өдөрт багтаан андеррайтерт төлнө гэж заасан нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдах үед төсөлд шаардлагатай хөрөнгө нэгэнт төвлөрсөн байсан учир хөлс төлөх шаардлага байгаагүй гэжээ.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл нь аль нэг талын бодит хүсэл зоригоос зөрсөн нөхцөлд түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болдог. Агуулга, илэрхийлэл, эрх зүйн үр дагавар, эсрэг талын хувийн шинж байдал, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн байхыг шаардана.

Өмнө дүгнэснээр нэхэмжлэгч нь хариуцагчийн төсөлд шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч компанийн эрх бүхий этгээдээс гэрээг баталсан, гэрээний төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ноцтой төөрөгдөл бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х ХК-аас Андеррайтерийн гэрээний үүрэгт 124,447,083 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 37,744,799 төгрөг (25,349,870+12,394,929), нийт 162,191,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ҮЦК ХК-д олгон, үлдэх 60,348,748 төгрөгийн шаардлага болон гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,428,603 төгрөг, хариуцагчаас төлсөн 212,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 968,999 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХК -аас 162,191,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгож, үлдэх 60,348,748 төгрөгийн шаардлага болон гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,428,603 төгрөг, хариуцагчаас төлсөн 212,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 968,999 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН