Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо тоот “Э т м с” ХХК /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоотод оршин суух Б Н /РД: /

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохирол, алданги 6,070,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний төлбөрт төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С, хариуцагчийн төлөөлөгч П.Ганбилэг

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э т м с” ХХК нь хариуцагч Б.Нт холбогдуулан 6,070,200 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Нтэй “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба барааны урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирч, ахуйн цэвэрлэгээний зориулалттай төхөөрөмжийг 6,500,000 төгрөгөөр худалдсан.

 

1.2. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь төхөөрөмжийн үнээс 2,500,000 төгрөг төлж, 2020 оны 2 дугаар сараас хойш огт төлбөр төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг оршин суух хаягтаа амьдардаггүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосны үндсэн дээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. 

 

1.3. Иймд хариуцагчаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсны зардал 70,200 төгрөг нийт 6,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Үүнд:

 

2.1. Худалдагч тал төхөөрөмжийг хэрхэн ашиглах, хэрэглэх зааварчилгааг өгөөгүйгээс тухайн төхөөрөмжийг нэг ч удаа ашиглаагүй. Энэ үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл биелүүлээгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, төхөөрөмжийг буцаан өгч, төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

 

3.1. “Э т м с” ХХК нь худалдаж буй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжөөр худалдан авагчийн гэрийг цэвэрлэж, төхөөрөмжийг ашиглах зааварчилгаа сурталчилгаа явуулдаг маркетингтай бөгөөд уг үйлчилгээг хариуцагч хүлээн авч, төхөөрөмжийг худалдан авсан. Мөн төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар монгол хэл дээр гарын авлагыг хүлээлгэн өгсөн.

 

3.2. Гэрээнд барааг хэрхэн буцаах талаар зааж өгсөн ба худалдан авагчаас бараа буцаах тухай мэдэгдэж байгаагүй, 2018 оноос хойш ашиглаагүй гэдгийг гайхаж байна, одоо буцаах талаар ярих нь зохимжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.   

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Э т м с” ХХК-ийн дүрэм, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах,  худалдан авах гэрээ, бараа хүлээлгэж өгсөн акт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02555 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 26к1-3/3050 дугаартай албан бичиг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4-19 дугаар тал/

 

5. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь гэр ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг 6,500,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрөөс нийт 2,500,000 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөрийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа байгаагүй ба эрэн сурвалжлуулсны шүүхийн зардалд 70,200 төгрөг гарсан. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг нийт 6,070,200 төгрөг шаардаж байна. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:  Худалдан авсан төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа, зөвлөгөө өгөөгүйгээс төхөөрөмжийг ашиглаагүй. Иймд худалдагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, төхөөрөмжийг нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэн өгч, төлбөрт төлсөн 2,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах, гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Э т м с” ХХК нь EVapor 3000i брэндийн барааг дагалдах хэрэгслүүд, иж бүрдлийн хамт шилжүүлэх, Б.Н нь урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.     

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд энэ гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь ямар нэг доголдолгүй эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ. Энэхүү үүргээ нэхэмжлэгчийг биелүүлсэн эсэх асуудлаар талууд маргаагүй, хариуцагч нь худалдан авсан барааг хүлээн авсан байна. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох EVapor 3000i брэндийн барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн тул түүний үнийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь барааны үнийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “төхөөрөмжийг хэрхэн ашиглах зааварчилгаа, зөвлөгөөг өгөх гэрээнд заасан үүргээ худалдагч биелүүлээгүйгээс төхөөрөмжийг нэг ч удаа ашиглаж чадаагүй” гэж тайлбарлаж байх ба төхөөрөмжийн төлбөрт төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаарджээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төхөөрөмж ашиглах зааварчилгааг өгөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, түүний үр дагавар болох өгсөн, авснаа буцаах үүргийг биелүүлэхийг шаардсан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах буюу цуцлах нөхцөлийг Иргэний хуулийн 256 дугаар зүйлд зохицуулсан. Өөрөөр хэлбэл худалдагчийн үндсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй болохыг заасан байна. Иймд хариуцагчийн худалдан авсан төхөөрөмжийг ашиглах, хэрэглэх зааварчилгаа, зөвлөгөө өгөх үүрэг нь худалдагчийн үндсэн үүрэг биш бөгөөд гэрээгээр хүлээсэн бусад үүрэгт хамаарна. Иймд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс эд хөрөнгөд доголдол бий болсон нөхцөл байдал болоогүй бол дан ганц зааварчилгаа, зөвлөгөө өгөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах эрхгүй гэж ойлгоно. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг дагалдах үүргээ биелүүлээгүй болохыг баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт  “худалдагч төхөөрөмжийн хүчин чадал, үйлдлүүдийг бүрэн хэмжээнд үзэж шалган танилцуулсан, төхөөрөмжийн хамт ашиглалтын зааврыг олгосон” гэсэн худалдан авагч гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт авагдсан байна. Иймд хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцоогүй, гэрээ цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Алданги нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд нийт гүйцэтгээгүй үүргээс хэтэрсэн хоногоор тооцож хэмжээг тодорхойлно. Ийнхүү тодорхойлсон алдангийн хэмжээ нь нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүйг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зохицуулсан байна. Иймд алдангийг тооцох хугацаа тодорхой байх нь хуульд нийцнэ. Хариуцагчийг гэрээний төлбөрт 2,500,000 төгрөг төлсөн асуудлаар талууд маргаагүй боловч уг төлбөрийг хэдийнээс хэдий хугацаанд төлсөн нь тодорхойгүй, төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй тул алданги тооцох хугацаа тодорхойгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээний 7.1.2-т “худалдан авагч энэхүү гэрээний 3.2 заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн нийт үнийн дүнгийн 0.1% тэнцэх алданги тооцох болно. Хоног тутмын алданги сар бүрийн төлөлтийн хамт тухайн өдөр төлнө” гэжээ. Алданги нь гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцогдох бөгөөд харин талууд сар бүрийн төлөх дүнгээс тооцож төлбөр төлөх өдөр хүртэл алданги төлөхөөр тохирсон байна. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байх тул нэхэмжлэлээс алдангид шаардсан 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нь гэрээ байгуулах үедээ оршин суух газар, хаягаа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Тайм скүэр хотхон гэж тодорхойлсон байх ба уг хаягийн мэдээллээр нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2020/10417 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02555 дугаар шийдвэрээр Б.Нийг эрэн сурвалжилсаны үр дүнд цагдаагийн байгууллагаас түүний оршин суух газар, хаягийг тогтоожээ. Ийнхүү эрэн сурвалжлуулах хүсэлтэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж зардал гарсан болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулах үндэслэлтэй.   

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагаа явуулах хугацааг сунгасан эсэхийг тэмдэглээгүй нь тухайн хугацааг дууссан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд уг хугацааг сунгуулсан эсэх нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад хамааралгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагчаас төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 70,200 төгрөг нийт 4,070,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөг төлөхөөс 118,950 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 64,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Нээс 4,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э т м с” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э т м с” ХХК-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Нийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,073 төгрөг, хариуцагч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгөөс 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 80,073 төгрөг гаргуулж “Э т м с” ХХК-д, улсын орлогоос илүү төлсөн 64,000 төгрөгийг гаргуулж Б.Нт тус тус олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА