Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   07   31   210/МА2023/01502

 

 

Элит техно монгол сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02256 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Наранчимэгт холбогдох

Худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 6,070,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, гэрээнээс татгалзсаны үр дагаварт 2,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Элит техно монгол сервис ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Наранчимэгтэй бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ахуйн цэвэрлэгээний зориулалттай төхөөрөмжийг 6,500,000 төгрөгөөр худалдсан. Барааны урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг сар бүр 500,000 төгрөг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсон.

1.2. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь төхөөрөмжийн үнээс 2,500,000 төгрөг төлж, 2020 оны 02 дугаар сараас хойш огт төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг оршин суух хаягтаа амьдардаггүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосны үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагчаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсны зардал 70,200 төгрөг, нийт 6,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Худалдагч тал төхөөрөмжийг хэрхэн ашиглах, хэрэглэх зааварчилгааг өгөөгүйгээс тухайн төхөөрөмжийг нэг ч удаа ашиглаагүй. Энэ үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл биелүүлээгүй тул худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийг буцаан өгч, төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Элит техно монгол сервис ХХК нь худалдаж буй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжөөр худалдан авагчийн гэрийг цэвэрлэж, төхөөрөмжийг ашиглах зааварчилгаа сурталчилгаа явуулдаг бөгөөд уг үйлчилгээг хариуцагч хүлээн авч, төхөөрөмжийг худалдан авсан. Мөн төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар монгол хэл дээр гарын авлагыг хүлээлгэн өгсөн. Гэрээнд барааг хэрхэн буцаах талаар зааж өгсөн ба худалдан авагчаас бараа буцаах тухай мэдэгдэж байгаагүй, 2018 оноос хойш ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй, одоо буцаах талаар ярих нь зохимжгүй.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наранчимэгээс 4,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Элит техни монгол сервис ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Элит техно монгол сервис ХХК-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Наранчимэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,073 төгрөг, хариуцагч Б.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгөөс 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 80,073 төгрөг гаргуулж Элит техно монгол сервис ХХК-д, улсын орлогоос илүү төлсөн 64,000 төгрөгийг гаргуулж Б.Наранчимэгт тус тус олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаагүй, дуусгавар болсон байх бөгөөд гэрчилгээг баталгаажуулсан нотариатын үйлдэл нь нэхэмжлэл гаргахаас жилийн өмнөх хугацаатай байгаа нь нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдал тодорхойгүй цаашлаад нэхэмжлэх эрхгүй этгээд болох нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг нягтлахгүйгээр, нэхэмжлэх эрхтэй этгээд мэтээр дүгнэж шууд шийдвэрлэсэн нь өрөөсгөл гэж үзэж байна.

5.2. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 5.2-т Барааны танилцуулгыг бүрэн хэмжээгээр хийж үзүүлнэ. Худалдан авагчид шаардлагатай бүх мэдээллийг өгч, барааны хүчин чадал, үйлдлүүдийг шалгаж, үзүүлэн хүлээлгэж өгөхдөө акт үйлдэнэ гэж худалдагчийн үүргийг заасан боловч цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдагч талаас биет байдлаар хүлээлгэж хүргэлтээр авч ирж өгчихөөд худалдааны менежер гэх хүн нь төхөөрөмжийг хэрхэн ашиглах, хэрэглэх зааварчилгааг биечлэн өгөхөөр байсан боловч зааварчилгаа өгөөгүй, утсаар ярьж шаардсан боловч ажлаас гарсан гээд огт хүн ирээгүй учраас өнөөдрийг хүртэл Б.Наранчимэг нь төхөөрөмжийг нэг ч удаа ашиглаагүй, мөн төлбөрийг бүрэн төлөөгүй байх үеэр ковид-19 цар тахал дэгдсэн.

Дээрх шалтгаанаар сав баглаатай, шинэхэн тоног төхөөрөмжийг гэрээний 8.1-т заасны дагуу худалдагч талд гэрээнээс татгалзаж, барааг буцаан өгч, төлсөн мөнгөө буцаан авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.3. Мөн гэрээний 5.7-д худалдан авагч сар бүрийн төлөлтөө байнга хоцроож /сарын төлбөрийн дор хаяж 1 сараар хоцроосон/ тохиолдолд худалдагч нь худалдан авагчаас хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч талаас нэг ч удаа төлбөр төлөх шаардлага тавьж байгаагүй, огт холбогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

  6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

   1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК нь хариуцагч Б.Наранчимэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаны үр дагаварт 2,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Элит техно монгол сервис ХХК нь EVapor 3000i ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Наранчимэг нь төхөөрөмжийн үнэ 6,500,000 төгрөгийг урьдчилгаа 500,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Дээрх гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэртэй боловч уг гэрээгээр зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинж болох хүү төлөх талаар талууд тохиролцоогүй байна. (хэргийн 10-15 дахь тал)

Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох бөгөөд хэрэгт Элит техно монгол сервис ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан тул нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдал тодорхойгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд 9 удаагийн шилжүүлгээр нийт 2,500,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

5. Хариуцагч нь гэрээний 5.2-т зааснаар төхөөрөмжийг хэрэглэх зааварчилгааг өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс уг төхөөрөмжийг ашиглаж чадаагүй тул гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж маргасан. Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хэрэглэх нөхцөл, журмын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний зүйл болох ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдлаа нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

Иймд энэ үндэслэлээр хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхгүй юм.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 2,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

Мөн хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь түүнийг эрэн сурвалжлуулахтай холбоотой гаргасан зардал 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймээс гэрээнээс татгалзах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Алдангитай холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА