Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1298

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01093 дугаар шийдвэртэй, Б.Э-ын нэхэмжлэлтэй, “Г Ш” ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд нийт 51 632 361 төгрөгийг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Э- нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шинэ ус ордод байрлах “Г Ш” ХХК-ийн уурхайд олборлогчоор ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олборлолт хийгдэж буй нүхнээс гарах явцдаа 11 метрийн гүн рүү унаж бэртсэн. Тухайн үед “Говь шоо ХХК” нь уурхайн үйл ажиллагаандаа хүдэр, хүдрийн бус шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллаагүйн улмаас Б.Э- унаж, нурууны сэртэнгийн яс хугарч, зүүн өвдөгний чагтан холбоосны урагдал, жийргэвч мөгөөрсний урагдал болон тахилзуур ясны толгойн хугарал, баруун хөлний чагтан холбоос тахилзуур ясны толгойн хугарал гэсэн гэмтлүүдийг нуруу, 2 хөлөндөө авсан.

Осол болсон өдөр уурхайд анхан шатны тусламж авсан, бүсэлхийнээс доош мэдээ алдсан байсан. Аймгийн төвд очсон боловч эмч нар нь шинэ жил тэмдэглээд олдоогүйн улмаас Улаанбаатар хот явж 2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэгдэн ирж, үзлэг оношилгоонд орсон. Гэмтлийн эмнэлэг зүүн хөлөнд авсан гэмтлийн мэс заслыг хийхгүй байгаа тухай бидэнд мэдэгдсэний дагуу уурхайн захирал, эмч, менежерүүдтэй манай гэрийнхэн ярилцаж “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлсэн. Эмчлүүлж байх хугацаанд нарийвчилсан зураг авахуулахад баруун хөлний гэмтэл илэрсэн.

“Монгол Хьюндай” эмнэлэг зүүн хөлний гэмтлийг арай бага үнээр өөрийнх нь шөрмөснөөс авч хийж эмчилж болно гэсний дагуу тус эмнэлэгт Солонгос улсын эмчийн хяналтад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 7 300 000 төгрөгөөр хагалгаанд орсон. Б.Э-ын аав тэтгэврийн зээл авч 2017 оны 3 дугаар сарын 30-нд 3 000 000 төгрөгийн хагалгааг баруун хөлөндөө хийлгэсэн. Хагалгааны дараа физик эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтад байж хэвтрийн дэглэм сахиж хэвтсэн. Тухайн үед гомдол гаргаж “Г Ш” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогийн байдлаар баруун хөлний тавхай хойшоо бүрэн татагдахгүй байгаа бөгөөд дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

Уг ослын улмаас Б.Э- баруун, зүүн өвдгөндөө хагалгаа хийлгэсэн зардал 10 300 000 төгрөг, бусад эмчилгээ буюу зүү тавиулах, эм авах, хөлөнд бэхэлгээний аппарат хийлгэх, аймаг явахад хэрэглэх шатахуун, шуудангийн төлбөр зэрэгт 1 387 361 төгрөг, нийт 11 687 361 төгрөг болсон. Мөн үйлдвэрлэлийн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буюу 11 184 600 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч “Г Ш” ХХК-д 46 хоног ажиллахад 2 450 000 төгрөгийн цалин авсан тул нэг өдрийн цалин 53 260 төгрөг /2,450,000:46=53 260/ төгрөг, үүнийг 30 хоногт үржүүлж нэг сарын цалин 1 597 800 төгрөг, 7 сарын цалин 1 597 800х7=11 184 600 төгрөг болж байна.

Осол гарсан 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарыг хүртэл 18 сарын хугацаанд дээрх ослын улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй тул энэ хугацааны олох байсан орлого буюу цалинд 28 760 400 төгрөг, нийт 51 632 361 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: : Нэхэмжлэгч Б.Э- 2016 оны 12 дугаар сард тус компанид олборлогчоор ажиллаж байх хугацаандаа өөрийн буруутай үйлдлийн улмаас нүх рүү унаж гэмтжээ. Тэрээр нүхнээс гарах ёстой замаар гаралгүй, замгүй тал руу үсэрч, эрүүл гартаа халуун сав барьж, хөгжлийн бэрхшээлтэй гар нь үйлдэл хийх боломжгүйн улмаас унаж гэмтсэн байна. Тухайн осол болсон даруйд тус компани өөрийн зардлаар түүнийг Улаанбаатар хотод ирүүлж, Гэмтлийн эмнэлгийн үзлэгт хамруулж, хэвтүүлсэн. Энэ үед түүнд ямар нэгэн хагалгаа хийх талаар онош гараагүй. “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлж, эмнэлгийн төлбөр, сахиурын ажлын хөлс, шаардагдах эм, хэрэгсэл зэрэг бүхий л төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Б.Э-ын ар гэрийнхэн 2017 оны 1 дүгээр сард “Монгол Хьюндай” эмнэлэгт хагалгаа хийлгэвэл 7 300 000 төгрөгийн төлбөртэй гэсэн хуудас, тодорхойлолт авч ирж мөнгө нэхэхээр нь компанийн уурхайн дарга тус эмнэлэгт очиж энэ талаар лавлахад хагалгаа хийлгээгүй нь тогтоогдсон тул төлбөр төлөх боломжгүйг хэлсэн байдаг. Мөн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр баруун өвдгөндөө хагалгаа хийлгэсэн нь үнэмшилгүй, ямар ч нотлох баримтгүй. Болсон үйл явдлыг тодруулбал, Б.Э- 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн буруу үйлдлийн улмаас уурхайн нүхэнд унаж, гэмтэл авсан үйлдэлд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Ингээд тус аймгийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Г Ш” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтан н.Очирсүрэн гэдэг хүн шалгагдаж байхад 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж гомдолгүй, хохирлын талаар маргаангүй гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Үүнийг прокуророос хянаж үзээд хохирол төлбөргүй эвлэрсэн гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Б.Э-т зүүн өвдөгний чагтан холбоос тасарсан, арын чагтан холбоос тасарсан гэсэн байна. “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ямар нэгэн хагалгааны зардал гаргаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зүүн хөлөндөө хагалгаа хийлгэсэн гэдэг. Сүүлд Б.Э-ын биед үзлэг хийлгэх хүсэлт гаргаснаар үзлэг хийхэд хагалгааны оёдол, шарх сорви тогтоогдоогүй нь үзлэгийн тэмдэглэлээс тодорхой харагдах байх.

Баруун өвдгөндөө 4 сард хагалгаа хийлгэсэн гэдэг. Осол болсон үед эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтээр баруун хөлөнд гэмтэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэж үзэж байгаа тул баруун, зүүн хөлний хагалгааны зардал 11 000 000 төгрөгийг “Г Ш” ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй. “Г Ш” ХХК-ийн захирлыг эрүүгийн хэрэг шалгагдах явцад гэрчээр асуусан. Энэ үед эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай болох нь тогтоогдоогүй тул хариуцагч болж чадахгүй. Мөн эрүүгийн хэрэг нь Улсын ерөнхий прокурорын газарт хянагдаад хохирол мөнгөний тал дээр маргаан байхгүй, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн зүйлгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэвээр үлдээсэн тул “Г Ш” ХХК хохирол төлөх үндэслэлгүй.

 Иргэний хэргийн 8 дугаар хуудаст Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн хөдөлмөрийн чадварын алдалтыг 50 хувь гэж тогтоосон магадлагаа авагдсан. Уг магадлагаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох жагсаалтын 1.10.44-т зааснаар 50 хувийн алдалтыг хугацаагүй тогтоолоо гэсэн байгаа. Б.Э- 2003 онд баруун гарын 2-3 нугалам тайрсан мухар байснаас үзэхэд хөдөлмөрийн чадвар алдалттай байсан. Гэтэл шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгч, шүүхийг төөрөгдүүлж “Г Ш” ХХК-иас мөнгө гаргуулах гэж байгаа нь хууль бус тул ажил олгогчоос 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Цалин авсан гэж хоёр хүн явдаг. Эгчийнхээ дансаар цалингаа авсан гэдэг. Энэ нь Б.Э-т өгсөн цалин хөлс гэдгийг яаж нотлох юм. Тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад “Г Ш” ХХК-ийг иргэний хэргийн хариуцагчаар татаж болох байсан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт ямар нэгэн хагалгааны заалт гараагүй. Эмнэлэгээс гарсан үеийн бичгийг харахад хэсгийн эмнэлгийн хяналтад байна гэсэн байгаа. Мөн нэхэмжлэлийн 3,4 дүгээр шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэрт тусгуулах гэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г Ш” ХХК-иас гэм хорын хохиролд нийт 32 298 981 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 333 380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 319 445 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Э- нь тус компанийн уурхайд ажиллаж байх хугацаандаа өөрийн буруутай үйлдлийн улмаас унаж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан байдаг. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 170200047 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...баруун хөлөнд гэмтэл учраагүй, осол болсноос хойш 3 сар гаруй хоногийн дараа хагалгаанд орсон гэсэн байхад хагалгааны зардал гэж               3 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарах үед “хэсгийн эмчийн хяналтанд” гэсэн эмчийн заалттай гарсан байдаг. Хэрэв зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай байсан бол “Мөнгөн гүүр” эмнэлэгт хагалгаа хийлгэх бүрэн боломжтой байсан. Тус эмнэлгийн төлбөр, холбогдох эмчилгээний зардлыг “Г Ш” ХХК бүрэн төлсөн. Иймд 2 удаа хагалгаа хийлгэсэн гэж хуурамч нотлох баримт бүрдүүлж, шүүхийг төөрөгдүүлсэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагч тал Б.Э-ыг хагалгаа хийлгэсэн эсэхэд эргэлзсэн тул шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч шүүх 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШТ2018/00408 дугаартай шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан.

Шүүх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин буюу олох байсан орлого гаргуулах шаардлагын тухайд “Говьшоо” ХХК-д ямарч холбогдолгүй Б.Уранцэцэг гэж хүний дансанд хаанаас орсон нь мэдэгдэхгүй 2 удаагийн гүйлгээгээр цалин 2 450 000 төгрөгийг “...Б.Э- нь 46 хоног ажиллахдаа 2 450 000 төгрөгийн цалин авсан байна гэж өрөөсгөл дүгнэлт хийж, үүнийгээ “Хаан банк” ХХК-ийн Депозит дансны хуулгаар тогтоогдсон” гэж шүүхийн шийдвэрт бүрхэгдүүлэн бичсэн нь дээрх нотлох баримтыг үнэлэх үнэлэмждээ итгэлгүй байсан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн. “Г Ш” ХХК-иас мөнгөн шилжүүлэг хийхдээ 5990308113 тоот данснаас “Говьшоо” ХХК-иас гэж хийсэн байх тул Б.Э-ын тус компанид 46 хоног ажиллахдаа 2 450 000 төгрөгийн цалин авсан гэдэг нь нотлогдоогүй.

Нэхэмжлэгч нь 18 сар ажилгүй байсан гэх атлаа энэ талаар ямар нэгэн эмчийн магадлагаа, эмч нарын зөвлөлгөөний шийдвэр зэрэг нотлох баримт өгөөгүй байхад шүүх нэг талыг барьж шийдвэр гаргаж, дээрх хугацаанд олох байсан орлого гэх 20 611 620 төгрөгийг “Говьшоо” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Энэ нь ямарч нотлох баримтад үндэслэгдээгүй бөгөөд Б.Э-ын хувьд 2003 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар хугацаагүй тогтоосон Чингэлтэй дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 8282 дугаартай шийдвэр авагдсан байхад давхардуулан манай компаниас 20 611 620 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн улсын тэмдэгтийн хураамж нь эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон зардалд зориулж, хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчдоос төлж байгаа мөнгөн төлбөр байдаг. Гэтэл нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад  319 445 төгрөгийг “Г Ш” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор заасан нь буруу болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрийг гардаж авах талаар шүүхээс мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “Г Ш” ХХК-д холбогдуулан тус компанид олборлогчоор ажиллах хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр осолд орсны улмаас баруун, зүүн өвдгөнд хагалгаа хийлгэсэн зардал 10 300 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы үнэ 1 250 920 төгрөг, бусад зардал 136 441 төгрөг, нийт 11 687 361 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөр 11 184 600 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлого 28 760 400 төгрөг, нийт 51 632 631 төгрөг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Э- баруун, зүүн өвдгөндөө хагалгаа хийлгээгүй, энэ талаарх нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн, тухайн үед Гэмтэл, Согог Судлалын Үндэсний төвд үзлэгт хамруулж, хэвтүүлэх үед ямар нэгэн хагалгаа хийх онош гараагүй, өмнө нь хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлттэй байсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ тайлбарласан байна.

 

Мөн хариуцагч нь давж заалдах гомдолдоо, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дээрх байдлыг тодруулах зорилгоор “нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг тогтоох, баруун, зүүн өвдгөнд бодитойгоор хагалгаа хийлгэсэн эсэхийг шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг шүүх уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнээд хүлээж авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн, хэрэгт хамааралгүй этгээдийн дансны гүйлгээг үндэслэн цалин орлогыг тодорхойлж, хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйлд хамаарах зарим үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэв. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Э- нь “Г Ш” ХХК-ийн уурхайд олборлолт хийх явцдаа осолд орсны улмаас гэмтэж баруун, зүүн өвдгөнд мэс засал хийлгэсэн эсэх нь эргэлзээгүй баримтаар нотлогдсон тохиолдолд шүүх тухайн гэм хорын хохирол учирсантай холбоотой төлбөр зардлын талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай.

 

Улмаар гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн цалин, олох байсан орлогод хамаарах шаардлагыг үнэн зөв, эргэлзээгүй баримтад тулгуурлан шийдвэрлэх байтал шүүх “Хаан банк” ХХК дах Б.Уранцэцэгийн гэх 5013090187 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5990308113 тоот данснаас 160 000 төгрөгийг “Г Ш” ХХК-иас гэх гүйлгээний утгаар, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5890499109 тоот данснаас цалин гэх гүйлгээний утгаар 2 удаагийн шилжүүлгээр 2 450 000 төгрөг, нийт 2 610 000 төгрөгийн орлого орсон баримтад үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалинг тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. /1хх212-215/

 

Нэхэмжлэгч нь тухайн үед гэмтэл авснаар хөдөлмөрийн чадвар алдаж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулахаар дээрх баримтад тулгуурлан шаардаж, хариуцагч нь “цалин” гэж шилжүүлсэн гүйлгээний утга болон дансны эзэмшигч нь “Г Ш” ХХК биш гэж маргаж буй тохиолдолд шүүх тухайн дансны гүйлгээ, 5990308113, 5890499109 тоот дансны эзэмшигчийн талаарх лавлагааг банкнаас тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх журамд нийцэх юм.

 

Түүнчлэн зохигчид шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” /1хх13-15, 1хх176-177/ гэх баримтыг ирүүлсэн байх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэргийн үйл баримтад зайлшгүй хамааралтай нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн дээр дурдсан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч “Г Ш” ХХК-ийн 319 445 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЦОГТСАЙХАН

 

                           ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА