Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01093

 

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:................................тоот хаягт оршин суух, ...... овогт Б.Э /РД: 0000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:…........................тоот хаягт байрлах, Г.Ш ХХК /РД: 000000 /-д холбогдох,

Гэм хорын хохиролд буюу баруун, зүүн өвдгөндөө хагалгаа хийлсэн зардал, бусад эмчилгээ буюу зүү тавиулсан, эм авсан, хөлөндөө бэхэлгээний аппарат хийлгэсэн, шатахуун болон шуудан, нотариатын зардалд нийт 11,687,361 төгрөг гаргуулах, ажил олгогчоос нөхөн төлбөрт 11,184,600 төгрөг гаргуулах, олох байсан орлого буюу 18 сарын цалинд 28,760,400 төгрөг, бүгд 51,632,361 төгрөгийг хариуцагч Г.Ш ХХК-иас гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоогийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Э нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шинэ ус орд гэх газар байрлах Г.Ш ХХК-ийн уурхайд олборлогчоор ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олборлолт хийгдэж буй нүхнээс гарах явцдаа 11 метр гүн нүх рүү унаж бэртсэн. Тухайн үед Г.Ш ХХК нь уурхайн үйл ажиллагаанд баримтлан Хүдэр, хүдрийн бус шороонд ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм-ийг хангаж ажиллаагүйн улмаас Б.Э унаж нурууны сэртэнгийн яс хугарч, зүүн өвдөгний чагтан холбоосны урагдал, жийргэвч мөгөөрсний урагдал болон тахилзуур ясны толгойн хугарал, баруун хөлний чагтан холбоос тахилзуур ясны толгойн хугарал гэсэн гэмтлүүдийг нуруу, 2 хөлөндөө авсан. Осол болсон өдөр уурхай дээр анхан шатны тусламж авсан боловч бүсэлхийнээс доош мэдээ алдсан байсан. Тэгээд аймаг дээр ирсэн боловч эмч нар нь шинэ жил тэмдэглээд олдоогүйн улмаас Улаанбаатар хотод 2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед Гэмтэл согогийн үндэсний төв дээр хүргэгдэн ирж, үзлэг оношилгоонд орсон.

Улмаар Гэмтлийн эмнэлэг зүүн хөлөнд авсан гэмтлийн мэс заслыг хийхгүй байгаа тухайгаа бидэнд мэдэгдсэний дагуу уурхайн захирал, эмч, менежерүүдтэй манай гэрийнхэн ярилцаж Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн. Эмчлүүлж байх хугацаанд нарийвчилсан зураг авахуулахад баруун хөлний гэмтэл мөн илэрсэн. Монгол Хьюндай эмнэлэг зүүн хөлний гэмтлийг арай бага үнээр өөрийнх нь шөрмөснөөс авч хийж эмчилж болно гэсний дагуу тус эмнэлэгт Солонгос эмчийн хяналтан доор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 7,300,000 төгрөгөөр хагалгаанд орсон. Аав маань тэтгэвэрийн зээл авснаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хагалгааг баруун хөлөндөө хийлгэсэн. Хагалгааны дараа физик эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтад байж хэвтэрийн дэглэм сахиж хэвтсэн. Тухайн үед гомдол гаргаж Г.Ш ХХК-г иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Одоогийн байдлаар баруун хөлний тавхай хойшоогоо бүрэн татагдахгүй байгаа бөгөөд дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

Энэхүү ослын улмаас Б.Э баруун, зүүн өвдгөндөө хагалгаа хийлсэн зардал 10,300,000 төгрөг, бусад эмчилгээ буюу зүү тавиулсан, эм авсан, хөлөндөө бэхэлгээний аппарат хийлгэж зүүсэн, Дундговь аймаг руу дуудагдаж явахдаа хэрэглэсэн шатахууны төлбөр, шуудангаар явуулсан нэхэмжлэл, хүсэлтийн баримт зэрэг нийлээд 1,387,361 төгрөг, нийт 11,687,361 төгрөг болсон. Мөн үйлдвэрлэлийн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буюу 11,184,600 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Э нь Г.Ш ХХК-д 46 хоног ажиллаад 2,450,000 төгрөгийн цалин авсан байдаг, түүний 1 өдрийн цалин 53,260 төгрөг /2,450,000:46=53,260/ төгрөг, үүнийг 30 хоногт үржүүлэхэд түүний 1 сарын цалин 1,597,800 төгрөг болж байх ба 7 сарын цалин 1,597,800х7=11,184,600 төгрөг болж байна. Б.Э нь осол гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарыг хүртэл 18 сарын хугацаанд дээрх ослын улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй тул энэ хугацааны олох байсан орлого буюу цалинд /18х1,597,800=28,760,400/ 28,760,400 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд хариуцагчаас нийт 51,632,361 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэв.

Хариуцагч Г.Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болорцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 12 дугаар сард тус компанид олборлогчоор ажиллаж байх хугацаандаа өөрийн буруутай үйлдлийн улмаас нүх рүү унаж гэмтжээ. Тэрээр нүхнээс гарах ёстой замаар гаралгүй, замгүй тал руу үсэрч, эрүүл гартаа халуун сав барьж, хөгжлийн бэрхшээлтэй гар нь үйлдэл хийх боломжгүйн улмаас унаж гэмтсэн байна. Тухайн осол болсон даруйд тус компанийн зүгээс өөрийн зардлаар Б.Э-ыг Улаанбаатар хот руу авч яван Гэмтлийн эмнэлгийн үзлэгт хамруулж, хэвтүүлсэн ба ямар нэгэн хагалгаа хийх талаар онош гараагүй, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлж, эмнэлгийн төлбөр, сахиурын ажлын хөлс, шаардагдах эм, хэрэгсэл зэрэг бүхий л төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Б.Э-ын ар гэрийнхэн 2017 оны 01 дүгээр сард Монгол Хьюндай эмнэлэгт хагалгаа хийлгэвэл 7,300,000 төгрөгийн төлбөртэй гэсэн хуудас, тодорхойлолт барьж ирж мөнгө нэхэхээр нь компанийн уурхайн дарга тус эмнэлэгт очиж уулзахад хагалгаа хийлгээгүй болох нь тогтоогдсон тул төлбөрийг төлөх боломжгүйгээ хэлсэн байдаг. Мөн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баруун өвдгөндөө хагалгаа хийлгэсэн болох нь үнэмшилгүй, ямар ч нотлох баримтгүй гэж үзэж байна.

Болсон үйл явдлын хувьд гэвэл Б.Э 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн буруутай үйлдлийн улмаас уурхайн нүхэнд унаж, гэмтэл авсан, энэ үйлдэлд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Ингээд Дундговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын прокурорын 40 дүгээр тогтоолоор Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Ш ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтан н.О гэдэг хүн шалгагдаж байхад 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Э өөрөө хүсэлт гаргаж гомдолгүй, хохирлын талаар маргаангүй гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Үүнийг прокуророос хянаж үзээд хохирол төлбөргүй эвлэрсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Б.Э-т зүүн өвдөгний чагтан холбоос тасарсан, арын чагтан холбоос тасарсан гэжээ. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ямар нэгэн хагалгааны зардал гаргаагүй. Б.Э-ыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зүүн хөлөндөө хагалгаа хийлгэсэн гэсэн байгаа. Сүүлд Б.Э-ын биед үзлэг хийлгэх хүсэлт гаргаснаар үзлэг хийсэн. Үзлэгээр хагалгааны оёдлын шарх,сорви тогтоогдоогүй. Үзлэгийн тэмдэглэл дээр тодорхой харагдах байх. Баруун өвдөгөндөө 4 сард хагалгаа хийлгэсэн гэсэн. Осол болсон үед эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтээр баруун хөлөнд гэмтэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч тал хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Баруун, зүүн хөлний хагалгааны зардал 11,000,000 төгрөгийг Г.Ш ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй. Г.Ш ХХК-ийн захирлыг эрүүгийн хэрэг дээр гэрчээр шалгасан. Энэ үед эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай болох нь тогтоогдоогүй тул хариуцагч болж чадахгүй. Мөн энэ эрүүгийн хэрэг нь улсын ерөнхий прокурорын газарт хянагдахад хохирол мөнгөний тал дээр маргаан байхгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн буруу хэрэглэсэн зүйл байхгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэвээр үлдээсэн. Иймд хохирол мөнгийг Г.Ш ХХК боломжгүй гэж үзэж байна. 

Иргэний хэргийн 8 дугаар хуудаст авагдсан байгаа. Хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалдтай гэсэн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн хөдөлмөрийн чадварын алдалтыг тогтоосон магадалгаа байдаг. Энэ магадалгаагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох жагсаалтын 1.10.44 дүгээр заалтад зааснаар 50 хувийн алдалтыг хугацаагүйгээр тогтоолоо гэж байгаа. Б.Э 2003 онд баруун гарын 2-3 нугалам тайрсан мухар байсан. Үүнээс харахад 2003 оноос хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувь байсан. Гэтэл шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгч, шүүхийг төөрөгдүүлж Г.Ш ХХК-аас мөнгө гаргуулах гэж байгаа нь хууль бус зүйл гэж үзэж байх тул ажил олгогчоос 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй. Цалин авсан гэж хоёр хүн явдаг. Эгчийнхээ дансаар цалингаа авсан гэдэг. Энэ нь Б.Эт өгсөн цалин хөлс гэж яаж нотлох юм. Тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байхад Г.Ш ХХК-г иргэний хариуцагчаар татаж болох байсан. Мөнгөн гүүр эмнэлэгт ямар нэгэн хагалгааны заалт гараагүй. Эмнэлэгээс гарсан үеийн бичгийг харахад хэсгийн эмнэлэгийн хяналтад байна гэсэн байгаа. Мөн нэхэмжлэлийн 3,4 дүгээр шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэрт тусгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыгүндэслэлгүй гэж үзэж байна. Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийг шаардалгыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Б.Э нь гэм хорын хохиролд буюу баруун, зүүн өвдгөндөө хагалгаа хийлсэн зардал, бусад эмчилгээ буюу зүү тавиулсан, эм авсан, хөлөндөө бэхэлгээний аппарат хийлгэсэн, шатахуун болон шуудан, нотариатын зардалд нийт 11,687,361 төгрөг гаргуулах, ажил олгогчоос нөхөн төлбөрт 11,184,600 төгрөг гаргуулах, олох байсан орлого буюу 18 сарын цалинд 28,760,400 төгрөг, бүгд 51,632,361 төгрөгийг хариуцагч Г.Ш ХХК-иас гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ... Б.Э нь өөрийн буруугаас болж нүхэнд унаж гэмтэл авсан, мөн эрүүгийн хэргийг Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Уурхай дээр байхдаа авсан гэх гэмтлийн талаар хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгоогүй, өмнөх гэмтлээрээ хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар тогтоолгосон баримтаа өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Г.Ш ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Шинэ-Ус-ны хайлуур жоншны уурхайд олборлогчоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус уурхайд ухсан нүхэнд унаж, цээжний 11, 12, бүсэлхийн 1, 2, 3 дугаар нурууны зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3, 4 дүгээр нугаламын арын сэртэнгийн хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоос тасарсан, арын чагтан холбоос бүрэн бус тасрал, гадна талын коллатерал холбоосны тасарсан хүндэвтэр гэмтэл авсан болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000000 дүгээр шинжээчийн дүгнэлтээр, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн актаар,

Хариуцагч Г.Ш ХХК нь Монгол улсын Үйлдвэр худалдааны сайдын 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123 дугаар тушаалаар батлагдсан Хүдэр, хүдрийн бус шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм-ийн 7.2 дугаар бүлгийн 377, 382, 386-ийн а, б, в хэсгийг зөрчсөн болох нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Нямсүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч Г.Ш ХХК нь Б.Э-т учирсан хохирлыг хариуцаж арилгах үүрэг хүлээнэ.

Б.Э-ын гэмтэл авсан дээрх үйлдэлд Дундговь аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хяналтын прокурорын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэрэгт шалгагдсан Г.Ш ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаархэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

А/ Баруун, зүүн өвдгөндөө хагалгаа хийлсэн зардал 10,300,000 төгрөг, бусад эмчилгээ буюу зүү тавиулсан, эм авсан, хөлөндөө бэхэлгээний аппарат хийлгэсэн, шатахуун болон шуудан, нотариатын зардалд 1,387,361 төгрөг, нийт 11,687,361 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Хьюндай эмнэлэгт зүүн хөлөндөө мэс засал хийлгэж төлбөрт 7,300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөн эмнэлэгт баруун хөлөндөө мэс засал хийлгэж төлбөрт 3,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь өвчний түүх, мэс заслын үеийн тэмдэглэл, Голомт банкны орлогын мэдүүлэг, кассын орлогын ордероор нотлогдож байна.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б.Э.М ХХК-д үзлэгийн төлбөрт 30,000 төгрөг, мөн 10 дугаар сарын 16-ны өдөр давтан үзлэгийн төлбөрт 30,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17- өдөр Макситрол, Осталин-ны төлбөрт 53,800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр таяг-ны төлбөрт 50,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05, 23-ны өдөр CaD3, -ны төлбөрт 19,600 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Гипс-ны төлбөрт 78,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баруун хөлний томографи, зүүн хөлний бэхэлгээний аппарат-ны төлбөрт 360,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 18, 19, 20, мөн 03 дугаар сарын 09, мөн 07 дугаар сарын 30, мөн 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд физик эмчилгээний төлбөрт 525,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Рент росс-ны төлбөрт 33,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шуудангийн зардалд 2,740 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Канон-ы төлбөрт 1,400 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд нотариатын зардалд 8,800 төгрөг, бензин болон шатахууны төлбөрт 123,501 төгрөг, нийт 11,678,361 төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордер, төлбөрийн баримтын цахим системийн баримт, мөнгө хураах тасалбар, мөнгөний тасалбар зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б/ Ажилгүй байсан хугацааны цалин буюу олох байсан орлогод 28,760,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Э нь дээрх гэмтлийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Ш ХХК-иас нэхэмжлэгч Б.Э-ын цалингийн цэсийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч ... компанийн нягтлан бодогч ажлаа хаяж явсны улмаас санхүүгийн баримтууд үрэгдсэн гэх шалтгаанаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, Б.Э тус компанид 46 хоног ажиллахдаа 2,450,000 төгрөгийн цалин авсан болох нь Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдсон тул түүний 1 өдрийн цалинг 53,260 төгрөг /2,450,000:46=53,260/-өөр тооцох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн 1 сарын цалин, түүнтэй адилтгах орлогыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцүүлж /53,260 төгрөг х 21.5 хоног = 1,145,090 төгрөг/ 1,145,090 төгрөгөөр тооцож, түүний ажилгүй байсан 18 сарын олох байсан орлогод цалинд /18 сар х 1,145,090 төгрөг = 20,611.620 төгрөг/ 20,611,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 8,148,780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

В/ Нэхэмжлэгч Б.Э хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан тул Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар ажил олгогчоос 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг буюу 11,184,600 төгрөгийг шаарджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:, мөн хуулийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа; гэжээ.

Хавтас хэргийн 8 дугаар талд авагдсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 8282 шийдвэрээр Б.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, хугацаагүйгээр тогтоожээ. Гэвч комиссын энэ шийдвэр нь Б.Эын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г.Ш ХХК-ийн уурхайд авсан гэмтэлтэй хамааралгүй, харин түүний 2013 онд баруун гарныхаа 2 хурууг тайруулсан гэмтлийг үндэслэж хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, хугацаагүйгээр тогтоосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд ажил олгогчоос буюу энэ хэргийн хариуцагч Г.Ш ХХК-иас 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буюу 11,184,600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Г/ Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, мөн хуулийн 8.1.5-д Гэм хор учруулах гэж хуульчилжээ. Бусдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах нь хуулиар олгогдсон эрх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Ш ХХК-иас 32,298,981 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,333,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг хариуцагч Г.Ш ХХК-иас 32,298,981 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,333,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 319,445 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР

                                                                           ШҮҮГЧ Б.АЗБАЯР

                                                                   Н.ХАНГАЛ