Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01897

 

 

 2023 оны 06 сарын 09 өдөр                Дугаар  183/ШШ2022/01897                     Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Б овогт Ч.М /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт  оршин суух, Б овогт Ч.Х /РД:ХП*******/,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Б ХХК /РД: *********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт нийт 825 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б ХХК -иар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт  оршин суух, Б овогт Ч.Х /РД:ХП**********/-гийн

Нэхэмжлэгч: Х дүүрэгт  оршин суух, Б овогт Ч.М /РД:ШЗ************/-д холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, Н.М ,

Хариуцагч Ч.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х,

Хариуцагч Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Гэрч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ч.Х, Б ХХК -нд холбогдуулан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт 825 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Х үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б ХХК -иар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ч.М би төрсөн эгч Ч.Х-тэй харилцан тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг байгуулсан ба гэрээнд заасны дагуу 1 300 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу өмнө өгч байсан гэх 300 000 000 төгрөгийг санхүүгийн баримтуудыг үндэслэн хасаж тооцохоор болсон боловч өнөөдрийг болтол уг баримтуудыг надад үзүүлээгүй. Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 300 000 000 төгрөг, нийт 750 000 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 550 000 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. 2019 оны 11 дүгээр сард багтаан төлөх байсан 250 000 000 төгрөгийн 1030 хоногийн алданги болох 125 000 000 төгрөг, өмнөх 300 000 000 төгрөгийн 1418 хоногийн алданги 150 000 000 төгрөг буюу нийт алданги 275 000 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 550 000 000 төгрөг, алданги 275 000 000 төгрөг, нийт 825 000 000 төгрөг гаргуулж өгнө үү . 

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу батлан даалтын гэрээ хийсэн. Батлан даалтын гэрээний хувьд Б ХХК-тай буюу гүйцэтгэх захирал Ч.Х-тэй нэхэмжлэгч Ч.М байгуулсан. Энэхүү гэрээний огнооны хувьд бол мөн адил 11 дүгээр сарын 06-ны өдөр юм. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт батлан даагч нь 1 000 000 000 төгрөгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд манайх батлан дааж үүргийг гүйцэтгэнэ гэх агуулгаар гэрээ байгуулагдсан байна. Тиймээс хариуцагч Ч.Х үүргээ биелүүлээгүй тохиолдолд Бармаш компаниар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 1996 оноос 2018 он хүртэл Бармаш ХК байхаас нь эхлээд Б ХХК болох хүртэл нь менежер хийдэг байсан. Тэр хугацаанд бүхий л ажилд нь оролцдог байсан, ямар ч амралтгүй, цаг наргүй, хөдөлмөрийн хөлсний хамгийн багаар тооцож цалин авдаг байсан. Тэр хөдөлмөрийнхөө хөлсөнд тооцож мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг байгуулсан. Нийгмийн даатгал төлж байсан баримтуудаа хавсаргасан. Тэгээд нийт 825 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. 1 300 000 000 төгрөгнөөс 750 000 000 төгрөгийг надад өгсөн. Ч.Х өөрөө гэрээгээ Тайван гэх өмгөөлөгчөөрөө бэлдүүлээд авчирч гарын үсэг надаар зуруулсан. 1 300 000 000 төгрөгийн гэрээ хийхдээ 300 000 000 төгрөгийг нь өгсөн үлдсэн 1 000 000 000 төгрөгийг нь өгнө гэж хийсэн. Гэвч 300 000 000 төгрөгнийхөө баримтыг надад өгөөгүй. Тэгээд би бас аваагүй байгаа учраас давхар энэ нэхэмжлэлдээ оруулж нэхэмжилсэн. 2018 оны 12 сард 150 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 300 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 550 000 000 төгрөг үүн дээрээ 275 000 000 төгрөгийн алданги тооцож байгаа. Нийтдээ 825 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Хажидсүрэн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд Б ХХК батлан даалтын гэрээг хийж баталгаажуулсан. Ч.Х үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б ХХК үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ч.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ч.Х, Ч.М нар нь төрсөн эгч дүүс байгаа. Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу 825 000 000 төгрөг нэхэмжилдэг. Тухайн мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ч.Х мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 300 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 300 000 000 төгрөг, 2022 оны 05 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Энэ бэлэглэлийн гэрээгээр өгсөн байрны үнэ 160 000 000 төгрөг. Нийт 910 000 000 төгрөгийн мөнгө, үл хөдлөх эд хөрөнгийг Ч.М-д шилжүүлсэн. Бэлнээр 750 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгөөр 160 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээн дээрээ бичсэн байдаг. Энэ гэрээг хийхээс өмнө 300 000 000 төгрөгийг Ч.Мын амьдрах хэрэгцээнд зарцуулсан. Үлдэгдэл 1 000 000 000 төгрөгийг ийм байдлаар өгнө гээд задаргааг нь гэрээн дээр бичсэн байдаг. Гэрээний 1 дүгээр заалт дээр байгаа эгч дүүсийн барилдлагыг бодож энэ гэрээг хийсэн гэсэн байгаа. Энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ учраас дахиж би дүүдээ ямар нэгэн байдлаар туслах боломжгүй, би өөрөө өндөр настай болсон, дахин мөнгө өгөх санхүүгийн боломжгүй болсон, тус тусдаа амьдралтай учраас дахин ийм байдлаар амьдралын дэмжлэг үзүүлэх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б ХХК -ийн хувьцаа хэрэгт хавсаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцаа эзэмшигч нь 100 хувь өөр компанид шилжсэн. Хариуцагч Ч.Х гэх хүнтэй ямар нэгэн холбоогүй болсон. Тухайн гэрээгээр ямар нэгэн байдлаар гарсан төлбөр тооцоо, маргаан бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудал гарах юм бол Ч.Х өөрөө хариуцна гэж заасан. Батлан даалтын гэрээ нь хүчингүйд тооцох үндэслэлтэй байна. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний зорилго хэсэг дээр эгч дүүгийн барилдлага нэр төрийг баримтлан эвийн журмаар гэсэн байна. Ийм гэрээн дээр батлан даалтын гэрээг Б ХХК -тай байгуулсан нь өөрөө хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцогдоно. Батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг харахаар Б ХХК-тай холбоотой зүйл харагдахгүй байгаа. Тэгсэн мөртлөө батлан даалтын гэрээгээр Б ХХК-г оруулаад ирсэн. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг Ч.Х өөрөө хийсэн, батлан даалтын гэрээг Б ХХК гэж хийсэн боловч Ч.Х өөрөө гарын үсэг зурсан. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Б ХХК -тай хамааралгүй, мөн одоогийн нөхцөл байдал дээр Б ХХК -ийн хувьцаа эзэмшигч нарт Ч.Х оролцоогүй учраас манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, манайд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

 

4.Хариуцагч Ч.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.Х, Ч.М нар нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн гэрээний зорилго нь эгч дүүгийн барилдлагыг хүндэтгэн түүний хүчин чармайлт хувь нэмэрийг үнэлэн дүү Ч.М-д мөнгө төлбөр шилжүүлэх гэрээг хийсэн болно гэж гэрээний зорилгоо тодорхойлсон. Энэ гэрээний зорилго, гэрээг бүхэлд нь аваад үзэх юм бол Иргэний хуульд заасан аль гэрээний зүйл заалтад тохирч байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Тийм учраас мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн гэрээ гэх үндэслэлээр хууль бус гэрээ гэж үзэж байна. Тиймээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч Ч.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Ч.М-тай Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан ба нэхэмжлэгчийн хувьд эгч тухайн үед Ч.Х-тэй харилцан тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар хуулийн зүйл заалт зөрчсөн гээд байгаа нь тодорхойгүй ба хариуцагчийн хувьд гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг төлөөгүй тохиолдолд батлан дааж Б ХХК нь Батлан даалтын гэрээ байгуулсан зэргээс үзэхэд гэрээний талууд аль аль нь өөрсдийн хүсэлт зоригоо илэрхийлж, Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Үүнээс гадна хариуцагч Ч.Х нь Иргэний хуулийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу аль заалтад хамааруулж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байгаа тул дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Ч.М-ын 4********* тоот дансны шилжүүлгийн баримтууд, Ч.Маас Г.Н-т олгосон итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хавсралт, Ч.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Батлан даалтын гэрээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн МГ-22/** тоот Хувьцаа худалдах, худалдан авах үндсэн гэрээ /хэргийн 2-12, 41-45, 46-50, 60, 132-146-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ч.Х-гээс хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Хгээс олгосон итгэмжлэл /хэргийн 32, 38-39-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.О-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 69, 122-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол, Ч.Х-гийн эрүүгийн журмаар гаргасан гомдол, 50 ширхэг бэлэн мөнгөнийн зарлагын баримтууд /хэргийн 62-67, 75-116-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Мын хариуцагч Ч.Х, Б ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 375 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 450 000 000 төгрөгийг болон хариуцагч Б ХХК -нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, хариуцагч Ч.Х-гийн нэхэмжлэгч Ч.М-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ч.Х-тэй мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээгээр 1 300 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч 750 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үлдэх 550 000 000 төгрөгийг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 275 000 000 төгрөг, нийт 825 000 000 төгрөгийг гаргуулах,

хариуцагч Ч.Х нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол батлан даалтын гэрээ байгуулсан хариуцагч Б ХХК -иар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Ч.Х нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг зөвшөөрөхгүй, гэрээг эгч дүүсийн барилдлагын дагуу л байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт нийт 910 000 000 төгрөгийг буюу 750 000 000 төгрөгийг бэлнээр, 160 000 000 төгрөгний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн тул дахин мөнгө шилжүүлэх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Б ХХК нь батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус хуулийн этгээд өөрийн үндсэн зорилгыг зөрчиж хийсэн, компанийн эрх өөр этгээдэд шилжсэн тул батлан даалтын үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.

5.Хариуцагч Ч.Х нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээг нэхэмжлэгчийн шахалт шаардлагын дагуу байгуулсан гэж тайлбарласан. 

6.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гэрээг талуудын хэн алины хүсэл зоригийн дагуу эгч дүүгийн барилдлагаар, олон жил ажилласан хөдөлмөрийг үнэлж хийсэн, гэрээ хэрэгжиж мөнгө шилжүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр гэж няцаасан.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1.Нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Ч.Х нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг эгч дүүгийн барилдлага, нэр төрийг эрхэмлэн эвийн журмаар мөнгөн хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцож, Ч.Х нь Ч.М-д нийт 1 300 000 000 төгрөг олгохоор тогтсон ба үүнээс 2011-2018 оныг хүртэл хугацаанд 300 000 000 төгрөгийг Ч.Мын хувийн хэрэгцээнд буюу бизнес эрхлэх, худалдан авсан орон сууцны төлбөр, түүний бусдад өгөх зээлийн төлбөрийг төлөх зэргээр бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн өгч байсан санхүүгийн баримтуудыг үндэслэн 300 000 000 төгрөгийг хасч тооцон үлдсэн 1 000 000 000 төгрөгийг Ч.Мд шилжүүлэхээр байгуулжээ.

7.2.Мөн нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Б ХХК -тай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Батлан даалтын гэрээг байгуулж, иргэн Ч.М болон Ч.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даах буюу үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагчид давхар хариуцах үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна.

 

8.Талуудын маргааны зүйл нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ, батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус эсэх талаар байна, талууд гэрээг байгуулсан, мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу мөнгө шилжүүлж байсан талаар маргаагүй байна.

 

9.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний  1.1-д “Ч.Х нь эгч дүүгийн барилдлагыг хүндэтгэн, түүний хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлэн дүү Ч.М-д мөнгөн төлбөр шилжүүлэхээр энэхүү гэрээг байгуулав” гэж гэрээний зорилгыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь Б ХХК -нд олон жил ажилласан учраас түүний хүч хөдөлмөрийг үнэлэн уг гэрээг байгуулсан гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2004 оны 4 сараас 2007 оны 12 сар хүртлэх, 2010 оны 4 сард Б ХХК -иас шимтгэл төлөгдсөн/-оор тогтоогдож байх бөгөөд түүнийг компанид ажиллаж байсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

9.1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талуудын  хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзэв.

9.2. Хариуцагч нь уг гэрээг хууль зөрчсөн зан суртахуунд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Энэ зүйлд заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, эгч дүүгийн барилдлагыг хүндэтгэн, хүчин чармайлт хувь нэмрийг үнэлэн байгуулсан гэж талууд өөрсдөө гэрээний зорилгоо тодорхойлсон байгаа тул зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.3.Хариуцагч нь уг гэрээг нэхэмжлэгчийн шахалт шаардлагаар байгуулсан гэж тайлбарласан боловч энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №***** дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор үгүйсгэгдэж байна.

Уг тогтоолд “...иргэн Ч.Х-г түүний төрсөн дүү болох Ч.М нь 2018 оноос хойш эд хөрөнгийг нь авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх үйлдэл гаргаж, дээрмийн шинжтэйгээр эд хөрөнгө авсан гэх гомдол мэдээллийг хүлээн авч, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг шаардах ба Ч.М нь 750 000 000 төгрөгийг мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ, ХУД-ийн  2 өрөө байрыг бэлэглэлийн гэрээний дагуу авсан байхаас гадна тухайн хөрөнгө нь Ч.Х-гийн өмчийн эд хөрөнгө мөн эсэх нь эргэлзээтэй буюу Ч.М нь Б ХК-ийн хувьцааг Ч.Х худалдан авахад зориулж өөрийн компанийн зүгээс олгосон хөрөнгө оруулалттай холбогдуулан тус хөрөнгөөс хувь хүртэх эрхтэй эсэх асуудал тодорхойгүй байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан байх шинжийг хангахгүй юм. Иймд иргэн Ч.Хгийн гаргасан Х-1-***** дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай” гэжээ.

9.4.Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ нь хууль зөрчөөгүй, зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, хэн алины хүсэлт зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж, нэхэмжлэгчид гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д  “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй болно гэж дүгнэв.

 

10.Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 750 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.М-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөгийн орлого, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 300 000 000 төгрөгийн орлого/, Хаан банкны депозит дансны хуулгаар /2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 220 000 000 төгрөг, 80 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөгийн орлого/ тус тус тогтоогдож байх бөгөөд зохигч талууд  750 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаараа маргаагүй болно.

 

11.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт 1 300 000 000 төгрөгнөөс үлдэх 550 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь гэрээний үүрэгт 1 000 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, гэрээний үүрэгт 750 000 000 төгрөгийг болон үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж маргасан.

11.1.Хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.1-д “Ч.Х нь Ч.Мд нийт 1 300 000 000 төгрөг олгохоор тогтсон ба үүнээс 2011-2018 оныг хүртэл хугацаанд 300 000 000 төгрөгийг Ч.Мын хувийн хэрэгцээнд буюу бизнес эрхлэх, худалдан авсан орон сууцны төлбөр, түүний бусдад өгөх зээлийн төлбөрийг төлөх зэргээр бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн өгч байсан санхүүгийн баримтуудыг үндэслэн 300 000 000 төгрөгийг хасч тооцон үлдсэн 1 000 000 000 төгрөгийг Ч.М-д энэхүү гэрээний дагуу шилжүүлнэ” гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн 1 300 000 000 төгрөгнөөс хариуцагчийн шилжүүлсэн мөнгийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэв.

11.2.Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг 300 000 000 төгрөгийг өгсөн талаар баримтаар нотлоогүй гэж тайлбарласан, шүүх хуралдаанд гэрч Б.А“...гэр бүлийн хүний хувьд манайд ийм мөнгө хэзээ ч орж ирээгүй. 300 000 000 төгрөг өгснөө санхүүгийн бичиг баримтан дээр тулгуурлаад өөрөө үзүүлнэ гэсэн” гэж мэдүүлсэн боловч гэрээний 2.1-д “...2011-2018 оныг хүртлэх хугацаанд 300 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд өгч байсныг ...хасч тооцон үлдсэн 1 000 000 000 төгрөгийг шилжүүлнэ” гэж харилцан тохиролцсон, мөн гэрээний 2.2-д “Ч.Х нь 1 000 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд Ч.Мд шилжүүлэх бөгөөд мөнгөн хөрөнгө шилжсэн огноо цаг хугацааг банкны шилжүүлгийн баримтаар баталгаажуулна” гэжээ.

11.3.Мөн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний хавсралтад “...1.150 000 000 төгрөгийг 2018 оны 11 сард багтаан, 2.300 000 000 төгрөгийг 2019 оны 4 сард багтаан, 3.300 000 000 төгрөгийг 2019 оны 8 сард багтаан, 4.250 000 000 төгрөг 2019 оны 11 сард багтаан” гээд зөвшөөрсөн талаар зохигч гарын үсгээ зурсан байх тул хариуцагчаас гэрээний үүрэгт 1 000 000 000 төгрөгнөөс тооцож, түүний шилжүүлсэн 750 000 000 төгрөгийг хасч, үлдэх 250 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

11.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үүрэгт 160 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаад хэрэгт нотлох баримтаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн, мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт шилжээгүй, энэ талаар гэрээнд дурдаагүй, харилцан тохиролцоогүй гэж маргасан тул уг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үүрэгт хасч тооцох үндэслэлгүй байна гэж үзэв. 

Учир нь хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч Г.Мөнхтөр, Г.Ганбаатар, Ч.Х нар нь бэлэг хүлээн авагч Ч.Мтай харилцан тохиролцож, Ү-2*************2 дугаарт бүртгэлтэй, 160 000 000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй, Х дүүрэг 32 м.кв 2 өрөө орон сууцыг дүүдээ үнэ төлбөргүй шилжүүлэн өгөв гэсэн байх тул хариуцагч Ч.Х-г уг орон сууцыг нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, харин мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

 

12.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэж алдангид нийт 275 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-д энэ талаар харилцан тохирлцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

12.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-д “энэхүү гэрээний 2.2-т заасан мөнгөн хөрөнгийг Ч.М хүлээн авснаар талуудын тохиролцсон төлбөр бүрэн төлөгдөж гэрээ дуусгавар болсонд тооцно”, 3.3-д “Ч.Х нь энэхүү гэрээний 2.2-т заасан төлбөрийг гэрээний хавсралт дахь хуваарийн дагуу төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,05 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.

12.2.Хариуцагч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралтад заасан 250 000 000 төгрөгийг хугацаандаа шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 250 000 000 төгрөгний 50 хувь болох 125 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Хгээс гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгохоор шийдвэрлэв.

13.Хариуцагч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж маргасан боловч мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан боловч 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний хавсралтад “...250 000 000 төгрөгийг төлөх хугацаа нь 2019 оны 11-р сард багтаан” төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч шаардсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэв.  

 

13.Иймд талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагчаас мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний үүрэгт үлдэгдэл 250 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 125 000 000 төгрөг, нийт 375 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

14.Хариуцагч Ч.Х нь нэхэмжлэгч Ч.М-д холбогдуулан гаргасан мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэжх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

15.Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Х-г мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б ХХК -иар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгахаар шаардсан.

Хариуцагч Б ХХК нь талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” тул үүргийг хүлээхгүй, мөн хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн тул батлан даалтын гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.

15.1.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Б ХХК -тай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Батлан даалтын гэрээг байгуулж, иргэн Ч.М болон Ч.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даах буюу үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагчид давхар хариуцах үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцжээ.

15.2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан "хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл" гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээг хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж үзэх үндэслэлгүй, гэрээний 2.1-д “гэрээ хүчин төгөлдөр үргэлжлэх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Ч.М болон Ч.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж тохиролцсон, батлан даалтын гэрээг байгуулахад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу хувьцаа эзэмшигч нь Ч.Х байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

15.3.Мөн 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №МГ-22/** дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах үндсэн гэрээгээр Б ХХК -ийн үүсгэн байгуулагч, цорын ганц хувьцаа эзэмшигч Ч.Х нь компанийн 100 хувийн хувьцааг буюу нэг бүр нь 15 600 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 300 000 ширхэг хувьцааг Монкон групп ХХК-нд худалдах, М ХХК нь гэрээнд заасан үнийг төлөхөөр байгуулжээ.

15.4.Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Б ХХК -ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д  заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

15.5.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд батлан даалтын гэрээний 1.3-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нь 1 000 000 000 төгрөг байна” гэж харилцан тохирлцжээ.

15.6.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд 460.2-д “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заасан.

15.7.Гэвч талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 3.1.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд энэ талаар хариуцагчид мэдэгдэж байсан эсэх талаарх баримтгүй, мөн хариуцагч Ч.Х-г үүргээ биелүүлж чадахгүй гэсэн байдал илт тодорхой байна гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Б ХХК -нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 353 150 төгрөгийг /4 282 950+70 200/ төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2 032 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хариуцагч Ч.Х-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.Х-гээс мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний үүрэгт нийт 375 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450 000 000 төгрөгийг, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-д зааснаар хариуцагч Б ХХК -нд холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Ч.Хгийн нэхэмжлэгч Ч.М-д холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 353 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2 032 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, хариуцагч Ч.Х-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН