Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01669

 

 

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01669

 

 Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01897 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК, Ч.Х нарт холбогдох,

Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт 825,000,000 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б ХХК-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Ч.Х-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М, түүний өмгөөлөгч Н.М, хариуцагч Ч.Х-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч С.Ү, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би төрсөн эгч Ч.Х-тэй харилцан тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ-нд заасны дагуу 1,300,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй ба гэрээний 2.1-д заасны дагуу өмнө өгсөн гэх 300,000,000 төгрөгийн санхүүгийн баримтыг үндэслэн хасаж тооцохоор болсон боловч өнөөдрийг болтол уг баримтуудыг үзүүлээгүй. Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150, 000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 300,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 300,000,000 төгрөг, нийт 750,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 550,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.1. 2019 оны 11 дүгээр сард багтаан төлөх байсан 250,000,000 төгрөгийн 1030 хоногийн алданги 125,000,000 төгрөг, өмнөх 300,000,000 төгрөгийн 1418 хоногийн алданги 150,000,000 төгрөг буюу нийт алданги 275,000,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөр 550,000,000 төгрөг, алданги 275,000,000 төгрөг, нийт 825,000,000 төгрөг гаргуулж өгнө үү .

1.2. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу батлан даалтын гэрээ хийсэн. Батлан даалтын гэрээг Б ХХК-тай буюу гүйцэтгэх захирал Ч.Х-тэй нэхэмжлэгч Ч.М байгуулсан. Гэрээний 1.3-т батлан даагч нь 1,000,000,000 төгрөгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд манайх батлан дааж үүргийг гүйцэтгэнэ гэх агуулгаар гэрээ байгуулагдсан байна. Тиймээс хариуцагч Ч.Х үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б ХХК-иар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.3. Би 1996 оноос 2018 он хүртэл Б ХК байхаас нь эхлээд Б ХХК болох хүртэл нь менежер хийдэг байсан. Тэр хугацаанд бүхий л ажилд нь оролцдог байсан, ямар ч амралтгүй, цаг наргүй, хөдөлмөрийн хөлсний хамгийн багаар тооцож цалин авдаг байсан. Тэр хөдөлмөрийн хөлсөнд тооцож мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан. 1,300,000,000 төгрөгөөс 750,000,000 төгрөгийг надад өгсөн. Ч.Х гэрээгээ н.Т өмгөөлөгчөөр бэлдүүлээд авчирч гарын үсэг надаар зуруулсан. 1,300,000,000 төгрөгийн гэрээ хийхдээ 300,000,000 төгрөгийг өгч, үлдсэн 1,000,000,000 төгрөгийг нь өгнө гэж хийсэн. Гэвч 300,000,000 төгрөгийн баримтыг надад өгөөгүй, бас аваагүй учраас давхар энэ нэхэмжлэлдээ оруулж нэхэмжилсэн. 2018 оны 12 дугаар сард 150,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 300,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 300,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 550,000,000 төгрөг дээр 275,000,000 төгрөгийн алданги тооцож байгаа. Нийт 825,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Ч.Х гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд Б ХХК батлан даалтын гэрээг хийж баталгаажуулсан. Ч.Х үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б ХХК үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.Х-ийн татгалзал, тайлбарын агуулга: Ч.Х, Ч.М нар төрсөн эгч, дүүс юм. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ч.Х мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 300,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 300,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Энэ бэлэглэлийн гэрээгээр өгсөн байрны үнэ 160,000,000 төгрөг, нийт 910,000,000 төгрөгийн мөнгө, үл хөдлөх эд хөрөнгийг Ч.М-д шилжүүлсэн. Бэлнээр 750,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгөөр 160,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээнд бичсэн байдаг. Энэ гэрээг хийхээс өмнө 300,000,000 төгрөгийг Ч.М-ын амьдрах хэрэгцээнд зарцуулсан. Үлдэгдэл 1,000,000,000 төгрөгийг төлөх задаргааг гэрээнд бичсэн байдаг. Гэрээний 1 дэх заалтад эгч, дүүсийн барилдлагыг бодож гэж бичсэн байна. Энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ учраас дахиж би дүүдээ ямар нэгэн байдлаар туслах боломжгүй, би өөрөө өндөр настай болсон, дахин мөнгө өгөх санхүүгийн боломжгүй, тус тусдаа амьдралтай учраас ийм байдлаар амьдралын дэмжлэг үзүүлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Хариуцагч Б ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Б ХХК-ийн хэрэгт хавсаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр хувьцаа эзэмшигч өөр компанид шилжсэн. Хариуцагч Ч.Х-тэй ямар нэгэн холбоогүй болсон.

3.1. Тухайн гэрээгээр ямар нэгэн байдлаар гарсан төлбөр тооцоо, маргаан бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудал гарвал Ч.Хөөрөө хариуцна гэж заасан. Батлан даалтын гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний зорилго хэсэгт эгч дүүгийн барилдлага нэр төрийг баримтлан эвийн журмаар гэсэн байна. Батлан даалтын гэрээг Б ХХК-тай байгуулсан нь хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцогдоно. Батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг харахаар Б ХХК-тай холбоотой зүйл харагдахгүй. Тэгсэн мөртлөө батлан даалтын гэрээгээр Б ХХК-ийг оруулаад ирсэн.

3.2. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг Ч.Х өөрөө хийсэн, батлан даалтын гэрээг Б ХХК гэж хийсэн боловч Ч.Х өөрөө гарын үсэг зурсан. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Б ХХК-тай хамааралгүй, одоогийн нөхцөл байдалд Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт Ч.Х оролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манайд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Хариуцагч Ч.Х-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ч.Х, Ч.М нар мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн гэрээний зорилго нь эгч дүүгийн барилдлагыг хүндэтгэн түүний хүчин чармайлт хувь нэмэрийг үнэлэн дүү Ч.М-д мөнгө төлбөр шилжүүлэх гэрээг хийсэн болно гэж тодорхойлсон. Энэ гэрээний зорилго, гэрээг бүхэлд нь үзвэл Иргэний хуульд заасан аль гэрээний зүйл заалтад тохирч байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Тийм учраас мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн гэрээ гэх үндэслэлээр хууль бус гэрээ гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн төрсөн дүү Ч.М-тай Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан ба эгч Ч.Х-тэй харилцан тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар хуулийн зүйл заалт зөрчсөн гэж байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн хувьд гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг төлөөгүй тохиолдолд батлан дааж Б ХХК нь батлан даалтын гэрээ байгуулсан зэргээс үзэхэд гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Хариуцагч Ч.Х нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу аль заалтад хамааруулж сөрөг нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.Х-гээс мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний үүрэгт нийт 375,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450,000,000 төгрөгийг, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-д зааснаар хариуцагч Б ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Ч.Х-ийн нэхэмжлэгч Ч.М-д холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,353,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2,032,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, хариуцагч Ч.Х-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

7.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаарх хууль хэрэглээ болон хэлцэл хүчин төгөлдөр эсэх байдлын хувьд зөв дүгнэж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 300,000,000 төгрөгийг Ч.Х-гээс нэхэмжлэгчид хэрхэн төлж барагдуулснаа нотлоогүй, гэрч Б.А-гийн мэдүүлэг үгүйсгэгдсэн болон няцаагдсан баримт хэрэгт авагдаагүй, шүүх гэрээний 2.1, 2.2-т заасан нөхцлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа боловч гэрээнд тусгагдсан үгийн шууд утгаар буюу ...санхүүгийн баримтуудыг үндэслэн гэх нөхцлийг гэрээг тайлбарлах зохицуулалтыг зөрчиж буруу дүгнэсэн, хэрэгт авагдсан баримтуудаар 300,000,000 төгрөг төлөгдсөн эсэх, гэрээний нийт 1,300,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 300,000,000 төгрөг ямар үйл байдал болон нотлох баримтаар төлөгдөж тооцогдсон эсэхэд дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг зөв үнэлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Түүнчлэн талууд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх мөнгө төлөгдөөгүй талаар маргаагүй, шүүхэд үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн, хариуцагч тал хуульд заасны дагуу гэрээнд заасан төлбөрийг төлсөн эсэхээ нотлоогүй, нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд, гэрчийн мэдүүлгийг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдлыг дээд шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой юм.

7.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж зөв тодорхойлсон мөртлөө хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан буюу хариуцагч Ч.Х гэрээ байгуулснаас хойш гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, нэхэмжлэгчээс удаа дараа гэрээний үүрэг шаардсан үйл байдлыг хариуцагч хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, хариуцагч өндөр насны тэтгэвэр авдаг гэж гэрээний үүрэг шаардаад байхад төлөхгүй өнөөдрийг хүрсэн, нэхэмжлэгчээс хариуцагч Б ХХК-д батлан даалтын гэрээг танилцуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн талаарх үйл байдлыг зөв үнэлэлгүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 9. Давж заалдах гомдолд хариуцагч Ч.Х-ийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2018 онд мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг байгуулахаас өмнө Ч.Хнь Ч.Мд удаа дараа бэлэн болон бэлэн бусаар мөнгө шилжүүлж байсан. Иймд гэрээ байгуулахдаа уг нөхцөл байдлыг харгалзан 300,000,000 төгрөгийг хасаж тооцох болсон /гэрээний 2.1, хх 8/-оос өмнө нь шилжүүлсэн мөнгийг нэг бүрчлэн харилцан тохиролцож 300,000,000 төгрөгт ногдох үүргийг дуусгавар болгож байгаа асуудал биш юм. Энэ үүднээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.1 дэх хэсэгт зөв дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан 54 баримтаар нэхэмжлэгч Ч.М мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч Ч.Хгээс нийт 501,423,251 төгрөг, 32,200 ам.долларыг өөрөө болон гэр бүлийн бусад гишүүд, танил хүмүүсээр дамжуулан гарын үсэг зуруулж хүлээн авсан нь тодорхой харагддаг. Үүнээс гэрээнд заасны дагуу 2011-2018 он хүртэл шилжүүлсэн мөнгөний нийт 340,493,251 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч Ч.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал Б ХХК-д холбоотой 2 дахь гомдлоосоо татгалзсан. Б ХХК нь үүргийг гүйцэтгэлийг хангах зорилготой батлан даалтын гэрээ байгуулсан. Тухайн батлан даалтын гэрээ нь нөхөх хариуцлага буюу тодорхой үүрэг хангагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд авагдах арга хэмжээг шүүхээс зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч тал тухайн хэсэг дэх гомдлоос татгалзсан нь шүүхийн дүгнэсэн энэхүү хэсэгт шүүх зөв дүгнэсэн гэх байр суурьтай адил байна. Тухайн хэсэгт Б ХХК ямар нэг үүрэг хүлээхгүй. Үндсэн үүрэг хангагдахгүй буюу санхүүгийн нөхцөл байдал хүрэлцэхгүй байх тохиолдолд батлан даалтын гэрээний үр дагавар үүсэх байдлаар явагдана гэж ойлголоо гэв.

11. Хариуцагч Ч.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргав.

11.1.Талуудын хооронд гэрээ байгуулагдах болсон үндэслэл, шалтгааныг бүрэн тогтоогоогүйн улмаас гэрээний зорилгыг буруу тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

11.1.а. Талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэгч нь 1 тэрбум төгрөгийг 2018-2019 оны жилд багтаан гэрээний 2.3-т зааснаар банкны зээл авч, зээлийн хөрөнгөөр төлөх үүрэг хүлээжээ. Банк, санхүүгийн байгууллагын зээлийн харилцааны хууль тогтоомжоор зээлийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглосон бөгөөд тэр тусмаа иргэд хоорондын өр төлбөрийг барагдуулах буюу мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэхэд зориулсан зээлийн зориулалт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаагаар зээлийн хөрөнгийг иргэн Ч.М-д шилжүүлэх үйлдэл нь банкны хууль тогтоомж, зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг зөрчиж, улмаар зээл олгосон гуравдагч этгээд банкны эрх ашгийг ноцтой хохирооход хүргэнэ. Иймээс талуудын хооронд байгуулсан энэ хэлцэл илт хүчин төгөлдөр бус төдийгүй хууль ёсны хүрээнд хэрэгжих боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б ХХК-аас авсан 300 сая төгрөгийн зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ч.М-д шилжүүлсэн нь зээлийн үйл ажиллагааны талаарх банкны хууль тогтоомж зөрчсөн төдийгүй банктай байгуулсан гэрээний нөхцөлөө ноцтой зөрчиж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн байна. Ийнхүү хууль зөрчих замаар хэрэгжих агуулга бүхий талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй.

11.1.б. Эгч, дүү хоёрын дунд байгуулагдсан энэ хэлцэл хууль зөрчсөн төдийгүй зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Тус хэлцлийн зорилго, байгуулах болсон шалтгааныг анхаарч үзвэл тодорхой харагдана. Тухайлбал, иргэн, дүү Ч.М нь удаа дараа мөнгө, эд хөрөнгө авахыг шаардаж, ажил алба, гэр орноор нь ирж, үг хэлээр дарамтлан айлган сүрдүүлж, гэр бүлийн бусад гишүүдийн эрх чөлөөнд халдах зэргээр авирлаж байсан нь хариуцагчийг аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандахад хүргэсэн байдаг. /хх-66-67, 62-63/ Тус хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаад дээрэмдэх эрүүгийн гэмт хэргийн шинж тогтоогдоогүй ч уг заналхийлсэн үйлдэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн зан суртахууны хэм хэмжээнд харш, хуулиар хориотой буюу үл хүлээн зөвшөөрөгдөх арга хэрэгсэл юм. Гэтэл шүүх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж зөвхөн эрүүгийн хэргийн шинжийг шалгуур болгон асуудалд хандсан нь өрөөсгөл. Тэрбумаар тоологдох, хэт их хэмжээний мөнгийг хэт богино хугацаанд, зээлийн хөрөнгөөр буюу хууль бус арга хэрэгсэл /зээлийг зориулалтын бусаар зарцуулах/-ээр хариу төлбөргүй шилжүүлэх тохиролцоо нь хувь хүний боломжийг хэт давсан, хууль бус арга хэрэгсэл бүхий хэрэгжих эсэх нь эргэлзээтэй энэ хэлцлийн байгуулагдах болсон нөхцөл байдал, үндэслэл шалтгаанд шүүх ач холбогдол өгч, дүгнэлт хийх шаардлагатай байв. Тухайн үед иргэн Ч.Х зөвхөн гүйцэтгэх захирлын цалингийн тогтмол орлоготой бусад хөрөнгө гэр бүлийн дундын өмчлөлтэй байсан нь дурдсан хэлцлээр дангаар үүрэг хүлээх ямар ч боломжгүйг нотолдог. Энэ гэрээ байгуулах харилцаанд зан суртахууны хэм хэмжээг зөрчиж, дарамтлан тулгасан нь гэрээний 3.4-т заасан алданги төлөх заалтаас тодорхой харагдана. Үнэхээр л эгч дүүгийн барилдлага байгуулж байгаа бол, эвийн журам баримталж байгаа бол хүү, алданги тогтоох нь талуудын харилцан итгэлцэл, найрсаг ёсонд хэрхэн дүйх, эгчийн зүгээс дүүдээ хариу төлбөргүй өгч байгаа бус уу, хүний сэтгэл гаргаж өгч байгаа зүйлийг авч буй этгээд нь хугацаандаа өгөхүй бол хүү, алданги тооцно гэвэл ямар вэ, энэ нь монгол хүний заншил, ёсонд тохирохгүй хандлага, харилцаа болно.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ эгч, дүүгийн барилдлага гэх нэрийн дор хэт их хэмжээний мөнгийг хувь хүний боломжоос давсан нөхцөлөөр тулгаж хийсэн нь гэрээ байгуулах зорилго анхнаасаа хууль бус болохыг харуулж буй юм. Тус гэрээний 3.3, 4.3-т тусгасан нь дүү Ч.М-д хөрөнгө, мөнгө нэхэж дарамталдаг байсны нотолгоо, нөгөөтэйгүүр эгч Ч.Х-ийн хувьд дахин дарамт амсахгүй байх арга ядсан баталгаа гаргуулсан нь энэ ажээ. Аливаа гэрээний нөхцөлийг өөрийн хүсэл зоригийн дагуу, эрх чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд талууд ийм тохиролцоо хийж болохгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчингүй байх учиртай. Мөн хариуцагч тус гэрээг нэхэмжлэгчийн шахалт шаардлагын дагуу байгуулсан болохоо шүүхэд мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар тусгагджээ. /х.х 38/

11.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжих арга хэрэгсэл нь банкнаас зээл авах замаар биелэгдэх учиртайг өмнө нь дурдсан. Тодруулбал, гэрээнд зааснаар 1 жилийн хугацаанд багтаж, зөвхөн банкны зээл авч зээлийн хөрөнгөөр төлөх үүрэг нь тодорхой хугацаа заасан, хойшлуулах болзолтой хэлцэлийн хэлбэр болно. Учир нь болзол бий болсон /зээл бүтсэн/ нөхцөлд гэрээг хэрэгжүүлэх агуулга бүхий тохиролцоо байна. Хойшлуулах болзол тавьж хийсэн хэлцэлийн хувьд тогтоосон хугацаанд болзол бий болоогүй нь хэлцэлийг бүрмөсөн дуусгавар болгох үндэслэл болдог. Түүнчлэн хуулиар тогтоосон өөр нэг нөхцөл нь болзолт үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болдог. Талуудын хооронд бий болсон гэрээний харилцаанд энэхүү дурдсан нөхцөлүүд хангагдаж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 09 дүгээр сард Б ХХК-аас авсан зээлийн хэмжээ гэрээний үүргийг бүрэн хангаагүй бөгөөд уг зээлийг авахад бүх хөрөнгөөрөө барьцааны гэрээ байгуулсан, энэ зээлээ бүрэн төлж байж дараагийн зээлэнд хүрэх учир үүрэг гүйцэтгэгчийн хувьд банкны зээлийн хөрөнгөөр гэрээний үүргээ биелүүлэх болзол нь гэрээний үлдсэн 2 сарын хугацаанд /гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сард дуусах/ төдийгүй ер нь цаашид хэзээ бий болох нь тодорхойгүй нөхцөл илт бүрдсэн байна. Хуульд зааснаар болзол нэгэнт бий болохгүй болсон нөхцөл байдал нь хэлцэлийн хүлээсэн байдлыг дуусгавар болгодог. Тодруулбал, Иргэний хуулийн 45 дугаар зүйлд зааснаар гэрээнд тусгасан болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй, зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол үр дагавар нь хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

Хойшлуулах болзолт хэлцэлийн хувьд зөвхөн болзол бий болсон нөхцөлд гэрээний хэрэгжилт эхэлдэг буюу болзолт үйл явдал нь үүрэг гүйцэтгэгчийн хүсэл зоригоос үл хамаарах тул аливаа хариуцлагын механизм үйлчлэхгүй, тиймээс алданги тооцох үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр үүрэг гүйцэтгэгч Ч.Хгээс хамааралгүй хөндлөнгийн шалтгаанаар хугацаа хэтрэх тохиолдолд хугацааг дахин тохиролцон сунгах талаар гэрээний 2.2-т тусгажээ. Дурдсан нөхцөлийн талаар шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 09 дүгээр сард Бнаас авсан зээлийг гэрээний дагуу Ч.М-д шилжүүлснийг эс тооцвол бусад мөнгийг /450 сая төгрөг/ зээлийн бус хөрөнгөөр төлсөн нь гэрээгээр тохироогүй нөхцөлөөр шилжүүлсэн гэрээний бус харилцаа тул буцаан шаардах ч эрх бий. Гэтэл шүүх ...мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу мөнгө шилжүүлж байсан талаар маргаагүй" хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. /Шийдвэрийн үндэслэл хэсэг 8/ Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сараас Ковид цар тахлын улмаас санхүү, зээлийн харилцаанд хямрал нүүрэлсэн нь дурдсан гэрээний нөхцөлийг хэвийн хэрэгжүүлэх боломжгүйд хүргэснийг анхаарах ёстой.

Ийнхүү шүүх талуудын хооронд үүсэн гэрээний харилцаа, түүний агуулгыг тал бүрээс нь бүрэн тодорхойлж чадаагүйн улмаас Иргэний хуулийн болзолт хэлцэлийн холбогдох заалт, түүний үр дагаврыг хэрэглэлгүй, алданги тооцож шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

11.3. Маргаж буй талуудын хооронд Бэлэглэлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэлцэл байгуулагдсан ч тухайн гэрээг байгуулах болсон шалтгаан нөхцлийг шүүх тал бүрээс нь бодитоор үнэлж чадсангүй. Өмнө дурдсанаар эгч Ч.Х-ийн хувьд өөрийн боломж нөхцөлөөс хэт давсан үүрэг хүлээсэн гэрээ байгуулагджээ. Гэрээний дуусгавар болох хугацаанд гэрээний болон гэрээний бус журмаар нийт 750,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, гэрээний хугацаан дахь сүүлийн шилжүүлэг Б ХХК-аас зээл авснаар 2019 оны 09 дүгээр сард хийгджээ. Б наас авсан зээлийн хугацаа 12 сар байна. Тухайн үеийн байдлаар 250,000,000 төгрөгийн үүрэг дутуу, гэрээний хугацаа дуусахад 2 сар үлдсэн нь Ч.Х-ийн хувьд бүх хөрөнгөөрөө барьцааны гэрээ байгуулж Б ХХК-аас зээл авсан, энэ нөхцөлд дараагийн зээлийг хэзээ авч төлөх тэр тусмаа гэрээний хугацаанд багтааж төлөх нь эргэлзээтэй нөхцөл илт бүрдсэн байна. Ийнхүү үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байхад өөрийн 2 өрөө 160 сая төгрөгийн үнэ бүхий байраа үүргийн гүйцэтгэлд оруулахгүй бэлэглэж шилжүүлэх нь бодит байдалд нийцэхгүй. Тэр тусмаа талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгэгчийн жинхэнэ хүсэл зориг нь гэрээний үүрэгт тооцож байраа шилжүүлсэн гэх мэдүүлэг нь илүү үнэмшилтэй. Дурдсан байдлыг шүүх анхаарч үзээгүй нь үндэслэлгүй дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах агуулгаар гаргасан гэж ойлгосон. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргагч талаас тайлбарлаж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл давж заалдах гомдолд дурдсан тайлбар нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байдлаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гомдолд болзол тавьж хэлцэл хийсэн гэж тайлбарласан. Биелэгдэх бололцоогүй болзол тавьсан учраас хэлцэл нь өөрөө хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын хооронд мэтгэлцсэн, үйл баримт, хууль хэрэглээний хувьд өөр байдлаар тайлбарлаж байна. Иймд шүүхийн хэлцэл хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг үндэслэлтэй зөв дүгнэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ямар зан суртахууны хэмжээг хэн яаж, ямар хэлбэрээр зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар хэрхэн тогтоогдож, тодорхойлогдож байгаа асуудалд сөрөг нэхэмжлэл гаргаж буй тал хуульд заасны дагуу баримт бүрдүүлэх, нотолгооны ач холбогдолтой зүйлсийг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Б ХХК-аас зээл авсан гэж тайлбарлана, нэг зээл авсны дараа тухайн хугацаанд дахин зээл авч төлсөн нөхцөл байдал нь зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж ойлгохоор гомдол гаргасан байна. Хэн ямар байдлаар арилжааны банкнаас зээл авч гэрээний үүрэг биелүүлэх эсэх асуудал, мөн тухайн зээлийг олгож байгаа, авч байгаа 2 талын хоорондын харилцааны асуудал нь гэрээний нөгөө тал буюу нэхэмжлэгч талд ямар хамааралтай эсэх нь гомдолд ойлгомжгүй байна. Шүүх хууль хяналтын байгууллагаас хариуцагч Ч.Хг зээл авч болохгүй гэх шийдвэрийг зөрчиж зээл авсан гэх тайлбар шүүх хуралдаанд яригдаж байх тул тус тайлбар үндэслэлгүй. Талууд 750,000,000 төгрөгт маргаагүй. 160,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 өрөө орон сууцыг би бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн өгсөн гэж маргадаг. Уг баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед гаргаж өгсөн баримт юм. Тус байр н.Чойжил гэх нэхэмжлэгч болон хариуцагч нарын эцгийнх гэрээслэлээр Ч.М-ын том хүүд шилжсэн юм. Талууд хооронд байгуулсан маргаан бүхий хэлцэлд хамааралтай байр биш юм. Гэрээний үүргийг биелүүлж буй эд хөрөнгө биш юм. Шүүх үүнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэв.

13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр манай байгууллагын эрх ашгийг хөндөөгүй. Мөн нэхэмжлэгч тал манайтай холбоотой давж заалдах гомдлоосоо татгалзсан. Хариуцагч Ч.Х нь манай байгууллагатай холбогдуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байх тул нэмэлт тайлбаргүй гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 2. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Б ХХК, Ч.Х нарт холбогдуулан мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт 825,000,000 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б ХХК-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ч.Х мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

 4. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээгээр Ч.Х нь Ч.М-д 1,300,000,000 төгрөг олгохоор тогтсон ба үүнээс 2011-2018 оныг хүртэл хугацаанд 300,000,000 төгрөгийг Ч.М-ын хувийн хэрэгцээнд буюу бизнес эрхлэх, худалдан авсан орон сууцны төлбөр, түүний бусдад өгөх зээлийн төлбөрийг төлөх зэргээр бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн өгч байсан санхүүгийн баримтуудыг үндэслэн 300,000,000 төгрөгийг хасч тооцон үлдсэн 1,000,000,000 төгрөгийг хавсралтад заасны дагуу шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

4.1. Хариуцагч Ч.Х талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг Иргэний хуульд заасан аль гэрээний зүйл заалтад тохирч байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ, нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарахаар заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийлэг үндэслэл хамаарна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний агуулгыг ийнхүү өөрсдөө тодорхойлж байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

4.2. Гэрээний 2.3-т хариуцагч Ч.Х 1,000,000,000 төгрөгийг банкны зээл авч нэхэмжлэгчид төлөх бөгөөд зээлтэй холбогдон гарах зардлыг хариуцагч Ч.Ххариуцаж төлөхөөр заажээ. Дээрх заалтыг банк санхүүгийн байгууллагын зээлийн харилцааны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээгээр хариуцагч Ч.Х нь нэхэмжлэгчид 1,000,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг мөнгөн хөрөнгийг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь хариуцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал гэж үзнэ. Хариуцагч Ч.ХБанк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт зааснаар зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашиглах нь түүний банкны өмнө хүлээх үүрэг бөгөөд энэ нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээнд хамааралгүй юм. Гэрээний 2.3-т хариуцагч Ч.Х 1,000,000,000 төгрөгийг банкны зээл авч нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцсноор тухайн гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх, улмаар хариуцагч Ч.Хгэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Иймд хууль зөрчих замаар хэрэгжих агуулга бүхий гэрээг шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн гэх гомдол үндэслэлгүй.

4.3. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Х цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3576 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн /хх 62-65/ бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд уг тайлбараа хариуцагч нотлоогүй байна.

Гэрээний 3.2-т Ч.М нь энэхүү гэрээнд зааснаас өөр бусад хэлбэрийн эд хөрөнгө, мөнгө, эрх нэмж нэхэмжлэх эрхгүй талаар, 3.3-т Ч.М нь энэхүү гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчиж бусад хэлбэрийн эд хөрөнгө, хөрөнгийн эрх нэмж шинээр нэхэмжилсэн тохиолдолд, Ч.Х болон түүний гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд, хавсралтад заасан хугацаанаас өмнө төлбөр нэхэмжилсэн тохиолдолд Ч.Хнь энэхүү гэрээ хийж байгаа цаг үед хүчин төгөлдөр байгаа буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.6-д заасантай адил үзэж гомдол гарган шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсоныг үндэслэн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй. Иймд дээрх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 5. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний дагуу хариуцагч Ч.Х нэхэмжлэгчид 1,000,000,000 төгрөг шилжүүлэхээс 750,000,000 төгрөг шилжүүлж, 250,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй байна.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжих арга хэрэгсэл нь банкнаас зээл авах замаар биелэгдэх учиртай тул тодорхой хугацаа заасан, хойшлуулах болзолтой хэлцэл хийгдсэн гэжээ.

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.

Гэрээний 2.3-т 1,000,000,000 төгрөгийг банкны зээл авч төлөхөөр заасныг хариуцагч Ч.Х банкны зээл авсан нөхцөлд мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь болзол тавьж хийсэн хэлцлийн үндсэн шинж болох тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах үйл явдал байх ба Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй. Хариуцагч Ч.Хбанкнаас зээл авах эсэх нь түүний хүсэл зоригоос шалтгаалах тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүх Иргэний хуулийн болзолт хэлцлийн холбогдох заалт, түүний үр дагаврыг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Гэрээний 2.1-д Ч.Х нь Ч.М-д нийт 1,300,000,000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөг олгохоор тогтсон ба үүнээс 2011-2018 оныг хүртэл хугацаанд 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг Ч.М-ын хувийн хэрэгцээнд буюу бизнес эрхлэх, худалдан авсан орон сууцны төлбөр, түүний бусдад өгөх зээлийн төлбөрийг төлөх зэргээр бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн өгч байсан санхүүгийн баримтуудыг үндэслэн 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг хасч тооцон үлдсэн 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг Ч.Мд энэхүү гэрээний дагуу шилжүүлэхээр заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

Гэрээний дээрх заалтаас үзэхэд 1,300,000,000 төгрөгөөс 2011-2018 онд шилжүүлсэн 300,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1,000,000,000 төгрөгийн хэмжээнд талууд гэрээ байгуулсан байна. Иймд хариуцагч Ч.Х-ийн дээрх гэрээгээр хүлээсэн үүргийг 1,000,000,000 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Талууд гэрээгээр санхүүгийн баримтуудыг үндэслэн 300,000,000 төгрөгийг хасаж тооцон, үлдсэн 1,000,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул шүүх 300,000,000 төгрөг төлөгдсөн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 300,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.3. Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Г.Мөнхтөр, Г.Ганбаатар, Ч.Х нар Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Эрэлийн ** дугаар байрны *** тоот, 32 м.кв, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-133/

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг аав Ч худалдан авсан бөгөөд аав, ээж хоёр амьд байхдаа удам залгаж байгаа миний хүү М.Э-т өвлүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний төлбөрт нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж маргажээ.

Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 3.1-д дүүдээ орон сууцыг нь үнэ төлбөргүй шилжүүлэн өгөв гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд орон сууцыг мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул гэрээний үүрэгтээ тооцож байраа шилжүүлсэнийг шүүх анхаарч үзээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний 3.3-т Ч.Х нь энэхүү гэрээний 2.2-т заасан төлбөрийг гэрээний хавсралт дахь хуваарийн дагуу төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,05 хувийн алданги төлнө. гэж заасан байх тул талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Гэрээний 2.2-т Ч.Х-гээс хамааралгүй, хөндлөнгийн шалтгаанаар хэлцлийн хавсралтад заасан хугацаа хэтрэх тохиолдолд энэ талаар талууд харилцан ойлголцох журмаар хугацааг дахин тохиролцохоор заасан боловч талууд ийнхүү хугацааг дахин тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүх мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний хавсралтад заасан хугацаагаар үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоож, алдангийг тооцсон нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч Ч.Х-гээс мөнгөн хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 375,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК-д холбогдох гомдлоос татгалзсан тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

8. Шийдвэрийн тогтоох хэсгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалтыг хасч, найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

 9. Дээр дурдсан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1 гэснийг тус тус хасаж,

2 дахь заалтад ...зааснаар... гэснийг заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 2,479,000 төгрөг, хариуцагч Ч.Хгээс урьдчилан төлсөн 6,657,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.БЯМБАСҮРЭН