Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1426

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00044 дугаар шийдвэртэй, Т.А-ийн нэхэмжлэлтэй, Б.О, Б.Т нарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч Б.О, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байрлах 173.1 м.кв талбайтай долоон өрөө орон сууцны өмчлөгч болсон юм. Энэхүү орон сууцыг Б.Оийн нөхөр, Б.Төгөлдөрийн аав Ц.Баярсайхан нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа надад учруулсан хохиролд тооцож өгсөн. Тухайн орон сууцыг Ц.Баярсайханаас надад учруулсан хохирлынхоо тодорхой хэсэг болох 170 000 000 төгрөгт тооцож өгсөн болно. Дээрх орон сууцыг хохиролд тооцож өгсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцаа чөлөөлж өгөхгүй, өмчлөгч миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж, Б.О, Б.Тнарын хууль бус эзэмшил, ашиглалтаас миний өмч болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 14 тоот, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Уг орон сууц нь Ц.Баярсайхан, Б.О, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн нарын дундын өмч бөгөөд бид байрыг Т.Ат шилжүүлснийг мэдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О, Б.Тнарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Эрэл 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байрлах 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1 007 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О, Б.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 1 007 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэртээ орон сууцны өмчлөх эрхийг Ц.Баярсайхан нь Т.А-т учруулсан 173 000 000 төгрөгийн хохиролд тооцон түүнд шилжүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Ц.Баярсайхан, Т.А нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ, ХУД 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, эрэл 36 дугаар байр 14, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууц нь Ц.Баярсайханы өмч байсан гэх гэрчилгээ зэргээр тогтоогдсон гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасан байгаа. Шүүх эрүүгийн хэргийн хохиролд тооцсон хөрөнгө гэж дүгнэсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хохиролын тооцоо зөрүүтэй, түүнд холбогдуулан гэм буруутайд тооцсон Т.Аийн гомдолтой холбоотой хуурамч гэрээ гэх жинхэнэ эх хувиараа “Мах импекс” ХК-иас ирүүлсэн баримтыг прокурорын зүгээс гаргасанаар давж заалдах болон хяналтын шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаасан, одоо прокурорын шатанд байгаа болно.

Үндсэн хууль, Эрүүгийн хуульд шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хохиролын төлбөрт тооцсон нь үндэслэлтэй гэж шийдсэн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Б.О, Б.Тнарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Эрэл 36 дугаар байр, 14, 15 тоот хаягт байрлах 173.1 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, тухайн орон сууц нь Ц.Баярсайхан, Б.О, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн нарын дундын өмч бөгөөд өмчлөл Т.А-т шилжсэн талаар бид мэдээгүй гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэргийн 4 дэх талд авагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолтод тулгуурлан маргаан бүхий орон сууцанд Б.О, Б.Тнар амьдардаг гээд тэднийг хариуцагчаар тодорхойлж, улмаар тухайн хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөх гэснийг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч талд дээрх байгууллагаас гаргасан тодорхойлолтоос /хх63/ үзвэл тухайн орон сууцанд “Ц.Баярсайхан нь ам бүл 4 оршин сууж байгаа” гэжээ. Уг баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай баримт байх бөгөөд тухайн байгууллагаас хэргийн оролцогч нарт өөр өөр утга, агуулгаар тодорхойлолт гаргасан байгааг шүүх анхаарч шалгаагүй нь буруу гэж үзэв. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг шүүх зөрчжээ.

Түүнчлэн, дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн талаарх шүүхийн дүгнэлт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэсэн байна. /хх7-15, 73-ын ар тал/ Гэтэл хэргийн 52-56 дугаар талд Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дугаар хүчин төгөлдөр тогтоолоор дээрх 216 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь тогтоогдсон. Тодруулбал, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөрт учирсан хохиролд тооцож, шилжүүлэн авах үндэслэл нь болсон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоодоогүй болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагч Б.Оийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Шүүх дээрх тодорхой бус үйл баримтыг бүрэн тодруулснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх, дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Б.Оийн төлсөн 1 007 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                          ШҮҮГЧИД                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   Т.ТУЯА