Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00044

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 25 өдөр

            Дугаар 183/ШШ2019/00044

                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.А-ийн нэхэмжлэлтэй,

/  /

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

/ /

 

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

/ /

 

            Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагч О.Б , хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байрлах 173.1 м.кв талбайтай долоон өрөө орон сууцны өмчлөгч болсон юм. Энэхүү орон сууцыг О.Б ийн нөхөр, Б.Т-ийн аав Ц.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа надад учруулсан хохиролд тооцож өгсөн юм. Тухайн орон суууцыг Ц.Б-аас надад учруулсан хохирлынхоо тодорхой хэсэг болох 170.000.000 төгрөгт тооцож өгсөн болно. Дээрх орон сууцыг хохиролд тооцож өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууцаа чөлөөлж өгөхгүй, өмчлөгч миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохироод байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж, О.Б , Б.Тнарын хууль бус эзэмшил, ашиглалтаас Т.А миний өмч болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 14 тоот, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.   

 

Хариуцагч О.Б , Б.Тнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг орон сууц нь Ц.Б, О.Б , Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн нарын дундын өмч ба бид байрыг Т.Ат шилжүүлснийг мэдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Аийн нэхэмжлэлтэй, О.Б , Б.Тнарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3-т зааснаар Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, эрэл 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцны өмчлөгч нь Т.А болох нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010060 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506738 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаагаар нотлогджээ.

 

            Мөн уг орон сууцны өмчлөх эрхийг Ц.Бнь Т.Ат учруулсан 173.000.000 төгрөгийн хохиролд тооцон түүнд шилжүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Ц.Б, Т.А нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн болон 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, эрэл 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууц нь Ц.Б-ны /нэг хүний/ өмч байсан гэх 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000123428 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогджээ.

 

            Хариуцагч О.Б , Б.Тнарын “...уг орон сууц нь Ц.Баярсайхан, О.Б , Б.ТБ.Тэмүүлэн нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд бидний орон сууцыг Т.Ат шилжүүлснийг мэдээгүй...” гэсэн хариу тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

            Иймд нэхэмжлэгч Т.Аийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, эрэл 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцанд хариуцагч О.Б , Б.Тнар оршин сууж байгаа болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1908 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар О.Б , Б.Тнарын хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б , Б.Тнарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, эрэл 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1.007.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б , Б.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 1.007.950  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД