Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02820

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ....................давхарт байрлах, “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............................. тоот хаягт байрлах, “С” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 32,254,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болох олох байсан орлого 30,000,000 төгрөг, гарсан зардал 2,254,000 төгрөг нийт 32,254,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо , "Б плаза үйлчилгээний төвийн Х ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар сарын 10,000,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээсэлсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээний сунгалтыг хийсэн байдаг. Гэвч хариуцагч 2 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын ........-ны өдрийн ..... дүгээр тушаалаар манай компанид олгосон байсан ..... дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн. Хууль тогтоомж, холбогдох дүрэм журмуудыг хэдийгээр зөрчсөн хэдий ч тэрхүү зөрчлүүдээ бүрэн арилгасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөө сэргээн, шинээр авах эрхийг хуулиар бидэнд олгосны дагуу холбогдох төлбөр, торгуулийн арга хэмжээгээ барагдуулсны үндсэн дээр бидний зүгээс ......-ний өдөр дахин тусгай зөвшөөрлөө авахаар хүсэлт өгсөн боловч хариу өгөхгүй байсаар .....-нд тусгай зөвшөөрөл шинээр олгосон. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.12.11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам зэрэгт зааснаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор тус тус шийдвэрлэж хариу өгөхөөр заасан боловч одоог хүртэл тусгай зөвшөөрлийг маань сэргээж олгохгүй байгаа ба хорио цээрийн дэглэм сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас бидэнд мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн манай компанид маш их хохирол учирч, компанийн үйл ажиллагаагаа буюу ресторанаа ажиллуулж чадаагүй. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой хэдий ч түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас тусгай зөвшөөрөл маань цуцлагдаагүй байсан бол өнөөдрийн ийм байдал үүсэхгүй байсан ба гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2021.10.01-ний өдрөөс өргөдлийг шийдвэрлэх хүртэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан өдөр буюу 2022.02.14-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түрээслэгч буюу хариуцагч “С” ХХК хариуцах ёстой гэж үзэж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2022.02.14-ний өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани ресторанаа түрээслэх боломжоо алдаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон гэж үзэж байгаа ба шинээр тусгай зөвшөөрөл авахад гэрчилгээний үнэд 2,254,000 төгрөгийг төлсөн болно. Хариуцагчийн зүгээс манай компанид гэрээ цуцлагдах үед хохиролд тооцон нэг сарын түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлсөн ба түүнийг нь хохирлоосоо хасаж, мөн 2021.11.09-ний өдөр тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад өгснөөс эхлэн тооцож, Монгол Улсын Засгийн газрын 2022.02.14-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл бүтэн 3 сарын түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

Иймд манай компани болон “С” ХХК-ийн хооронд 2019.10.03-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 30,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ 2,254,000 төгрөг нийт 32,254,000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “С” ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу 32,254,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэвч манай зүгээс түрээсийн гэрээний гол зүйл болох Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо , Б Плаза үйлчилгээний төвийн Х ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг сарын 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн болохоос нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан 04/0058 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг манай байгууллага түрээсэлж аваагүй, мөн тус тусгай зөвшөөрлийг цуцалсан өдөр нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар тушаалаар цуцалсан байх ба манай байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг иш татсан байх ба тус хуулийн заалт нь ...тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба манай зүгээс гэрээгээр тохирсон төлбөр түрээсийн мөнгийг цаг тухай бүрт нь төлж байсан. Тус хуулийн 318.2-т ...хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасны дагуу манай компанийн зүгээс зориулалтын дагуу ашиглаж үр шимийг хүртсэн. Тус хуулийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэсэн боловч манай зүгээс түрээсийн төлбөр болон, түрээслүүлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүйн дээр тус гэрээг цуцлахдаа түрээслэгч талд 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Мөн тус хуулийн 289.1.1-т хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах гэж заасан байх ба гэрээнд заасны дагуу тус объектыг зориулалтын дагуу ашиглан буцаан түрээслэгч талд өгсөн болно. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь гэрээ болон хуульд нийцэхгүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна тус хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул гэрээ хүчин төгөлдөр бус. Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 04/0058 дугаартай тусгай зөвшөөрлийг манай байгууллагад түрээсэлсэн гэх утгыг нэхэмжлэлдээ дурдах боловч Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын 6 дугаар бүлэгт дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, 6.1.5-т Зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн, мөн тус журмын 7 дугаар бүлэгт Худалдах, үйлчлэхэд хориглох тухай 7.4-т тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглодог байна. Иймд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А ХХК-ийн гаргасан 32,254,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримт

3.1.Нэхэмжлэгч тал “А ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ /хх-ийн 6-9/, “А ” ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 33/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .... тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 39/, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар тушаал, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 121-123/, “А ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 124/, татвар төлсөн баримт болон Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 125/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээ /хх-ийн 193-196/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 197/, Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн эмнэлгээс гарсан онош бичиг /хх-ийн 217,218/, А.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 219/, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 237/, хүлээн авсан тоног төхөөрөмж бараа материалын дутсан акт /хх-ийн 238-241/, хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж бараа материал /хх-ийн 242-245/, фото зургууд /хх-ийн 246-2хх-ийн 1/,

 

3.2.Хариуцагч тал “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19/, “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24/, М.Баясаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28/,

 

3.3.Шүүх зохигчдын хүсэлтээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 28в-1/2805 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 51-54/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн .... тоот албан бичиг /хх-ийн 55-64/, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1321 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 67-108/, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .... тоот албан бичиг, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 105-109/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 211-213/, Н.Зийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 214-216/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн .... тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 227-230/ зэрэг нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “А ” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо , Баянбогд плаза үйлчилгээний төвийн Х ресторан, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар, сарын 10,000,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслүүлсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин 12 сарын хугацаагаар гэрээг сунгасан.

Түрээслэгч “С” ХХК 2 жилийн хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ..... дүгээр тушаалаар спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн.

Холбогдох төлбөр, торгуулийн арга хэмжээгээ барагдуулсны үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл шинээр авсан. Хорио цээрийн дэглэм сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд үүнээс үүдэн манай компанид маш их хохирол учирч, компанийн үйл ажиллагаа буюу ресторанаа ажиллуулж чадаагүй.

Гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өргөдлийг шийдвэрлэх хүртэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түрээслэгч буюу хариуцагч “С” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Хариуцагч хохиролд 10,000,000 төгрөг төлсөн. Иймээс 3 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани ресторанаа түрээслэх боломжоо алдаж, энэ хугацааны түрээсийн төлбөрөөр хохирсон ба шинээр тусгай зөвшөөрөл авахад гэрчилгээний үнэд 2,254,000 төгрөгийг төлсөн.” гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Түрээсийн гэрээний үүргийг манай компани зөрчөөгүй. Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо , Баянгол плаза үйлчилгээний төвийн Х ресторан караокег 610 м.кв талбайтай заал, гал тогоо, уурын агуулах, эр, эм ариун цэврийн өрөө зэргийг манай байгууллага түрээсийн гэрээгээр түрээсэлж авсан. Харин Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын 6.1.5 дахь заалтад зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан. Журмын 7.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулахыг хориглоно гэж заасан. Бид тухайн газраас гарахдаа 10,000,000 төгрөгийг хохиролд харилцан тохирч шилжүүлсэн. Гэхдээ тусгай зөвшөөрлийг түрээсэлж аваагүй” гэж тайлбарласан. 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.10.03-ны өдрийн Түрээсийн гэрээ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны 2022.09.05-ны өдрийн 05/1311 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020.01.21-ний өдрийн А/14 тоот тушаал, тушаалын 4 дүгээр хавсралт, “С” ХХК-аас 2021.09.30-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гаргасан өргөдөл, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021.10.06-ны ..... тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон тухай тушаал, хавсралт, 2022.08.26-ны өдөр “А ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлсөн банкны баримт, М.Баясаагийн Хаан банкны 10,000,000 төгрөг төлсөн талаарх дансны хуулга, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас зөрчлийн талаарх материал, тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой материал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.”А ” ХХК, “С” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо , Баянбогд плаза үйлчилгээний төвийн Х ресторан, караокег үйлчилгээний зориулалтаар 12 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулжээ. Гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дахин 12 сараар сунгасан байна.

 

4.2.Хариуцагч “С” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд “А ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлахгүй байх талаар хүсэлт гаргасан байна. /хх-ийн 67-109/

 

4.3.Түрээсийн гэрээний хугацаанд хариуцагч түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо , 6 дугаар хороолол, Ир тойруу гудамж 18/1 тоот хаягт байрлалтай, бүхий 610 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөмжийг “А ” ХХК-д олгосон спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн дагуу ресторан, караоке зориулалтаар ашигласан байна.

 

4.4.Хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу ресторан, караоке ажиллуулахдаа насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилж, цагийн хуваариар хэтрүүлж ажилласан зэрэг зөрчил удаа дараа гаргасантай холбоотой Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ..... тоот тушаалаар нэхэмжлэгч “А ” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон байна.

 

4.5.Мөн “А ” ХХК болон “Тэнгэр зөгий увдис” ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо , 6 дугаар хороолол, Ир тойруу гудамж 18/1 тоот хаягт байрлалтай, 610 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 10,000,000 төгрөгөөр, 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдсан боловч, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх баар, караоке үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй учир гэрээг цуцалсан болох нь “А ХХК”, “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, шүүхэд гэрч Н.Зийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

4.6.Нэхэмжлэгч спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,250,000 төгрөг, гэрчилгээний үнэ 4,000 төгрөг тус тус төлсөн болох нь Төрийн банкны татвар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 124-125, 215-216, 193-196/

 

5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг үндэслэн олох байсан орлого 30,000,000 төгрөг, тусгай зөвшөөрөл шинээр авахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,254,000 төгрөгийг хохиролд тооцон шаарсан.

 

6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

 

7.Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч хэн аль нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн түрээсийн сарын төлбөр 10,000,000 төгрөг байсан, гэрээний хугацааг 12 сараар сунгаж, хугацаа дуусахад акт үйлдэж түрээсийн үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийг хүлээлцэж, хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийг хохиролд тооцож төлсөн талаар маргаагүй.

 

8.Түрээсийн гэрээнд тусгай зөвшөөрөл түрээслэх талаар тусгаагүй боловч үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөмж, тусгай зөвшөөрлийг ашиглан түрээсийн үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөр төлөгдсөн үйл баримт тогтоогдсон.

 

9.Хэлцэл хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасан.

 

10.Түрээсийн гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй, тусгай зөвшөөрлийг түрээсийн гэрээгээр шилжүүлэн ашиглуулсан зэрэг нь хуульд заасан шаардлага хангаагүй, хууль бус учир талуудын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

 

 

11.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас буцаан шаардах шаардлагад шилжүүлсэн хөрөнгө, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.

 

12.Гэвч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тусгай зөвшөөрөл цацлагдсаныг 11 дүгээр сард мэдээд, н.Б-г дуудаж ирээд 11 дүгээр сарын 06-нд албан бичиг өгсөн. “Т” ХХК-тай гэрээ хийгээд сарын дотор гардаг гэнэ гэсэн. Би танд 10 дугаар сарын 06-аас 11 дүгээр сарын 08 хүртэл 10,000,000 төгрөгийг өгье, та албан бичгээ өгчих гэж хэлсэн. 11 дүгээр сарын 20-нд тусгай зөвшөөрөл гарчихна гэхээр “Т” ХХК-тай гэрээ хийгээд, н.Баясаагаас 10,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 23-нд хийж өгөөд тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зураад дууссан” гэх тайлбар гаргасан. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл хүчингүй болсонтой холбоотой хариуцагчаас 10,000,000 төгрөгийг хохиролд тооцож авч, тооцоог 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийж дуусгасан. /хх-ийн 28, 283-241/

 

13.Хохирлын хэмжээг талууд 10,000,000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч хохирол төлөх үүргээ гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч дахин хохирол шаардсан нь үндэслэлгүй.

 

14.Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч “С” ХХК-аас  32,254,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь заалтыг баримтлан хариуцагч “С ХХК-д холбогдох 32,354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР