Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02230

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02230

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АБТС ББСБ ХХК /РД:2674769/-ийн эхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.С-Э

Хариуцагч: Б.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Эаас 903,446,688 төгрөг, хариуцагч Ш.С-Э, Б.Э нараас 833,897,814 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулсан 50, 19 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: АБТС ББСБ ХХК-ийн зүгээс хариуцагч Б.Э, Ш.С-Э нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 712,562,268 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг, нийт 712,574,268 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр туулах тухай нэхэмжлэлийг, Б.Эт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 7,862,000 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 847,874,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-ийн захирал Б.Аг миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн нэмжлэлийн үндэслэлийг өөрчилж, шаардлагаа ихэсгэж байна.

Нэг. Б.Э, Ш.С-Э нараас 712,574,268 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулж, шаардлагаа ихэсгэж байна.

Хариуцагч Б.Э нь анх 2012 онд манай байгууллагаас 250,000,000 төгрөгийн зээл хүссэний дагуу талууд 2012-04-06-ны өдөр 37 дугаар зээлийн гэрээг /XX115-116/ байгуулж, уг гэрээгээр 250,000,000 төгрөгийг Б.Эт сарын 2 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дараах хоёр хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /XXI21-124/

1.1 Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй .... 4 өрөө орон сууц;

1.2 Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 30А-15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц;

Б.Этай байгуулсан 37 дугаар зээлийн гэрээний хугацааг Б.Эын хүсэлтээр 2013.10.06-ны өдрийн 37/А дугаар гэрээгээр 12 сарын хугацаатайгаар, 2014.10.06-ны өдрийн 37/Б дугаар гэрээгээр дахин 6 сарын хугатайгаар тус тус сунгасан ба энэхүү гэрээний хугацаа 2015.04.06-ны өдөр дуусгавар болсон. Б.Этай байгуулсан 37 дугаар зээлийн гэрээний хугацаа дуусахад тэрээр зээл, зээлийн хүүд нийт 284,500,000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан.

Улмаар Б.Э нь зээлийн гэрээний хугацааг дахин сунгах, барьцаа хөрөнгөө солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул талууд 37 дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгаж, хүүг үргэлжлүүлэн төлөх талаар харилцан тохиролцож 2015.04.30-ны өдөр 50 дугаар зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар байгуулсан. Мөн барьцааны зүйлийг сольж дээрх 2 барьцаа хөрөнгийг чөлөөлж, 2015.04.06-ны өдрийн 50 дугаар барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-206032876 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалсан.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018.04.30-ны өдөр дуусгавар болоход зээлдэгч Ш.С-Э нь 2018.04.30-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин 24 сараар сунгах хүсэлт гаргасны дагуу мөн өдрөө 50/А дугаар гэрээг байгуулж гэрээний хугацааг 2020.04.30-ны өдрийг хүртэл сунгасан. Хариуцагч нь 2012.04.06-ны өдрийн 37 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 108,039 төгрөг, зээлийн хүүд 127,445,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,569,997 төгрөгийг тус тус төлсөн. Б.Э, Ш.С-Э нар нь хамгийн сүүлд 2020.01.31-ний өдөр 833,333 төгрөгийн хүү төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй.

Б.Э, Ш.С-Э нар нь 2022.12.31-ний өдрийн байдлаар 37 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 833,897,814.93=/249,891,961 үндсэн зээл + 488,118,764.61 зээлийн хүү + 95,887,089.26 нэмэгдүүлсэн хүү/ төгрөгийг АБТС ББСБ ХХК-д төлж барагдуулах үүрэгтэй байна.

Тиймээс хариуцагч Б.Э, Ш.С-Э нараас 712,574,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 121,323,546.93 төгрөгөөр ихэсгэж, 2012.04.06-ны өдрийн 37 дугаар зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 833,897,814.93 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага хэвээрээ болно.

Хоёр. Б.Эаас 847,874,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулж, шаардлагаа ихэсгэж байна.

Хариуцагч Б.Э нь 2013 онд манай байгууллагаас 330,000,000 төгрөгийн зээл хүссэний дагуу талууд 2013.05.17-ны өдөр 28 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 330,000,000 төгрөгийг Б.Эт сарын 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дараах хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.1 Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, /17090/ Нүхтийн зам 8 тоот хаягт байрлах 921 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

Б.Этай байгуулсан 28 дугаар зээлийн гэрээний хугацаанд Б.Эын хүсэлтээр барьцааны зүйлийг сольж 2014.10.20-ны өдрийн 28/Б дугаар гэрээгээр Ү-2206032876 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалсан.

Мөн Б.Эын хүсэлтийн дагуу 2014.11.17-ны өдрийн 28/А дугаар гэрээгээр 28 дугаар зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатайгаар сунгасан ба гэрээний хугацаа 2015.11.17-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дууссанаар манай байгууллагын зүгээс Б.Эаас зээлээ төлөхийг шаардахад тэрээр гэрээний хугацааг дахин сунгах хүсэлт гаргасан тул талууд 28 дугаар гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөх зорилгоор 2016.05.25-ны өдөр 19 дугаар зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар байгуулсан ба уг гэрээний хугацаа 2019.05.25-ны өдөр дуусгавар болсон.

Талууд 2016.05.25-ны өдөр 19 дугаар зээлийн гэрээг байгуулах үед мөн адил барьцаа хөрөнгийг сольсон бөгөөд 2016.05.25-ны өдрийн 19 дугаар барьцааны гэрээгээр хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.      Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй .... 4 өрөө орон сууц;

2.      Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй ЧД3 өрөө орон сууц;

Б.Этай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019.05.25-ны өдөр дуусгавар болсноор манай байгууллагын зүгээс Б.Эаас зээлээ төлөхийг шаардсан. Гэтэл тэрээр 2020.01.08-ны өдөр манай байгууллагад хандаж авсан зээлээ 2020.03.15-ны өдөр барагдуулах талаар хуваарь гаргаж өгнө гэсэн боловч энэ хугацаанд хуваарь гаргаж өгөөгүй, зээлээ төлж барагдуулаагүй.

Б.Э нь анх авсан 330,000,000 төгрөгийн зээлээс 2022.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 100,000,000 төгрөгийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 125,537,500 төгрөгийг төлсөн бөгөөд 2020.02.25-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна.

Б.Э нь 2022.12.31-ний өдрийн байдлаар 28 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 903,446,688.6=/230,000,000 үндсэн зээл + 562,708,363.01 зээлийн хүү +110,758,335.59 нэмэгдүүлсэн хүү/ төгрөгийг АБТС ББСБ ХХК-д төлж барагдуулах үүрэгтэй байна.

Тиймээс хариуцагч Б.Эаас 847,874,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 55,592,688.6 төгрөгөөр ихэсгэж, 2013.05.17-ны өдрийн 28 дугаар зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 903,446,688.6 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага хэвээрээ болно гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Э нь 37 тоот зээлийн гэрээ байгуулж 250 сая төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлж авсан. 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг 12 сараар сунгасан, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг 6 сараар сунгасан. 2012 оны гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Ингээд гэрээгүй явж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 тоот шинэ зээлийн гэрээг байгуулж 284,500,000 төгрөгийг авсан гэж сарын 2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаагаар гэрээ байгуулсан. Б.Э зээлдэгч гэж явж байгаад Ш.С-Э гэж хүн үндсэн зээлдэгч, Б.Э хамтран хариуцагчаар орж ирсэн.

Хоёрдугаарт, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Э нь 28 тоот зээлийн гэрээг байгуулж 330 сая төгрөгийг зээлж сарын 2.5 хүүтэй, 18 сарын хугацаагаар хоёр дахь зээлийг авсан. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 сараар сунгасан. Сунгахдаа 100 сая төгрөгийн үндсэн зээл төлөөд, 230 сая төгрөгөөс зээлийн хүүг төлөх хуваарийг бодож эхэлсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 28 тоот зээлийн гэрээ дуусгавар болсон. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ямар ч гэрээгүй явж байгаад дахиад АБТС ББСБ ХХК-иас Б.Этай ярилцаад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19 тоот шинэ зээлийн гэрээ байгуулсан. 337,800,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар авахаар гэрээ байгуулсан. Зээл нь төлөгдөхгүй гэдгээр маргаан үүсээд шүүх дээр ирсэн байгаа. 2012 онд байгуулсан гэрээг өөр байдлаар шинэчилж байгуулаад 2015 онд байгуулсан, 2013 онд 330 сая төгрөг авсан гэрээг 2016 онд өөрчлөөд шинээр гэрээ байгуулсан ийм л харилцаа байгаа юм. Манай зүгээс яагаад зөвшөөрөхгүй байгаа гэхээр 2015 он болон 2016 онд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь энэ гэрээнүүдээр ямар ч мөнгөн хөрөнгийг АБТС ББСБ ХХК-иас Б.Э, Ш.С-Э нар нь зээлж аваагүй. Өмнөх 2013 оны гэрээг үндсэн зээл хүүг нь бодоод өмнөх зээлд хаагаад дараагийн гэрээг хийхдээ шинээр зээлж байгаа мэтээр зээлийг зээлээр хаасан гэрээ хийсэн. Энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа дэлгэрүүлж хэлнэ. Сүүлд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ихэсгэсэн. Үүнд тайлбар хэлье. Өөрчилсөн тухайд нэхэмжлэгч талаас 2015 он, 2016 онд байгуулсан гэрээгээ тусдаа гэрээ биш, 2012 он болон 2013 оны гэрээний хугацааг нь сунгаж байгаа үргэлжлэл гэж тайлбарласан байгаа. Тайлбараараа илэрхийлсэн. Тийм учраас үүнийг шинэ гэрээ гэж үзэхгүй гэдгийг нэхэмжлэгч талаас илэрхийлсэн байгаа. Ихэсгэсэн тухайд шүүхэд өгснөөс хойш ихэсгэсэн. Уг нь бол шүүхэд өгснөөр гэрээний хүү% алданги зогсох ёстой. Талуудын хооронд байгуулсан 2012 он, 2013 оны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх хэсэгт зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дор дурдсан тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардана, 6 дугаар зүйлийн 6.2.4.7 дахь хэсэгт гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийг 2 удаа биелүүлээгүй, 2 сарын хүүг төлөөгүй бол гэрээг цуцалж шүүхэд хандана гэсэн заалт байгаа. Шүүхэд өгснөөр гэрээг цуцалж байгаа гэсэн үг, шүүхэд өгснөөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагыг энэ үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2012, 2013, 2015, 2016 оны 4 гэрээ гарч ирж байгаа юм. Гэрээний хугацаа нь 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Үүнээс хойш төлбөр хийгдээгүй учраас нэхэмжлэгч тал 3 жилийн дотор шүүхэд хандаад буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны дотор хандаж нэхэмжлэх ёстой. Гэтэл энэ хугацаа өнгөрөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 тоот гэрээний хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ийм учраас бид нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хэлж байгаа. 2015, 2016 оны гэрээ хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус гэдгийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагчийн зүгээс хууль зүйн үр дагавар үүссэн байна, энэ асуудлыг шүүх хангаж үзээсэй гэдэг байдлаар бүх хууль зүйн боломжит үр дагаврыг тайлбарлаж байгаа юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар төлөх үндэслэлгүй.

284 сая төгрөгийг тухайн өдөр талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон. Энэ гэрээнд авагдсан нотлох баримтуудаар бүрэн тодорхойлогдоно. Тэр нь ямар тодорхойлолт вэ гэхээр Б.Эаас 284 сая төгрөгийг орлогоор бэлэн төлсөн гэдэг асуудал, хоёрдугаарт барьцаа хөрөнгө гэх асуудал дээр талуудын хооронд 2012 онд байгуулагдсан 19 тоот гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон гэдэг байдлаар илэрхийлэгдэнэ. Нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Хэн төлсөн бэ гэдэг асуудал дээр хэлэх юм бол нэхэмжлэгч өөрөө өөртөө төлсөн байгаа. Б.Э гэдэг хүний өмнөөс эднийх төлсөн юм байна, ойлголоо. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хууль зүйн үндэслэл болон бодит байхыг шаардах ёстой. 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээг шаардаж байгаа бол тэр зээлийн гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр талуудын тохиролцоогоор дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон гэрээг нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж болохгүй, түүнтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү гэх асуудал яригдахгүй.

Б.Эт холбоотой зээлийн гэрээний асуудал 2 хэсэг болгож яриад байна. 2013 оны гэрээг талууд тохиролцоод 2016 онд дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй бөгөөд нотлох баримттай гаргасан тайлбарууд нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байгаа. Нэхэмжлэгч тал анх ямар байдлаар нэхэмжлэл гаргасан бэ? гэвэл 2016 онд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу Б.Э гэдэг хүнээс 330 сая төгрөг, үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү 800 хэдэн төгрөг нэхэж байгаа. Ингээд нэхэмжлэл гаргаад уучлаарай энэ зээлийн гэрээг байгуулаагүй юм байна, хүчин төгөлдөр бус гэрээ, үүнтэй холбоотой ямар нэгэн мөнгөн дүнгийн харилцаа үүсээгүй учраас гэдэг тайлбар татгалзал гаргаад түүнтэй холбоотой нотлох баримт гаргаад ирэхэд тэгвэл би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилье, 2013 оны гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд сунгасан юм гэдэг харилцааг яриад байж болохгүй. Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь нэхэмжлэгчийн хүсэл зориг, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэл зоригоос хамаараад нотлох баримтыг дараа нь харилцаа биш, Иргэний хуульд хэлцэл хэзээ үүсэх, үүрэг хэзээ дуусгавар болох, цаашаа үүнийг яаж бүрдүүлэх вэ гэдэг харилцааг тодорхой заагаад өгсөн. Хэлцэл гэдэг нь талуудын хүсэл сонирхолд нийлээд түүнд бодит яваад, хуульд нийцсэн байж гэрээ түүнд хамаарах үүргийн харилцаа үүснэ. Нотлох баримттай холбогдуулан гэрээний харилцаагаа нэхэмжлэгч тодорхойлж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Нэг нотлох баримт олоод ирэхэд түүнд нийцүүлэх байдлаар сунгалт гээд байгаа юм. Уучлаарай, энэ бол сунгалт биш. Сунгалт биш гэж харагдаж байгаа нь 2012 оны гэрээгээр сунгасан гэж байгаа бол үүнд яагаад тал нь өөр байгаа юм бэ? оролцогч, хэмжээ, зээлийн хүү, нөхцөл нь өөр байгаа юм бэ? Энэ бол сунгалт гэдэг асуудал биш юм. 2016 оны гэрээ мөн адилхан, хэмжээ, хугацаа, зээлдэгч, барьцаалагч нь өөр. Үүнтэй холбоотойгоор үүрэг үүсэж дуусгавар болсон хугацаагаа бүгдийг нь базаад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулах гээд байгаа ийм нөхцөл харагдаж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр та нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж өгөөч, 2012 оны гэрээ юм уу? 2013 оны гэрээ юм уу? Тэр гэрээ хэзээ дуусгавар болсон бэ гэдэг нь хэрэгт хангалттай авагдсан. Нэхэмжлэгч яагаад энэ гэрээ дуусгавар болсон гээд тайлбарлаад байна гэхээр өөрөөр хэлбэл зээлийн мэдээллийн санд хэзээ ороод хэзээ дуусгавар болсон гэж байгаа байх. Үүнтэй холбоотой нотлох баримтууд анх Б.Э байгуулсан гэрээ гэх ийм зүйл байгаа үүнийг гаргуулъя, зохицуулах журмыг гаргуулъя. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр тодорхой харагдана. Түүнд 2012 он, 2013 оны гэрээ нь бидний нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй зүйл шүү дээ, тиймээс хангахаас татгалзаж өгнө үү гэсэн тайлбарыг өгч байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2012, 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж тодорхойлж, нэхэмжилсэн байгаа. Бид ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх байсан. Тэгэх юм бол энэ хэрэг 2013, 2014 онд ингэж яваад 2020 онд нэхэмжлэл гаргаж байгаа, 2023 он хүртэл сунаад энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж яриад байгаа нь боломжгүй юм. Энэ хүн нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа зөв гаргаад, таны өмнөөс төлсөн төлбөр ийм байна шүү, та анх төлбөр авсан төлбөрийн үлдэгдлээс 284 сая, 330 сая төгрөгийг төлөөч ээ гэдэг асуудлыг тавих юм бол хариуцагч зөвшөөрнө. Хариуцагчийн хүсээд байдаг 284 сая, 330 сая буюу үлдэгдэл, магадгүй энэ хүн төлөх үүрэгтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн юм байна гэдэг үндэслэлтэйгээс энэ хэмжээний төлбөрийг төлье гэдэг асуудлыг тавьдаг. Тэгэхэд урдаас огт байхгүй, хууль зөрчиж хийсэн зээлийн гэрээний асуудлыг бариад илүү хүү, нэмэгдүүлсэн хүү шударга бусаар тавьж байгаа юм. Гэрээ байгуулахад талууд тэнцүү байх ёстой. Анх байгуулж байсан одоо үүнийгээ сунгалт гэж тайлбарлаад, хүсэл зоригийн илэрхийлэл тэнцүү бус нөхцөлтэй явсан. Гэрээний хугацаагаа сунгаж өгөөч гэхээр сунгахгүй, шинэ гэрээ байгуул гээд тулгадаг. Тэгээд түүнийгээ зээлийн мэдээллийн сан руу оруулаад байдаг. Энэ нь өөрөө стандарт гэрээ, гэрээний талуудын хүсэл зориг гэдэг асуудал байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд ямар гэрээг ямар нөхцөлөөр яаж байгуулах нь хуульд заагдсан, тэр нь өөрөө хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдгийг тодорхойлно. Татгалзлын үндсэн дээрээс ярьж байна. Үнэхээр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод төлөгдөөгүй байсан бол энэ хүмүүс зээлийн гэрээг нэмэлт байгуулна гэж яриад нэхэмжлээд явж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хариуцагчийн үндсэн татгалзал нь энэ байгуулагдсан гэрээг талууд тухайн үедээ буюу 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцоод дуусгавар болгосон. Энэ хүмүүс зээл аваад зээлээ хаасан гээд байгаа юм. Зээл аваад зээлээ хаасан бол хаасан зээлийн мөнгийг үргэлжлүүлээд, нөгөө гэрээгээ болохоор энэ гэрээний сунгалт гэж тайлбарлаж байгаа юм. Ийм байж болохгүй. Хаасан гэдгийг хариуцагчаас нотлох баримтыг хэрэгт өгсөн байгаа. 284,500,000 төгрөгийг кассын орлогоор төлсөн. АБТС ББСБ ХХК-иас барьцаа хөрөнгийг авахдаа 2012 оны зээлийн гэрээ нь дуусгавар болсон гэдгийг илэрхийлээд улсын бүртгэл рүү явуулсан. Үүнээс талуудын энэ харилцаа дуусгавар болсон. Та тэгвэл нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ зөв өгчих, тэгвэл бид нар тэр байдлаар төлөөд явъя. Өөрөөр хэлбэл, таны өмнөөс бид нар зээлсэн төлбөрийн мөнгийг авъя, та үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа бол окэе, тэрийг чинь төлье. Гэхдээ энэ бол 2012 оны зээлийн гэрээ биш учраас бид энэ удаадаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Түүнээс энэ компанийг бүхэлд нь хохироох гээд байгаа зүйл биш юм. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүх хараасай. Үнэхээр дуртай үедээ нэхэмжлээд, дуртай үедээ өөрчлөөд, 2012 он, 2013 оны зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ гаргасан, 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэхэж байгаа юм. Яагаад энэ хугацаанд нэхэхгүй байсан бэ гэхээр хүчин төгөлдөр бус гэрээ хийгээд, илүү хүү авах гээд өгөөгүй мөнгөний нэхэмжлэлийг гаргаад байсан учраас нэхээгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласан шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүй гэдэг асуудлыг яахав татгалзлын үндэс хамаагүй ч гэсэн бодит байдлыг харж үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч өөрөө хэргийн материалыг сольж болохгүй гэж хэлж байгаа юм. Би хэргийн материалаа солиод өгчихөж, энэ биш байсан материал, ковидын нөхцөл байдал, шүүх хуралдаан хэзээ зарлагдсан бэ? Хариуцагчаас шүүх хуралдаан дээр хэдэн удаа хойшлуулах хүсэлт өгсөн бэ? Гэдгийг анхаарч үзээсэй гэж бодож байна. 2020 онд нэхэмжлэл өгснөөс хойш 2023 он хүртэл шүүх хуралдааныг хариуцагч талаас олон хойшлуулсан гэж бодохгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага чинь буруу байна, та нар илүү мөнгө нэхээд байна гэдгийг одоо л засаж байгаа юм. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа, хариуцагчийн 100 хувь буруутай үйл ажиллагаа гэж үзээд актив өндөр болсон гэж байгаа юм. Зээлийн тооцооллыг хийхээр гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаад байгаа юм. Сунгасан байгаа бол сунгалт нь ойлгомжтой байх байсан. Үндсэн зээлийн хэмжээ, хүүгийн хэмжээ өөр болж байгаа юм. Сунгалт гэдгээр энд оруулаад ард талын санхүүгийн программыг өөрчлөөд оруулсан. Ерөнхийдөө хүний харилцаа нэг л байх ёстой, тогтвортой байх ёстой. Юу хүсэж, юу хариулахаа мэдэж байх ёстой. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдийн дагуу буюу 2012 он болон 2013 оны зээлийн гэрээний харилцааг талууд тохиролцож дуусгавар болгосон. Тийм учраас төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт харилцаа дуусгавар болсон учраас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн асуудал явагдахгүй. Талууд барьцааны хөрөнгөөр хангуулах гэдэг асуудал байгаа. Барьцааны харилцаа нь үндсэн гэрээний дагуу нэмэлт гэрээний харилцаа дагавар зохицуулалт юм. Үндсэн гэрээний харилцааг талууд дуусгавар болгосон нөхцөлд барьцааны эрх зүйн харилцаа дуусгавар болно. Нэгэнт дуусгавар болсон харилцааны дагуу нэмэлт үүргийн харилцаа буюу үүргийн гүйцэтгэлийн баталгаа явагдахгүй. Барьцаагаар хангуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Барьцаа нь бодит нөхцөл байдал дээр бүртгэгдсэн нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: Б.Э нь 2012.04.06-ны өдөр АБТС ББСБ ХХК-тай 37 тоот Зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг 2%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай авсан. Үүний дараа тус гэрээг 2013.10.06-ны өдөр 12 сараар буюу 2014.10.06-ны өдөр хүртэл сунгасан. Үүний дараа 2014.10.06-ны өдөр 6 сараар буюу 2015.04.06-ны өдөр хүртэл мөн сунгасан. 2015.04.06-ны өдрөөс хойш гэрээг сунгалгүй явж байгаад 2015.04.30-ны өдөр дуусгавар болгосон.

Улмаар АБТС ББСБ ХХК-иас 2015.04.30-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл болох 284,500,000 төгрөгийг шинээр зээлж байгаа мэтээр шинэ гэрээ хийхгүй бол болохгүй нь, хэрвээ энэ гэрээг хийхгүй бол таныг Монгол банкны хар жагсаалтанд оруулна, улмаар та хаанаас ч зээл авах боломжгүй болно гэсний дагуу Б.Э нь шинээр 2015.04.30-ны өдөр 50 тоот Зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээг байгуулах үед АБТС ББСБ ХХК-иас ганцхан таны нэр дээр гэрээ байгуулахаар хэтэрхий том зээлтэй харагдах гээд байна, эхнэрээ нэмж оруулах хэрэгтэй гэсний улмаас Б.Э нь эхнэр Ш.С-Ээ зээлийн гэрээнд нэмж оруулахаар болсон. Үүний дагуу 2015.04.30-ны өдрийн 50 тоот Зээлийн гэрээнд Ш.С-Э нь үндсэн зээлдэгчээр, Б.Э нь хамтран зээлдэгчээр орсон. Энэхүү 2015.04.30-ны өдрийн 50 тоот Зээлийн гэрээний дагуу Ш.С-Э, Б.Э нар нь АБТС ББСБ ХХК-иас нэг ч төгрөгийг зээлдэж аваагүй бөгөөд үүнийг ч нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-ийн зүгээс удаа дараа тайлбараар илэрхийлсэн байдаг.

Мөн Б.Э нь 2013.05.17-ны өдөр АБТС ББСБ ХХК-тай 28 тоот Зээлийн гэрээ байгуулж, 330,000,000 төгрөгийг 2,5%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай авсан. Үүний дараа тус гэрээг 2014.11.17-ны өдөр 12 сараар буюу 2015.11.17-ны өдөр хүртэл сунгасан. 2015.11.17-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд гэрээг сунгалгүй явж байгаад 2016.05.25-ны өдөр дуусгавар болгосон.

Улмаар АБТС ББСБ ХХК-иас 2016.05.25-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл болох 337,800,000 төгрөгийг шинээр зээлж байгаа мэтээр шинэ гэрээ хийхгүй бол болохгүй нь гэсний дагуу Б.Э нь шинээр 2016.05.25-ны өдөр 19 тоот Зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү 2016.05.25-ны өдрийн 19 тоот Зээлийн гэрээний дагуу Б.Э нь АБТС ББСБ ХХК-иас нэг ч төгрөгийг зээлдэж аваагүй болно.

Дээрх 2015.04.30-ны өдөр 50 тоот Зээлийн гэрээ, 2016.05.25-ны өдрийн 19 тоот Зээлийн гэрээнүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэснийг, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэснийг, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ гэснийг, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасан Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснийг тус тус зөрчиж байгуулагдсан болно.

Иймд АБТС ББСБ ХХК болон Б.Э, Ш.С-Э нарын хооронд байгуулсан 2015.04.30-ны өдөр 50 тоот Зээлийн гэрээ, 2016.05.25-ны өдрийн 19 тоот Зээлийн гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Хариуцагчид АБТС ББСБ ХХК-тай байгуулсан 2015.04.30-ны өдрийн 50 тоот зээлийн гэрээ болон хариуцагч Б.Эын АБТС ББСБ ХХК-тай байгуулсан 2016.05.25-ны өдрийн 19 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг заажээ. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар нэхэмжлэгчээс яг ямар үр дагавар шаардаж байгаа нь буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

5. Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: Нотариатын мөнгөний тасалбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн анкет, Б.Эын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Эын оршин суух хаягийн тодорхойлолт, зарлагын ордерын баримт, 2016.05.25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл, Б.Эын хүсэлт, 2015.04.30-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээлдэгчийн анкет, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, зарлага болон орлогын ордер, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, 2018.04.30-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, Ш.Сувд-Эрдэнийн хүсэлт, 2012.04.06-ны өдрийн зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2013.10.06-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2014.10.06-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, кассын зарлагын ордер, Хаан банкны орлогын мэдүүлэг, Б.Эын гараар бичсэн хүсэлт /хх127/, Ш.Сувд-Эрдэнийн гаргасан өргөдөл, зээлдэгчийн анкет, барьцаалбар /хх163/, 2015.04.30-ны өдрийн барьцааны болон зээлийн гэрээ, зарлагын ордер, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, АБТС ББСБ ХХК-ийн мэдэгдэл, Б.Эын гар өргөдөл, АБТС ББСБ ХХК-ийн зээлийн хорооны хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах тухай албан бичиг, зээлийн хяналтын тайлан, Ш.Сувд-Эрдэнийн хүсэлт, 2018.04.30-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл, 2016.05.25-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээлдэгчийн анкет, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, зарлагын ордер, харилцагчийн дансны хуулга, 2016.05.25-ны өдрийн 131, 132 дугаар албан бичиг, 2013.05.17-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2014.11.17-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2014.10.20-ны өдрийн барьцааны гэрээ, кассын орлогын ордер, Хаан банкны орлогын мэдүүлгүүд /2хх28-44/, кассын орлогын ордер болон зарлагын ордер, зээлийн дансны хуулга /2хх54-57/, зээлийн дансны хуулга /2хх88-93/, 28 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, зээлийн дансны хуулга /2хх126-131/, Б.Эын гаргасан хүсэлт, 2013.10.06-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, хариуцагч нарын гар өргөдөл, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл, зээл хүсэгчийн анкет, Б.Эын гаргасан өргөдөл, 2014.11.17-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээ, Б.Эын гаргасан өргөдлийг баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаагүй болно.

  Шүүхийн журмаар Санхүүгийн зохицуулах хорооноос АБТС ББСБ ХХК-ийн зээлийн бодлого, зээлийн бүтээгдэхүүний журам, гэрч М.Чанзавцогийн мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай байгууллага Б.Этай 2012-04-06-ны өдөр 37 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 250,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хоёр үл хөдлөх хөрөнгө барьцаанд бүртгүүлсэн. Б.Эын хүсэлтээр гэрээний хугацааг 2013.10.06-ны өдрийн 37/А дугаар гэрээгээр 12 сарын хугацаатайгаар, 2014.10.06-ны өдрийн 37/Б дугаар гэрээгээр дахин 6 сарын хугатайгаар тус тус сунгасан ба энэхүү гэрээний хугацаа 2015.04.06-ны өдөр дуусгавар болсон. Б.Этай байгуулсан 37 дугаар зээлийн гэрээний хугацаа дуусахад тэрээр зээл, зээлийн хүүд нийт 284,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Б.Э нь зээлийн гэрээний хугацааг дахин сунгах, барьцаа хөрөнгөө солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул талууд 37 дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгаж, хүүг үргэлжлүүлэн төлөх талаар харилцан тохиролцож 2015.04.30-ны өдөр 50 дугаар зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар байгуулсан. Мөн барьцааны зүйлийг сольж дээрх 2 барьцаа хөрөнгийг чөлөөлж, 2015.04.06-ны өдрийн 50 дугаар барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-206032876 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалсан.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018.04.30-ны өдөр дуусгавар болоход зээлдэгч Ш.С-Э нь 2018.04.30-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин 24 сараар сунгах хүсэлт гаргасны дагуу мөн өдрөө 50/А дугаар гэрээг байгуулж гэрээний хугацааг 2020.04.30-ны өдрийг хүртэл сунгасан. Хариуцагч нь 2012.04.06-ны өдрийн 37 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 108,039 төгрөг, зээлийн хүүд 127,445,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,569,997 төгрөгийг тус тус төлсөн. Б.Э, Ш.С-Э нар нь 2022.12.31-ний өдрийн байдлаар 37 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 833,897,814.93=/249,891,961 үндсэн зээл + 488,118,764.61 зээлийн хүү + 95,887,089.26 нэмэгдүүлсэн хүү/ төгрөгийг АБТС ББСБ ХХК-д төлж барагдуулах үүрэгтэй байна.

Тиймээс хариуцагч Б.Э, Ш.С-Э нараас 2012.04.06-ны өдрийн 37 дугаар зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 833,897,814.93 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн Б.Э нь 2013.05.17-ны өдөр 28 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 330,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Мөн Б.Эын хүсэлтийн дагуу 2014.11.17-ны өдрийн 28/А дугаар гэрээгээр 28 дугаар зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатайгаар сунгасан ба гэрээний хугацаа 2015.11.17-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дууссан ч тэрээр гэрээний хугацааг дахин сунгах хүсэлт гаргаж, талууд 28 дугаар гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөх зорилгоор 2016.05.25-ны өдөр 19 дугаар зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар байгуулсан ба уг гэрээний хугацаа 2019.05.25-ны өдөр дуусгавар болсон.

Талууд 2016.05.25-ны өдөр 19 дугаар зээлийн гэрээг байгуулах үед мөн адил барьцаа хөрөнгийг сольсон бөгөөд 2016.05.25-ны өдрийн 19 дугаар барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй .... 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй ЧД3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Б.Этай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019.05.25-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл тэрээр 2020.01.08-ны өдөр манай байгууллагад хандаж авсан зээлээ 2020.03.15-ны өдөр барагдуулах талаар хуваарь гаргаж өгнө гэсэн боловч энэ хугацаанд хуваарь гаргаж өгөөгүй, зээлээ төлж барагдуулаагүй.

Б.Э нь анх авсан 330,000,000 төгрөгийн зээлээс 2022.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 100,000,000 төгрөгийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 125,537,500 төгрөгийг төлсөн бөгөөд 2020.02.25-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. 2022.12.31-ний өдрийн байдлаар 28 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 903,446,688.6=/230,000,000 үндсэн зээл + 562,708,363.01 зээлийн хүү +110,758,335.59 нэмэгдүүлсэн хүү/ төгрөгийг АБТС ББСБ ХХК-д төлж барагдуулах үүрэгтэй байна.

Тиймээс хариуцагч Б.Эаас 2013.05.17-ны өдрийн 28 дугаар зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 903,446,688.6 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эхний гэрээний хувьд нэхэмжлэгчтэй 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 37 тоот зээлийн гэрээг байгуулж, 250,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд тус гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Тэр үед гэрээгээр төлөх зээл, зээлийн хүү нийт 284,500,000 төгрөг байсан. Дараа нь байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 тоот зээлийн гэрээ нь өмнөх 2012 оны 37 тоот гэрээний үргэлжлэл биш бөгөөд үндсэн зээлдэгчийг сольсон, өөр шинэ агуулгатай гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр ямар нэгэн зээл олгоогүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болно. Хоёр дахь гэрээний хувьд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 28 тоот зээлийн гэрээг байгуулж, 330,000,000 төгрөг зээлсэн бөгөөд тус гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19 тоот зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээ нь 2012 оны дээрх гэрээтэй мөн адил 2013 оны 28 тоот гэрээний үргэлжлэл биш, өөр шинэ агуулгатай гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр ямар нэгэн зээлийг шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болно. Тиймээс 2015 болон 2016 онд байгуулагдсан 50, 19 дугаартай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэрээ болох бөгөөд 2012, 2013 онд байгуулсан гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Нэгэнт гэрээний харилцааг талууд дуусгавар болгосон тул гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах эрхгүй гэдэг агуулгаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээлийн харилцаа дуусгавар болсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хангагдах боломжгүй байна гэжээ.

4.    Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Э нь 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр АБТС ББСБ ХХК-тай 37 тоот Зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг 2%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацааг сунгасаар 2015.04.06-ны өдрөөс хойш гэрээг сунгалгүй явж байгаад 2015.04.30-ны өдрийн байдлаар АБТС ББСБ ХХК-иас гэрээний үлдэгдэл болох 284,500,000 төгрөгийг шинээр зээлж байгаа мэтээр шинэ гэрээ хийхгүй бол болохгүй гэсний дагуу шинээр 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 тоот зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд эхнэр Ш.Сувд-Эрдэнийг үндсэн зээлдэгчээр нэмж оруулсан. Талуудын хооронд байгуулсан энэ 50 тоот Зээлийн гэрээний дагуу Ш.С-Э, Б.Э нар нь АБТС ББСБ ХХК-иас нэг ч төгрөгийг зээлдэж аваагүй. Б.Э нь 2013.05.17-ны өдөр АБТС ББСБ ХХК-тай 28 тоот Зээлийн гэрээ байгуулж, 330,000,000 төгрөгийг 2,5%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацааг сунгасаар 2015.11.17-ны өдрөөс хойш гэрээг сунгалгүй явж байгаад 2016.05.25-ны өдрийн байдлаар АБТС ББСБ ХХК-иас гэрээний үлдэгдэл болох 337,800,000 төгрөгийг шинээр зээлж байгаа мэтээр шинэ гэрээ хийхгүй бол болохгүй гэсний дагуу шинээр 2016 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр 19 тоот зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү 2016.05.25-ны өдрийн 19 тоот Зээлийн гэрээний дагуу Б.Э нь АБТС ББСБ ХХК-иас нэг ч төгрөгийг зээлдэж аваагүй болно. Дээрх 2015.04.30-ны өдөр 50 тоот Зээлийн гэрээ, 2016.05.25-ны өдрийн 19 тоот Зээлийн гэрээнүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэснийг, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэснийг, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ гэснийг, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасан Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснийг тус тус зөрчиж байгуулагдсан болно.

Иймд АБТС ББСБ ХХК болон Б.Э, Ш.С-Э нарын хооронд байгуулсан 2015.04.30-ны өдөр 50 тоот Зээлийн гэрээ, 2016.05.25-ны өдрийн 19 тоот Зээлийн гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.

5.    Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан 50 болон 19 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг заажээ. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулснаар нэхэмжлэгчээс яг ямар үр дагавар шаардаж байгаа нь буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-       АБТС ББСБ нь зээлийн үйл ажиллагаа явуулах үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, гүйцэтгэх захирлаар Батсуурь овогтой Азбилэгийг томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Э болон АБТС ББСБ нар нь 37 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 250,000,000 төгрөгийг зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2 хувь байхаар тохиролцож, 18 сарын хугацаатайгаар байгуулсан байна.

-       Тус өдрөө 37 дугаартай барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй .... 4 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 30 А-15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцаалсан байна. Барьцааны гэрээ нь хуульд зааснаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

-       2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр талууд зээлийн гэрээний хугацааг сунгах тухай 37/А дугаартай гэрээг байгуулж, зээлийн гэрээний 5.1-т заасан хугацааг 12 сараар сунгасан болно гэсэн утга агуулга илэрхийлж, 37 тоот гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулжээ.

-       Мөн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр талууд зээлийн гэрээний хугацааг сунгах тухай 37/Б дугаартай гэрээг байгуулж, зээлийн гэрээний 5.1-т заасан хугацааг 6 сараар сунгасан болно гэсэн утга агуулга илэрхийлж, 37 тоот гэрээний хугацааг дахин сунгаж гэрээ байгуулжээ.

-       2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Э болон АБТС ББСБ ХХК нар нь 28 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 330,000,000 төгрөгийг зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2,5 хувь байхаар тохиролцож, 18 сарын хугацаатайгаар байгуулсан байна.

-       Тус өдрөө 28 дугаартай барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, /17090/ Нүхтийн зам 8 тоот хаягт байрлах 921 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалжээ. Барьцааны гэрээ нь хуульд зааснаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

-       2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талууд зээлийн гэрээний хугацааг сунгах тухай 28/А дугаартай гэрээг байгуулж, зээлийн гэрээний 5.1-т заасан хугацааг 12 сараар сунгасан болно гэсэн утга агуулга илэрхийлж, 28 тоот гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулжээ.

-       Талууд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 28/Б дугаартай барьцааны гэрээг байгуулж, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр талуудын байгуулсан 28 тоот зээлийн гэрээний биелэлтийг хангахтай холбогдуулан Ү-2206032876 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалжээ.

-       2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 дугаартай зээлийн гэрээг нэг талаас АБТС ББСБ нөгөө талаас Ш.С-Э, Б.Э нар байгуулж, 284,500,000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай байгуулжээ.

-       Тус өдрөө 50 дугаартай барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-206032876 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалсан байна. Барьцааны гэрээ нь хуульд зааснаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

-       2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50/А дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээг талууд байгуулж, 50 дугаартай зээлийн гэрээний хугацааг 24 сараар сунгаж гэрээ байгуулжээ.

-       2016 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр 19 дугаартай зээлийн гэрээг нэг талаас АБТС ББСБ нөгөө талаас Б.Э нар байгуулж, 337,800,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай байгуулжээ.

-       Мөн тус өдрөө 19 дугаартай зээлийн гэрээний биелэлтийг хангахтай холбогдуулан 19 дугаартай барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй .... 4 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 30 А дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээ нь хуульд зааснаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

-       Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууц нь Б.Эын өмч мөн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 30 А дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Б.Эын өмч мөн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       .... 4 өрөө орон сууц нь Б.Эын өмч мөн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байна.

7. Талууд 2012 онд талуудын хооронд байгуулагдсан 37 тоот гэрээг 2015 онд байгуулсан 50 тоот гэрээний, 2013 онд байгуулсан 28 тоот гэрээг 2016 онд байгуулсан 19 тоот гэрээний хугацааг сунгасан гэрээ гэж нэхэмжлэгч талаас, хариуцагч талаас гэрээний хугацаа сунгалт биш, шинэ гэрээ байгуулсан бөгөөд тухайн 50, 19 тоот гэрээгээр ямар нэгэн зээл олгоогүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байна. Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож хийсэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд, мөн 2012, 2013 онуудад байгуулагдсан 37, 28 тоот гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

8. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан гэрээ байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

9. Талуудын хооронд хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

10. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 37 тоот гэрээний хугацааг Гэрээний хугацаа сунгах тухай 37/А, 37/Б дугаартай гэрээг байгуулж, 2013 оны 28 тоот гэрээг 28/А дугаартай Гэрээний хугацаа сунгах тухай гэрээг байгуулж тус тус сунгасан үйл баримт хэрэгт авагдсан. Харин 2015 онд талуудын хооронд байгуулсан 50 тоот гэрээ болон 2016 онд байгуулсан 19 тоот гэрээнүүдэд 2012, 2013 онуудад байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгах зорилгоор байгуулсан гэрээ гэж ойлгох утга агуулга, үг үсэг байхгүй, барьцаа хөрөнгүүд өөрчлөгдсөн, 50 тоот гэрээнд үндсэн зээлдэгч нь өөрчлөгдсөн зэргээс талуудын хооронд байгуулагдсан 50 тоот гэрээг 37 тоот гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж, 19 тоот гэрээг 28 тоот гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах талаар зохицуулж, хуулийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу сүүлд байгуулагдсан 50, 19 тоот гэрээг шинэ зээлийн гэрээний харилцаа үүссэн, өмнөх гэрээнүүдээс тусдаа гэрээ гэж үзэв.

11. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 50 тоот гэрээгээр 284,500,000 төгрөг, 2016 оны 19 тоот гэрээгээр 337,800,000 төгрөгийн зээлийг олгоогүй гэж хариуцагч тал маргадаг бөгөөд үүнд нэхэмжлэгч талаас няцаагаагүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад талуудын хооронд анх байгуулагдсан 37, 28 тоот зээлийн гэрээний үргэлжлэл буюу хугацааг нь сунгасан гэрээ гэж үзэж нэхэмжилсэн байгаагаас үзвэл 2015 болон 2016 оны гэрээгээр гэрээнд заасан үнийн дүнгээр зээл олголт нэмж хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй.

12. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч АБТС ББСБ нь хариуцагч Б.Э, Ш.С-Э нарт 50 тоот зээлийн гэрээгээр 284,500,000 төгрөг, 19 тоот гэрээгээр 337,800,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлж, зээлээгүй тул тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 50, 19 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэв.

13. Дээрх 50 болон 19 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн тул нэхэмжлэгчийн тус гэрээний дагуу шаардсан зээлийн төлбөр, хүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Харин талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 37 тоот, 2013 оны 28 тоот гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр тул тус гэрээний дагуу нэхэмжилсэн зээлийн эргэн төлөлт, хүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

14. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох тухай зохицуулсан. Хуулийн 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж заасан байх тул хүчин төгөлдөр бус гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан 50 болон 19 дугаартай барьцааны гэрээнүүдийн барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд улсын бүртгэлийн Ү-206032876 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр зайсан гудамж, 48 байр 1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй .... 4 өрөө орон сууц болон улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 30 А дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсон учир барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

15. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 37 тоот, 2013 оны 28 тоот зээлийн гэрээний дагуу байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааг чөлөөлсөн тул тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө байхгүй гэж үзэхээр байна.

16. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр талуудын хооронд байгуулагдсан 50 болон 19 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжилсэн. Хэдийгээр 50 болон 19 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж шүүх дүгнэсэн хэдий ч хариуцагч нь эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулж, үүний дагуу ямар нэг үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхив.

17. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 9,459,084 төгрөгийг, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 3,329,450 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарин хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,459,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,269,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 3,329,450 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э, Ш.С-Э нараас 284,500,000 төгрөг, хариуцагч Б.Эаас 337,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АБТС ББСБ-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн хариуцагч Б.Э, Ш.С-Э нараас нэхэмжилсэн 833,897,814 төгрөгөөс 284,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 549,397,814 төгрөгийг, хариуцагч Б.Эаас нэхэмжилсэн 903,446,688 төгрөгөөс 337,800,000 төгрөгийг хангаж, 565,646,688 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Хариуцагчийн гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,459,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,269,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 3,329,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ