Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01833

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 04 210/МА2023/01833

 

 

 

 

АБТС ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02230 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас 833,897,814 төгрөг, хариуцагч Б.Энхбаяраас 903,446,688 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. АБТС ББСБ ХХК нь Б.Энхбаяртай 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 37 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019346 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11/2 байр, 15 тоот хаягт байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004773 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 30А байр, 15 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 37/А дугаартай гэрээгээр 12 сараар, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 37/Б дугаартай гэрээгээр 6 сараар тус тус сунгасан ба 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгчийн хүсэлтээр талууд гэрээний хугацааг сунгаж, хүүг үргэлжлүүлэн төлөх талаар харилцан тохиролцож, Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нар нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Барьцааны зүйлийг сольж дээрх 2 барьцаа хөрөнгийн оронд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032876 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 48 байр, 1 тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалсан. Мөн 50/А дугаартай гэрээг байгуулж гэрээний хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

Зээлдэгч нь 37 дугаартай зээлийн гэрээний хугацаанд зээлд 108,039 төгрөг, зээлийн хүүнд 127,445,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,569,997 төгрөг төлсөн, хамгийн сүүлд 2020 ны 01 дүгээр сарын 31-ний өдөр 833,333 төгрөгийн хүү төлснөөс хойш төлөөгүй. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт нийт 833,897,814.93 (249,891,961 үндсэн зээл+488,118,764.61 зээлийн хүү+95,887,089.26 нэмэгдүүлсэн хүү) төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Ш.Сувд-Эрдэнэ, Б.Энхбаяр нараас 833,897,814.93 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.2. АБТС ББСБ ХХК нь Б.Энхбаяртай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 28 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 330,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, /17090/ Нүхтийн зам 8 тоот хаягт байрлах, 921 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан. Б.Энхбаярын хүсэлтээр 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 28/Б дугаартай гэрээгээр барьцааны зүйлийг сольж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032876 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 48 байр, 1 тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалсан.

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 28/А дугаартай гэрээгээр гэрээний хугацааг 12 сараар сунгасан. Б.Энхбаяр гэрээний хугацааг дахин сунгах хүсэлт гаргасан тул талууд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19 дугаартай зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

Зээлийн гэрээг байгуулах үед барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг сольж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019346 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11/2 байр, 15 тоот хаягт байрлах, 134.94 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004773 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ЗОА байр, 15 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Б.Энхбаяр нь зээлд 100,000,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 125,537,500 төгрөг төлсөн ба 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөөгүй. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 28 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 903,446,688.6 (230,000,000 зээл+562,708,363.01 зээлийн хүү+110,758,335.59 нэмэгдүүлсэн хүү) төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.Энхбаяраас 903,446,688.6 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Энхбаяр нь АБТС ББСБ ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 37 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Гэрээг 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 сараар, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 6 сараар сунгасан.

Талууд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 дугаартай зээлийн гэрээ шинээр байгуулж, 284,500,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Ш.Сувд-Эрдэнэ үндсэн зээлдэгч, Б.Энхбаяр хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан.

2.2. Б.Энхбаяр нь АБТС ББСБ ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 28 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 330,000,000 төгрөгийг зээлж сарын 2.5 хүүтэй, 18 сарын хугацаатай зээлийг авсан. Гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 сараар сунгасан, ингэхдээ 100,000,000 төгрөгийг зээл төлөөд, 230,000,000 төгрөгөөс зээлийн хүү төлөх хуваарийг бодож эхэлсэн.

Үүний дараа АБТС ББСБ ХХК-аас Б.Энхбаяртай ярилцаад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19 дугаартай зээлийн гэрээ шинээр байгуулж, 337,800,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар зээлэхээр тохирсон.

2012 оны гэрээг хаагаад 2015 онд, 2013 оны гэрээг хаагаад 2016 онд тус тус шинээр гэрээ байгуулсан. Бид 2015, 2016 онд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь уг гэрээнүүдээр АБТС ББСБ ХХК-аас ямар ч мөнгөн хөрөнгийг Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нар зээлж аваагүй.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 2015, 2016 онд байгуулсан гэрээгээ тусдаа гэрээ биш, 2012, 2013 оны гэрээний хугацааг сунгасан үргэлжлэл, шинэ гэрээ гэж үзэхгүй гэсэн. Хариуцагчийн зүгээс үүнийг сунгалт гэж үзэхгүй, хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэж байна.

2.3. Шүүхэд өгснөөс хойш шаардлагаа ихэсгэсэн, уг нь шүүхэд өгснөөр гэрээний хүү, алданги зогсох ёстой. 2012, 2013 оны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.4.7-д зээлдэгч гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийг 2 удаа биелүүлээгүй, 2 сарын хүүг төлөөгүй бол гэрээг цуцалж шүүхэд хандана гэж заасан. Шүүхэд өгснөөр гэрээг цуцалж байгаа гэсэн үг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болж байгаа.

2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан, үүнээс хойш төлбөр хийгдээгүй учраас нэхэмжлэгч тал 3 жилийн дотор 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэх ёстой. Гэтэл энэ хугацаа өнгөрөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан, үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2.4. Барьцааны харилцаа нь үндсэн гэрээний дагуу нэмэлт гэрээний харилцаа дагавар зохицуулалт юм. Үндсэн гэрээний харилцааг талууд дуусгавар болгосон нөхцөлд барьцааны эрх зүйн харилцаа дуусгавар болно.

Ийм учраас бид нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б.Энхбаяраас АБТС ББСБ ХХК-тай байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай зээлийн гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгосон.

АБТС ББСБ ХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх үлдэгдэл төлбөр 284,500,000 төгрөгийг шинээр зээлж байгаа мэтээр шинэ гэрээ хийхгүй бол болохгүй, гэрээ хийхгүй бол Монголбанкны хар жагсаалтанд оруулж, хаанаас ч зээл авах боломжгүй болно гэсний дагуу Б.Энхбаяр нь шинээр 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед ганц Б.Энхбаярын нэр дээр гэрээ байгуулахаар хэтэрхий том зээлтэй харагдах гээд байна, эхнэрээ нэмж оруулах хэрэгтэй гэсний улмаас Б.Энхбаяр нь эхнэр Ш.Сувд-Эрдэнийг зээлийн гэрээнд нэмж оруулахаар болсон. Үүний дагуу 50 дугаартай зээлийн гэрээнд Ш.Сувд-Эрдэнэ үндсэн зээлдэгчээр, Б.Энхбаяр хамтран зээлдэгчээр орсон. Энэхүү гэрээний дагуу Ш.Сувд-Эрдэнэ, Б.Энхбаяр нар АБТС ББСБ ХХК-аас нэг ч төгрөгийг зээлдэж аваагүй.

3.2. Мөн Б.Энхбаяраас АБТС ББСБ ХХК-тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай зээлийн гэрээ нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгосон.

АБТС ББСБ ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр 337,800,000 төгрөгийг мөн шинээр зээлж байгаа мэтээр шинэ гэрээ хийнэ гэсний дагуу тус өдөр 19 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Б.Энхбаяр нь АБТС ББСБ ХХК-аас нэг ч төгрөгийг зээлдэж аваагүй.

Дээрх 50, 19 дугаартай зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байгуулагдсан болно.

АБТС ББСБ ХХК болон Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар нэхэмжлэгчээс ямар үр дагавар шаардаж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас 284,500,000 төгрөг, хариуцагч Б.Энхбаяраас 337,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АБТС ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас нэхэмжилсэн 833,897,814 төгрөгөөс 284,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 549,397,814 төгрөгийг, хариуцагч Б.Энхбаяраас нэхэмжилсэн 903,446,688 төгрөгөөс 337,800,000 төгрөгийг хангаж, 565,646,688 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,459,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,269,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 3,329,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үйл явдалд үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй.

Хариуцагч нартай 2013 онд 28 дугаартай зээлийн гэрээ, 2012 онд 37 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан. 28 дугаартай гэрээг 2014 онд 28/А дугаартай гэрээ, 2016 онд 19 дугаартай гэрээ тус тус байгуулж сунгасан. 37 дугаартай гэрээг 2013 онд 37/А дугаартай гэрээ, 2014 онд 37Б дугаартай гэрээ, 2015 онд 50 дугаартай гэрээ, 2018 онд 50/А дугаартай гэрээ байгуулж сунгасан.

Шүүх 50, 19 дугаартай гэрээнүүдийг гэрээний сунгалтад хамаарахгүй гэж дүгнэсэн. Хариуцагч нарын бичгээр гаргасан 5 удаагийн хүсэлт хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд хүсэл зоригийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага болон үйлдэлд шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зохицуулсан тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

6.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах талаар зохицуулж, хуулийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу сүүлд байгуулагдсан 50, 19 тоот гэрээг шинэ зээлийн гэрээний харилцаа үүссэн, өмнөх гэрээнүүдээс тусдаа гэрээ гэж үзнэ гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох тухай зохицуулсан.

Хариуцагч нараас гаргасан гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтүүд (xx 66, 127, 158, 177 дугаар тал) үүргийг зөвшөөрсөн тухайгаа бичгээр мэдэгдсэн гэж ойлгоно. Хариуцагч нар нь өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, үр дагаврыг мэдэж ойлгож байсан. Тиймээс 50, 19 дугаартай гэрээнүүд нь өмнөх гэрээнүүдээс тусдаа гэрээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг анхааралдаа авна уу.

6.3. Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг огт бодолгүй шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж ихэсгэхдээ тодорхой тооцоолол гаргаж өгсөн, үүнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн дүн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхой заасан. Энэ үнийн дүнгийн хүрээнд нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө заасан учир Б.Энхбаяраас 903,446,688 төгрөг, Ш.Сувд-Эрдэнэ, Б.Энхбаяр нараас 833,897,814 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

6.4. Барьцаалбарын хувьд 2013 оны 28 дугаартай гэрээ, 2012 оны 37 дугаартай гэрээг тус тус сунгасан гэрээ болох 50, 19 дугаартай гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал 2015, 2016 онд байгуулсан гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа 890,000,000 орчим төгрөгөөр тодорхойлж 2020 онд гаргасан. Үүнд хариуцагч нь гэрээ бодитой байгуулагдаагүй, сунгалтын хүсэлт өгөхөд хүү, алдангийг тооцон нийлүүлж бодитой олгоогүй зээлийн гэрээг байгуулсан мэт нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч талаас 2012, 2013 оны гэрээ, тэдгээртэй холбоотой төлөлтийн талаар баримт гаргуулахыг хүсэхэд, уг 2 гэрээ дуусгавар болсон, хэрэгт хамааралгүй гэдэг тайлбар өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нэг байх ёстой. Танай хүсэл зориг яагаад өөрчлөгдөөд байдаг юм бэ, гэрээний харилцаа нэг шүү дээ гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тэр үед сайн мэдээгүй байсан, мэдээлэл дутуу өгсөн гэж ярьдаг. ББСБ өөрийн хийсэн гэрээгээ 2 өөр нөхцөл байдлаар тайлбарлаж байгаа нь бодит бус үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх үнэн зөв талаас нь дүгнэсэн.

7.2. Үндсэн нэхэмжлэлд тооцооллын алдаа гаргаагүй, өөрөөр хэлбэл 2012, 2013 оны гэрээнүүдийг талууд дуусгавар болгосон үйл баримт хэрэгт байгаа. 2012, 2013 оны гэрээнүүдийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг бодитоор хасаж, 2020 онд нэхэмжлэл гаргахад хэдэн төгрөг байсан бэ гэдэг асуудлыг харж үзээч гэж шүүх хуралдаанд хэлж байсан, энэ талаар тэмдэглэлд тусгагдсан. 600,000,000 гаруй буюу 700,000,000 орчим төгрөг болж байсан бөгөөд тухайн мөнгийг анх нэхэмжилсэн бол нөхцөл байдал 1,500,000,000 төгрөг хүртлээ тооцооллын алдаа гаргаж, давж заалдах шатны шүүхэд ярьж байх үйл явдал болохгүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө зөв тодорхойлж үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Үйл баримттай холбогдож эрх зүйн харилцаа өөрчлөгдөнө гэж байхгүй бөгөөд анхнаасаа тогтвортой байх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас 833,897,814.93 төгрөг, хариуцагч Б.Энхбаяраас 903,446,688.6 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд дор дурдсан нөхцөлөөр хийгдсэн зээлийн гэрээнүүд хэрэгт авагджээ.

3.1. 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч АБТС ББСБ ХХК нь 250,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Энхбаяр нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээгээр 12 сарын хугацаагаар, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээгээр 6 сарын хугацаагаар тус тус сунгасан.

Дээрх зээлийн үлдэгдэл төлбөр 284,500,000 төгрөгийн үнийн дүнгээр 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50 дугаартай зээлийн гэрээ байгуулж, дээрх мөнгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлдэгч Б.Энхбаяр болон түүний эхнэр Ш.Сувд-Эрдэнэ нартай харилцан тохиролцсон. Талууд гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр 24 сарын хугацаагаар сунгасан.

3.2. 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч АБТС ББСБ ХХК нь 330,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Энхбаяр нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан.

Дээрх зээлийн үлдэгдэл төлбөр 337,800,000 төгрөгийн үнийн дүнгээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлээ 2015 оны 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 19 дугаартай зээлийн гэрээнд тус тус үндэслэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний үүргийг тус тус хариуцагч нараас шаарджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ. Түүнчлэн талууд гэрээгээр хүү тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин 2015 оны 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 19 дугаартай зээлийн гэрээ тус тус хэрэгжээгүй, эдгээр гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжээгүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон атлаа гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь түүний татгалзлын үндэслэл болохыг зааглан ялгаж дүгнэж чадаагүй байна. Гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл эсэх талаар шүүх дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчихгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагчийн сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүйг анхаараагүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

5. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зохицуулсан.

Зээлдүүлэгч АБТС ББСБ ХХК-аас 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээний дагуу 250,000,000 төгрөг, 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний дагуу 330,000,000 төгрөг тус тус зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул зээлдэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй.

5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 159,204,715 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 249,891,961 төгрөг, хүү 488,118,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,887,089 төгрөг, нийт 833,897,814 төгрөг,

2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 225,537,500 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 230,000,000 төгрөг, хүү 562,708,363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,758,335 төгрөг, нийт 903,446,688 төгрөг тус тус төлөөгүй гэжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба талууд гэрээний 4.3, 4.4 дэх хэсэгт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тус тус тохиролцсон тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

5.2. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний мэдээлэл гэсэн баримтууд, төлбөр төлсөн баримтуудыг хооронд нь харьцуулахад, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зохицуулсан үүрэг гүйцэтгэх дараалалд нийцээгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй тул залруулж дүгнэх нь зүйтэй. Тодруулбал, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг тухайн үед хугацаа дууссан 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үүрэгт, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээгээр төлсөн нийт 17,500,000 төгрөгийг илүү хүнд нөхцөлтэй буюу өндөр хүү төлөх 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үүрэгт тус тус тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт нийцнэ.

а. 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 246,891,961 төгрөг бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 90 сарын хугацаанд тооцсон хүү 5,400,000 төгрөг (3,000,000*2%*90)-ийг нэхэмжилсэн хүүнээс хасаж, төлбөл зохих хүү 482,718,764 төгрөг, тус хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцоход нэхэмжилсэн 95,887,089 төгрөг уг хэмжээнээс хэтрээгүй байна. Гэрээний нийт үүрэг 825,497,814 төгрөг.

б. 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 212,500,000 төгрөг бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах журмаар тооцно:

- 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 2,500,000 төгрөгт 63 сарын хугацаанд тооцсон хүү 3,937,500 төгрөг (2,500,000*2.5%*63),

- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,500,000 төгрөгт 62 сарын хугацаанд тооцсон хүү 2,325,000 төгрөг (1,500,000*2.5%*62),

- 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгт 61 сарын хугацаанд тооцсон хүү 1,525,000 төгрөг (1,000,000*2.5%*61),

- 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгт 60 сарын хугацаанд тооцсон хүү 1,500,000 төгрөг (1,000,000*2.5%*60),

- 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгт 59 сарын хугацаанд тооцсон хүү 1,475,000 төгрөг (1,000,000*2.5%*59),

- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгт 58 сарын хугацаанд тооцсон хүү 1,450,000 төгрөг (1,000,000*2.5%*58),

- 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөгт 49 сарын хугацаанд тооцсон хүү 2,450,000 төгрөг (2,000,000*2.5%*49),

- 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөгт 47 сарын хугацаанд тооцсон хүү 2,350,000 төгрөг (2,000,000*2.5%*47),

- 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1,500,000 төгрөгт 45 сарын хугацаанд тооцсон хүү 1,687,500 төгрөг (1,500,000*2.5%*45),

- 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөгт 35 сарын хугацаанд тооцсон хүү 1,750,000 төгрөг (2,000,000*2.5%*35),

- 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөгт 34 сарын хугацаанд тооцсон хүү 1,700,000 төгрөг (2,000,000*2.5%*34), бүгд 22,150,000 төгрөгийг нэхэмжилсэн хүүнээс хасаж, төлбөл зохих хүү 540,558,363 төгрөг,

- дээрх хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцвол 108,111,672 төгрөг, гэрээний нийт үүрэг 861,170,035 төгрөг тус тус болно.

в. 2012 оны 37 дугаартай, 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш зээлдэгч нь зээлийн төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлж байсан болох нь тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй тул зээлдүүлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 825,497,814 төгрөг, 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 861,170,035 төгрөг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зээлийн тооцооллыг огт бодоогүй гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг дээрх тооцоогоор хангах үндэстэй.

6. Талууд 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч Б.Энхбаярын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019346 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11/2 байр, 15 тоот хаягт байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004773 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 30А байр, 15 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус дээрх 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээний үүрэгт барьцаалахаар харилцан тохиролцсон.

Мөн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, /17090/ Нүхтийн зам 8 тоот хаягт байрлах, 921 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээний үүрэгт барьцаалахаар харилцан тохиролцсон боловч 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 28/Б дугаартай гэрээгээр барьцааны зүйлийг сольж, хариуцагч Б.Энхбаярын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032876 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 48 байр, 1 тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай амины орон сууцыг барьцаалахаар тохиролцсон.

Түүнчлэн, талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулагдсантай холбоотойгоор дурдсан хугацаануудад мөн барьцааны гэрээ байгуулагдаж, барьцаа хөрөнгүүдийг сольж барьцаалахаар харилцан тохиролцож байжээ.

Дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Анхан шатны шүүх 2012 оны 37 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 28 дугаартай зээлийн гэрээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааг чөлөөлсөн, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө байхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Талуудын байгуулсан 2015 оны 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 19 дугаартай зээлийн гэрээ тус тус хэрэгжээгүй, эдгээр гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжээгүй тул үүргийн гүйцэтгэлийг нь хангуулахаар байгуулсан барьцааны гэрээнүүд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.

Харин өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, барьцаа хүчинтэй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас 825,497,814 төгрөг, хариуцагч Б.Энхбаяраас 861,170,035 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас 825,497,814 төгрөг, хариуцагч Б.Энхбаяраас 861,170,035 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,676,653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Энхбаярын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019346 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 11/2 байр, 15 тоот хаягт байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004773 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 30А байр, 15 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032876 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 48 байр, 1 тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай амины орон сууцыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,459,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхбаяр, Ш.Сувд-Эрдэнэ нараас 8,661,489 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-д олгож, хариуцагч Ш.Сувд-Эрдэнийн төлсөн 3,269,450 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,031,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА