Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 156/шш2023/00247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

156/2023/00244/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М,

Хариуцагч: С.С,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,020,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг /онлайнаар/,

Хариуцагч С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Сөд холбогдуулан зээлийн төлбөр 2,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Хэнтий аймгийн Х сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг Элит мандал зоогийн газар тогоочоор ажиллаж байсан юм. 2022 оны 10 сарын 03-ны өдөр надтай хамт ажилладаг С.С нь та надад 1,000,000 төгрөг зээлээч хүүтэй ч хамаагүй авъя гэхээр нь би сарын 30%-ийн хүүтэй зээлдье гэхэд тэгье гэж зөвшөөрсөн тул өөрийн Хас банкны данснаас С.Сийн ХААН банкны 5954 тоот дансруу 1,000,000 төгрөгийг шижлүүлсэн. Дараа нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр С.С өөрийнхөө дүүгийн дансаар дамжуулан дахин 500,000 төгрөг зээлсэн. Мөн 2023 оны 1 сарын 11-ний өдөр 400,000 төгрөг, 2023 оны 1 сарын 31-ний өдөр 120,000 төгрөг хүүтэй нь зээлдүүлээч гэхээр нь мөн адил сарын 30%-ийн хүүтэй зээлдүүлэхээр болж өөрийн ХААН банкны 5416 тоот данснаас С.Сийн ХААН банкны 5954 тоот данс руу шилжүүлсэн. С.Сөөс надад

2022 оны 10 сарын 21-ний өдөр 150,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 150,000 төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 150,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 150,000 төгрөг

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 150,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 150,000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 150,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь С.Сийн надаас зээлсэн 1,000,000 төгрөгний хүүгийн төлөлт юм.

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 75,000 төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 75,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 75,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 76,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 75,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 75,000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 75,000 төгрөг төлсөн. Энэ нь С.С надаас зээлсэн 500,000 төгрөгийн хүүгийн төлөлт юм. Бид бичгээр гэрээ хийгээгүй, гэхдээ С.С надаас хүүтэй мөнгө зээлсэн. Одоо нэхэмжилж байгаа 2,020,000 төгрөг нь надаас зээлсэн үндсэн зээл юм. Иймд би С.Сөд нийтдээ 2,020,000 төгрөг зээлдүүлсэн тул зээлийн үндсэн төлбөр 2,020,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

3.Хариуцагч С.С нь нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

Би 2022 оны 9 дүгээр сарын 30-нд нэхэмжлэгч Г.Мээс 1,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед би Элит мандалын ажилчин н.Одончимэг гэх хүнээс 1,000,000 төгрөг зээлсэн байсан. Түүнийгээ 10 хоног болгоод өгөх байтал Г.М би мөнгө зээлж байгаа надаас авчих гээд байхаар нь авсан. н.Одончимэг нь надаас хүү энэ тэр гэж нэхээгүй. Нэхэмжлэгч Г.М нь надтай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй шууд л миний дансанд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1302 цагт мөнгө хийсэн. Г.М надтай хүү хэдэн хувь байх, энэ тэр гэж тохироогүй. Мөн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 400,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 120,000 төгрөг зээлсэн. Харин 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг зээлээгүй. Нэхэмжлэгч Г.Мт би нийт 1,838,000 төгрөгийг өөрийн дансаар түүний 5416 дугаартай данс руу шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа. Надаас нэхэмжилж буй мөнгийг би зохих ёсоор төлж барагдуулсан гэж үзэж байна. Монгол улсад мөрдөж буй хууль журмын дагуу мөнгөний хүү 10% орчим байхад Г.М нь надаас 30%-ийн хүү өдрийн 1% хүү зэргийг нэхэх нь хууль бус гэж үзэж байна. Миний бие нөхөр С.Мөнхтулгын хамт 4 хүүхэдтэйгээ Х сумын 1-р баг Хийд 15-13 тоотод дүү С.Мөнхтөрийн хашаанд амьдардаг, Нөхөр 2022.10.20-нд харвалт өгч байнгын асаргаанд орсон. Хөдөлмөр эрхэлж байсан миний бие нөхрөө байнга асарч байгаа. Гэвч миний орлого байхгүй болсон ч гэсэн би чадах чинээгээрэй хичээн мөнгийг нь төлж байсан гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 5-р тал/, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-8-р тал/-ыг шүүхэд ирүүлсэн.

5. Хариуцагч талаас шүүхэд Хэнтий аймаг, Х сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 16-р тал/, хариу тайлбар (хх-ийн 17-20-р тал), мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 21-р тал/, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-36-р тал/-ыг шүүхэд ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлээс 57,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,963,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч С.С нь надаас нийт 2,020,000 төгрөгийг хүүтэй зээлсэн бөгөөд хүүгийн төлбөрийг төлсөн. Одоо үндсэн зээл 2,020,000 төгрөгийг төлөөгүй, энэ мөнгөө гаргуулна гэж,

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Би Г.Мээс 1,520,000 төгрөг зээлсэн. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би хүний дансаар дамжуулан 500,000 төгрөг зээлж аваагүй. Бид бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Г.М нь надаас хэтэрхий өндөр хүү буюу 30%-ийн хүү тогтоож байна. Би зээлсэн мөнгөө төлсөн. Одоо түүнд төлөх төлбөргүй гэж мэтгэлцлээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Сөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 400,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 120,000 төгрөгийг зээлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Г.М нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч С.С нь дүүгийнхээ дансаар дамжуулан 500,000 төгрөг нэмж зээлсэн, эдгээр мөнгийг 30%-ийн хүүтэй зээлсэн, зээлийн хүүг төлсөн, үндсэн зээлээ төлөөгүй гэж тайлбарласныг хариуцагч С.С эс зөвшөөрч мэтгэлцлээ.

5. Дээрх харилцаанаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

6. Хариуцагч С.С нь шүүх хуралдаанд ...би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Г.Мээс 500,000 төгрөгийг хүний дансаар дамжуулан зээлж аваагүй, ...500,000 төгрөг зээлж аваагүй тул миний данснаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 75,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 75,000 төгрөгийг уг 500,000 төгрөг зээлж авсан хүний хүсэлтийн дагуу би өөрийн данснаасаа Г.Мийн данс руу шилжүүлсэн. Би түүнээс 500,000 төгрөг аваагүй тул энэ шилжүүлсэн мөнгө миний Г.Мт төлсөн төлбөрөөс хасагдах ёстой гэх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан түүний 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн ...үүнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэмж 500,000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг Баярцэцэгийн 5954268608 тоот дансаар авсан... гэх хариу тайлбар /хх-ийн 17/-аар няцаагдаж байна.

Иймд хариуцагч С.С нь нэхэмжлэгч Г.Мээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 2,020,000 төгрөг зээлсэн болох нь нотлогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 500,000 төгрөгийг зээлээгүй гэдэг боловч шүүх уг төлбөрийг хариуцагч зээлсэн байна гэж үзсэн учир хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Г.Мийн данс руу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 75,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 75,000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчид төлсөн төлбөрт оруулж тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүрэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн үүрэгтэй холбоотой юм.

Зээлийн төлбөрөөс хариуцагч С.С нь нэхэмжлэгч Г.Мт:

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 30,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 150,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 150,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 75,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 150,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 75,000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 150,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 150,000 төгрөг,

2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 535,000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 48,000 төгрөг, нийт 1,963,000 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга /хх-ийн 22-36/-аар нотлогдож байна. Үүнийг нэхэмжлэгч үндсэн зээл бус хүү төлсөн гэж тайлбарласан ба харин хариуцагч нь хүү биш үндсэн зээлээ төлсөн гэж хоорондоо мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг хууль зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хуульд заасан хүү нэхэмжлэх эрхээ алддаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...зээлдэгч нь зээлийн хүү зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй бөгөөд зээлдүүлэгчийн хүүнд авсан мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй... гэж тайлбарласан боловч хариуцагчаас нэхэмжлэгчид сар бүр төлж байсан мөнгийг зээлийн хүү байсан гэдгийг баримтаар нотлож чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зохигч нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээллийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Иймд хариуцагч С.С нь нэхэмжлэгч Г.Мээс зээлсэн 2,020,000 төгрөгөөс 1,963,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 57,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага 2,020,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,270 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сөөс 57,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.Сөөс 57,000 /тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,963,000 /нэг сая есөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,270 /дөчин долоон мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА