Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 226/МА2023/00010

 

 

 

 

 

 

 

   2023        07           20                                           226/МА2023/00010

 

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй,

С.С-өд  холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантунгалаг нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 156/ШШ2023/00247 дугаар шийдвэртэй Г.М-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч С.С-өд холбогдох “2.020.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надтай хамт ажилладаг С.С- “та надад хүүтэй ч хамаагүй 1.000.000 төгрөг зээлээч” гэхээр нь би “сарын 30%-ийн хүүтэй зээлдье” гэхэд зөвшөөрсөн. Би өөрийн Хас банкны данснаас С.С-ийн ХААН банкны данс руу 1.000.000 төгрөг шижлүүлсэн. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С.С- өөрийнхөө дүүгийн дансаар дамжуулан дахин 500.000 төгрөг зээлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 400.000, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 120.000 төгрөг хүүтэй нь зээлдүүлээч гэхээр нь мөн адил сарын 30%-ийн хүүтэй зээлдүүлэхээр болж өөрийн ХААН банкны данснаас С.С-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн.

С.С-өөс надад 2022 оны 10 сарын 21-ний өдөр 150.000 төгрөг,

- 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 150.000,

- 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 150.000,

- 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 150.000,

- 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150.000,

- 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 150.000,

- 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 150.000,

- 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 150,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь С.С-ийн надаас зээлсэн 1,000,000 төгрөгийн хүүгийн төлөлт юм.

- 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 75.000,

- 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 75.000,

- 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 75.000,

- 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 76.000,

- 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 75.000,

- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 75.000,

2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 75,000 төгрөг төлсөн. Энэ нь С.С- надаас зээлсэн 500.000 төгрөгийн хүүгийн төлөлт юм.

Бид бичгээр гэрээ хийгээгүй, гэхдээ С.С- надаас хүүтэй мөнгө зээлсэн. Одоо нэхэмжилж байгаа 2020.000 төгрөг нь надаас зээлсэн үндсэн зээл юм.

Би С.С-өд нийтдээ 2020.000 төгрөг зээлдүүлсэн тул зээлийн үндсэн төлбөр 2.020.000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч С.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2022 оны 09 дүгээр сарын 30-нд Г.М-ээс 1.000.000 төгрөг зээлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-нд 400.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-нд 120.000 төгрөг зээлсэн. Харин 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 500.000 төгрөгийг зээлээгүй.

Нэхэмжлэгч Г.М-т би нийт 1.838.000 төгрөгийг өөрийн дансаар түүний 5416014813 дугаартай данс руу шилжүүлсэн. Надаас нэхэмжилж буй мөнгийг би төлж барагдуулсан.  

Г.М- надтай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, хүү хэдэн хувь байх талаар тохироогүй. ...Г.М- нь надаас 30%-ийн хүү ...нэхэх нь хууль бус гэж үзэж байна” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг  баримтлан хариуцагч С.С-өөс 57.000 /тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.963.000 /нэг сая есөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...нэхэмжлэгч Г.М-, хариуцагч С.С- нар нь зээлийн харилцаа үүсгэхдээ анх 30 хувийн хүүтэйгээр 15 хоног тутамд зээлийн хүүг төлөхөөр хэлэлцэн тохирч энэ дагуу харицагч С.С- нь зээлийн хүүг 15 хоног тутам 30 хувиар бодож төлж байсан нь дансны хуулгаар нотлогдоно. Түүнчлэн С.С- зээлийн хүүг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь “зээлийн хүү” гэж шилжүүлж байсан нь С.С- Г.М-ээс авсан мөнгөний зээлийн хүүг сайн дураараа хүлээн зөвшөөрч төлж байсныг илтгэж байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн зохицуулалт нь зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй тул хүүнд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Иймд зээлийн үндсэн төлбөр болох 2.020.000 төгрөгийн үлдэгдэл 1.963.000 төгрөгийг С.С-өөс гаргуулж Г.М-т олгож өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч С.С-өд холбогдуулан “үндсэн зээлийн төлбөр 2.020.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

   Хариуцагч С.С- нь “...Би Г.М-ээс 2022 оны 09 дүгээр сарын 30-нд 1.000.000,  2023 оны 01 дүгээр сарын 11-нд 400.000, 2023 оны 01 дүгээр сарын 31-нд 120.000 төгрөг зээлсэн. Харин 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 500.000 төгрөгийг зээлээгүй. ...би Г.М-т нийт 1.838.000 төгрөг өгсөн. ...Г.М- надтай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, хүү хэдэн хувь байх талаар тохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.С-өөс 57.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.963.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч С.С-өд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 400.000, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 120.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч С.С- нь дүүгийнхээ дансаар дамжуулан 500.000 төгрөгийг, нийт 2.020.000 төгрөгийг зээлсэн, хариуцагч 1.963.000 төгрөгийг өөрийн данснаас түүний данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хуульд заасан хүү нэхэмжлэх эрхээ алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгодог.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч С.С-өд 2.020.000 төгрөгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т  заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул зээлийн гэрээг амаар байгуулсан байна гэж үзнэ.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч нь дээр дурдсан хуулийн дагуу зээлдүүлсэн 2.020.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо: “...С.С- зээлийн хүүг шилжүүлэхдээ утга хэсэгт зээлийн хүү гэсэн утгатай шилжүүлж байсан нь С.С- Г.М-ээс авсан мөнгөний зээлийн хүүг сайн дураараа хүлээн зөвшөөрч төлж байсныг илтгэж байна. ...зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй...” гэжээ.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заажээ.

 

Хариуцагч зээлийн төлбөрийг дансаар шилжүүлэхдээ “...huu...” гэсэн бичвэр тусгаснаар түүнийг зээлийн хүү төлөхөөр сайн дураараа зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй ба хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн “...Г.М- нь надтай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, ...хүү хэдэн хувь байх, энэ тэр гэж тохироогүй, ...мөнгийг би зохих ёсоор төлж барагдуулсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлгээр “...зээлийн хүүг сайн дураар хүлээн зөвшөөрч төлж байсан...” гэх байдал няцаагдаж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 156/ШШ2023/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                                                                    ШҮҮГЧИД                                     Г.БОЛОРМАА

                                                                                                            

                                                                                                                                                        Д.ГАНЗОРИГ