Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 156/шш2023/00335

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2023/00335

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н Трейд ХХК

Хариуцагч:  М

Нэхэмжлэлийн шаардлага: 1,914,960 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр /онлайнаар/

Хариуцагч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч Н Трейд ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан 1,914,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н Трейд ХХК болон Б.М нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19/1386 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р багт 1мкв талбайг 25,900 төгрөгөөр, нийт 21,6 мкв талбай буюу нэг сарын түрээсийн төлбөр нь 559,440 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлж үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 11 сараас түрээсийн төлбөрийг бага сага төлсөөр түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болж улмаар 2020 оны 5 сарын 30-ны өдөр тухайн түрээсийн байрыг хаяж явсан. Иймд худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу түрээсийн төлбөрт 1,276,640 төгрөг, мөн гэрээний 5.16-д заасны дагуу алданги 638,320 төгрөг, нийт 1,914,960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Трейд ХХК, Б.М нар нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19/1386 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Хэнтий аймгийн 1мкв талбайг 25,900 төгрөгөөр, нийт 21,6 мкв талбай буюу нэг сарын түрээсийн төлбөр нь 559,440 төгрөг байхаар харилцан тохиролцсон байдаг. Хариуцагч нь түрээсийн байрандаа үсчин хийдэг байсан. Холбогдох ажилтанууд надад өгсөн мэдээлэлээр бол Б.М нь түрээсийн төлбөрөө төлж үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 11 сараас түрээсийн төлбөрийг бага сага төлсөөр төлбөрийн үлдэгдэлтэй болж улмаар 2020 оны 5 сарын 30-ны өдөр тухайн түрээсийн байрыг хаяж явсан гэдэг. Хэрэгт авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайланг харахад 2020 оны 3 сард 559,440 төгрөгийн төлбөр бичигдсэн, түүнээс хойш төлбөр бичигдээгүй байдаг. Үүнээс үзэхэд Б.М нь 2020 оны 4 сарын 01-ний өдөр гэхэд түрээсийн байрнаас гарсан гэж харагдаж байна.

Одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөр нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр юм. Мөн хариуцагч Б.М болон манай салбарын эрхлэгч, уг үсчний байрыг түрээслэх дараагийн түрээслэгч нар хоорондоо ярилцаад Б.Мы ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900,000 төгрөгөөр үнэлэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Мы төлөгдөөгүй түрээсийн мөнгөнөөс хасаж тооцсон. Тэгээд уг тоног төхөөрөмжийг дараагийн түрээслэгч нь Н Трейд ХХК-д шилжүүлсэн. Иймд худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу түрээсийн төлбөрт 1,276,640 төгрөг, мөн гэрээний 5.16-д заасны дагуу алданги 638,320 төгрөг, нийт 1,914,960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4.Хариуцагч Б.М хариу тайлбартаа: Миний бие Н Трейд ХХК-д байр түрээслэж байсан. Анх 2019 оны 11 сард корона гарахад хүмүүс ирэхгүй, үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Тэгээд 2020 он 1, 2, 3 сард үйлчлүүлэгч муу байна түрээсийн төлбөрөө буулгаж өгөөч гэж хэлж өргөдөл гаргасан боловч хариу ирээгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны бүх төлбөрөө төлсөн. Тэгээд 2020 оны 1 сараас корона их гарч мөн түрээсийн байр маш хүйтэн байсан. Өргөдөл гаргасан байсан тул 2020 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл хариуг хүлээгээд ирэхгүй болохоор байрнаас гарсан. Анх би уг байрыг түрээслэхдээ хоосон байрыг түрээслэж тохижуулсан. Тэгээд түрээсийн байрнаас гараад салбарын захирал Мөнхцэцэгтэй уулзаж үсчнийхээ тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргаж өгсөн. Мөнхцэцэг захирал дээд байгууллагадаа уламжилж өгье гэсэн. Хариуг хүлээгээд 2, 3 сар болсон. Би энэ түрээсийн байранд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орж 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Гарахдаа салбарын захирал Мөнхцэцэгт түлхүүрээ хүлээлгэн өгсөн. Би 2020 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр төлөөгүй байсан учир Мөнхцэцэг захиралд хэлээд үсчний тоног төхөөрөмжийг 2,000,000 төгрөгөөр үнэлэн төлөгдөөгүй түрээсийн төлбөрт суутгахаар ярилцсан. Тэгээд л би явсан, надтай дахин холбогдоогүй, гэтэл 3 жилийн дараа гэнэт шүүхээс дуудахад л түрээсийн төлбөр дутуу учир нэхэмжлэл гаргасан гэж мэдсэн. Н Трейд ХХК-иас надад тоног төхөөрөмжийг 900,000 төгрөгөөр үнэлж түрээсийн төлбөрт суутгасан гэж огт хэлээгүй. Иймд би 2,000,000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж өгч түрээсийн төлөөгүй төлбөртөө суутгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд итгэмжлэл /хх-ийн 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, худалдааны хамтын ажиллагааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-10/, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 13-14/-г баримтаар шүүхэд ирүүлсэн.

6. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбарыг ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Нэхэмжлэгч Н Трейд ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.М нь гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах ******* агуулах худалдааны төвд нэг сарын 559,440 төгрөгөөр байр түрээслээд ажиллаж байгаад түрээсийн байрыг хаяж явсан. Иймд тус байрны төлөгдөөгүй түрээсийн төлбөр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөх ёстой байсан. Энэ төлөөгүй түрээсийн төлбөрөөс Б.Мы ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900,000 төгрөгөөр үнэлэн хасаж тооцсон. Одоо худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу түрээсийн төлөгдөөгүй төлбөрт 1,276,640 төгрөг, мөн гэрээний 5.16-д заасны дагуу алданги 638,320 төгрөг, нийт 1,914,960 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие Н Трейд ХХК-ний түрээсийн байранд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орж 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2019 оны 12 сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн. Би 2020 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр төлөөгүй байсан. Салбарын захирал М-тэй ярилцаж үсчний тоног төхөөрөмжөө 2,000,000 төгрөгт үнэлэн төлөгдөөгүй төлбөртөө суутгасан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж мэтгэлцлээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Н Трейд ХХК, хариуцагч Б.М нар нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19/1386 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Тэмүүжингийн гудамж ж-02 тоотод байрлалтай ******* агуулах худалдааны төвд 1мкв талбайг 25,900 төгрөгөөр, нийт 21,6 мкв талбай буюу нэг сарын түрээсийн төлбөр нь 559,440 төгрөг байхаар харилцан тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 5-10/-гээр нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ...Хариуцагч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй, түүний ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900,000 төгрөгөөр үнэлэн төлөгдөөгүй түрээсийн мөнгөнөөс хасаж тооцсон... гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү маргаантай байгаа үйл явдлыг баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Худалдааны хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 5-10/ нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд уг гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сунгасан гэдэг боловч хэр хугацаагаар сунгагдсан болох нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 13-р хуудаст авагдсан Өглөг авлагын дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар ирүүлсэн ба тус тайланд бичигдсэн түрээслэгч Б.Мыг 2020 оны 5 сарын 29-ний өдрөөс мөн сарын 31-ний хооронд 20,000 төгрөгөөр нийт 60,000 төгрөг төлсөн гэж тусгасан байна. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.М түрээсийн байрнаас 2020 оны 3 сарын сүүлээр гарсан. Энэ ямар учиртай төлөлт хийгдсэнийг мэдэхгүй байна... гэж, хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...би 2020 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаад байрыг хүлээлгэн өгсөн. Баримтад дурдагдсан 20,000 төгрөгүүдийн төлөлт ямар учиртайг нь мэдэхгүй байна. Би ийм мөнгө төлөөгүй... гэжээ. Талуудын энэхүү тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч тал нь уг нотлох баримтад дурдагдсан тооцоог хэрхэн, ямар баримтыг үндэслэн гаргасан болохоо тайлбарлаж чадаагүй болно.

Түүнчлэн уг баримт дээр 2020 оны 6 сарын 16-ны өдрийн 900,000 төгрөгийн гүйлгээг үсчин түрээсийн төлбөр барагдуулав гэх утгатайгаар тайланд тусгаж түрээсийн төлбөрийг тооцсон байх бөгөөд уг 900,000 төгрөгийн гүйлгээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч Б.М болон манай салбарын эрхлэгч, уг үсчний байрыг түрээслэх дараагийн түрээслэгч нар хоорондоо ярилцаад Б.Мы ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900,000 төгрөгөөр үнэлэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Мы төлөгдөөгүй түрээсийн мөнгөнөөс хасаж тооцсон... гэж, хариуцагч нь ...миний түрээслэж байсан үсчний байранд дахь тоног төхөөрөмжийг би 2,000,000 төгрөгөөр үнэлгээ гаргаж салбарын эрхлэгч Мөнхцэцэгт хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч тал уг тоног төхөөрөмжийг 900,000 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгч Б.Мд мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь энэхүү үйл явдал дээр маргаж байх тул уг өглөг, авлагын тайланг дангаар нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мыг түрээсийн төлбөр 1,276,640 төгрөг төлөөгүй болохыг нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч Н Трейд ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мд холбогдох түрээсийн төлбөр 1,276,640 төгрөг, алданги 638,320 төгрөг, нийт 1,914,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н Трейд ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мд холбогдох 1,914,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,590 /дөчин таван мянга таван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА