Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 226/МА2023/00012

 

 

 

 

 

 

 

2023 10 20 226/МА2023/00012

 

 

Номин Тав Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч*******д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Хариуцагч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00335 дугаар шийдвэртэй*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох 1.914.960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* болон******* нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр TtB/19/1386 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан.

Тус гэрээгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Тэмүүжингийн гудамж ж-02 тоотод байрлалтай Номин агуулах худалдааны төвд 1м.кв талбайг 25.900 төгрөгөөр, нийт 21.6 м.кв талбай буюу нэг сарын түрээсийн төлбөр нь 559.440 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан.

Улмаар хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлж үйл ажиллагаагаа явуулж байгаад 2019 оны 11 дүгээр сараас түрээсийн төлбөрийг бага сага төлсөөр түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болж улмаар 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн түрээсийн байрыг хаяж явсан.

Иймд худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу түрээсийн төлбөрт 1.276.640 төгрөг, мөн гэрээний 5.16-д заасны дагуу алданги 638.320 төгрөг, нийт 1.914.960 төгрөгийг*******-д олгуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайланг харахад 2020 оны 3 дугаар сард 559.440 төгрөгийн төлбөр бичигдсэн, түүнээс хойш төлбөр бичигдээгүй байдаг. Үүнээс үзэхэд******* нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд түрээсийн байрнаас гарсан гэж харагдаж байна. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөр нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр юм. Мөн хариуцагч******* болон манай салбарын эрхлэгч, уг үсчний байрыг түрээслэх дараагийн түрээслэгч нар хоорондоо ярилцаад*******ы ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900.000 төгрөгөөр үнэлэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр*******ы төлөгдөөгүй түрээсийн мөнгөнөөс хасч тооцсон. Тэгээд уг тоног төхөөрөмжийг дараагийн түрээслэгч нь*******-д шилжүүлсэн. Иймд худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу түрээсийн төлбөрт 1.276.640 төгрөг, мөн гэрээний 5.16-д заасны дагуу алданги 638.320 төгрөг, нийт 1914.960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие*******-д байр түрээслэж байсан. Би анх хоосон байр түрээсэлж тохижуулсан. 2019 оны 11 сард корона гараад үйлчлүүлэгчгүй болж, үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны бүх төлбөрөө төлсөн. 2020 он 1, 2, 3 сард үйлчлүүлэгч муу байна, түрээсийн төлбөрөө буулгаж өгөөч гэж хэлж өргөдөл гаргасан боловч хариу ирээгүй. 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хариу хүлээгээд ирэхгүй болохоор байрнаас гарсан. Би энэ түрээсийн байранд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орж 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Түрээсийн байрнаас гарахдаа салбарын захирал Мөнхцэцэгт түлхүүрээ хүлээлгэн өгч үсчнийхээ тоног төхөөрөмжийг 2.000.000 төгрөгөөр үнэлэн төлөгдөөгүй түрээсийн төлбөр болох 2020 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрт суутгахаар ярилцсан. Мөнхцэцэг захирал дээд байгууллагадаа уламжилж өгье гэсэн. Хариуг хүлээгээд 2, 3 сар болсон. Тэгээд л би явсан, надтай дахин холбогдоогүй, гэтэл 3 жилийн дараа гэнэт шүүхээс дуудахад л түрээсийн төлбөр дутуу учир нэхэмжлэл гаргасан гэж мэдсэн.*******-иас надад тоног төхөөрөмжийг 900.000 төгрөгөөр үнэлж түрээсийн төлбөрт суутгасан гэж огт хэлээгүй. Би 2.000.000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж өгч түрээсийн төлбөртөө суутгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ний нэхэмжлэлтэй хариуцагч*******д холбогдох 1.914.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.590 /дөчин таван мянга таван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "Номин Тав трейд" ХХК болон иргэн******* нарын хооронд түрээсийн гэрээг байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 559.440 төгрөг байхаар мөн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулсан байна гэсэн дүгнэлтийг үйлдсэн.

Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сар хүртэлх түрээсийн үлдэгдэл төлбөр нь 2.176.640 төгрөг байхаас хариуцагчийн ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900.000 төгрөгөөр үнэлэн төлөгдөөгүй түрээсийн төлбөрөөс хасч тооцсон талаарх нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан буюу харилцагчтай байгуулсан гэрээний дагуу өглөг авлагыг тооцсон нотлох баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх хэт нэг талыг баримталж хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Тодруулбал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дах хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас тухайн баримтыг гарган өгч, өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хамгаалсан.

Гэтэл хариуцагч талаас тухайн үсчний тоног төхөөрөмжийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарладаг боловч дээрх хуулийн зүйл заалтын дагуу нэхэмжлэлийг няцаах нэг ч баримт байхгүй атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч******* нь 2019 оны 7 дугар сарын 04-ний өдрийн TtB/19/1386 дугаартай худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу түрээсийн төлбөрт 1.276.640, алданги 638.320 төгрөг, нийт 1.914.960 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5. Хариуцагч******* ...төлөгдөөгүй түрээсийн төлбөр болох 2020 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөгийн үнэтэй үсчний тоног төхөөрөмжөө өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

6. Нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19/1386 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Тэмүүжингийн гудамж ж-02 тоотод байрлалтай Номин агуулах худалдааны төвд 1мкв талбайг 25.900 төгрөгөөр, нийт 21,6 мкв талбай буюу нэг сарын түрээсийн төлбөр нь 559.440 төгрөг байхаар харилцан тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 5-10/-гээр нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтын 25.2.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч******* нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй, түүний ажиллуулж байсан үсчний тоног төхөөрөмжийг 900.000 төгрөгөөр үнэлэн төлөгдөөгүй түрээсийн мөнгөнөөс хасч тооцсон... гэж тайлбарласан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй,

- ...2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн TtB/19/1386 дугаартай худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г сунгасан... гэдэг боловч хэр хугацаагаар сунгагдсан нь тодорхойгүй,

- ...өглөг авлагын дэлгэрэнгүй тайланд дурдагдсан ...түрээслэгч*******ыг 2020 оны 5 дугаар сарын 29-31-ний өдрийн хооронд 20.000 төгрөгөөр нийт 60.000 төгрөгийг төлсөн.... гэх тооцоог нэхэмжлэгч тал хэрхэн, ямар баримтыг үндэслэн гаргасан болохоо, тайлбарлаж чадаагүй,

- ...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 900.000 төгрөгийн гүйлгээг үсчин түрээсийн төлбөр барагдуулав гэх утгатайгаар өглөг авлагын дэлгэрэнгүй тайланд тусгаж түрээсийн төлбөрийг тооцсон боловч нэхэмжлэгч тал уг тоног төхөөрөмжийг 900.000 төгрөгөөр үнэлж төлбөрт тооцсоноо*******д мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг өглөг, авлагын тайланг дангаар нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй,

- нэхэмжлэгч нь хариуцагч*******ыг түрээсийн төлбөр 1.276.640 төгрөг төлөөгүй болохыг нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч*******д холбогдох түрээсийн төлбөр 1.276.640 төгрөг, алданги 638.320 төгрөг, нийт 1.914.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

 

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2023/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

 

Б.ДЭНСМАА