Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/02522

 

 

 

 

 

2023 08 14

181/ШШ2023/02522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.О-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 ...нэхэмжлэгч Н.О нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х ХХК-тай Ипотекийн зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг үндэслэж 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т ХХК-тай Ипотекийн цогц даатгалын гэрээг байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг мөн байгуулсан. Нэхэмжлэгч Н.О ы нөхөр, хамтран зээлдэгч Ч.П нь дэлхий нийтэд тархсан Корона вируст цар тахал буюу Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барж хүнд гарз, хохирол тохиосон бөгөөд зээлийн төлбөр тасалдах эрсдэл буюу Т ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Т ХХК-д хандаж даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан боловч тус ХХК-ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №21/608 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Энэ гэрээ нь стандарт нөхцөл бүхий банк санал болгодог гэрээ юм. Гэрээ байгуулсан тохиолдолд зээл олгогдоно. Гэрээ байгуулаагүй тохиолдолд зээл олгох боломжгүй гэх байдлаар тулган шаарддаг. Х ХХК-иас санал болгосон Т ХХК-ийн стандарт нөхцөл бүхий гэрээний дагуу нэхэмжлэгч Н.О зээлийн гэрээг байгуулаад, дараа нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг тус тус байгуулсан. 

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.3.8-д Гэнэтийн осол гэдгийг тодорхойлохдоо даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйлийг ойлгоно. гэж заасан. Талийгаач Ковид-19 өвчний улмаас нас барсан. Энэ нь урьдчилан мэдэх боломжгүй гэнэтийн шинжтэй нөхцөл байдал учраас гэрээний 1.3.8.1-д заасан гэнэтийн осолд хамаарна гэж үзэж байна.

Хариуцагч талаас зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан зохицуулалтын хүрээнд даатгалын тохиолдол үүсээгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж ирүүлж байсан. Талийгаач Ч.П нь дэлхий нийтэд тархсан Корона вируст цар тахал буюу Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас нас барсан барсан болох нь талийгаачийн нас барсны гэрчилгээ болоод эмнэлгийн нас барсны гэрчилгээ зэрэг хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа.

Корона вируст цар тахлын хүндрэлийн улмаас нас барсан нь гэрээний 1.3.8.1 болон 1.3.8.4-т хамаарна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Өөрөөр хэлбэл, Корона вируст цар тахлын өвчин үүсгэгч вирус хүний биед орсноороо өвчлөл үүсгэдэг. Энэ өвчлөл үүсгэсэн үйл баримт нь хүндрэхээр үхлийн шалтгаан болж байгаа. Мөн талийгаач Ч.П нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй, хууч өвчин байгаагүй болох нь хэрэгт цугларсан дээрх материалуудаар тогтоогдож байна. Мөн шүүхийн практикт ч гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд даатгалын гэрээтэй холбоотой гэнэтийн осол ахуйн осолд Корона вируст цар тахал хамаарах эсэхийг шийдвэрлэж, уг цар тахал нь ахуйн ослын улмаас бий болж байгаа, хүний биед гэнэт орж байгаа урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал хэмээн үзсэн байдаг. 

Гэрээний 3.1 дэх хэсэгт дараах тохиолдолд шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гээд 3.1.1-3.1.17 хүртэл нөхцөлүүдийг нэрлэн байгаа. Энэ нөхцөл дээр ямар нэгэн байдлаар Корона вируст цар тахлын улмаас, эсхүл энэ өвчний хүндрэлийн улмаас нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд тохиролцоогүй, эдгээр үндэслэлд хамаарахгүй байгаа.

Нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.2 дахь хэсэгт даатгагч даатгалын гэрээгээр нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утгагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооноос гарсан журмын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй буюу үл хамаарах нөхцөл байдалд хамаараагүй бол бусад тохиолдолд даатгалын компани нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Т ХХК нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй байсан.  Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Н.О д даатгалын нөхөн төлбөр олгохыг Т ХХК-д үүрэг болгосон хариуг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №9/3407 тоот албан бичгээр гаргасан боловч Т ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэлгүй өдийг хүрээд байна.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороогоор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойг ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Гэтэл давж заалдсан үйл баримт харагдахгүй байна. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны 3 дугаар хавсралтын дагуу мэдүүлгийн маягтыг нэхэмжлэгч Н.О аар бөглүүлээгүй байдаг.

Т ХХК, Х ХХК хоёр нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдүүд юм. Х ХХК-иас олгож байгаа зээлэнд зөвхөн Т ХХК-ийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг. Т ХХК-иас мэдүүлгийн маягт бөглүүлээгүй, даатгалын үндсэн эрсдлүүдээс сонгох боломж олгоогүй. Нэгэнт энэ журмыг зөрчсөн учраас журмын 4.5-т заасны дагуу даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэлтэй гэж Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичиг үндэслэл бүхий болсон. 

Өмнө нь энэ хэрэг анхан шатны шүүхэд шийдэгдэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Буцаасантай холбоотой 2 асуудалд дүгнэлт хийсэн байдаг.  Талийгаач Ч.П даатгалын гэрээний оролцогч мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Зуучлалаар гэрээ байгуулж байгаа Х ХХК болоод Т ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа хэрхэн явагддаг талаар тодруулах шаардлагатай гэдэг байдлаар зохицуулагдсан.

Талуудын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн эрүүл мэнд, амь насны даатгалын гэрээ байгаа. Энэ гэрээний 1.3.3-т даатгуулагч гэж банктай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр даатгагчтай даатгалын гэрээ байгуулсан зээлдэгч болон хамтран зээлдэгч гэдгийг ойлгоно гэж заасан. Ипотекийн зээлийн гэрээний зээлдэгч талд Н.О , хамтран зээлдэгч Ч.П нар байгаа юм. Гэрээний 1.3.3-т заасны дагуу талийгаач Ч.П даатгалын гэрээний оролцогч мөн гэдэг нь байгуулагдсан гэрээгээр тогтоогдож байна. Зээлийн төлөлтөд даатгалын хураамж шингэсэн байдаг учраас талийгаач бүрэн төлсөн нөхцөл байдал нь гэрээний оролцогч мөн гэдгийг нотолж байна.

Т ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ байдаг. Энэ гэрээнд даатгуулагч гэж хэнийг ойлгох вэ гэхээр зээлдэгч болон хамтран зээлдэгчийг даатгуулагчид хамааруулна гэж заасан. Эдгээр баримтуудаар талийгаач Ч.П ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний оролцогч мөн болох нь тогтоогдож байна.  Х   ХХК болон Н.О , хамтран зээлдэгч Ч.П нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлийн гэрээ байгуулагдсантай холбоотой ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулах барьцаа хөрөнгийн даатгалд даатгуулах үүрэг нь зээлдэгч, хамтран зээлдэгч нарын аль алинд нь сууж өгсөн.

Х ХХК-ийн зүгээс 2 зээлдэгч ирсэн байхад зөвхөн Н.О аар гарын үсэг зуруулсан. Гэтэл энэ өдөр талийгаач зээлийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн боломжтой байсан. Зуучлагчийн зүгээс стандарт нөхцөл бүхий гэрээнд зөвхөн Н.О аар гарын үсэг зуруулсан нь хамтран зээлдэгч Ч.П агсны ипотекийн  зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний оролцогч гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд Т ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан. Гэрээгээр тохирсон нөхцөл бүрдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчаа зөв тодорхойлж чадсан уу гэдэг асуудал байна. Х ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шүүхээр журмаар бүрдүүлсэн. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд банкны үүрэг буюу зуучлагчийн үүрэг 2.2.1-т даатгалын компанийг төлөөлөн зуучлагчийн үйл ажиллагаа явуулж даатгалын гэрээг даатгагчийн нэрийн өмнөөс хууль тогтоомж, холбогдох дүрэм журамд нийцүүлэн байгуулах үүрэгтэй гэж заасан. Гэрээ байгуулагдах үеийн гарын үсэг зуруулсан, зуруулаагүй, мэдүүлгийн маяг бөглүүлсэн, бөглүүлээгүй гэх асуудал нь Х ХХК-ийн 133 дугаар салбартай хамааралтай.

Нэхэмжлэгч нь 2013 онд Х ХХК-иас ипотекийн зээл авсан байдаг. Ингэхдээ Т ХХК-ийн даатгалтай байсан. 2014 оноос хойш ипотекийн даатгалын үйл ажиллагаа Монгол банкны журмын дагуу явагдаад зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ болж өөрчлөгдсөн. Н.О ы гарын үсэг зурсан хүчинтэй гэрээ нь 2019 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээ юм. Үүнээс хойш даатгуулагч гарын үсэг зурсан зүйл байхгүй. Мэдүүлгийн маягт 2013, 2014 онд байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын хавсралт бүхий маягт байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаагүй гэж байгаа боловч манай компани тус шүүхэд урьд нь Санхүүгийн зохицуулах хорооны хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргаад байгаатай холбоотой маргаж, шийдвэр Т ХХК-ийн талд гарсан. Түүнээс хойш 2021 он хүртэл нийт 20 сарын хугацаанд тендерт орох боломжгүй, хавчигдмал байдалтай байна. Энэ шахалтын үндсэн дээр манай компани бусад даатгалын компаниудын адил шүүхэд давж заалдахгүйгээр тайлбар гаргадаг болсон. Энэ тайлбар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч н.Долгорсүрэнд хаяглаж гаргасан.

Даатгалын гэрээ биш даатгалын баталгаа юм. Журамд ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ гэсэн учраас энэ нэршлээр явж байгаа. Даатгалын зүйл амь нас, эрүүл мэнд боловч даатгалын үндсэн хамгаалалт дээр тодорхой дурдсан. Даатгалын хамгаалалт хүснэгтэд болон 1.3.8 гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно гээд дараах эрсдлүүдийг хамруулсан байдаг. Үүнд: ахуйн осол, зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол, даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн буруутай үйлдэл зэргийг тусгаж өгсөн.

2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөрийн хүсэлт ирсэн. Нөхөр маань Ковид 19 өвчний улмаас нас барсан, тухайн үед хамгаалах вакциныг гэр бүлээрээ хийлгэсэн байна гэсэн. Энэхүү хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийн мэдүүлгийн маягтыг бөглөж ирүүлсэн байдаг. Энэ журамд ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан байна. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлээс тусгаж өгсөн. Даатгуулагчийн хамтран зээлдэгч Ч.П нь Ковид-19 өвчний хүнд хэлбэрийн улмаас нас барсан. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд нас баралтын шалтгааныг олон улсын кодоор Ковид 19 цар тахал буюу корона вирусээр халдварласан байсан тухай дурдсан ба мөн нас барсан тухай Улсын бүртгэлийн гэрчилгээнд өвчнөөр нас барсан гэж тодорхойлсон.

Ковид-19 буюу корона вирусын халдварт өвчин нь дэлхий нийтэд өвчин гээд код авчихсан байгаа. Корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Ковид-19 нь цар тахал, халдварт өвчин, халдвараар өвчилсөн гэсэн нэр томьёоны заалттай байгаа. Хуулиа дагаж мөрдөх үү, журмаа дагаж мөрдөх нь тохиромжтой юу гэдэг асуудал болж байна. Бидний хувьд Даатгалын тухай хуулийг даатгалын салбарын үндсэн хууль болгон ашигладаг. С.Нарангэрэлийн 2011 оны Эрх зүйн тайлбар тольд давагдашгүй хүчин зүйлийг дотор нь байгалийн давагдашгүй хүчин зүйл, нийгмийн амьдралын нөхцөл байдал гэж хоёр ангилсан. Даатгасан зүйл нь амь нас, эрүүл мэнд даатгалын гэрээгээр хамгаалсан буюу нөхөн төлбөр олгох эрсдэл нь гэнэтийн осол буюу гэрээнд заасан осол юм. Энэ осолд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол. Гэтэл талийгаач нь байгалийн давагдашгүй хүчин зүйл биш, халдварт өвчнөөс болж нас барсан. Халдварт өвчин нь өвчний нэг хэлбэр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2021 онд бэлтгэн гаргаж байсан Ковид 19 цар тахлын зөвлөмж гэсэн гарын авлагын 4 дэх хуудсанд даатгалын тухай тодорхой зааж өгсөн. Үүнд Ковид 19 цар тахлыг ослын улмаас үүсэж байгаа нас баралт биш эдгээр хүмүүсийг амьдралын даатгалд даатгуулбал зохимжтой гэсэн зөвлөмж дурдагдсан байдаг.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүсээгүй, өвчний улмаас үүссэн, даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл болох нь нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйпийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Даатгагч нь энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027087 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 5б байр, 20 тоотод байршилтай орон сууцны зориулалттай, 70,57 мкв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тухайн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, Ч.П тэй гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн 22110001002347 дугаартай лавлагаа, Ч.П ийн нас барсны бүртгэлийн №0000270317 дугаартай гэрчилгээний хуулбар, Т ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №5130139380 дугаартай Ипотекийн даатгалын баталгааны хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1201101018586 дугаартай Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар, №1201281019396 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хуулбар, Х дахь харилцагчийн №00785968 дугаартай зээлийн дансны хуулга /2010.02.15-2022.02.15/, Т ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №21/608 дугаартай Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хороонд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №9/3407 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийн хуулбар, Х ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №133/123 дугаартай тодорхойлолт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Х ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1330015034 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээний хуулбар /хавсралт №1-ийн хамт/, Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/2097 дугаартай лавлагаа бүхий албан бичиг, Хаанбанк дахь 5062102641 дугаартай данс эзэмшигчийн тодорхойлолт, Х дахь 5001134482 дугаартай дансны хуулга /2014.01.01-2022.09.09-2023.08.11/, кассын орлого/зарлагын маягт /1хх 4-8, 20, 22-32, 35, 61, 67-79, 95, 2хх 18-25/ зэргийг шүүхэд гаргасан.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Т ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавсралтын хамт/, Н.О тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1201281019396 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хуулбар, Н.О ы 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар, Эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтын хуулбар, Т ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №21/608 дугаартай Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Н.О тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №5130139380 дугаартай Ипотекийн даатгалын баталгаа, Ипотекийн цогц даатгалын гэрээний эх хувь, Х ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3/13-033 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ, хавсралт №1-ын хуулбар /1хх 38-39, 46-54, 63, 65-66, 91, 172-176/ зэргийг шүүхэд гаргасан.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Х ХХК-иас Т ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №3/13-033 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт №3 Даатгалын зуучлалын дэд гэрээ-Эд хөрөнгийн даатгал, хавсралт №4 Даатгалын зуучлалын дэд гэрээ-Жаргалтай иргэн даатгал, хавсралт №5 Даатгалын зуучлалын гэрээ-жолоочийн хариуцлагын даатгал, Даатгалын зуучлалын дэд гэрээ-тээврийн хэрэгслийн даатгал, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №ХАГ14/46 3/14-034 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ, уг гэрээний хавсралт №1 Тайлангийн маягт, №2 Тооцооны маягт, хавсралт №3 Даатгалын зуучлалын дэд гэрээ-эд хөрөнгийн даатгал, хавсралт №4 Даатгалын зуучлалын дэд гэрээ-Тээврийн хэрэгслийн даатгал, хавсралт №5 Даатгалын зуучлалын дэд гэрээ-жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, Хавсралт №6 Даатгалын зуучлалын дэд гэрээ-ипотекийн даатгал, хавсралт №7 Даатгалын зуучлалын дэд гэрээ-Бараа материалын даатгал, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №3/14-034-01 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн №3/14-034-02 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №3/16-078 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ, хавсралт №1 Даатгалын үйл ажиллагааны тайлан, хавсралт №2 Даатгалын үйл ажиллагааны тайлан, хавсралт №3 даатгалын тохиролдлын тайлан, хавсралт №4 Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээний дэд гэрээ, хавсралт №5 Зуучлагчийн даатгалын программаар даатгалын гэрээ хийх, хураамж шилжүүлэхэд хамтран ажиллах дэд гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3/16-078 дугаартай даатгадын зуучлалаар хамтран ажиллах гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №ХАГ20/071 3/20-024 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ, хавсралт №1 Нэр томъёоны тайлбар, хавсралт №2 Зуучлан гэрээ байгуулах даатгалын төрөл, бүтээгдэхүүний нөхцөл, хавсралт №3 Зуучлалын хөлс, хавсралт №4 Даатгалын гэрээг цуцлах, даатгалын хураамжийн буцаалт хийх ажиллагаа, тавигдах шаардлага, хавсралт №7 Даатгалын гэрээ байгуулах, гэрээт баталгаа хүлээлцэх үйл ажиллагааны зураглал, хавсралт №8 Ипотекээс бусад даатгалын сунгалтын үйл ажиллагааны зураглал, хавсралт №9 Ипотекийн даатгалын үйл ажиллагааны сунгалтын үйл ажиллагааны зураглал хавсралт №10 Тусгай нөхцөлт даатгалын гэрээ байгуулах мэдээлэл солилцох үйл ажиллагааны зураглал, хавсралт №11 Даатгалын зуучлалын үйл ажиллагааны тайлан, хавсралт №12 Даатгалын зуучлалын үйл ажиллаааны тайлан, хавсралт №14 Зуучлан борлуулсан даатгалын тооцоо нийлсэн акт, хавсралт №15 Банкны даатгалын бүтгэлйн системээс олгох даатгалын гэрээний дугаарлалт, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №ХАГ20/071-4 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № ХАГ20/141 3/20-24-02 дугаартай Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээний нэмэлт нөхцөл, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, уг гэрээний хавсралт зэргийн хуулбар /1хх 180-249, 2хх 1-15/-ыг,

 

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс Ч.П ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /1хх 109/-ыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.О нь нөхөр Ч.П ийн хамт хариуцагч Т ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч Ч.П 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барснаар даатгалын тохиолдол үүсч, нөхөн төлбөр авах эрх үүссэн тул тухайн үеийн ипотекийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 69,974,517.32 төгрөгийн тавин хувь болох 34,987,258.66 төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т ХХК нь ердийн даатгагчийн хувьд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд зааснаар гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгадаг учраас талийгаач Ч.П ийн Ковид 19 өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл гэж үзэх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болох этгээдийг зөв тодорхойлж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зээлдэгч Н.О нь хамтран зээлдэгч Ч.П ийн хамт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х тай №1330015034 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 98,798,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 5б байрны 20 тоот хаягт байрлах 70.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө болон амь насны даатгал хийлгэх, зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр даатгалын хураамж төлөх үүрэг хүлээжээ. /1хх 67-69/

 4.2. Нэхэмжлэгч Н.О нь Х тай байгуулсан №1330015034 дугаартай Зээлийн гэрээний үндсэн дээр Т ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №5130139380 дугаартай Ипотекийн цогц даатгалын гэрээг байгуулж, уг гэрээгээр даатгагч Т ХХК нь барьцаа хөрөнгө болон зээлийн төлбөр тасалдлыг даатгах, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 65-66/

 

4.3. Улмаар нэхэмжлэгч нь даатгалын хураамжийг сар бүр төлж, гэрээг сунгаж явсаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т ХХК-тай №120121019396 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээний 2.1.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдлийг даатгуулсан байна. /1хх 23/

 

4.4. Талийгаач Ч.П нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ковид 19 халдварын хүнд хэлбэр, уушигны хатгаа, амьсгалын дистресс хам шинж өвчний улмаас нас барсан болох нь №0000270317 дугаартай Нас барсны гэрчилгээний хуулбар, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, зохигчийн маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /1хх 8, 109/

 

4.5. Нэхэмжлэгч Н.О нь Ч.П тэй 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, албан ёсны гэр бүл болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 22110001002347 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг Ч.П ийн өв залгамжлагч бөгөөд хууль ёсны төлөөлөгч гэж үзнэ. /1хх 7/

 

4.6. Нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт Т ХХК-д гаргахад даатгагч нь №1201281019396 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас хохирол учирсан гэж үзэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /1хх 30, 51/

 

4.7. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасныг тус хороо хянаад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9/3407 дугаартай албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. /1хх-31-31/

 

Т ХХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч тухайн зүйл, хэсэгт заасны дагуу шүүхэд давж заалдаагүй байна.

 

4.8. Талийгаач Ч.П ийн нас барсан үеийн буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар болон нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Х ны 1330015034 тоот зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 69,974,517.32 төгрөг болох нь хэрэгт цугларсан Х ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /1хх 27-29, 35/

 

5. Зохигчид даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, хураамж төлөгдсөн эсэх, нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй эсэх, талийгаач Ч.П нь даатгалын гэрээний оролцогч мөн эсэхэд маргаагүй.

 

Харин даатгалын тохиолдол үүссэн эсэх, талийгаач Ч.П ийн нас барсан шалтгаан талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах эсэх, даатгалын нөхөн төлбөрт 34,987,258.66 төгрөг гаргуулах үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхэд маргаж байна.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон даатгуулагч хураамжийг сар бүр төлж байсан талаар зохигчид маргаагүй. /2хх 18-25/

 

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр даатгуулагч Н.О ы нөхөр, хамтран зээлдэгч Ч.П Ковид 19 халдварт өвчний улмаас нас барсан болох нь дээр дурдсан баримт, зохигчийн маргаагүй тайлбараар тогтоогдсон ба ийнхүү нас барахаас өмнө нь тэрээр эрүүл мэндийн даатгалн сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авч байгаагүй болохыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/2097 дугаартай албан бичгээр тодорхойлсон байна. /1хх 95/

 

Нэхэмжлэгч Н.О нь талийгаач Ч.П ийн эхнэр болохынхоо хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно. гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх; гэж заасны дагуу хариуцагч Т ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана:, 2.1.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдалт; гэж заасан байх бөгөөд Т ХХК нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт цугларсан Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /1хх 46/

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн даатгал, зээлийн даатгал буюу амь насны даатгалд заавал даатгуулахаар заасан бөгөөд Н.О , Ч.П нар нь Х тай байгуулсан зээлийн гэрээнд заасан гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд амь насны даатгалд даатгуулах үүргийн дагуу Т ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдлийг даатгуулсан.

 

Ингэхдээ Х нь Ипотекийн зээлийн болон даатгалын үйл ажиллагааны журам, Т ХХК-тай байгуулсан Хамтран ажиллагааны гэрээнд заасны дагуу даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгуулагчид түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг танилцуулж, талуудын хооронд зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх тул даатгуулагчид нөхөн төлбөр олгохтой холбогдсон асуудлаар хариуцагч болох үндэслэлгүй байна. /1хх 180-249, 2хх 1-15/

 

 Талуудын хооронд байгуулагдсан №120121019396 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.3.8-д Гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл буюу ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих г.м үед тохиолдсон осол/, зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол, даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс учирсан ослыг ойлгоно гэж заасан бөгөөд хариуцагч татгалзын үндэслэлээ гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан үеийн төлбөр тасалдлын эрсдлийг даатгасан тул Ч.П ийн Ковид 19 халдварт өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарладаг.

 

Талийгаач Ч.П ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд нас барсан шалтгааныг артерийн даралт ихсэх өвчин, бөөрний цочмог дутагдал, гуурсан хоолойн багтраа, амьсгалын дутагдал давамгайлсан ковид 19 халдварт өвчний хүнд хэлбэр, уушигны хатгаа, амьсгалын дистресс хам шинж гэж тэмдэглэсэн байх боловч түүний нас баралтын үндсэн шалтгаан нь Корона вируст халдварын цар тахлаас үүдэлтэй буюу уг халдварын улмаас дээрх хүндрэлүүд үүсч, нас барах эрсдэл бий болсноор даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Т ХХК нь даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд Даатгалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь тухайн үеийн ипотекийн зээлтэй холбоотой даатгалд хамруулах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан журам буюу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцсэн байх шаардлагатай бөгөөд даатгалын гэрээнд зөвхөн гэнэтийн ослоор хязгаарлаж, аливаа өвчлөлд хамаарахгүй гэж нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлсэн нь үйлчлүүлэгч буюу даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй байна.

 

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно. гэж, 4.4.1-д Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох гэж, 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж тус тус заажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Т ХХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагын талаар даатгуулагчид танилцуулах, мэдүүлгийн маягт баталгаажуулан үйлдэх, даатгуулагчийг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 3-т заасан амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголтоо хийх боломжийг олгох, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, даатгагчийн хууль хэрэгжүүлээгүй гэм буруу нь даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй ба даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үр дагавар үүсгэнэ.

 

Иймээс нэхэмжлэгч Н.О , талийгаач Ч.П нар нь Х тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1330015034 дугаартай Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үнийн дүн болох 69,974,517.32 төгрөгийн тавин хувь буюу 34,987,258.66 төгрөгийг талийгаач Ч.П т ногдох хувь гэж үзэж, хариуцагч Т ХХК-иас 34,987,258.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О д олгохоор шийдвэрлэв.

 

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 332,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 34,987,258.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 332,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН