Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/02938

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Харчууд овогт Самбуугийн Баяраа /РД: ХГ62011176/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 20-28 тоот

Хариуцагч: Харчу овогт Чүлтэмсүрэнгийн Оюунхүү /РД: НЭ59050712/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 18 тоот

85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баяраа, хариуцагч Ч.Оюунхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нэхэмжлэгчийн Хандгайтад байрлах газар 2 давхар хаус барвж өгөхөөр тохиролцож нэхэмжлэгчийн хөрөнгө болох РБМ зуурагч машиныг 123,000,000 төгрөгөөр худалдан авч, 99,000,000 төгрөгийг миний Хаан банкинд эзэмшдэг 5031025762 тоот дансанд шилжүүлсэн. Ч.Оюунхүү нь худалдан авсан тоног төхөөрөмжөөр 2 давхар орон сууц барьж өгөхөөр тохирч 85,000,000 төгрөгийг урьчилгаанд авсан авсан ба уг мөнгөний 30,000,000 төгрөгөөр нь хувьдаа крантай машин худалдан авсан, 35,000,000 төгрөгийг нь хүүхдийн сургалтын төлбөрт өгсөн нь тодорхой баримтаар нотлогдсон бөгөөд хохирлыг арилгахгүй байгаа тул 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч нь РБМ зуурагч машиныг Хаан банкинд барьцаалж 2012 оны 8 дугаар сарын 15-нд Ч.Оюунхүү нь “ОЭОЭ” ХХК-ийн нэр дээр банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авсан ба “ОЭОЭ” ХХК-ийн 5116006358 тоот данснаас 99,000,000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 15-нд нэхэмжлэгчийн 5031025762 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид зуслангийн байрыг нь барьж өгнө гэж хууран мэхэлж 2012 оны 8 дугаар сарын 16-нд 50,000,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 17-нд 14,000,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 21-нд 11,500,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 24-нд 5,000,000 төгрөгийг авсан ба мөнгө ч үгүй, байшин ч үгүй хоцорсон тул арга буюу РБМ техник, дагалдах хэрэгслийг шүүхийн шийдвэр гаргуулж буцаан авсан. Малайз улсаас оруулж ирсэн 27 750 ам/долларын үнэтэй, 150 м.кв хэв хашмалыг өвлийн байр барьж өгөх нэрээр 267 ширхэг хашмалыг авч явсан боловч барилга ч үгүй, хэв хашмал ч угуй, мөнгө ч үгүй хоцорч хохирч байгаа тул хариуцагч сайн дураар төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Нэг ширхэг хэв хашмал, дагалдах хэрэгсэлтэйгээ 103 ам/ доллар бөгөөд нэг ам/долларын ханш 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 3470 төгрөг байсан ба ханшийг багасгаж 85,000,000 төгрөг нэхэмжилсэн. Одоо 2023 оны 5 дугаар сарын 25-нд нэг ам/ доллар 3462 төгрөг байна. Нэхэмжлэгч 85,000,000 төгрөгөөр хохироод байна. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ч.Оюунхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  С.Баяраагийн нэхэмжилж байгаа 85,000,000 төгрөгийг огт үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан Хандгайт, 19 дүгээр хороонд 2 давхар хаус барих ямар нэгэн гэрээг бичгээр болон амаар С.Баяраатай хийгээгүй. Тус дүүргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа, иргэн Ч.Оюунхүү надад болон миний ОЭОЭ ХХК-ийн нэр дээр гаргасан нэхэмжлэлийг 2018, 2019 онуудад тус тус хэрэгсэхгүй болгож байсан. Би дахин өнгөрсөн үйл явдлыг товч бичих болж байна. 2001 оноос би гэр бүлийн хамт Хүнсний 8 нэрийн дэлгүүр 11 дэх жилдээ ажиллуулж байсан. 2012 онд С.Баяраа барилгын тоног төхөөрөмж оруулж ирсэн хамтарч ажиллая гэхэд нь Хаан банк ХХК-иас их хэмжээний зээл авахын тулд РБМ тоног, төхөөрөмж худалдаж авах зээлийн гэрээ хийж ир гэж Хаан банк ХХК-иас шаардсаны дагуу “Даахийхан” ХХК миний ОЭОЭ ХХК-ийн хооронд тоног төхөөрөмж 123,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. 100,000,000 төгрөгийн зээл батлагдаж 1 хувийн шимтгэл суутгагдан С.Баяраагийн Хаан банкны 5031025762 тоот дансанд 99,000,000 төгрөг орсон. РВМ ТТ-ийг би хувьдаа худалдаж авах туйлын зорилго надад байгаагүйг С.Баяраа мэдэж байгаа. Тухайн зээлийг Хаан банкнаас авахдаа би 100 хувь өөрийн 30 машины дулаан гарааш, хүнсний дэлгүүр орон сууцаа барьцаалсан. Ингээд Хаан банкнаас С.Баяраагийн дансанд орсон 99,000,000 төгрөгөө авах гэтэл тэрээр зээлээ төлөх шаардлагатай байна хэмээн 15,000,000 төгрөгийг надаас зээлж авсан боловч дараа ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд 3 жилийн хугацаанд зөвхөн хүүнд нь сар бүр 300,000 төгрөг нэмэх нь 10,800,000 төгрөг, 15,000,000 төгрөг, нийт 25,800,000 төгрөгийг би С.Баяраагийн өмнөөс Хаан банканд төлж зээлээ хаасан. Ингэж С.Баяраагийн данснаас 84,000,000 төгрөг гарсан. Үүнийг С.Баяраа овжин ашиглаж өөрөөсөө бэлэн мөнгө гаргаж байшин бариулах гэх мэтээр худал гүтгэсэн байна. Хамтарч ажиллахын тулд 35,000,000 төгрөгөөр крантай машин худалдаж авсан. Хамтарч ажиллана гэж сайхан юм ярьдаг С.Баяраа 2013 онд Хэнтийд РБМ тоног төхөөрөмжөөрөө 2 давхар амины орон сууц барих гэрээг Оч манлай ХХК-тай байгуулж 45,000,000 төгрөгийн урьдчилгаа авчхаад намайг 2 сар ажиллуулахдаа надад 18,000,000 орчим төгрөгийг өгчхөөд мөнгө дууссан гээд ажил зогссон. Би нэг давхрын ажлыг РВМ тоног, төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн ч ямар нэгэн ашиггүй хохирч үлдсэн. Намайг Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр явсан үед Оч манлай ХХК-иас 39,000,000 төгрөг нэмж авсан ч тухайн орон сууцыг дуусгалгүй Оч манлай ХХК-ийг хохироогоод Улаанбаатар хот руу миний Хэнтийд орхиод явсан караантай машинд бүх юмаа ачаад ирсэн байсан. РВМ барилга барих төхөөрөмжийг харж хандах хүнгүй гэхэд нь би 2014 оноос хадгалж байсан. 2021 оны 4 дүгээр сард РВМ барилга барих төхөөрөмжийг буцааж олгох шүүхийн шийдвэр гарсан ч хадгалах газар байхгүй гэх шалтгаанаар байсаар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хашааг чөлөөлж ачиж авч явсан. Удаа дараа шүүхийн шийдвэр гараад байхад С.Баяраа гэдэг хүнийг би хохироогоод байгаа мэт нэхэмжлэлийг хүлээж аваад байгаад нь гайхаж мөн гомдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, автомашин худалдар, худалдан авах тухай 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, хариуцагчаас: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13482 дугаар захирамж, Хаан банкны 5116006405 дугаарын зээлийн дансны хуулга, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх тухай гэрээ, фото зураг, Хаан банк ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн ЗГ/199 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГҮ/199 дугаартай барьцааны гэрээ, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03118 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02220 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 615, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 00421 дугаартай тогтоол, мөн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0461 дугаартай магадлал,  худалдах, худалдан авах гэрээний гэх гар бичмэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Баяраа нь хариуцагч Ч.Оюунхүүд холбогдуулан орон сууц бариулахаар өгсөн 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа хариуцагчийн авч явсан хэв хашмалын үнэ хэмээн өөрчилсөн. /хх-ийн 30, 54/

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нь өөрийн үүсгэн байгуулсан “ОЭОЭ” ХХК-ийн нэрээр Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэхэмжлэгчийн өмчлөлийн РБМ төхөөрөмжийг худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 99,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5031025762 тоот дансанд шилжүүлжээ. 

Нэхэмжлэгч энэхүү 99,000,000 төгрөгөөс 84,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан шилжүүлсэн нь зохигчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоох бөгөөд 15,000,000 төгрөгийг авч үлдсэн тухайд маргадаггүй, харин өөр, өөрөөр тайлбарлан удаа дараа тус шүүхэд нэхэмжлэл гарган маргасан. /хх-ийн 3/

Нэхэмжлэгч нь өөрийн үүсгэн байгуулсан “Даахийхан” ХХК-ийн нэрээр “ОЭОЭ” ХХК, Ч.Оюунхүү нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 263,934,813 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагчаас тээвэрлэлт, хадгалалтын хөлс 14,396,300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. /хх-ийн 98-106/

“Даахийхан” ХХК нь “ОЭОЭ” ХХК, Ч.Оюунхүү нарт холбогдулан барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж 184/ШШ2021/00229 дугаар шийдвэр, шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хэлэлцэж 615 дугаартай магадалалыг тус тус гаргасан, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 72/

Шийдвэр, магадлалаар хариуцагч Ч.Оюунхүүгээс РБМ-1000 загварын Хөөс, цементийн машиныг бусад дагалдах хэрэгслийн хамт гаргуулан нэхэмжлэгч “Даахийхан” ХХК-д олгож, нэхэмжлэлээс “ОЭОЭ” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

Мөн нэхэмжлэгч С.Баяраа нь хариуцагч Ч.Оюунхүүд холбогдуулан тоног төхөөрөмжийн элэгдэл хоргодол 65,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж  184/ШШ2021/03118 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0461 дугаар магадлалаар шийвэрийг хэвээр үлдээсэн байна. /48, 64/

Дээр дурдсан шийдвэр, магадалал, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх 85,000,000 төгрөг нь хариуцагч Ч.Оюунхүүгийн банкнаас авсан зээл болох, мөн хэв хашмалыг хариуцагчид худалдсан,  үнийг нь буцаан шилжүүлж өгөөгүй 15,000,000 төгрөг, түүнд ногдох хүүгээр тооцон тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагч хэв хашмалыг дур мэдэн авч явсан, буцааж өгөөгүй гэх, 2 давхар хувийн сууц барьж өгнө хэмээн 85,000,000 төгрөг авсан гэх тайлбарууд үгүйсгэгдэж байна.

Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах тухай гэрээ” гэх баримт хэрэгт авагдсан, энэхүү баримт нь  тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрт дүгнэгдсэн, хүчин төгөлдөр эсэхэд зохигчид маргадаггүй.

Дээр дурдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагчийн шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн үнийг худалдан авагч буюу хариуцагч Ч.Оюунхүү бүрэн төлсөн гэж дүгнэхээр байна.

Иймд нэхэмжлэгч С.Баяраагийн хариуцагч Ч.Оюунхүүгээс 85,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар заасан ч хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Баяраагийн хариуцагч Ч.Оюунхүүд холбогдуулан гаргасан хэв хашмалын үнэ 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн 582,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ