Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01944

 

 

 

 

 

 

 

 

  2023         11           06                                        210/МА2023/01944

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/02938 дугаар шийдвэртэй

С.Б-гийн нэхэмжлэлтэй Ч.О-д холбогдох

85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хандгайтад байрлах газарт 2 давхар хаус барьж өгөхөөр тохиролцож нэхэмжлэгчийн хөрөнгө болох РБМ зуурагч машиныг 123,000,000 төгрөгөөр худалдан авч, 99,000,000 төгрөгийг миний Хаан банкинд эзэмшдэг ************ тоот дансанд шилжүүлсэн. Ч.О нь худалдан авсан тоног төхөөрөмжөөр 2 давхар орон сууц барьж өгөхөөр тохирч 85,000,000 төгрөгийг урьчилгаанд авсан ба уг мөнгөний 30,000,000 төгрөгөөр нь хувьдаа крантай машин худалдан авсан. Мөн 35,000,000 төгрөгийг нь хүүхдийн сургалтын төлбөрт өгсөн нь тодорхой баримтаар нотлогдсон бөгөөд хохирлыг арилгахгүй байгаа тул 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулна.

1.2. Хариуцагч нь РБМ зуурагч машиныг Хаан банкинд барьцаалж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ч.О нь “ОЭОЭ” ХХК-ийн нэр дээр банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авч, “ОЭОЭ” ХХК-ийн ********** тоот данснаас 99,000,000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 15-нд нэхэмжлэгчийн ************ тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид зуслангийн байрыг нь барьж өгнө гэж хууран мэхэлж 2012 оны 8 дугаар сарын 16-нд 50,000,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 17-нд 14,000,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 21-нд 11,500,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 24-нд 5,000,000 төгрөгийг авсан ч байшин барьж өгөөгүй. Улмаар РБМ техник, дагалдах хэрэгслийг хариуцагчаас буцаан гаргуулах шийдвэр гаргасан.

Малайз улсаас оруулж ирсэн 27,750 ам.долларын үнэтэй, 150 м.кв хэв хашмалыг өвлийн байр барьж өгөх нэрээр 267 ширхэг хашмалыг авсан хариуцагч сайн дураар төлбөрөө төлөхгүй байна. Нэг ширхэг хэв хашмал, дагалдах хэрэгсэлтэйгээ 103 ам.доллар бөгөөд нэг ам.долларын ханш 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 3,470 төгрөг байсан тул ханшийг багасгаж 85,000,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хандгайт, 19 дүгээр хороонд 2 давхар хаус барих ямар нэгэн гэрээг бичгээр болон амаар С.Б-тай байгуулаагүй. Шүүхийн шийдвэрээр надад болон миний “ОЭОЭ” ХХК-ийн нэр дээр гаргасан нэхэмжлэлийг 2018, 2019 онуудад хэрэгсэхгүй болгосон. 2012 онд С.Б барилгын тоног төхөөрөмж оруулж ирсэн хамтарч ажиллая гэхэд нь би “Хаан банк” ХХК-аас зээл авахын тулд РБМ тоног, төхөөрөмж худалдаж авах зээлийн гэрээ хийж “Д” ХХК миний “ОЭОЭ” ХХК-ийн хооронд тоног төхөөрөмж 123,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. 100,000,000 төгрөгийн зээл батлагдаж 1 хувийн шимтгэл суутгагдан С.Б-гийн Хаан банкны ************ тоот дансанд 99,000,000 төгрөг орсон. РВМ ТТ-ийг би хувьдаа худалдаж авах туйлын зорилго надад байгаагүйг С.Б мэдэж байгаа. Тухайн зээлийг Хаан банкнаас авахдаа би 100 хувь өөрийн 30 машины дулаан гарааш, хүнсний дэлгүүр орон сууцаа барьцаалсан. Хаан банкнаас С.Б-гийн дансанд орсон 99,000,000 төгрөгөө авах гэхэд тэрээр зээлээ төлөх шаардлагатай гэж 15,000,000 төгрөгийг надаас зээлж авсан боловч дараа төлөлт хийгээгүй. 3 жилийн хугацаанд зөвхөн хүүнд нь сар бүр 300,000 төгрөг нэмэх нь 10,800,000 төгрөг, 15,000,000 төгрөг, нийт 25,800,000 төгрөгийг би С.Б-гийн өмнөөс төлж зээлээ хаасан.

С.Б-гийн данснаас 84,000,000 төгрөг л гарсан бөгөөд өөрөөсөө бэлэн мөнгө гаргаж байшин бариулах гэх мэтээр худал гүтгэсэн байна. Бид хамтарч ажиллахын тулд 35,000,000 төгрөгөөр крантай машин худалдаж авсан. Гэтэл С.Б 2013 онд Хэнтийд РБМ тоног төхөөрөмжөөрөө 2 давхар амины орон сууц барих гэрээг “О” ХХК-тай байгуулж 45,000,000 төгрөгийн урьдчилгаа авчихаад намайг 2 сар ажиллуулахдаа надад 18,000,000 төгрөгийг өгч, мөнгө дууссан гээд ажил зогссон. Би нэг давхрын ажлыг уг тоног, төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн ч ямар нэгэн ашиггүй хохирч үлдсэн. Би Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр явсан үед “О” ХХК-аас 39,000,000 төгрөг нэмж авсан ч тухайн орон сууцыг дуусгалгүй уг компанийг хохироосон. Би тоног төхөөрөмжийг хадгалж байсан боловч 2021 оны 4 дүгээр сард тоног төхөөрөмжийг буцааж олгох шүүхийн шийдвэр гарсан ч хадгалах газар байхгүй гэх шалтгаанаар байсаар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр авч явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Ч.О-д холбогдуулан гаргасан хэв хашмалын үнэ 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн 582,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн магадлалтай танилцаагүй, харьцуулсан дүгнэлт хийгээгүйн улмаас эргэлзээтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн маргаан дагуулж байгаа 27,750 ам.долларын үнэтэй 262 ширхэг иж бүрэн хэв хашмалын төлбөр төлөгдөөгүй нь баримтаар нотлогдож, энэ талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад өмнөх магадлалд тусгагдаагүй өмч хөрөнгийг эцэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн хариуцагчид хадгалагдаж байгаа 262 ширхэг хэв хашмалыг битүүмжилж хамгаалалтанд авч өгөхийг хүссэн хүсэлтийг хангаагүй. Худалдан авсан ам.доллараар нэхэмжлэл гаргах эрх болон өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. 2012 онд хийгдсэн хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн 25,000,000 төгрөгийн гэрээг хариуцагч үндэслэлээ болгон ярьсныг шүүх үнэлж эргэлзээтэй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчид үлэмж их хэмжээний хохирол учруулсан. Хариуцагч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байхад шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагатай хамаарал бус тайлбар хийж төлөгдөөгүй мөнгийг төлөгдсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Надад уг тоног төхөөрөмжийг худалдан авах зорилго байгаагүй. С.Б нь тухайн тоног төхөөрөмжийг буцаан авч, барилга байшин барихаар гэрээ байгуулсан. Уг гэрээ нь тухайн тоног төхөөрөмжийг надад худалдаагүй гэх нотлох баримт болж байна. Миний зүгээс 15,000,000 төгрөгийг өгч, С.Б- нь тоног төхөөрөмжөө аваад барилга, байшин барих гэрээг байгуулсан. Мөн тухайн мөнгийг өөрөө авч, намайг 2 сарын турш үнэгүй ажил хийлгэсэн. Харин хэв хашмалын үнэ 15,000,000 төгрөгийг авч чадаагүй учраас С.Б-д 15,000,000 төгрөгийн хүү 3 жилийн туршид 25,800,000 төгрөг болсон гэж хэлээд гэрээ байгуулж уг харилцаа дуусгавар болсон.

2018 онд С.Б нь намайг тоног төхөөрөмжийн үнэ гэж 210,000,000 төгрөгийг нэхэмжлэхэд шүүхээс 2 удаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тоног төхөөрөмжөө авъя гэж дахин нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр тоног төхөөрөмжийг буцаан авсан. Миний бие тухайн тоног төхөөрөмжийг нэг удаа ч ашиглаж байгаагүй. Гэтэл миний зээлсэн мөнгийг буцаан өгөхдөө “гэнэт байшин бариулах ёстой байсан гэж өөрийнхөө мөнгийг надад өгсөн” мэтээр тайлбарласан. Уг тоног төхөөрөмж нь С.Б-гийнх байсан бөгөөд харах хүн байхгүй гэж хэлсэн учраас хашаандаа тавьснаас болж уг асуудал үүссэн. Мөн хэв хашмалын асуудлыг С.Б-гаар 25,000,000 төгрөгөөр хэв хашмалыг худалдан борлуулсан гэх гар бичмэлийг бичүүлж, уг харилцаа дуусгавар болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.О-д холбогдуулан 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай хаус бариулахаар тохиролцож урьдчилгаанд 85,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Малайз улсаас 2012 онд оруулж ирсэн 27,750 ам.долларын үнэтэй, 150 м.кв, 267 ширхэг хэв хашмалын үнэд 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар өөрчилсөн байна. /хх-ийн 31/

 

3.1. Хариуцагч Ч.О нь “ОЭОЭ” ХХК-ийнхаа нэрээр зээл авахын тулд нэхэмжлэгч С.Б-тай РБМ-1000 барилгын тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хаан банк ХХК-аас “ОЭОЭ” ХХК 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөгийг зээлсэн байна. Зээлийн гэрээний дагуу  Хаан банк ХХК-аас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 99,000,000 төгрөгийг “ОЭОЭ” ХХК-иас С.Б-гийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.2. Нэхэмжлэгч С.Б  99,000,000 төгрөгөөс 84,000,000 төгрөгийг  хариуцагч Ч.О-д буцаан шилжүүлсэн талаар талуудын хэн аль нь маргаагүй, харин үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид 25,000,000 төгрөгийн хэв хашмалын үнэд төлсөн талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрт дүгнэгдсэн байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00229 дугаар шийдвэрээр хариуцагч Ч.О-гээс РБМ-1000 загварын  хөөс, цементийн машин 1 ширхэг, бусад дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж болох хөөс гаргагч 1 ширхэг, конвейер 1 ширхэг, шүршин бүрэгч машин 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, РБМ-ын хөөсний бодис 63 уут, хатууруулагч бодис 30 кг, зөөлрүүлэгч бодис 20 кг, хүргэлтийн хоолой 10 метр /2 ороомог/-ыг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, хариуцагч “ОЭОЭ” ХХК-д холбогдуулан гаргасан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 615 дугаар магадлалаар хариуцагч Ч.О-гээс 58,075,640 төгрөгийн үнэ бүхий нийт 41 нэр төрлийн барилгын тоног төхөөрөмж, дагалдах бусад хэрэгслийн хамт гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 73-76, 107-112/

 

4.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/03118 дугаар шийдвэрээр С.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.О-гээс учирсан хохирол буюу РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгслийн элэгдэл хорогдлын үнийн зөрүү 58,075,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 461 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч С.Б хариуцагч Ч.О нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Малайз улсад үйлдвэрлэсэн барилгын зориулалттай цул төмөр хэв хашмалыг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан гэрээ байгуулагдсан болох нь хэргийн 96 дугаар тал дахь баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.3. Уг гэрээний маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрээр “... 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн РБМ тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл болох 150 м.кв /262 ширхэг/ хэв хашмалыг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан талаар маргаагүй тул тус гэрээ хүчин төгөлдөр байна...” гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч “ОЭОЭ” ХХК болон Ч.О нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 278,934,813 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, мөн хариуцагч Ч.О-гийн нэхэмжлэгч “Д”  ХХК-иас тоног төхөөрөмж хадгалалт, тээвэрлэлтийн болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,396,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 98-106/

 

5. Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлагаа “2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Малайз улсаас РБМ-1000 барилгын тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл болох 150 м.кв, 267 ширхэг хэв хашмалыг 27,750 ам.доллараар худалдан авсныг хариуцагч Н.О- авсан тул 85,000,000 төгрөг гаргуулна” гэж тодруулсан байна.

 

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Б- нь Малайз улсаас 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр РБМ  тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл болох 150 м.кв, 267 ширхэг хэв хашмалыг 27,750 ам.доллараар худалдан авч, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад импортлон оруулж ирсэн болох хэргийн 39 дүгээр талд авагдсан худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 39/

 

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас 150 м.кв, 267 ширхэг хэв хашмалын үнэ 27,750 ам.доллар буюу 85,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн гэж дүгнэсэн буруу болсныг дараахь байдлаар залруулан дүгнэнэ.

 

5.3. Үүнд дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.О-тэй 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Малайз улсад үйлдвэрлэсэн барилгын зориулалттай цул төмөр хэв хашмалыг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан  гэрээ байгуулсан талаарх талуудын хоорондох маргааныг шүүх шийдвэрлэсэн байна.

 

5.4. Харин нэхэмжлэгч С.Б нь 2012 онд Малайз улсаас оруулж ирсэн 150 м.кв, 267 ширхэг хэв хашмалыг хариуцагч Н.О авч явсан тул түүнээс тус хэв хашмалын үнэ болох  27,750 ам.доллар буюу 85,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагын тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

6. Иймд нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.О-гээс 150 м.кв, 267 ширхэг хэв хашмалын үнэ 27,750 ам.доллар буюу 85,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/02938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                        ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ