Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/01610

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 03с 30ө

Дугаар 101/ШШ2023/01610

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Д.Ганболд, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................-д холбогдох,

гэм хор учруулсны хохиролд 1,870,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., хариуцагч ......., иргэдийн төлөөлөгч Ө.Оюунтуяа, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гүрбазар овогтой Э- миний бие нь 01  тоотод оршин суудаг тус байрны өмчлөгч бөгөөд 2011 оны 10 дугаар сараас уг байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манай дээд айл болох тус байрны 49 тоотод оршин суугч Х-ийн Б- нь удаа дараа дээрээс ус алдаж эд хөрөнгөд маань хохирол учруулсаар байна. Хамгийн сүүлийн байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11:45 минутад ус алдаж, хүүхдийн өрөөний хана тааз, ванны өрөө болон бие засах өрөөний тааз, унтлагын өрөө болон түүнээс цааш дамжих өрөөний таазны хэсгээс их хэмжээний ус алдсан. Энэ өдрөөс 2-3 хоногийн өмнө гал тогооны таазнаас ус алдахад утсаар хэлж сануулсан. Ус алддаг өдөр түүнд манай гэрт учруулсан хохирлыг харуулах зорилгоор гэрт нь орж уулзах гэсэн боловч хаалгаа тайлаагүй бөгөөд өөрөө дотроо байсан боловч гарч ирэхгүй гэсэн. Орон сууцнаас засварчин ирээд сануулга өгсөн гэх боловч орой 19:35 минутад дахиад хүүхдийн өрөөний таазнаас ус алдаж цахилгааны саатал үүссэн тул хэлэхээр ороход дахиад хаалгаа онгойлгож өгөөгүй. Мөн иргэн Хишигсүрэнгийн Б- нь 2018 оны 4 дүгээр сард манай гал тогооны өрөөний тааз хэсгээс ус алдуулахад миний бие сануулахаар орж хэлж байсан. Гэвч манайх биш, дундын шугамаас ус алдсан гэсэн. Бид тухайн үед орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас засварчин дуудаж үзүүлэхэд энэ бол дундын шугам биш гэж хэлсэн. Тэр үед би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад 2018 оны 07 дугаар сард хүүхдийн өрөөний обойгоо солихоор төлөвлөсөн байсан тул тэр ажлыг хийнгээ, хэл ам хийхээс төвөгшөөн гал тогооны өрөөний таазыг засварын хүн хөлслөн өөрсдийн зардлаар зассан. Харин 2021 онд дахин гал тогооны дээд хэсгээс ус алдах үед хэлэхээр ороход мөн адил хаалгаа тайлахгүй байж байснаа гэнэт гарч ирж биед халдаж байсан тул энэ удаа ус алдахад нь 2 ч удаа цагдаа дуудан хамт орохоор очиход хаалгаа тайлж өгөөгүй. Утсаар нь холбогдож гарсан хохирлыг харуулмаар байна гэхэд харахгүй ээ гээд хаалгаа тайлаагүй. Мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэж шүүхэд өгнө гэхэд зөвшөөрсөн. Иргэн Хишигсүрэнгийн Б- нь удаа дараа манай дээрээс ус алдуулж хохирсон хохирлыг барагдуулдаггүй, нийтийн орон сууцанд амьдарч байж үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тул мэргэжлийн үнэлгээний газраар хохирлын үнэлгээг хийлгэсэн. Ашидбилгүүн ХХК-ийн үнэлгээгээр 1,732,800 төгрөгийн хохирол учруулсан гэж үнэлэгдсэн бөгөөд, үнэлгээ хийлгэсний төлбөр 136,600 төгрөг, нотариатын төлбөр 1,000 төгрөг буюу нийт 1,870,400 төгрөгийн зардал гарсан болно.

Уг хохирлын үнэлгээнд ус алдсаны улмаас орон сууцанд хийлгүүлэх засварын ажлын хөлс 1,300,000 төгрөг, худалдан авах материалын зардал 382,800 төгрөг, тээврийн зардал 50,000, мөн Ашидбилгүүн ХХК-иар үнэлгээг хийлгүүлэхэд төлсөн үйлчилгээний төлбөр болох 136,600, нотариатаар баримт бичиг баталгаажуулсны төлбөр болох 1000 төгрөгийг тус тус оруулан тооцсон болно. Ажлын хөлс болон материалын зардлыг дэлгэрэнгүй тоочвол, нийтдээ 54м2-ийн хана таазыг хусаж цэвэрлэхэд 135,000, 54м2-ийн хана таазанд замаск татахад 351,000, 36м2-ийн тааз хананд эмульс хийхэд 144,000, 36м2 -ийн гипсэн тааз солиход 540,000, 20м2 обой сольж наахад 130,000 буюу ажлын хөлсөнд нийт 1,300,000 төгрөг, харин материалын зардалд замаск 3 уут 27,000, эмульс 2 сав 63,000, гипсэн хавтан 8 ширхэг 180,000, обой 4 ширхэг 82,800, бусад туслах материалд 30,000 төгрөг, нийт 382,800 төгрөг гэж тус тус үнэлсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Хишигсүрэнгийн Б-аас манай орон сууцанд учруулсан гэм хорын хохирол болох 1,870,400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2022 оны 11-р сарын 9-ний өдөр миний эзэмшдэг БЗД-ийн 18-р хорооны 22а байрны 49 тоот орон сууцанд намайг эзгүй үед ус алдсан нь үнэн болно. Энэ нь миний санаатай үйлдлээс үл хамаарсан, шугам сүлжээний эвдрэл гэмтэл бөгөөд намайг гэртээ байхгүй үеэр ванны өрөөний крантны уян холбоос задарч ус алдсаныг хүлээн зөвшөөрч байна. Ус алдалтаас учирсан хор хохирлыг нүдээр үзэж баталгаажуулах, Э-ын нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын (фото) үнэн бодит эсэхийг нягтлахаар нэхэмжлэгч Э-ын гэрт 2023 оны 1-р сарын 29-ний өдрийн 17.40 цаг орчимд орж улс алдсан өрөөнүүдийг 2 засварчны хамт биечлэн үзсэн. Уг үзлэгийн үеэр ажиглагдсан зүйлсийг дурдвал: нэхэмжлэлд дурдсан обойны хохирол гэх зүйл байхгүй, зөвхөн 3 газар өргөөшөө 3 см, уртаашаа 5-10 см хэмжээтэй обойны үзүүр булан бага зэрэг хуурсан байв. Обойны өнгө нь усанд норсноос үүдэлтэй шарлаж гандсан зүйл огт байхгүй. Иймд обойг солих хэмжээний гэмтэл байхгүй тул, солих шаардлагагүй, 3 ховхорсон ирмэгийг ахуйн ба барилгын зориулалттай хямд төсөр тарган, шар цавуугаар наах боломжтой гэж харагдсан. Нэхэмжлэлд дурдсан гипсэн таазны хохирол нь 2 өрөөнд тус бүр 1 м.кв хэмжээтэй газарт өнгө нь бага зэрэг шарласан бараантсан ч, өмөрч унасан, хуурсан, цуурч хагарсан зүйл байхгүй. Иймд 1м.кв хэмжээтэй таазны хэсэг ус алдалтанд өртөж өнгө нь бараантсаны төлөө тухайн өрөөний гипсэн таазыг бүхэлд нь солих шаардлагагүй гэж ажиглагдсан. Ашид Билгүүн ХХК-иар хийлгүүлсэн тухай тайланг уншиж танилцахад 1,732,800 төгрөгийн гэм хор учирсан гэж үнэлснийг үндэслэлгүй, шунахайн сэдлээр залилан луйвар хийхийг санаархсан хууль бус, үгсэн хуйвалдсан, зохион байгуулалттай бүлэг гэмт үйлдэл хэмээн буруушааж, бас нотлох баримтад үндэслэн няцааж байна. Тус компани нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ үнэхээр хийдэг бол даатгалын нөхөн төлбөрийг аливаа эрсдэлд өртөж гэмтсэн хэсэгт гарсан хохирлын тоо хэмжээг нарийн хэмжиж, даатгалын мөнгийг олгодог санхүүгийн тооцоолол, дүрэм журам, эрүүл саруул логикийг мэргэжлийн байгууллагын хувьд мэдэж байх ёстой. Машины хаалга шүргэсний төлөө хаалгыг бүхэлд нь, эсвэл машиныг бүтнээр нь төлдөггүйг энгийн иргэн хэн боловч мэднэ. Гэтэл бүтэн 2 өрөөний тааз, обойг бүхэлд нь солих төлбөр нэхэмжилж байгаа нь миний эдийн засгийн эрх чөлөөнд халдаж, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө албадан гаргуулж авахын тулд шүүхийг ашиглахыг санаархаж буй бусармаг үйлдэл гэж үзэж байна.

2. 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн 11.47 минутад орон сууц ашиглалтын газраас над руу залгаж ус алдсан тухай хэлэхэд би цахилгааны төлбөрөө төлж байсан ба 3 минутын дотор хэрэглэгчдэд үйлчлэх газраас ирж гэр лүүгээ орох үед 11.50-д сантехникч залгаж хамт манай гэрт орж ирснээр сантехникч угаалгын өрөөнд уян холбоос задарсныг илрүүлж халуун хүйтэн усны гол шугамыг хаасан, гэмтсэн уян холбоос крантны холигч худалдан авч солиулахыг зөвлөөд явсан. Биднийг орж ирэхэд их хэмжээний ус угаалгын өрөө, коридор, хойд талын унтлагын өрөөний үүд хэсэгт тархсан байсан бөгөөд нэн даруй усыг яаралтай шавхсан. Зогсолтгүй 20-30 минутын турш усыг чадлаараа хурдан арчиж цэвэрлэсэн. Энэ үед доод айлын хөгшин, залуу 2 эрэгтэй хүн зогсолтгүй үүд хаалга нүдээд, өшиглөж п... гэх мэтчилэн элдэв муухай үг хэллэгээр харааж манай гэрт дайрч орж ирэхийг завдаж заналхийлсэн үйлдэл гаргасан. Үүнийг тус хорооны ОСНААГ-т ажилладаг, манай хажуугийн 50 тоотод амьдардаг хөрш эмэгтэй харсан бөгөөд гэрээсээ гарч ирэн болихыг тэднээс хүссэн. Би шүүх прокурорын зөвшөөрөлтэй миний гэр оронд нэвтрэх боломжтой тул, би оруулахгүй, харин шалаар тарсан усыг хурдан түргэн арчиж цэвэрлэж байгаа гэж хэлсэн. Би бага насны хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон, ганц бие эмэгтэй тул, уурлаж бухимдсан, түрэмгий авир араншинтай хүмүүсийг гэртээ оруулбал миний болон балчир хүүхдийн минь эсрэг дэргэд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй байсан. Миний хүү 7 настай, надаас өөр асран хамгаалагч, тэжээгч байхгүй тул, хүүхдийнхээ болон өөрийн эрүүл мэндийг хамгаалах нь миний хамгийн гол чухал үүрэг хариуцлага учраас, тэднийг оруулаагүй. Ус алдсантай холбоотой цагдаад дуудлага ирсэн гэж нэг эрэгтэй хүн гар утасны дугаараас залгахад үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан. Дараа нь нэхэмжлэгч Э- миний утас руу залгахад би нөхцөл байдлыг тайлбарлаж, уучлалт хүссэн. Э- хохирол нэхэх тухай дурдмагц би шүүхээр дүрэм журмын дагуу шийдүүлэх нь зохистойг хэлэхэд миний саналыг шууд хүлээж авснаа шүүхэд хандах тул, одоо чамтай харьцахгүй, шаардлага ч үгүй гэснээр яриа дууссан. Уг өдрийн оройн 20 цагт хүн үүд тогшсон, Э- эсвэл түүний гэр бүлийнхэн эсэхийг би мэдээгүй, манай түлхүүр цоожийг оролдоод байснаа удалгүй явсан. Дараа нь сантехникч утсаар залгаж Доод айл чинь дахин дуудлага өгсөн. Дахиж ус алдаад байна гээд ирж шалгасан ч, хойд жижиг өрөөний гэрлийн утас дагаж ус жоохон шүүрсэн юм шиг байна. Танайд орж үзье гэхэд би үүдээ онгойлгохоор очтол, нэхэмжлэгч Э- манай үүдний цоожны бариулыг мулт татаад ийш тийш хөдөлгөсөөр байгаад бариулаар нь гаднаас түгжчихсэн байсан тул, дотроос нь би онгойлгох боломжгүйг сантехникчид хэлж, цоож онгойлгодог засварчин дуудаад үүдээ онгойлгохоороо дуудаж харуулъя. Өөр газар ус алдах гэмтэл гарсан эсэхийг шалгуулъя. Одоо энд тэндээс ил ус гоожсон зүйл алга гэхэд сантехникч доод айлд чинь ч гэсэн ус алдсан гэх шинж тэмдэг харагдсангүй, цахилгааны утас дагаж ус шүүрсэн юм шиг байна, заавал орох шаардлагагүй гэж хаалганы цаанаас хэлчхээд явсан. Сантехникч нь албан ажлынхаа ээлжид үүрэгт ажлаа гүйцэтгэж байгааг би ойлгож байгаа тул, манай гэрт орж ажлаа хийх нөхцөлийг ус алдсан үед ч, дараа нь бусад шугам сүлжээний бүрэн бүтэн байдлын үзлэг шалгалт хийхэд ч бүрдүүлсэн.

Нэхэмжлэгч Э- 2018 онд ус алдсан талаар тухайн үед орцонд тааралдаад хэлж, намайг гэр лүүгээ оруулж харуулахад угаалтуурын чанх дээрээс бус гал тогооны агааржуулагч, үүд орчимд тааз шарласныг манайхаас ус алдсанаас ийм болсон гэхэд Манай угаалтуурын шугамаас алдсан бол танай угаалтуурын чанх дээр байх ёстой, бас манай гал тогооны шал нь угаалтуур луугаа хэвгий, гал тогооны үүд хавиар ус алдах шугам байхгүй, манайд ороод шалны хэвгий болон шугам сүлжээний холболтыг харж болно гэхэд манайд орж хараагүй өнгөрсөн. 2021/2022 онд 1, 1 удаа гал тогоонд ус алдсаныг хүлээн зөвшөөрч байна. 2021 онд гал тогооны угаалтуурын бүдүүн уян хоолойны бэхэлгээ мултарч ус алдсан. Угаалтуурын бүдүүн уян хоолойг засвар хийж солих үеэр сантехникч нь зөвхөн сонин чихэж бэхэлснээс үүдэн сонин нь илжирч, уусаад уг хоолой мултарсан байсан. Сантехникч дуудаж засуулахад ахуйн гялгар уут чихэж бэхэлсэнд гайхан, өмнөх сонины цаас шиг дэвтээд дахиж ус алдах вий, замаск цементээр шавах хэрэгтэй эсэхийг асуухад шаардлагагүй, ингээд зүгээр гэсэн. Одоо ч тэр хэвээр байгаа бөгөөд хөдөө гадаа явахдаа бүх гол шугамын усны хаалтыг хаадаг. Нэхэмжлэгч Э- энэ талаар манайд ирж уулзсан нь үнэн. Би нөхцөл байдлыг тайлбарласан ба Э- хохирол нэрийдлээр мөнгө нэхэж дарамтлахаар нь би шүүхээр/дүрэм журмаар нь шийдүүлэх нь зөв гэдэг байр сууриа хэлсэн. Тэр үед би манай дээд айлын угаалгын өрөөнөөс маш их ус алдсан, би бас хохирол барагдуулах хүсэлтэй байгаа тул, шүүхэд хандах үйл явцаас чинь суралцаад өөрийн хохирлоо дээд айл болох 54 тоотоос нэхэмжлэх хүсэлтэй гэж хэлсэн. Мөнгө нэхээд явахгүй байхаар нь би түлхсэн нь үнэн. Нэхэмжлэлдээ Э- нь би түүнд халдсан гэсэн нь огт худал бөгөөд нотлох баримтгүйгээр намайг гүтгэж байгааг эрс няцааж байна. Халдсан байсан бол цагдаа эмнэлгээр нотолгоо гаргуулах нь чөлөөтэй нээлттэй байсан ч, тийм зүйл болоогүй. Надаас том биетэй, бадриун, махлаг хүнд би халдаж чадахгүй, хүч хүрэхгүй. Манай дээд айлаас яг манайд үүссэн шиг их хэмжээний ус угаалгын өрөөнөөс нь алдаж манай 00-ын өрөө угаалгын өрөө, эдгээрийг тойрсон 3 жижиг өрөө болон коридор луу өглөө эрт ус алдаж, зарим өрөөнд таазнаас бороо орж буйтай адил ус гэрээр нэлэнхийдээ тархсаныг тухайн үед дээд айлын залуу ч, сантехникч ч ирж нүдээр үзэж харсан. Сантехникч дээд давхрын 54 тоотын угаалгын өрөөний ванны холбоос мултарсныг зассан гэж манайд орж хэлээд, манайд улс алдсан байдлыг үзэж шалгаад явсан. Би уг гэмтлийг санаатай үйлдэл бус, гэнэтийн осол гэж үзээд 54 тоотын дээд айлаас 1 төгрөг/мөнгөний хохирол нэхэмжлээгүй. Одоо ч ул мөр нотолгоо нь байгаа бөгөөд нэхэмжлэгч Э-ын гэрт гарсан таазны өнгө өөрчлөгдсөн хэсэгтэй хэмжээний хувьд ойролцоо ч, тааз шарлалт цууралт ховхролт 2 жижиг өрөөнд гарсан.

Учирсан гэх гэм хор нь нэхэмжилж буй мөнгөн дүнтэй огт дүйцэхгүй болохыг би өөрийн нүдээр харж баталгаажуулсан. Хэдийгээр Ашид Билгүүн ХХК нь ажил тус бүрээр жижиглэнгийн ААН-ийн жишиг үнээр тооцсон, мөн материалын үнийг зах зээлийн үнээс даруй 20-30% өндөр гаргасан ч, хувийн орон сууцны засварын зах зээлийн ханш нь 1 өрөө орон сууцны бүрэн засвар цонх, тааз, хана, шал, плита солих хийхэд ажлын хөлс нь 2 сая төгрөг, 2 өрөө байрны засварын ажил 3 сая төгрөг байхад ердөө 2м.кв талбайд учирсан гэм хорыг 1.8 сая төгрөг гэж үнэлсэн нь амьдралд нийцэхгүй, мөн шунахайн сэдлээр надаас их хэмжээний мөнгө албадан шүүхээр гаргуулахыг санаархсан, зохион байгуулалттай/бүлэглэн, үгсэн хуйвалдсан гэмт үйлдэл гэж үзэж байгаа тул, сөрөг нэхэмжлэл/гомдлыг Эрүүгийн цагдаа, шүүхэд нэхэмжлэгч Э-, Ашид Билгүүн ХХК-ийн эсрэг гаргана гэдгийг хатуу анхааруулж байна. Би 2 өрөө байрны энгийн засварыг 3 сая төгрөгөөр хийлгүүлж дууслаа. Миний ажиглалтаар нэхэмжлэгч Э-ын гэрийн засвар цоо шинэ биш гэж харагдсан тул, эрсдэлд өртсөн таазны ашиглалтын насжилтыг элэгдэл хорогдолтой нь тооцож, зөвхөн учирсан гэм хорт нь бодитой дүйцэхээр нөхөн төлбөрийн тооцооллыг үндэслэлтэй хийх нь шударга ёсонд нийцнэ. Би болон намайг дагалдаж хохирлын бодит байдлыг газар дээр нь үзсэн (миний удахгүй нүүж орох гэж байгаа 2 өрөө байрны засварыг өнгөрсөн 3 долоо хоногт хийсэн 2 засварчин) хүний харснаар обойг солих ямар ч шаардлагагүй, 2 жижиг өрөөнд тус бүр 1 метр квадрат хэмжээтэй таазны шарлалт бараанталтыг засахын тулд таазыг бүхэлд нь солих шаардлагагүй, зөвхөн өнгө өөрчлөгдсөн хэсгийн замаск /эмульсийг хусаж, нийт таазны өнгийг жигдлэх үүднээс таазыг бүхэлд нь эмульсдэх боломжтой гэж үзэж байна. Би өрх толгойлсон, ганц бие, ажилгүй (цар тахлын хүндрэл/урхгаас эрүүл мэнд доройтож ажил хийх чадваргүй), бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн болохоор намайг дээрэлхэж, манай гэрээс ус алдсан ослыг ашиглаж, янз бүрийн байдлаар олуулаа нийлж дарамталж, шүүхийн байгууллагад хүртэл гүтгэлгийн чанартай худал зүйлс бичиж, хохирлын хэмжээтэйгээ дүйцээгүй бүхэл бүтэн орон сууцны засвар хийхүйц их хэмжээний мөнгийг үндэслэлгүй нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна, мөн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э- хариуцагч Б-д холбогдуулан гэм хорын хохирол болох ус алдсаны улмаас орон сууцанд хийлгүүлэх засварын ажлын хөлсөнд 1,300,000 төгрөг, худалдан авах материалын зардалд 382,800 төгрөг, тээврийн зардалд 50,000 төгрөг, Ашидбилгүүн ХХК-иар үнэлгээг хийлгүүлэхэд төлсөн төлбөрт 136,600 төгрөг, нотариатаар баримт бичиг баталгаажуулсны төлбөрт 1,000 төгрөг, нийт 1,870,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч даатгалаас мөнгөө авах боломжтой байсан, элэгдэл хорогдол тооцолгүй өндрөөр үнэлсэн гэх үндэслэлээр 500,000 төгрөгт эвлэрэх боломжтой гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

01 орон сууцны өмчлөгч Э- болох нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байх тул уг орон сууцанд учирсан хохирлыг Э- шаардах эрхтэй байна. /хх-5/

2022 оны 11 сарын 09-ний өдөр 11 цаг 45 минутын орчимд 00 тоот хаягт байрлах Б-ын эзэмшлийн орон сууцнаас ус алдаж, 01 хаягт байрлах Э-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцны тааз уруу ус нэвтэрсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНАААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн ус алдсан тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

Хариуцагч Б-ын эзэмшлийн орон сууцнаас ус алдсаны улмаас Э-ын орон сууцны тааз, ханын обойнд гэмтэл учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан ....биднийг орж ирэхэд их хэмжээний ус угаалгын өрөө, коридор, хойд талын унтлагын өрөөний үүд хэсэгт тархсан байсан бөгөөд нэн даруй усыг яаралтай шавхсан... гэх тайлбар, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНАААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн ус алдсан тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн эзэмшлийн орон сууцны ванны өрөөнөөс ус алдсантай холбоотойгоор Э-ын өмчлөлийн орон сууцанд 1,732,800 төгрөгийн хохирол учирсан нь Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна./хх-9-15/

 

Хариуцагч энэ хохирлын хэмжээг өндрөөр үнэлсэн гэж маргаж байх боловч уг үнэлгээг хийхдээ элэгдэл, хорогдлыг тооцож хийсэн байх тул өндрөөр үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч өөрийн 49 тоот орон сууцны өмчлөлийн талаарх баримтыг хэрэгт өгөөгүй хэдий ч өөрийн өмчлөл, эзэмшлийн орон сууц мөн хэмээн тайлбарлаж маргаагүй ба орон сууцны ванны өрөөнөөс ус алдсан гэм буруугийн талаар маргаагүй.

Хариуцагчийн ...нэхэмжлэгч даатгалаас мөнгөө аваагүй... гэх тайлбарт нэхэмжлэгч ...даатгалаас бага хэмжээний нөхөн олговор олгоно гэсэн тул хариуцагчаас шаардсан... гэж тайлбарласан ба даатгалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдээс гэм хорын хохирлоо шаардах эрхтэй.

Хариуцагчийн ...банканд зээлтэй, ковид удаа дараа туссан, бамбайн хагалгаанд орсон, зүрхний хэм алдагдалтай... гэх тайлбараар хохирол төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т ...хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ...,

15 дугаар зүйлийн 15.1.8-д ...хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй... гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу 00 тоот орон сууцны эзэмшигч, оршин суугч Б- нь өөрийн орон сууцанд хэрэглэгдэх цэвэр, бохирын шугамын бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байх ба энэ үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас түүний эзэмшлийн орон сууцнаас ус алдсан нь дээр дурдсанаар тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч орон сууцанд учирсан хохирлыг тогтоолгохоор Ашидбилгүүн ХХК-иар үнэлгээг гаргуулахад Ашид билгүүн ХХК-д 136,600 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул уг зардал хариуцагч Б-ын болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэн 136,600 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Ус алдсаны улмаас нэхэмжлэгч Э-ын өмчлөлийн 45 тоот орон сууцанд засвар хийлгүүлэх ажлын хөлсөнд 1,300,000 төгрөг, худалдан авах материалын зардалд 382,800 төгрөг, тээврийн зардалд 50,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал нотариатын зардалд 1,000 төгрөг төлснөө баримтаар нотлоогүй байх тул уг төлбөрийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр, хариуцагч Б-аас 1,869,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлээс 1,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч удаа дараа ус алдсан байгаа тул хохирлыг төлүүлэх нь зөв гэж дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэн, баримтын хүрээнд хохирлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б-аас 1,869,400 /нэг сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлээс 1,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА