Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01230

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01610 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Э-ын хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,870,400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагч Х.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Э- миний бие Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны 45 тоот орон сууцны өмчлөгч юм. Манай дээд айл болох тус байрны - тоотод оршин суугч Х.Б-ынхаас удаа дараа ус алдаж эд хөрөнгөд хохирол учирсаар байна. Хамгийн сүүлийн байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11:45 минутад ус алдаж, хүүхдийн өрөөний хана тааз, ванны өрөө болон бие засах өрөөний тааз, унтлагын өрөө болон түүнээс цааш дамжих өрөөний таазны хэсгээс их хэмжээний ус алдсан. Энэ өдрөөс 2-3 хоногийн өмнө гал тогооны таазнаас ус алдахад утсаар хэлж сануулсан. Ус алддаг өдөр түүнд манай гэрт учруулсан хохирлыг харуулах зорилгоор гэрт нь орж уулзах гэсэн боловч хаалгаа тайлаагүй.Х.Б- нь 2018 оны 04 дүгээр сард манай гал тогооны өрөөний тааз хэсгээс ус алдуулахад миний бие сануулахаар орж хэлж байсан. Гэвч манайх биш, дундын шугамаас ус алдсан гэсэн. Бид тухайн үед орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас засварчин дуудаж үзүүлэхэд дундын шугам биш гэж хэлсэн. Тэр үед би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад 2018 оны 07 дугаар сард хүүхдийн өрөөний обойг өөрсдөө сольсон. Удаа дараа манай дээрээс ус алдуулж хохирсон хохирлыг барагдуулдаггүй, нийтийн орон сууцанд амьдарч байж үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тул мэргэжлийн үнэлгээний газраар хохирлын үнэлгээг хийлгэсэн. “А-” ХХК-ийн үнэлгээгээр 1,732,800 төгрөгийн хохирол учруулсан гэж үнэлэгдсэн бөгөөд, үнэлгээ хийлгэсний төлбөр 136,600 төгрөг, нотариатын төлбөр 1,000 төгрөг буюу нийт 1,870,400 төгрөгийн зардал гарсан болно. Уг хохирлын үнэлгээнд ус алдсаны улмаас орон сууцанд хийлгүүлэх засварын ажлын хөлс 1,300,000 төгрөг, худалдан авах материалын зардал 382,800 төгрөг, тээврийн зардал 50,000, мөн “А-” ХХК-иар үнэлгээг хийлгүүлэхэд төлсөн үйлчилгээний төлбөр болох 136,600, нотариатаар баримт бичиг баталгаажуулсны төлбөр болох 1,000 төгрөгийг тус тус оруулан тооцсон болно. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Х.Б-аас орон сууцанд учруулсан гэм хорын хохирол болох 1,870,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг эзгүй байхад миний эзэмшдэг - тоот орон сууцнаас ус алдсан нь үнэн болно. Энэ нь миний санаатай үйлдлээс үл хамаарсан, шугам сүлжээний эвдрэл гэмтэл бөгөөд намайг гэртээ байхгүй үеэр ванны өрөөний крантны уян холбоос задарч ус алдсаныг хүлээн зөвшөөрч байна. Ус алдалтаас учирсан хохирлыг нягтлахаар Г.Э-ын гэрт 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:40 цаг орчимд орж улс алдсан өрөөнүүдийг 2 засварчны хамт биечлэн үзсэн. Үзэхэд нэхэмжлэлд дурдсан обойны хохирол гэх зүйл байхгүй, зөвхөн 3 газар өргөөшөө 3 см, уртаашаа 5-10 см хэмжээтэй обойны үзүүр булан бага зэрэг хуурсан байв. Обойны өнгө нь усанд норсноос үүдэлтэй шарлаж гандсан зүйл огт байхгүй. Иймд обойг солих хэмжээний гэмтэл байхгүй тул солих шаардлагагүй. Нэхэмжлэлд дурдсан гипсэн таазны хохирол нь 2 өрөөнд тус бүр 1 м.кв хэмжээтэй газарт өнгө нь бага зэрэг шарласан бараантсан ч, өмөрч унасан, хуурсан, цуурч хагарсан зүйл байхгүй. Иймд 1 м.кв хэмжээтэй таазны хэсэг ус алдалтанд өртөж өнгө нь бараантсаны төлөө тухайн өрөөний гипсэн таазыг бүхэлд нь солих шаардлагагүй гэж ажиглагдсан. “А-” ХХК-иар хийлгүүлсэн тухай тайланг уншиж танилцахад 1,732,800 төгрөгийн гэм хор учирсан гэж үнэлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11:47 минутад орон сууц ашиглалтын газраас над руу залгаж ус алдсан тухай хэлэхэд би цахилгааны төлбөрөө төлж байсан ба хэрэглэгчдэд үйлчлэх газраас ирж, угаалгын өрөөнд уян холбоос задарсныг илрүүлж халуун хүйтэн усны гол шугамыг хаасан, гэмтсэн уян холбоос крантны холигч худалдан авч солиулахыг зөвлөөд явсан. Биднийг орж ирэхэд их хэмжээний ус угаалгын өрөө, коридор, хойд талын унтлагын өрөөний үүд хэсэгт тархсан байсан бөгөөд нэн даруй усыг яаралтай шавхсан. Миний ажиглалтаар нэхэмжлэгч Г.Э-ын гэрийн засвар шинэ биш гэж харагдсан тул эрсдэлд өртсөн таазны ашиглалтын насжилтыг элэгдэл хорогдолтой нь тооцож, зөвхөн учирсан гэм хорт нь бодитой дүйцэхээр нөхөн төлбөрийн тооцооллыг үндэслэлтэй хийх нь шударга ёсонд нийцнэ. Би өрх толгойлсон, ганц бие, ажилгүй, бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн болохоор намайг дээрэлхэж, манай гэрээс ус алдсан ослыг ашиглаж, янз бүрийн байдлаар олуулаа нийлж дарамталж, шүүхийн байгууллагад хүртэл гүтгэлгийн чанартай худал зүйлс бичиж, хохирлын хэмжээтэйгээ дүйцээгүй бүхэл бүтэн орон сууцны засвар хийхүйц их хэмжээний мөнгийг үндэслэлгүй нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна, мөн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Удаа дараа ус алдсан байгаа тул хохирлыг төлүүлэх нь зөв гэжээ.

 

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн -7 дугаар зүйлийн -7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт баримтлан хариуцагч Х.Б-аас 1,869,400 /нэг сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлээс 1,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            5.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэм хор нэхэмжилж буй 2 өрөөг үзэхэд зөвхөн 1 өрөөнд ханын цаас нь 2-3 газар, ирмэг хэсэгтээ 1-3 см өргөн, 5-7 см урт ховхорсноос өөр гэмтэл байхгүй байсан, таазны хувьд 2 өрөөнд тус бүр 1 м.кв орчим талбай бараантаж шаргалтсан байсан нь 1,800,000 төгрөг нэхэмжлэх хохирол биш болохыг нүдээр үзэж, фото зургаар баталгаажуулсныг харгалзан үзээгүй. Манай байранд засвар хийж байсан (П.Бямбадорж, М.Майдар нарын) 2 засварчны хамт очиж гэм хорыг ажиглаж баталгаажуулсан бөгөөд шүүх хурлын үеэр уг нэхэмжлэлийн гэм хор гэх норсон ханын цаас/таазны нойтон байх үеийн зургийг “нотолгоо” болгож хавсаргаснаас гадна, хатаагүй байхад хөрөнгийн үнэлгээ хийлгэж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь миний эрхийг зөрчиж байна. Өмнөх ус алдалтын ул мөр, нотлох баримт байхгүйгээс гадна, тэр үйл явдлын гэм хорыг нэхэмжлээгүй болно. Мөн иргэний хоёр дахь эмэгтэй төлөөлөгч шүүх хурал эхлээгүй байхад хоцорч ирсэн ч оруулаагүй. Иймд шүүх бүрэлдэхүүний хэт намайг буруушааж, дарамталсан хандлагаас үүдэн, Оюунтуяа төлөөлөгч ганцаараа айж сандарсан байдалтай, үгээ хэлж байхдаа өөрөө ч шүүгчдэд загнуулснаас үүдэн, олон удаагийн ус их алдсан хохирлыг төлүүлж байна гэж ойлгосон. “А-” ХХК-аас хөрөнгийн үнэлгээний тарифыг асуухад үнэлсэн хохирлын үнийн дүнгийн 20 хувийг ажлын хөлсөнд суутгадаг гэсэн бөгөөд хохирлыг хиймлээр өсгөж ажлын хөлсөө нэмэгдүүлж авдаг бизнесийн байгууллага болохыг би өөрөө болон ойрын хүмүүсээр асуулгаж баталгаажуулсан ба энэ нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн жишиг гэж тайлбарласан. Иймд тус компанийн хөрөнгийн үнэлгээ нь тус үнэлгээг хийсэн хугацаа болон хөлс төлбөр, мөн дүгнэлтийн хувьд үнэн бодит бус. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь элэгдэл хорогдол тооцож хасаагүй атлаа, 2011 онд суурилуулсан гипсэн таазан дээр гарсан 2 м.кв хэмжээтэй толбоны төлөө бүтэн 2 өрөөний таазыг иж бүрнээр солих үнэлгээ, дүгнэлт гаргасан нь шударга бус, буруу гэдэг нь илт ойлгомжтой. Нэхэмжлэгч Г.Э- нь удаа дараа худлаа яриад байхад таслан зогсоогоогүй, нэг асуултын хариултыг олон янзын зүйлс хольж хутган, эргэж буцаад худлаа ярихад ямар ч асуудалгүй сонссон атлаа намайг онцлон ялгаварлаж, айлган сүрдүүлсэн. Барилгын бүтцийн хувьд үйлдвэрт бүтээгдсэн бэлэн шал, хананы бэлдцийг холбоос сууриар нь холбож угсарсан угсармал барилга тул нүх сүв ихтэй, бас бүрэн цутгамал барилга шиг шугам хоолой нь хананаасаа наана ил биш ханан дотроо суурилагдсан тул нүх сүвийг чигчиж засварлах боломжгүй, их бага ус алдахад доод давхар руу амар нэвчих онцлогтой барилга байгууламж юм. Эцэст нь Япон улсад Засгийн газрын тэтгэлгээр хуулийн мастер хүртсэн эрх зүйн мэдлэг боловсролдоо тулгуурлан хувийн дүгнэлт хийхэд Монгол Улс төдийгүй дэлхийн шударга улс орнуудад шүүхээр ял шийтгэл, торгууль, төлбөрийг эрүүгийн, иргэний хэргийн аль нь ч байсан тухайн хэргийн үр дагаварт дүйцүүлж ногдуулдаг, харин үйл явдалд ногдуулдаггүй гэж би заалгасан. Үүний дагуу гэм хор нэхэмжилсээр байтал уг үйлдлийн дараа 3-7 хоногийн дотор ус нь хатаагүй хана, таазны нотолгоо, үнэлгээгээр, бас тухайн хэрэгт хамааралгүй, баримт нотолгоогүй, гэм хор нэхэмжлээгүй, хэдэн жилийн өмнөх өчүүхэн бага ус доош шүүрч гойжсоныг далимдуулан ашиглаж “үйл явдал”-аар шүүж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шүүгчид нь хэргийг шүүхдээ бүрэн бус, үндэслэл дутуу дулимаг, нэг талын нотлох баримтыг гол шугамаа болгон, хэт нэг талыг барьж, хэтэрхий дүрэм процедураар далайлгаж шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьж, шүүхийн тогтоолыг хэтэрхий хууль дүрэмд өрөөсгөлөөр найдаж ашиглаж шүүн шийдвэрлэх бус, харин шүүгчийн өөрийн итгэл үнэмшил, мэдрэмж, мэргэжлийн ба ажлын, бас нийгэм, зах зээлийн, эдийн засаг санхүү, орон нутгийн онцлогийн талаарх мэдлэг, туршлагад тулгуурлан хүний эрхийг хамгаалах, шударгаар шүүлгэх эрхийг хангах, маргаж буй талуудад эн тэнцүү хандаж, бие даан хараат бусаар шүүж чаддаг байх нь шүүгчийн төдийгүй шүүн таслах байгууллагын шударга, хараат бус байдлыг баталгаажуулдаг амин чухал тулгуур элемент гэж заалгаж байсан ч, ийм нөхцөл байдал тус шүүх хурал, шүүгчдээс харагдсангүй. Үүнийг judgement of merits гэх бөгөөд хүмүүний эрүүл саруул ухамсраар үнэн ба зөв.шударгын талд, олон талаас нь, оролцогч холбогдогчдын бодит нөхцөл байдлыг харгалзан шударгаар үнэлдэг хүмүүнлэг шүүлт (human judging)-эд тулгуурлана хэмээн хөгжингүй улс орны дэлхийн топ их сургууль төгссөн эрдэмтэн багш нараар заалгасан бөгөөд ийм зарчим дээр шүүх тогтдог гэж итгэж бодож ирсэн гэжээ.

 

            6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Миний бие А- ХХК-аар хохирлын үнэлгээ гаргуулж, хэрэгт нотлох баримтаар өгсөн. Зөвхөн тааз шарласан асуудал биш, 4-5 өрөө дамжиж ус алдсан. Х.Б-ын гэрээс урьд нь олон удаа бага хэмжээний ус алдаж байсан. Тухай бүрд нь хохирол барагдуулаад явж байсан тул маргаан үүсэхгүй байсан. Х.Б-ын буруутай үйлдлээс хохирол учирсан тул даатгалын компаниар төлүүлэх нь Х.Б-ын үүрэг гэж үзэж байна. Иймд буруутай этгээдээс хохирлоо гаргуулахаар шүүхэд хандсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Х.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 1,870,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Х.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 22а байр, - тоот орон сууцнаас ус алдаж, тус орон сууцны 45 тоот буюу нэхэмжлэгч Г.Э-ын өмчлөлийн орон сууцанд ус нэвтэрч хохирол учирсан болох нь “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/33 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх-ийн 6-р тал/

 

4.а.Дээрх тодорхойлолтод “... 11 дүгээр сарын 10-ны өдөр очиход - тоот айл хаалгаа тайлаагүй, утсаа авахгүй байв, 11 дүгээр сарын 11-ний өдөр утсаар холбогдож, гэртээ хүнтэй үедээ дуудлага өгч угаалтуурын уян холбоог солиулах, мөн бусад ус алдах эрсдэл бүхий хуучирч муудсан сантехникийн тоноглолоо шалгуулж засварлуулах шаардлагатайг хэлж зөвлөв.” гэжээ. Түүнчлэн, хариуцагч Х.Б- нь өөрийн өмчлөлийн орон сууцнаас ус алдсан үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

4.б.Иргэний хуулийн -7 дугаар зүйлийн -7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Х.Б- нь өөрийн өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалаагүйгээс бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.

 

4.в.Хариуцагч Х.Б-ын орон сууцнаас ус алдсантай холбоотойгоор нэхэмжлэгч Г.Э-ын өмчлөлийн хөрөнгөд нийт 1,732,800 төгрөгийн хохирол учирсан болох нь “А-” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Нэхэмжлэгч Г.Э- нь үнэлгээний ажлын хөлсөнд 136,600 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 8-15-р тал/

 

4.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч Г.Э- нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолсон гэж үзэх үндэслэлтэй.

 

4.д.Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг, нэхэмжлэгч Г.Э- нь хөндлөнгийн байгууллага болох шинжээч “А-” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн, өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй. Нөгөө талаар, дээрх шинжээчийн дүгнэлт худал, буруу гарсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч Х.Б- нь тус дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдолд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

4.е.Хариуцагч талаас гаргаж өгсөн гэрэл зураг нь түүний татгалзлыг эргэлзээгүйгээр нотолсон баримт биш бөгөөд тэрээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/33 дугаар тодорхойлолт, “А-” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлан зэргийг няцааж чадаагүй гэж үзэхээр байна.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Х.Б-аас 1,869,400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардал гэх 1,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг ба хариуцагч Х.Б- нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад эргэлзээгүй баримтаар нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй.

 

7.Иргэдийн төлөөлөгчийн “удаа дараа ус алдсан байгаа тул хохирлыг төлүүлэх нь зөв” гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,876 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН

                         ШҮҮГЧИД                               Д.ЗОЛЗАЯА

  Г.ДАВААДОРЖ