Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1427

 

“Э И ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/01458 дугаар шийдвэртэй,”Э И ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Л-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт     12 648 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн өмгөөлөгч О.Чинхүсэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч У.Л- нь нэхэмжлэгч байгууллагаас 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байр 229 тоот 40 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг мөн байгуулсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй явсаар 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр зээлд 12 000 000  төгрөг, хүүд 8 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөг төлсөн. Энэ өдрөөс хойш зээлийн сарын хүүг 3.5 хувиар тооцохоор болсон бөгөөд хариуцагч үндсэн зээл 8 000 000 төгрөг, 2018 оны 1 сараас хойш хугацааны хүү 3 920 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 728 000 төгрөг, нийт 12 648 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр төлж барагдуулаагүй гэжээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь гэрээ байгуулсан үеэс хойш зээлийн хүүд 21 000 000 төгрөг төлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгийн 12 000 0000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 8 000 000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хассан, нийт 41 000 000 төгрөг төлсөн. Энэ өдрөөс хойш сарын хүүг 3.5 хувиар тооцсон бөгөөд дээрх 20 000 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээл гэсэн дарааллаар суутган тооцсон, гэрээний хугацаа дууссан ч үүрэг дуусгавар болоогүй тул биелүүлэх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгаа нь гэрээ болон хуулийн дагуу гэж үзэж байна. Иймд хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12 648 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Миний бие эхнэр У.Сосорбурамын хамт 2015 оны 8 сарын 18-ны өдөр зээл олгох зарын дагуу”Э И ББСБ”ХХК-иас өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9-229 тоот орон сууцаа барьцаалж 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн шимтгэлд 200 000 төгрөг буцаан төлсөн. Сар бүр зээлийн хүүг төлж байхыг сануулдаг байсан, 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал сар бүр 1 000 000 төгрөгийг нийт 20 сарын турш төлсөн. Энэ үед хэлэхдээ 2017 ондоо багтааж үндсэн зээлийн төлбөрийг төлөх, цаашид хүүгүй байхаар тохиролцсон.

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Хас банк” ХХК-иас 20 000 000 төгрөгийн цалингийн зээл авч үндсэн зээлээ бэлнээр төлсөн. Мөнгийг н.Цэрмаа хүлээн авч баримт үйлдэн 2015 оны 5 дугаар сард байгуулсан гэрээг өгсөн. Гэрээгээр тохирсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ буцаан авах талаар нэхэмжилсэн боловч өгөөгүй. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр н.Хонгорзул дуудсан, очиж уулзахад 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацааны зээлийн хүү төлөх шаардлагатай, үүнийгээ дахин зээл авч байгаа мэтээр гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг шаардсан, миний бие боломжгүй гэдгээ хэлсэн.

Гэрээгээр 5 000 000 төгрөг, ам тохироогоор 15 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг хүүд, үндсэн зээл 20 000 000 төгрөгийг мөн төлсөн. 20 000 000 төгрөгийн зээл авч, нийт 41 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Гэрээний хугацаа дууссанаас хойших төлөлтийг үндсэн зээлээс хасч үлдэгдлээс хүү тооцож явах учиртай. Хуульд эхлээд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар үүргийг гүйцэтгэхээр заасан байдаг. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүд үндсэн зээлээс хасагдах бөгөөд хууль ёсоор тооцвол манайх илүү төлөлт хийсэн байгаа. Маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Л-гээс 7 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч”Э И ББСБ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 448 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201002059 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, Өнөр хороолол 9 дүгээр байр, 229 тоот, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Талууд 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, миний бие 20 000 000 төгрөгийг зээлсэн. Уг гэрээний хавсралтад заасны дагуу эхний 5 сарын хүүгийн төлбөрийг төлсний дараа үндсэн төлбөр болох 20 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээнд тусгасан. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл авсан, гэрээний 5 сарын хугацаанд хүү 5 000 000 төгрөг, хугацаа дууссанаас хойш 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 16 000 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн болох нь зээл, эргэн төлөлтийн тооцоо, “Хаан банк” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогддог гэжээ.

Мөн шүүхээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 16 000 000 төгрөгийг зээлийн хүү гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчээс тухайн төлбөрийг зээлийн хүүд тооцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасантай нийцэж байна гэсэн нь хуулийг буруу хэрэглэж гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл У.Л-гийн төлсөн 16 000 000 төгрөгийг үндсэн зээлд биш хүүд тооцсон нь хууль илт зөрчсөн явдал болсон.

Учир нь, У.Л- нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 20 000 000 төгрөгийг төлж гэрээ дуусгавар болох байсан боловч төлөөгүй бөгөөд төлбөрийн чадваргүй болсон нь талуудад ойлгомжтой болсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж нарийвчлан заасан байхад Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусахад үүргийн гүйцэтгэл болох 1 000 000 төгрөгийг 16 сарын турш төлснийг шүүх хүүд төлсөн хэмээн хүлээн зөвшөөрсөн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхой заасан зарчмыг зөрчсөн байна. Нийт 20 000 000 төгрөг зээлсэн У.Л- нь”Э И ББСБ”ХХК-д 41 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тодорхой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 36 000 000 төгрөгийг 23 сарын хугацаанд төлсөн нь нотлогдож байхад шүүх хариуцагч дээрх төлбөрийг зээлийн хүүд төлөөгүй, үндсэн зээлийг хувааж төлөхөөр амаар тохиролцон гэх тайлбар баримтаар нотлогдоогүй гэсэн байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нэгэнт үүрэг гүйцэтгэх дарааллын талаар тогтоож өгсөн байх тул дээрх хэсгийг хариуцагч нотлох шаардлагагүй юм. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн сар бүр төлсөн 1 000 000 төгрөг буюу нийт 15 сарын хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой. Эдгээрийг нэмбэл, 19 100 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр У.Л- нь 20 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч 900 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч мөн энэхүү зээлийг төлөөд төлбөр тооцоо дуусна гэж 20 000 000 төгрөгийг аваад “төлбөр төлөв” гэсэн орлогын баримт өгснийг шүүхэд нотлох баримтаар гаргаж, тайлбараа дэмжсэн боловч шүүх тухайн баримтад бичигдсэн агуулгыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлнэ гэж заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч”Э И ББСБ”ХХК нь хариуцагч У.Л-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 12 648 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч талаас 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийг хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож ЗГ20150818/01 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож У.Л- болон У.Сосорбурам нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9-229 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан БГ20150818/01 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх4-9/ Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч”Э И ББСБ”ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх10/ тогтоогджээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан гэж дүгнэсэн нь зөв.

 

Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан дээрх зээлийн гэрээний хавсралт 1-д /хх6/ заасан хугацаанд зээлийн хүүд 5 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөгөөр нийт 16 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчид буцаан төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан”Э И ББСБ”ХХК-ийн “Кассын орлогын ордер” /хх22/ “Хаан банк” ХХК дах нэхэмжлэгчийн 5031774245 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх82-98/ зэргээр тогтоогдсон, энэхүү төлөлтийн талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх, хариуцагч зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 21 000 000 төгрөг төлсөн, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг төлөх хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй тул зээлийн үүрэгт 6 сарын хүү болох 6 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 200 000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг, нийт 27 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн байна. Улмаар хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу энэхүү 27 200 000 төгрөгөөс үндсэн зээл 20 000 000 төгрөгийг төлөгдсөнд тооцон хасалт хийхэд зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг 7 200 000 төгрөг болно гээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусах бөгөөд энэ өдөр хариуцагч нь үндсэн зээл 20 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөгөөр нийт 16 000 000 төгрөгийг төлсөн, шүүх энэхүү төлбөрийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн хүүгийн төлбөр гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Зүй нь, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульчлан тогтоосон байна. Шүүх энэхүү хуулийн зохицуулалтыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх үүргийн гүйцэтгэлд хамааруулан дүгнэсэн атлаа түүнээс өмнө төлсөн үүрэг буюу дээрх 16 000 000 төгрөгийн тухайд хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

 

2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн байдлыг дээрх хуульд заасан дарааллын дагуу тооцон үзвэл, хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн биелүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх уг хэргийн үйл баримт, зээлийн эргэн төлөлтөд дээрх байдлаар эрх зүйн дүгнэлт хийснээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээний үүрэгт 12 648 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэгч”Э И ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/01458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч У.Л-гээс 12 648 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэгч”Э И ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч У.Л-гээс төлсөн 130 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА