Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2019/01458

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Э ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Л-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,648,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ц.Л нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манайхтай зээлийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Сонгино хайрхан дүүрэг, 13-р хороо, Өнөр хороолол, 9-р байр 000 тоот хаягт байрлах 40 м.кв, 3 өрөө байрыг барьцаалан 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай 5% хувийн хүүтэй зээлсэн байдаг. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй явсаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлээс 12,000,000 сая, зээлийн гэрээний хүү болох 8,000,000 сая төгрөгийг тус байгууллагад төлж, 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш үндсэн зээлийн сарын хүүг 3.5% хувиар тооцохоор болсон байдаг. Үүнээс хойш зээлийн гэрээний үндсэн хэмжээ болох 8,000,000 төгрөг болон 2018 оны 01 дүгээр сараас хойшхи зээлийн гэрээний хүү болох 3,920,000, нэмэгдүүлсэн хүү 728,000 төгрөгийг төлж барагдуулаагүй өдийг хүрлээ. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх талаар зээлдэгч Ц.Л нь удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

Бидний зүгээс зээлдэгчийг харж үзэн 2018 оны 1 сарын 08-наас хойш хүүг 3,5%-иар тооцсон бөгөөд хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээл гэсэн дарааллаар суутган тооцсон, гэрээний хугацаа дууссан ч гэсэн үүрэг дуусгавар болоогүй тул биелүүлэх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгаа нь гэрээ болон хуулийн дагуу гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Зээлийн хүүнд 21,0 сая төгрөг өгсөн бөгөөд сүүлд төлсөн 20,0 сая төгрөгийн 12 саяыг үндсэн зээль 8 саяыг хүүгээс хассан, нийт 41 сая төгрөг төлсөн байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Лээс шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие, эхнэр У.Сосорбурамын хамт 2015 оны 08 сарын 18-ны өдөр зээл олгох хаяг зарын дагуу “Э” ББСБ БГД-ийн 17 хороонд байрлах байранд Цэрмаа гэж хүнтэй уулзаж, түүний шаардсаны дагуу өөрийн эзэмшлийн СХД-ийн 13 хороо 9-229 тоотод байх байраа барьцаалж 5 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй байхаар үл хөдлөх хөрөнгийн байрны гэрчилгээгээ барьцаалж 20 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн шимтгэл 200,000 төгрөгийг буцаан төлсөн. Сар бүр зээлийн хүүг төлж байхыг хугацаа болмогц сануулдаг байсны дагуу сар бүр 1,000,000 төгрөгийн 2015 оны 09 сараас 2017 оны 04 сарыг дуустал, нийт 20 сарын туршид төлсөн. 2017 оны 04 сард ирж уулз гэсний дагуу Э ийн дээрх хаягт Ц гуайтай очиж уулзсан. Харилцан ярилцаж 2017 ондоо багтааж үндсэн зээлээ төлөх, хүүгүй байх талаар тохиролцсон. 2017 оны 10 сард Цэрмаа гуай утасдаж зээлийн асуудлыг Хонгорзул гэдэг хүн хариуцдаг болсон ирж уулзаарай гэж ярьсан.

2018 оны 01 сарын 08-нд ХАС банкнаас 20 сая төгрөгийн цалингийн зээл авч үндсэн зээлээ дээрх хаягаар бэлнээр очиж төлсөн. 20 сая төгрөгийг Цэрмаа гуай хүлээн авч баримт үйлдэн 2015 оны 05 сард байгуулсан гэрээг өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ эргүүлэн авах талаар өмнө ам тохирсны дагуу нэхсэн боловч өгөөгүй. 2018 оны 01 сарын 12-нд Хонгорзул утсаар дуудсаны дагуу очиж уулзсан. Надтай 2017 оны 05 сараас 2017 оны 12 сар дуустал хүү төлөх, үүнийгээ үндсэн зээл буюу дахин зээл авсан байдлаар гэрээ байгуулах, үндсэн хөрөнгийг барьцаалахыг шаардсан би боломжгүй гэж хэлсэн.

Гэрээгээр 5 сая, ам тохироогоор 15 сая нийт 20 сая төгрөгийг хүүнд төлсөн, авсан 20 сая төгрөгийг мөн төлсөн. 20 саяын зээл авч 40 саяыг Ээд төлсөн байна. Гэрээний хугацаа дууссанаас хойших төлөлтийг үндсэн зээлээс хасч үлдэгдлээс хүү тооцож явах учиртай. Хуульд ч эхлээд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар үүргийг гүйцэтгэхийг заасан байдаг. Маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж бидний эзэмшлийн СХД- ийн 13 хороо 9-000 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгож өгнө үү.

Нэхэмжлэгч талаас 2015 оны 8 сард зээл авсан, 2017 оны 7 сар хүртэл сар бүр 1,0 сая төг төлсөн. 2018 оны 1 сард 20,0 сая төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүд үндсэн зээлээс хасагдах ёстой бөгөөд хасаж тооцохоор манайх илүү төлөлт хийсэн байдаг гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,648,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас “...хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тооцож шаардана, 2018 оны 1 сараас хойшхи хүүг 3,5%-аар тооцож зээлийн хүүг хөнгөрүүлсэн” гэж, хариуцагч талаас “...Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлөлтүүд үндсэн зээлээс хасагдах ёстой, хасагдсан дүнгээс хүү нь тооцогдох учиртай. Нийт 40 орчим сая төгрөг төлсөн. Ингээд тооцохоор манайхаас илүү төлбөр төлөгдсөн байгаа” гэж тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн  хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн болон орон сууц барьцаалсан барьцааны гэрээг нэг талаас Э ББСБ ХХК, нөгөө талаас Ц.Л, У.С нар байгуулж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан, гарын үсэг зурсан, барьцаа улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.2-т ...бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хийсэн гэж үзнэ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлүүд байх ба энэ талаар талууд маргадаггүй.

 

Талуудын тайлбар болон дээрх хэлцлээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй ба зээлийн гэрээний үүргийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 1 сард зээлийн төлөлт хийснээр тасалдсан болно.

 

Мөн зээлийн гэрээнд зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохирч тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцнэ.  

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 8 сарын 18-нд 20,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээний 5 сарын хугацаанд хүүд 5,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 7 сарын 04-ний өдрийг хүртэл 16,000,000 төгрөг, 2018 оны 1 сарын 08-нд 20,000,000 төгрөг төлсөн болох нь зээл эргэн төлөлтийн тооцоо, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогддог бөгөөд энэ талаар талууд маргадаггүй ба хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 36,000,000 төгрөг тухай бүрдээ үндсэн зээлээс хасагдаад үлдсэн үнийн дүнгээс хүү бодогдох учиртай, одоо төлөх зээлийн өр байхгүй гэсэн татгалзсан тайлбар, мэдүүлгийг гаргадаг.

 

Хэрэгт авагдсан дээрх банкны хуулга, зээлийн тооцоолол, төлөгдөж байсан төлбөрийн цаг хугацаа, давтамж, үнийн дүн, талуудын тайлбараас үзэхэд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 16,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн төлбөрийг зээлийн хүүд тооцсон нь энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3 “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн зүйл, заалтад нийцэж байна.

Нөгөө талаар хариуцагч тал нь ...дээрх төлбөрийг зээлийн хүүд төлөөгүй, үндсэн зээлийг хувааж төлөхөөр амаар тохиролцсон гэх тайлбар хуулийн баримтаар нотлогдоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Харин хариуцагч талын зээлийн үүрэг гүйцэтгэх дарааллын талаарх татгалзал хуулийн үндэслэлтэй бөгөөд 2018 оны 1 сарын 08-ны өдөр төлөгдсөн 20,000,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ”, 216.2 “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.3 ”Шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.4 “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэсэн хуулийн зүйл заалтын дагуу 2018 оны 1 сарын 08 хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцож 20,000,000 төгрөгийн төлбөрийг суутгах нь хуулийн дагуу болно.

 

Тодруулбал, хариуцагч тал 2015 оны 8 сарын 18-ны өдөр байгуулсан 20,0 төгрөгийн зээлийн гэрээгээр 5 сарын хугацаанд хүүд 5,000,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 7 сарын 4-нийг хүртэл хугацаанд сар бүр хүү 1,000,000 төгрөг төлж явсан үйл баримт тогтоогдсон ба энэ хугацаанд нийт 21,000,000 төгрөг төлсөн байдаг. 2017 оны 7 сарын 4-нөөс хойш 2018 оны 1 сарын 08-ны өдөр буюу 20,000,000 төгрөг төлөх хүртэлх хугацаанд төлбөр тооцоо хийгдээгүй тул энэ хугацааны зээлийн үүрэг буюу 6 сарын хүү болох 6,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй/ 1,200,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг, нийт 27,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.

 

Нэхэмжлэгч тал 20,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү болон хүүд суутган, 12,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь хууль болон гэрээнд заасны дагуу гэж тайлбарлах боловч талууд зээлийн гэрээндээ зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол эхний ээлжинд хүүг суутган дараа нь үндсэн зээлээс хасч тооцохоор харилцан тохиролцоогүй байх тул дээрх хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу 27,200,000 төгрөгөөс үндсэн зээл 20,000,000 төгрөгийг төлөгдсөнд тооцон хасалт хийхэд хариуцагч буюу зээлдэгчийн гүйцэтгэх ёстой үүрэг 7,200,000 төгрөг болно.

 

Иймээс хариуцагч буюу зээлдэгч Ц.Лд 2015 оны 8 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,200,000 төгрөгийг хариуцуулах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,448,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хувьд зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлага буюу үндсэн үүрэг хангагдаж буй тул дагалдах үүрэг буюу зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу, мөн хуульд зааснаар тухайн орон сууцыг албадан худалдаж худалдагдсан үнийн дүнгээс үүргийг хангах нь зүйтэй. Тухайн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хамтран зээлдэгч У.Сосорбурам бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзнэ. Хамтран зээлдэгч, барьцаалагч, барьцааны эрхийн талаар талууд маргаагүй.

 

Иймээс нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,648,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5,448,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Лгээс 7,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Өнөр хорооллын 9-р байр, 229 тоот 3 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  130,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хариуцагч Ц.Лгээс 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,448,000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201002059 дугаартай Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо, Өнөр хорооллын 9-р байр, 229 тоот, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдагдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ