Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/02493

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 18 101/ШШ2023/02493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ц.Б-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Д.Б-т холбогдох,

13,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь Д.Бт холбогдуулан гүний худгийн цооног өрөмдүүлэхээр ажлын хөлсөнд төлсөн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээг амаар тохирч байгуулсан бөгөөд Дорнод аймгийн *********** гэх газарт гүний худгийн цооног өрөмдүүлэхээр хариуцагчтай тохирсон. Анх тохиролцохдоо гүний худгийн цооног өрөмдүүлэх ажлын хөлсийг 10 сая төгрөгөөр тохирсон боловч ажлын явцад янз бүрийн шалтаг тоочин зардлаа нэмсээр нийт 13 сая төгрөг авсан. Гэвч өрөмдөж өгсөн цооног нь шаардлага хангахгүй, хангалттай ус гараагүй тул ажлын гүйцэтгэл хийгдээгүй гэж үзэн төлбөрөө буцаан шаардаж байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө малчин хүн учраас худаг ус гаргуулахаар л хүсэлт тавьсан, тухайн худгаас ус бага гараад тасардаг байсан тул одоо ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарлан, тодорхойлсон.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэл гаргасан Ц.Б нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ Б ХХК-тай холбогдсон талаар дурдсан байгаа, гэвч хариуцагч Бтай цооногийн өрөмдлөгө хийлгэхээр тохирсон боловч нэхэмжлэгчийн заасан газарт Б ХХК-ний ажилтанууд 110 метрийн өрөмдлөгө хийхэд ус гараагүй тул өрөмдлөгө хийсэн трубаг нэхэмжлэгч авахуулаагүй бөгөөд өөр нэг газар өрөмдлөгө хийлгэхээр заасан газарт дахин цооногийн өрөмдлөгө хийхэд ус гарсан тул нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, энэ үйл явдал нь 2020 оны 9-р сард болсон. Шүүхээс үзлэг хийгдсэн бичлэгт ус гоожиж байгаа хугацаа 20 минут байгаа, энэ бичлэгийг 2022 оны 6 сард хийгдсэн буюу цооногийн өрөмдлөгө хийснээс хойш 2 жилийн дараа хийгдсэн бичлэг байгаа. Усны ундарга, ихсэх багасах зүйл байна, байгалийн энэ нөхцөл байдлыг бид мэдэх боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнээс ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй шууд л мөнгөө буцааж авья гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч иргэн Б гүний өрөмдлөгийн ажил хийх тусгай зөвшөөрөлгүй. Харин нэхэмжлэгч нь Б ХХК-ний захирал Д.Бтай цооногийн өрөмдлөгө хийлгэхээр тохирсон тул иргэн Д.Бт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Ц.Бын Хаан банкны *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/, өмгөөлөгч Ч.Атой 2022-8-4-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-59-61/, төлөөлөгчөөр Ч.Аыг томилсон 2022-10-05-ны өдрийн итгэмжлэл /хх-99/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4б. Хариуцагчаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-12/, хариу тайлбар /хх-13/, Б ХХК-ний цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах эрхийн ********** дугаартай гэрчилгээ /хх-94/, Б ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-95/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4в. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г.Д, Д.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27-28, 30-31/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37-43/, шинжээчээр томилогдсон Усны газрын 2023-01-09-ний өдрийн 01/21 дугаартай албан бичиг /хх-111/, 2023-03-23-ны өдрийн **** дугаартай албан бичиг, хавсаргасан баримт /хх-114-116/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Хавтаст хэргийн 3, 4-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагчаар иргэн Д.Быг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан гүний худгийн цооногийн өрөмдлөгө хийлгэхээр амаар тохиролцсон гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2020 оны 9-р сард иргэн Баар ажил хийлгэхээр тохирч, ажлын хөлсний 7,000,000 төгрөгийг дансаар, бусад төлбөрийг бэлнээр төлсөн, ажлын үр дүн болох худаг усны эх үүсвэр байгаагүй, чанарын шаардлага хангаагүй, хангалттай ус гараагүй, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзсан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас ажлын хөлсөнд 7,100,000 төгрөг авсан бусад төлбөрийг аваагүй, гүний худагийн цооногийн өрөмдлөгийн ажил 2020 оны 9-р сард хийгдсэн, шүүхийн үзлэг хийсэн бичлэг 2022 оны 6-р сард буюу гүний өрөмдлөгө хийснээс хойш 2 жилийн дараа хийгдсэн бичлэгт 20 минутын хугацаанд ус гоожиж байгаа нь тухайн гүний худгийг нэхэмжлэгч ашиглаж хэрэглэж байна гэж үзэхээр байна. Усны ундарга ихсэх багасах нь байгалийн үзэгдэл үүнд хариуцагч буруугүй, гүний өрөмдлөгө хийснээс хойш нэхэмжлэгчийн зүгээс ажлын доголдлын талаар шаардлага огт тавьж байгаагүй, нэхэмжлэгчийн заасан газарт Б ХХК-ний ажилчид гүний өрөмдлөгийн ажил хийсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б компаний захиралтай холбогдсон талаар дурдсан, гүний өрөмдлөгийн ажлыг тухайн компаний ажилчид гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Бын Хаан банкинд эзэмшдэг *********** дугаартай данснаас 2020-10-04-ний өдөр 1,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ 5058294677 тоот данс руу hudag uldegdel гэх гүйлгээний утгаар хийгдсэн байна /хх-5/.

 

Харин хэргийн 4-р талд авагдсан Хаан банк ХХК-ний депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт дээр харандаа болон хөх өнгийн балаар тэмдэглэл хийсэн, хар өнгийн балаар бичвэр бичиж Ц.Б гэж гарын үсэг зурсан байх тул уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй /хх-4/.

 

Хариуцагч тал ажлын хөлсөнд 7,100,000 төгрөг авсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 9-р сарын үед Дорнод аймгийн *********** гэх нэртэй газарт хариуцагчаар гүний худгийн цооногийн өрөмдлөг хийлгэх, ажлын хөлсийг 10,000,000 төгрөгөөр тохирсон боловч нэмэлт зардал авснаар нийт 13,000,000 төгрөг шилжүүлсэн, өрөмдөж өгсөн цооног нь шаардлага хангахгүй, хангалттай ус гараагүй тул ашиглах боломжгүй тул гэрээнээс татгалзсан гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Д.Б нь өрөмдлөгийн ажил хийх тусгай зөвшөөрөлгүй, Б компанид нэхэмжлэгч хандсан, хариуцагч Д.Б нь тус компаний захирал учраас нэхэмжлэгчтэй уулзсан, компаний ажилчид нэхэмжлэгчийн заасан газарт гүний өрөмдлөгийн ажил хийсэн, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, ажлын хөлсөнд 7,100,000 төгрөг авсан гэж татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Зохигчийн тайлбар, тохиролцооноос үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлснээр тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэстэй бөгөөд уг гэрээг байгуулахад хэлбэрийн тусгайлсан зохицуулалтгүй тул ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Зохигчид хийж гүйцэтгэсэн ажил, чанарын шаардлага хангасан эсэх, өрөмдлөгө хийсэн гүний цооног бүхий худгаас ус гарсан эсэх, хариуцагч нь иргэн Д.Б эсхүл Б ХХК эсэх дээр маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бтай Дорнод аймгийн *********** нэртэй газарт гүний худаг гаргуулахаар амаар тохирч, түүний данс руу ажлын хөлс шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч тухайн газар нутагт худаг гаргах зөвшөөрөл авсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

 

Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар иргэн тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл зааснаар гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй боловч ингэж ашиглахдаа цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар холбогдох байгууллагаас авах бөгөөд зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргахыг мөн хуулийн 27.4-т зааснаар хориглосон байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Дорнод аймгийн *********** гэх газарт цооног өрөмдөж худаг гаргахаар зөвшөөрөл аваагүй болохыг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

10. Гэрч Г.Д ...Б гэдэг хүнд худгийн нүх гаргаж өгсөн, эхлээд Б гэж хүн цэгээ тавиад бид нараар 110 м өрөмдүүлсэн. Өрөмдөж дуусаад ноцас тавиад шалгаж үзэхэд 20 мин гоожоод зогсчихсон. Тэгээд энэ газар болохгүй байна гээд бид өөрсдөө цэг тавиад арай өндөрлөг газар цэг тавьж өрөмдсөн. Бид өмнөх худгаа шаардлага хангаагүй гээд хаах гэтэл Б гэж хүн би трубааг чинь мөнгөөр нь авья гээд авсан. Хоёр дахь цооногийг шалгаад ус гарсан, Б нь худгаа шалгаж үзээд маргааш өглөө нь хот явсан. Угаасаа боломжтой худаг өгдөг, бид худгаа хүлээлцэж өгдөг, худгийн ус хэр хүрэлцээтэй байдгийг шалгаж үзээд хүлээлгэж өгдөг, тэр хавиар өөр 20 гаруй худаг гаргасан, Б нь өөрөө худгаа шалгаж үзээд хүлээж авсан, бидэнд 4 штанк байдаг, тэр нь доошоо сунгагддаг учраас сунгаж үзээд хэдэн м гэдгийг нь мэддэг, штанкийг доошоо сунгаж үзэхэд нэхэмжлэгч өөрөө байсан гэх мэдүүлэг /хх-27-28/,

гэрч Д.Б ...Дорнод аймаг матад сумаас баруун тийш Сүхбаатар айгмийн Сүхбаатар суманд худаг гаргаж байхад хойд талд нь Бынх байсан тэгээд тэр айлын хүн бид 2-г танилцуулсан, Бын захиалгаар 2 цооногийн өрөмдлөг хийсэн, эхний цооног нь тасалдаад байсан учир Бтай ярилцаад өөр худаг ухсан, эхний худгийг Б бөглүүлээгүй, эхний худгийн цэгийг Б олсон, хоёр дахь худгийн цэгийг бид олсон, хоёр дахь цооногийг Б нь хүлээж аваад өглөө эрт Улаанбаатар хот руу явсан, цооногийг хүлээлгэж өгөхдөө усыг нь гоожуулаад өгдөг, эхний удаа 20 мин дараагийн удаас 1 цаг гаран гоожуулсан, 2 дахь худаг хангалттай устай ашиглах боломжтой худаг байсан, 2 дахь худгийг өглөө ухаж эхлээд дуусах хүртэл нь Б байсан, хааяа 1 хоол унданд явсан байх, худгийг Бт хүлээлгэж өгөөд бид дараагийн ажил руугаа явсан, худаг дээр Бын малчин нь үлдсэн, тэр малчин айлд очиж цай уучихаад явсан, 1 худаг гаргахад газрын байдлаас болдог 1-14 хонодог, уг худгийг хийхэд 1 штанк хугарсан, түүнийгээ сугалахад 1 хоносон, худгийг янзлаад залгуурт залгахад бэлэн болгоод өгсөн гэх мэдүүлэг /хх-30-31/ тус тус өгсөн байна.

 

11. Мөн нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан ******* гэх бичигтэй, улаан өнгийн флаш дискэнд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд 5 ширхэг зураг, 45 секунт, 21 секунт, 21 секунт, 13 секунт, 15 секунт, 7 секунт, 11 секунт, 5 минут 33 секунтын нийт 8 ширхэг бичлэг байна,

45 секунтын бичлэгт эрэгтэй хүний хоолойгоор за энэ эхний өрөмдсөн цооног дээр ирчихлээ, энийг ингээд гагнаад хаячихсан юм байна, энэ бол худаг болоогүй ээ, энэ дараа нь би пиви си хоолой хийх гээд явуулсан чинь 30-40 метр яваад л бөглөрчихсөн, тэгээд энийг ингээд таглаад гагнаад хаячихжээ, одоо ашиглахгүй байгаа, энэ худаг болоогүй ээ, амны ус ч гарахгүй, бөөн шавар руу орчихсон байна гэсэн яриа байна, газар дээр 1 ширхэг трубаг дээрээс нь гагнасан байна гэв, гэрчээр асуугдсан этгээдүүд дээрх бичлэгийг үзээд 1 дэх цооног мөн гэв,

2 дахь бичлэг 5 минутын ус гойжуулж байгаад ус тасрав,

3 дахь бичлэг эрэгтэй хүний хоолойгоор жижиг нассос тавьж үзлээ, 20 минут гоожоод тасарсан байна гэв,

4 дэх бичлэг эрэгтэй хүний хоолойгоор 20 минут ажлаад усгүй болчихлоо гэв,

5 дахь бичлэгт 2 эрэгтэй байв,

6 дахь бичлэгт газрын орчныг харуулсан бичлэг байна. нэхэмжлэгч гэрч нараас дээрх бичлэг дээрх цооног 2 дахь цооног мөн үү гэж асуухад гэрч Д 2 дахь цооног мөн гэж хэлэх боломжгүй байна гэв

7 дахь бичлэгт эрэгтэй хүний хоолойгоор сүүлд гаргасан цооног дээр ирээд насосоо тавих гэж байна гэв

8 дахь бичлэг цооног өрөмдөж байх үеийн бичлэг байна. нэхэмжлэгч гэрч нараас дээрх бичлэг эхний цооногийг өрөмдөж байх үеийн бичлэг мөн үү гэж асуухад гэрч нар мөн байна гэж тусгагдсан байна /хх-37-38/.

 

Дээрх гэрчүүдээс мэдүүлэг авсан болон флаш дискэнд байх бичлэгт үзлэг хийх ажиллагаанд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Б нар оролцсон байна.

 

Хариуцагчаар гүйцэтгүүлэх ажилд чанарын ямар шаардлага тавьсан, хэрхэн гүйцэтгүүлэхээр тохирсон, ажлын хөлсийг ямар хэмжээтэй болохыг тодорхойлсон баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй боловч гэрчүүд нэхэмжлэгчийн заасан газарт 110 метр, өөрсдийн тавьсан цэгт 90 метр гүний цооног өрөмдлөг хийсэн, эхний өрөмдлөгө хийсэн газрыг нэхэмжлэгч хаалгахгүйгээр өрөмдлөгө хийхээр байшруулсан трубаны мөнгийг төлсөн, 2 дахь өрөмдлөгийн цооногоос ус гарсныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэнд нэхэмжлэгч тал маргаагүй, уг ажиллагаанд нэхэмжэлгч өөрөө оролцсон байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

 

Тайлбарлавал, захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн тодорхойлон заасан газарт 110 метр гүний цооног өрөмдсөн, гэрч нарын тавьсан цэгт хоёр дахь өрөмдлөгө хийж цооногоос ус гарснаар эдгээр хоёр цооногийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгч нь ажлын үр дүн болох худаг усны эх үүсвэр байгаагүй, чанарын шаардлага хангаагүй, хангалттай ус гараагүй, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч үр дүн гараагүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 13,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч хэргийн 5-р талд авагдсан дансны хуулгаар hudag uldegdel гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийн зарлага нэхэмжлэгчийн данснаас гарсан байх бөгөөд хариуцагч талын ажлын хөлсөнд 7,100,000 төгрөг авсан гэх тайлбар татгалзлыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2зааснаар хэргийн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээчээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг томилсон боловч хүсэлт гаргасан нэхэмжлэгч тал шинжээчийн зардлыг төлөх боломжгүй гэх хүсэлт гаргаснаар тухайн байгууллага дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу ирүүлсэн /хх-114, 115/.

 

Усны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн  байгууллага гүйцэтгэнэ гэж зохицуулсан.

 

Иймд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд хэргийн үйл баримтаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн заасан газарт 110 метрийн, гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Д, Д.Б нарын цэг тавьсан газарт 90 метрийн гүний цооног өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэн, эдгээр ажлыг нэхэмжлэгч Ц.Бт хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд амаар тохиролцсон ажлын үр дүнг хариуцагч гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин гэрээнээс татгалзах эсэх нь гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд шүүх гэрээнээс татгалзах журам хэрхэн хэрэгжсэн, гэрээний үүрэг хэрхэн зөрчигдсөн зэрэг нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзсан үндэслэл болон ажлын хөлсөнд 13,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдалд шүүх дүгнэлт өгөх учиртай.

 

Гэтэл эхний өрөмдлөгө хийсэн газарт байршуулсан трубаны үнийг нэхэмжлэгч төлсөн гэж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй тул гүний худаг өрөмдүүлэх явцад шалтаг тоочин зардлаа нэмсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

 

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь гүний худагийн цооног өрөмдүүлэхээр хариуцагчтай тохиролцсон, уг ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож, ажлын хөлсөнд 13,000,000 төгрөг төлсөн, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, хангалтай ус гараагүй доголдолтой холбоотой ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-4-28-ны өдөр төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 204 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Баас 13,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я